Меркюри үхэж байлаа. “Энэ орон дээр зургаан хүн багтдаг” гэж хэзээ нэгэн цагт бахархан ярьж байсан тэр орон дээрээ алдарт дуучин цагаан торгон даавуу нөмрөн үхэж байлаа. Түүний дотны нөхөд болох Элтон Жон, Кенни Эвэрэтт, “Куин” хамтлагийн бусад гишүүд, хайртай муурнууд нь Меркюрийг орхин явцгаах аж. Фредди хэдий ухаангүй байсан ч ганц л хүн хажуунаас нь холдож чадахгүй байв. Тэр хүн бол түүний амьдралын цорын ганц хайр Мэри Остин байлаа.
“Хэрэв би маргааш үхэх тавилантай юм бол юунд ч харамсахгүй. Би чадах бүхнээ хийсэн” Фредди Меркюри
Хэрэв дэлхийн алдартай одуудад зэрэглэл тогтоодог байсан бол “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркури маргаангүй нэгдүгээр зэргийн од яахын аргагүй мөн. Энэхүү суут уран бүтээлчийн жинхэнэ нэрийг Фарух Булсара гэдэг. Фарух гэдэг нэр бол сайхан үзэсгэлэнтэй гэсэн утгатай фарс хэлнээс гаралтай үг. Харин Булсара хэмээх овог нь бал сар гэсэн монгол үг. Хэдий иран гаралтай ч түүний судсаар магадгүй монгол цус гүйж байсан ч юм билүү. Түүний эцэг эхийх нь шүтдэг шашин нь эртний манай заншилтай тун ойролцоо. Жишээ нь тэд бүрлээчдийгээ газар булдаггүй, шатаадаггүй харин ил тавин тэнгэрийн амьтан тас шувуу авч яваарай гэж залбирдаг аж.
Цөөн тооны хүн мэдэх жижигхэн Занзибар арал улсад төрсөн бяцхан Фарух хүү богинохон ч гэсэн маш тод томруунаар амьдран дэлхийн хэмжээний од болно гэдгээ мэдэж байсан болов уу? Тэрбээр хэзээ ч нэр алдарт гарна гэж мөрөөдөж байгаагүй ажээ. Түүний донтон дурласан зүйл нь зөвхөн дуулах л байсан юм. Фарух Энэтхэгийн Бомбей хотод гэгээн Петрын сургуульд дунд сургуулиа дүүргэжээ. Энд тэр хожим “Queen” хамтлагийн давтагдашгүй хөгжмийн гоцлолын арга маяг болох төгөлдөр хуурын анхны хичээлээ заалгасан гэдэг. Арван нэгхэн настай Фарух тухайн үед дэлхийг байлдан дагуулж эхлээд байсан рок-н-ролыг шүтэхийн зэрэгцээ сонгодог хөгжим, дуурийг шимтэн сонсдог байжээ. “Би оргилд хүрнэ” гэсэн дуугаа тэрбээр 12 настай байхдаа зохиосон бөгөөд “ирээдүйн амьдралыг минь тодорхойлж өгсөн” гэж хожимоо Фарух нэгэн ярилцлагандаа дурссан байдаг.
