Энэ өдрүүдэд манай хойд хөрш Санкт-Петербург буюу хуучнаар Ленинград хотыг фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлсний ойг тохиолдуулан олон арга хэмжээ явуулж байна. Германы Süddeutsche Zeitung сонины сэтгүүлч өөрийн нийтлэлдээ Ленинград хотын бүслэлтийг баатарлагаар алдаршуулж байгааг шүүмжлээд энэ нь юуны түрүүнд бүхэл ард түмнийг үй олноор хөнөөх явдал байсан гэж онцолжээ. Сэтгүүлчийн үзэж буйгаар Оросын эрх баригчид бүслэлтэд байсан хүмүүсийг “энэрэн өрөвдөж, дурсан санахын” оронд “үндэсний бахархлаа илүү тодотгон” тэмдэглэж байгаа аж. Үүний зэрэгцээ сэтгүүлч Ленинградын бүслэлтийг “Гуравдугаар Рейхын хамгийн харгис гэмт хэргийн нэг” хэмээн тэмдэглээд эл гэмт хэгийн хохирогчдыг ялалтын төлөө сайн дураараа амь биеэ зориулсан гэсэн ойлголт төрүүлэх нь аюултай гэж бичсэн байна. Оросын тал эл нийтлэлд “Ленинградын бүслэлтийг зогсоосны ойг яаж тэмдэглэхийг Германы хэвлэл мэдээлэл бидэнд заахгүй. Тэд амаа хамхиж суусан нь дээр” гэсэн хариу өгчээ.
1980-аад оны үед үүнийг бичигч би бээр ЗХУ-д сурч байхдаа ангийн охин Лена Диваковатой Ялалтын баярын амралтаар Ленинград руу явсан юм. Тэнд түүний эмээ амьдардаг байлаа. Раиса Давидовна Уризон нүдэнд дулаахан, сайхан хүн байв. Биднийг хоол, цайгаар дайлан, хичээл сурлага, Монголын тухай асууж сонирхож билээ. Үдээс хойш бид гурав гадагшаа гарлаа. Хаашаа явахыг асуутал Лена "Эхлээд эмээ ах дүүсээ эргэнэ" гэв. Бид явсаар Пискарёвын оршуулгын газарт ирлээ. Энд Раиса Давидовнагийн эмээ, ээж ах бас эрэгтэй дүү нь мөнх нойрсож байв. Дөрвөн хүний нэр бичсэн чулуун булшин дээр Раиса Давидовна цэцэг биш, харин дөрвөн ширхэг зүсэм талх тавихыг хараад би гайхаж билээ. Раиса Давидовна еврей хүн болохоор еврей ёс гэж бодлоо. Гэтэл энэ нь 871 өдөр дайсны бүслэлтэд байж, сая гаруй хүнээ өлсгөлөнгөөр алдсан ленинградчуудын заншил аж. Ялалтын баяр энэ хотод нэг л өөр болж байгааг би тэгэхэд мэдэрсэн юм. Германы сэтгүүлчийн бичсэнээр тэнд “баатарлаг явдал, үндэсний бахархал”-ын үнэрч байгаагүй. Ленинградын бүслэлт нь хүн төрөлхтний түүхэнд болсон хамгийн эмгэнэлтэй, хамгийн харгис дайны нэг бөгөөд орчин үеийн хотын хүн амын хамгийн том сүйрэл байв.
