Дүрэмгүй зодооны Оросын тамирчин Хабиб Нурмагомедовыг зодоон хийсэн гэж мөнгөн торгууль ногдуулж, есөн сараар тэмцээнд орох эрхийг нь хасжээ. Харин түүний өрсөлдөгч Конор Макгрегорыг арай зөөлөн шийтгэжээ. Түүнийг 50,0 ам.доллараар торгож, 6 сараар тэмцээнд орох эрхийг нь хассан аж. Хэрэв Нурмагомедов ам хэлээр доромжлуулж, хяхиж хавчуулсан хохирогчдыг дэмжих компанит ажилд оролцсон тохиолдолд түүний тэмцээнд орох эрхийг нь хасан шийтгэлийг 6 сар болгож буруулах боломжтой гэж тэмдэглэсэн байна. Шийтгэл дээрх хоёр тамирчнаар хязгаарлагдаагүй байна. 25,0 ам.доллар, нэг жил тэмцээнд орох эрхийг нь хасах шийтгэлийг Зубайра Тухугов болон Хабибын дүү Абубакар Нурмагомедов нарт оноожээ.
Болсон явдлыг эргэж харвал өнгөрсөн оны аравдугаар сард холимог зодооны дэлхийн аварга Оросын тамирчин Нурмагомедов Ирландын зодоонч Конор Макгрегортай хүч үзэн дэлхийн аваргынхаа нэрийг авч үлдсэн билээ. Харин тэмцээн дууссаны дараа олныг хамарсан зодоон гарсан аж. Нурмагомедов дэвжээнээс гарч Макгрегорын бэлтгэл хангагч тамирчин руу дайрчээ. Үүнээс үүдэн хоёр тамирчны багийн гишүүд хоорондоо зодолдож эхэлсэн байна. Зодоонд Хабибын найз Зубайр Тухугов болон Эседулл Эмирагаев нар хөндлөнгөөс оролцжээ. Эл зодооноос болж тэмцээний зохион байгуулагчид Оросын тамирчны ялалтыг хүлээн зөвшөөрсөн ч аваргын бүсийг гардуулаагүйгээс гадна шагналын мөнгийг нь царцаажээ. Уг үйл явдлыг Невада мужийн тамирын комисс сахилгын шалгалт эхлүүлжээ. Зодоон болсны дараа Хабибын аав дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов хүүгийнхээ спортын бус үйлдлийнх нь төлөө “хатуу арга” хэмжээ авахаа амласан байна. Энэ үйл явдлаас хойш Хабибын “Инстаграм”-ын хуудас асар алдаршиж нэг өдрийн дотор 3,0 сая дагагчтай болжээ. Тамирчин өөрөө зодоон цохион хийсэндээ олон түмнээс уучлал эрсэн ч Макгрегорын амнаас зогсолтгүй гарч байсан доромжлол түүнийг ийн үйлдэл хийхэд хүргэсэн гэж тэмцээний дараах хэвлэлийн бага хурлаар мэдэгджээ. “Намайг дэвжээнээс үсэрч гарсныг л ярихаас миний шашин, миний аав, миний эх орны талаар тэрээр юу гэж ярьсныг хүмүүс огт сонирхохгүй байгааг би ойлгохгүй байна” гэж Хабиб хэлжээ.
Нурмагомедовын үйлдэл АНУ-д маш олон хүний дургүйцлийг төрүүлжээ. Жишээ нь UFC-ийн аварга Колби Ковингтон “Твиттер” хуудсандаа Нурмагомедорвыг элдвээр хэлэхийн зэрэгцээ зодооны спортыг “20 жилээр хойш нь ухраалаа” гэж бисэн байна. Мөн USA today сонины сэтгүүлч Мартин Роджерс Оросын тамирчины үйлдлийг спортын ертөнцөд байж боломгүй гээд Хабибыг “өрөвдөлтэй, бүдүүлэг, харгис” хэмээн тодорхойлжээ. Харин Ирландын тамирчин Макгрегор “Tвиттер” хуудсандаа Хабибаас даагаа нэхэхийг л хүлээж байна гэсэн богинохон сэтгэгдэл бичсэн байна.