1959 онд Булсарагийхан Их Британид суурьшихаар иржээ. Дорнын сэхээтэн гэр бүлд өссөн 14 настай Фарухын хувьд Бомбей Лондон хоёр үнэхээр өдөр шөнө шиг ялгаатай байлаа. Британи орон дэлхийн даяны шинэ үеийг хамгийн түрүүнд эхлэн мэдэрсэн улс. Энэ үе бол загварын, урлагийн, мөнгөний үе байсан юм. Фарух Британийн “Илинг” урлагийн коллежид элсэн орсон аж. Энд тэрбээр өөрийнхөө Фарух нэрээ дэлхий даяар дуурсагдах Фредди нэрээр сольсон юм. Шалтгаан нь хамгийн энгийн. Хэзээнээсээ дорныхон эсвэл хар арьстнуудад төдийлөн хүндэтгэлтэй ханддаггүй британичуудын хувьд Фарух гэж дуудсанаас Фредди гэх нь хамаагүй хялбар байсан учир. Фредди “Илинг”-д график дизайнераар суралцаж байсан аж. Тэдний ангийхан угаалгын нунтагын шинэ савлагааны зураг чимэглэлийг хийх даалгавар аван ажиллаж байв. “Фредди бидэн дундаас хамгийн сонирхолтой зургийн эхийг хамгийн түрүүнд гарган ширээн дээр шидчихээд ширээний араас аажим босон, платформон гутлынхаа өсгий дээр эргэлдсэнээ ширээн дээрээс урт шугам аван түүнийгээ микрофон болгож Жими Хэндриксийн дууг дүрдээ орсон мэт царай гарган дуулж гарч билээ” гэж хамт сурч байсан оюутан дурссан байдаг. Харин зургаан жилийн дараа Фредди гартаа жинхэнэ микрофон иштэй нь барин гитар хөгжим тоголж байгаа мэт хөдлөн өөрийнхөө дууг дуулахад мянга мянган үзэгчид түүнийг бишрэн “Дахиад, дахиад” гэж улангасан орилох болно. Харин энэ удаа оюутны танхимд байсан хүмүүс энэ үзэгдлийг их л тайван хүлээж авсан аж.
Фредди коллежид сурч байхдаа хожим алдарт “Queen” хамтлагийн гишүүд болох Брайн Мэй, Рожер Тейлор хоёртой танилцсан юм. Тэгэхэд физикийн факультетын оюутан Брайн, шүдний эмчийн факультетын оюутан Рожер хоёр “Queen” гэдэг хамтлагт тоголдог байв. 1969 онд 24 настай Фредди зураач дизайнер мэргэжлээр сургуулиа дүүргэжээ. Тэрбээр Рожер Тейлортай хамтран Кензингтон дүүрэгт нэгэн байр түрээслэн амьдарч мөн дүүргийнхээ зах дээр лангуу түрээслэн Фреддигийн зурсан зураг бас бус бараа зардаг байв.
1970 он бол Фреддигийн хувьд тэмдэглэлт жил болсон аж. “Queen” хамтлагийн дуучин Тим Стаффел хамтлагаасаа гарахад Фредди тус хамтлагт гоцлол дуучнаар оржээ. Тэрбээр хамтлагт оронгуутаа асар их өөрчлөлтүүдийг хийж эхэлжээ. Юуны түрүүнд хамтлагийнхаа нэрийг сольж “Queen” хэмээх нэртэй болохын зэрэгцээ Булсара овгийнхоо оронд Меркури хэмээх уран бүтээлийн нууц нэрийг өөртөө авчээ. Мөн энэ онд Меркури амьдралынхаа цорын ганц хайр Мэри Остинтай учирсан аж. Тэгэхэд Мэри 19 настай харин Фредди 24-тэй байсан юм. Мэригийн эцэг эх сонсголгүй хүмүүс байсан учир тэднийх нийгмийн эмзэг бүлэгт ордог байв. Тиймээс Мэри 18 наснаасаа эхлэн ажиллаж эхэлсэн аж. Тэрбээр тухайн үеийн Лондонгийн “Биба” хэмээх алдартай дэлгүүрт үйлчилгээний менежерээр ажиллаж байгаад Фреддитэй танилцжээ. “Тэр өөртөө их итгэлтэй залуу санагдсан. Би урьд өмнө нь ийм итгэлтэй залуучуудтай учирч байгаагүй юм. Харин надад өөртөө итгэх итгэл үргэлж дутагдаж байсан. Энэ л бид хоёрыг анх нийлүүлсэн” гэж Мэри хожим ярьсан байдаг. Фредди түүнийг өөрийнхөө төрсөн өдөрт урихад Мэри тэр өдөр ажилтай гэж худлаа хэлжээ. Яагаад худлаа хэлснээ тэр одоо болтол ойлгодоггүй. Тэгэхдээ дараа өдөр нь тэд хамтдаа “Mott The Hoople” хамтлагийн тоглолтыг үзжээ. Тэр үед Фреддид мөнгө байгаагүй учир тэд бусад залуусын адил шар айраг ууж зайдастай хавчуурга идэн хотоор зугаалсан аж.
