Биологийн ухааны профессор, хүний ДНХ-ийн бүтцийг нээж биологийн ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулснаараа 1962 онд Нобелийн шагнал хүртсэн Америкийн эрдэмтэн Жеймс Уотсон арьс өнгөөр ялгаварласан ярианаасаа болж бүх хүндэт цол хэргэмээ хураалгажээ.
Ингэх болсон гол шалтгаан нь эрдэмтний PBS телевизийн баримтат киногоор европ хүмүүс буюу цагаан арьстнууд оюуны чадамжаараа хар арьстнуудыг давамгайлдаг тухай ярьснаас болжээ. Тэрээр “Цагаан, хар хүмүүсийн ялгаа хамгийн түрүүнд IQ –ийн шалгалтаар харагддаг” гэж Уотсон их зоригтой мэдэгдсэн байна.
Колд-Спринг-Харборийн Лабораторийн төлөөлөгчид түүний хэлснийг арьс өнгөний балмад үзэл хэмээгээд “үндэслэлгүй бөгөөд болчимгүй” тодорхойлолтынх нь төлөө Жеймс Уотсоныг бүх шагнал, хэргэмийг нь хураах шийдвэр гаргажээ.
Энд дурдахад Уотсон өөрийнхөө үзэл бодлоос болж анх удаа хэл аманд өртөж байгаа нь энэ биш ажээ. Өмнө нь тэрбээр ижил хүйстэн болон илүүдэл жинтэй хүмүүсийн талаар нэлээд сөрөг үзэлтэйгээ илэрхийлжээ. “Илүүдэл жинтэй хүнтэй ярилцлага хийж байхдаа таны сэтгэл санаа их эвгүй байдаг. Учир нь ухамсрынхаа гүнд та тэр хүнийг ажилд авахгүй гэдгээ мэддэг” гэж ярьж байжээ.
Үүнээсээ болж эрдэмтэн өөрийн эдлэх эрх, мэргэжлийн боломжуудаа аажим аажмаар алдсаар байсан ч дээрх шиг хатуу шийтгэлийг түүнд анх удаа оноож байгаа аж. Жеймс Уотсон 2014 онд шинжлэх ухааны нийгэмлэгийн зүгээс өөрийнх нь зүг гаргаж буй хавчлагын тухай дурдаад үүний хариуд эсэргүүцэл үзүүлэн Нобелийн шагналынхаа медалийг зарсан байдаг.
Түүний медалийг Оросын бизнесмен Алишер Усманов дуудлага худалдаагаар авсан ч жилийн дараа эрдэмтнийг Оросын шинжлэх ухааны академид лекц уншиж байх үеэр нь эргүүлэн өгчээ.