1941 оны зургадугаар сарын 22-ны өдөр Ленинград хотын оршин суугчид дайн эхэлснийг дуулаад сандралдаж эхэлжээ. Хадгаламжтай хүмүүс мөнгөө авахыг хүсжээ. Маргааш өдрийнх нь үдээс хойш гэхэд хотын бүх касс мөнгөгүй болсон гэдэг. Чүдэнз, лаа, гурил будаанд урт дараалал бий болжээ. Зарим нь алт мөнгөө зарж байсан бол нөгөө хэсэг нь худалдан авч байлаа. Хэсэг хугацааны дараа хот нам гүмд байдалд орсон аж. Гитлер Ленинградыг буулгаж авах өдрийг долдугаар сарын 20 гэж тодорхой товлосон байжээ. Энэ өдрийг фельдмаршал Майнштейн долдугаар сарын 18 гэж урагшлуулан, ам гарсан гэдэг. Харин Ленинградын удирдлага цалгардуу байсаар байв. Наймдугаар сарын дундуур Сталин тус хотын удирдлагуугуудыг зэмлэн “Тэнэг, гэнэн байдлаасаа салах хэрэгтэй. Ленинград манай улсын хоёр дахь нийслэл. Дайсан ямар ч үнээр хамаагүй энэ хотыг эзлэх гэж улайрна. Хотын бэхлэлт, хамгаалалтын төлөвлөгөөг яаралтай илтгэ” гэж цахилгаан илгээжээ. Сталин тэрхүү төлөвлөгөөг дөрвөн өдөр хүлээсэн гэдэг. 1941 оны есдүгээр сарын 8-нд Германы арми Ленинградын бэхлэлтийг сэтлэн хотод тулан ирэв. Энэ өдрөөс хот нэг хүнд ногдох хүнсний нормд шилжсэн аж. Улсын үйлдвэрүүдийн ажилчдад өдөрт 500 гр талх, бусад иргэдэд 300 гр талх ногддог байв. Ленинград хотын намын удирдлага болон цэргийн командлал Улаан армийн хүчийг бассан хэрэгт унахаас эмээн, хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг яаравчлан хийгээгүй, хангалттай хүнсний бүтээгдэхүүн нөөцлөөгүй нь энэ хотыг үхлийн өлсгөлөнд унагах гол шалтгаан болсон аж. Тэр байтугай хувьсгалын өлгий хотыг хамгаалахын оронд “харх” мэт зугтах нь шившиг гэсэн ухуулгын кампанит ажил явагдаж байв. Хамгийн хачирхалтай нь энэ аймшигт бүслэлтийн үеэр улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байжээ. Герман гаралтай хүн бүрийг, хотын удирдлагуудын ажлыг шүүмжилсэн болгоныг баривчлан, хороож, цөлж байсан гэдэг.
Германы тагнуулын алба Ленинградын фронтод төдийгүй тус хотод юу болж байгааг анхааралтай ажиж байсан нь мэдээж. Хүнсний хомстол, иргэдийн бухимдлыг мэдэж байсан тэд хот руу их хүчээр дайрах гэж улайраагүй байна. Фашистууд Ленинградыг бууж өгөхийг хүлээж байв. Хотод нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрсээр ус ч үгүй болжээ. Оршин суугчид Нева мөрнөөс усаа авч байлаа. Голоос хол амьдардаг нь цасаар цангаагаа тайлна. 1941 оны өвөл ер бусын хүйтэн өвөл болжээ. Шатахуун дууссан учир цахилгаан тасрав. Усгүй, халаалтгүй, цахилгаангүй ленинграчуудыг хамгийн хүнд сорилт болох өлсгөлөн хүлээж байв. Арваннэгдүгээр сарын 11 гэхэд ажилчдын өдрийн талхны норм 300 гр, бусад иргэдийнх 150 гр болж багассан бол эл сарынхаа 30 гэхэд ажилчдад 250 гр талх, бусдад 125 гр ногдож байв. Хот өлсгөлөнд нэрвэгдлээ.
Ленинград хотын түүхийн музейд 13-хан насандаа нас барсан тус хотын оршин суугч Таня Савичева охины өдрийн тэмдэглэл байдаг. Тэрбээр тэмдэглэлдээ өнөр гэр бүлийнхээ гишүүдийг бүслэлтийн үеэр нас барсан тухай есхөн зурвас бичиж үлдээжээ. Тэрхүү бяцхан тэмдэглэлийг Нюрнбергийн шүүхэд фашизмыг буруутгах баримт болгон ашигласан байдаг. Өлсөж, туйлдсан охины бичсэнээс үзвэл зовлонд нухлуулсандаа тэрбээр сэтгэлийн ямар ч хөдлөлгүй болсон нь илт.