Тэр жилийнхээ намар нь Фредди Мэри хоёр Кензингтон дүүргийн Виктория гудамжинд долоо хоногийн 10 фунтын үнэтэй давчуухан өрөө хөлслөн хамтран амьдрах болсон юм. Харин хоёр жилийн дараа долоо хоногийн 19 фунтын үнэтэй байр хөлслөх болжээ. Энэ үед Фреддигийн зохиосон “Seven Seas Of Rhye” (“Раяын долоон тэнгэс”) хэмээх дуу нь Английн хөгжмийн чатад багтсанаар “Queen” хамтлаг дуу бичлэгийн Trident студитэй гэрээ хийсэн байлаа.
Мэри Фреддийг ямар их авьяастайг Илинг урлагийн сургуулийн тоглолтон дээр очиж дуулж байхыг хараад анх мэдэрчээ. “Фредди миний хувьд цоо шинээр нээгдсэн юм. Тэр тайзан дээр үнэхээр гайхалтай харагдаж байсан. Тэр дотроо асар их юм цуглуулж байгаад түүнийгээ бусадтай хуваалцаж байгаа юм шиг санагдсан. Би тэгэхэд анх удаа “Ингэж л од төрдөг байх даа. Тэр зөв зам дээрээ байгаа юм байна. Удахгүй би түүнд хэрэггүй болох юм байна” гэж бодож билээ. Надад тэгэхэд уйлмаар санагдаагүй ээ. Харин ч эсрэгээрээ түүнийг өөрийнхөө авьяасаар од шүүрч байгаад би баяртай байсан. Түүнийг тайзнаас буухад танхимын бараг бүх охид бас найзууд нь бүчин Фредди тэдний анхаарал бишрэлд умбан алга болж байгаа юм шиг надад санагдан “Би ч түүнд одоо хэрэггүй юм шиг байна” гэж бодон эргэж харан явж байтал Фредди намайг гүйцэж ирээд “Чи хаачих нь вэ” гэж асуухад нь би “Харья” гэж хариулсан. Тэр намайг явуулаагүй юм. Тэр оройдоо би энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, өөрөө энэ бүхний нэгээхэн хэсэг болох ёстой юм байна гэдгийг ойлгосон. Фреддигийн царай гэрэлтэн өнгө зүс орж байгааг хараад миний сэтгэл ч их хөдөлсөн шүү. Тэгээд миний гоморхол энэ хольцгүй шижир алт шиг авьяас надтай байхыг хүсэж байгаад бахархах сэтгэлээр солигдсон юм” хэмээн Мэри дурсжээ. Тэрбээр цааш нь үргэлжлүүлэн “Фредди уул шиг түшигтэй хүн байсан. Орчин үед их л ховордоод байгаа дээд зэргийн хүн чанар түүнд байсан юм. Олон зүйл өөрчлөгдөн солигдсон ч бид хоёрын хайр үргэлж бид хоёртой хамт байсан. Бид бие биедээ итгэн, найдаж болно гэдгээ мэдэж байсан” хэмээжээ.
Тэд хамтдаа зургаан жил амьдарчээ. Тэр хоёрын харьцаа нэг л биш болоод байгааг Мэри анзаарчээ. Хэдий тоохгүй байхыг хичээсэн ч Фреддигийн өөрчлөлт Мэриг түүнтэй ярилцахад хүргэжээ. "Ямар нэгэн зүйл болоод байгааг би мэдрээд байна. Би чиний замд тээг болмооргүй байна” гэж Мэриг яриагаа эхлэхэд Фредди “Бүх зүйл хэвэндээ. Сэтгэлээ дэмий юманд битгий зовоо” хэмээн найз бүсгүйгээ тайвшруулжээ. Удалгүй “Queen” хамтлагийн жинхэнэ мандалтын үе эхэлжээ. Энэ үеэс эхлэн Фредди Мэригээс улам хөндийрч эхэлсэн байна. Тэрбээр шөнө дөлөөр л гэртээ ирэн аль болох Мэритэй нүүр тулан ярихгүй байхыг хичээж байв. Гэвч Фредди энэ байдлыг удаан тэвчсэнгүй. Нэг өдөр Фредди Мэрид нэгэн чухал зүйл дуулгах шаардлагатай байгаагаа хэлжээ. Тэрхүү чухал зүйл нь тэр хоёрын харьцааг мөнхөд өөрчилсөн зүйл байсан аж. Фредди найз бүсгүйнхээ нүд рүү удтал эгцлэн харж байгаад уртаар амьсгаа аван “Мэри би бисексуал /эрэгтэй эмэгтэй аль ч хүнтэй бэлгийн харьцаанд ордог хүн/” гэж палхийтэл нь хэлжээ. Энэхүү бодит байдлыг ухамсарлахын тулд Мэрид хэдэн хоног шаардагдсан гэдэг. Ямар ч байсан Фредди үнэнээ хэлсэндээ баяртай байсан гэдэг. Тэгэхдээ Фредди Мэриг хол битгий яваач гэж гуйн өөрийнхөө гэрийн ойролцоо нэгэн байр худалдаж авч өгчээ. Мэри үгүй гэж чадаагүй байна. Мэригийн шинэ байрны ариун цэврийн өрөөний цонхноос Фреддигийн байшин харагддаг байжээ. Тэгээд Мэри “Өө . . . энэ хүнээс би хэзээ ч холдож чадахгүй юм байна” хэмээн дотроо бодсон аж.
Фредди бөгөөд “Queen” хамтлагийн нэр алдар улам өссөөр байлаа. Хэдий Брайн Мэй, Рожер Тейлор, Жон Дикон нар авьяаслаг хөгжимчид бөгөөд “Queen” хамтлагийн салшгүй нэгээхэн хэсэг ч Фредди хамтлагтаа хамгийн их хөдөлгөөнтэй хөдөлмөрч нь байсан юм. Тэрбээр авьяаслаг дуучин хөгжимчнөөс гадна “Queen” хамтлагийн хит болсон “Bohemian Rhapsody”, “Love Of My Life”, “We Are The Champions” гэх мэт ихэнх дууг бичжээ. Мөн түүний жүжигчний ур чадвар, тайзан дээр биеэ авч явах байдал, эрч хүчийн үр дүнд “Queen” хамтлагийн тоглолт үргэлж гайхалтай шоу болж хувирдаг байв. Дэлхийн рок хөгжмийн манлайд “Queen” хамтлаг тасралтгүй 20 жил явсны гол түлхүүр нь хөгжмийн олон чиг урсгалаар тоглодогт байсан юм. Тэд хард-рок, хэви-металыг тус урсгалын ямар ч нэр хүндтэй авьяаслаг хамтлагуудын түвшинд тоглохын зэрэгцээ дутахааргүй түвшинд диско стилээр тоглож чаддаг байлаа. Үүний хажуугаар тэдний дуунуудаас гайхалтай сайхан футурист урсгалын аялгуунууд ч гардаг байв. 1975 онд гарсан “A Night At The Opera” /Дуурьт өнгөрүүлсэн шөнө/ пянз хэвлэгдэн гарсны дараа дуурийн ертөнц энэ хамтлагийн агууд эргэлзэхээ больсон юм.
Харин хувийн амьдралын хувьд бол Фредди ёстой зарчимгүй ойлголтонд орсон байлаа. Тэрбээр ихэнх чөлөөт цагаа Мюнхэнд өнгөрөөдөг болжээ. Учир нь Мюнхэн бол бэлгийн цөөнхийн чөлөөтэй байх цорын ганц хот байлаа. Фредди байнгын бэлгийн хамтрагчтай байхыг хүсдэг байсан ч сэтгэлд нь нийцсэн үнэнч хүн таардаггүй байв. Заримдаа тэр шөнө болгон өөр өөр залуучуудтай наргин өнгөрөөдөг байжээ. Түүний найр цэнгээний талаар бараг домог шахуу зүйлүүд яригддаг билээ.
Энэ хугацаанд тэр Мэриг хэзээ ч мартаагүй бас орхиогүй юм. Хэдий Мэри өөр залуутай болон хоёр хүү төрүүлсэн ч Фреддигийн хувьд бүсгүй түүний хамгийн ойрын хүн нь хэвээр байсан аж. Тэр бүү хэл Мэриг анхныхаа хүүхдээ төрүүлэхэд нь өөрөөс нь дутхааргүй сэтгэл нь хөдөлж баярласан гэдэг. Тэрбээр асар том баглаа цэцэгтэй бас хөл бөмбөгийн бөмбөг барьсаар төрөх тасагт Мэри хүү хоёрыг эргэж иржээ. Фредди Мэригийн хүүтэй олон цагаар тоглон түүнийг хэлд ороход нь “трактор”, “гитар” гэсэн хоёр үг зааж өгсөн гэдэг. Мэри Фреддиг том хүүгээ загалмайлж өгөөч гэж гуйхад хэдий Фредди өөр шашинтай ч хачин ихээр баярлан зөвшөөрчээ.
1986 оноос эхлэн шоу бизнесийн ертөнцөд Меркури ХДХВ-ээр халдвар авсан гэх яриа газар авч эхэлжээ. Гэвч ойр дотныхон хамтлагийн бусад гишүүд Фредди өөрөө мэдэгдэл хийтэл энэ яриаг няцаасаар байсан билээ. Өвчнийхөө тухай Фредди хамгийн түрүүнд Мэрид хэлжээ. Мэри түүний сүүлийн өдөр хүртэл нь хажууд нь байсан юм. Фредди энэ өвчинтэйгээ долоон жил болсон бөгөөд төгсгөл ойртох тусам илүү ихээр хөдөлмөрлөсөөр байжээ. Тэр нас барахаасаа өмнө “Bohemian Rhapsody” дууны шинэ хэвлэлт болгоноос орох орлогийг ХДХВ фондонд зориулахаар шийдсэн юм. Мөн өөрийнхөө олон сая фунтын хөрөнгийн талыг Мэри Остинд үлдээсэн аж.
“Би амьдралынхаа туршид хэзээ ч ингэж ганцаардаж үзээгүй билээ. Фреддиг үхсэний дараа миний амьдралын хамгийн хэцүү үе байсан. Түүний үхэлтэй эвлэрэх үнэхээр хэцүү байсны хажуугаар түүний үлдээсэн бүх зүйлийг хүлээж авахад надаас асар их сэтгэлийн тэнхээ шаардсан. Миний хоёр хүүхдийн эцэг ч үүнийг давж гаралгүй надаас явсан. Тэр бүх амьдралынхаа турш намайг Фреддитэй хуваалцаж чадахгүйгээ ойлгосон” гэж Мэри Остин Фреддиг нас барсны дараа 8 жил өнгөрсөн хойно Кензингтон дахь түүний тансаг байшинд нүүж ороод хэвлэлийнхэнд ярьжээ.
Харин Фредди Меркури буюу Фарух Булсарагийн булш хаана байдгийг хэн ч мэдэхгүй. Тэрбээр өөрийгөө эртний өвөг дээдсийнхээ ёс заншлаар оршуулаарай гэж Мэригээс хүсжээ. Мэри түүнийг нь ёсоор болгосон гэдэг.