“1941 оны арванхоёдугаар сарын 28. Женя өдрийн 12 цагт нас барлаа”.
“Эмээ 1942 оны нэгдүгээр сарын 25-нд 3 цагт нас барав”.
“Лека 1942 оны гуравдугаар сарын 17-нд үүрийн 5 цагт нас барав”.
“Вася ах 1942 оны дөрөвдүгээр сарын 13-нд шөнийн 2 цагт нас барлаа”.
“1942 оны тавдугаар сарын 10-нд Леша ах нас барав”.
“Ээж 1942 оны тавдугаар сарын 13-нд 7цаг 30 минутанд ...”
“Савичевынхан нас барав”.
“Бүгд үхчихлээ”.
“Таня л ганцаархнаа үлдэв”.
Ухаан алдан хэвтэх Таняг тусгай сувилагч нарын баг олжээ. Эмч нар түүний амийг аврах гэж бүтэн хоёр жил ноцолдсон аж. Охин өлсөж туйлдсаны улмаас хараагүй болсон байлаа. Таня 1944 оны долдугаар сарын 1-нд хорвоог орхин оджээ.Бүслэлтийн хотоос ах дүү, амраг садандаа бичсэн олон олон захидал, өдрийн тэмдэглэл өнөөг хүртэл хадгалагдан иржээ. Үүний нэг жишээ “Женя, бид өлбөрч үхэж байна. Костя нас барсан. Би банзаар авс бэлдсэн ч явж оршуулах ямар ч тэнхэл надад үлдсэнгүй. Дөрвөн настай Саша маань “Ээж ээ, идэх юм байхгүй бол намайг алаад өгөөч гэж орилоод байх юм” гэжээ. Хүмүүс өлсгөлөнгөөр үйл олноороо үхэж байлаа. Гудамжинд, гэртээ, ажил дээрээ үхэж байв.
Бүслэлтийн үеэр Ленинград хот нэг ч нохой, муур, хархгүй болсон гэдэг. Үүний дараагаар хүмүүс алга болж эхэлжээ. 1941 оны арван хоёрдугаар сард Ленинград хотын цэргийн прокурор болон цагдаагийн газрын даргын илтгэх хуудсанд нэгэн хэрэг бүртгэгдсэн аж. “Иргэн А.Кириллова. 1912 онд төрсөн. Нөхөр дөрвөн хүүхэдтэй. Хоёр сартай бага охиноо боож алаад,мөчилж чанаад үлдсэн гурван хүүхдэдээ өгчээ” гэсэн сэтгэл сэрдхийсэн хэрэг гарчээ. Энэ шил шилээ даран гарах хүн идсэн хэргийн хамгийн анхны албан ёсны бүртгэл байжээ. 18 настай залуу хүнсний картын төлөө хоёр дүүгээ алжээ. 17 настай эмэгтэй оршуулгын газраас цогцос хулгайлан, махны машинаар жижиглэжээ. Ач хүү нь эмээгээ сүхээр цохиж алаад махыг нь чанаж дүү нартаа өгчээ. Иймэрхүү хэргийн жагсаалт 1943 он хүртэл үргэлжилжээ.
Хүмүүс нас барсан нэгнээ оршуулаагүй тохиолдол маш олон гардаг байв. Зарим нь оршуулах тэнхэлгүй. Оршуулсан ч цогцсыг өлссөндөө ухаан нь самуурсан хүмүүс дор нь ухаж гаргаад иддэг байжээ. Зарим нь хүнсний картыг нь авахын тулд нас барсан хүмүүсээ гэртээ нуудаг байв. Эхэндээ ганц нэгээрээ хүний мах идсэн тохиолдол гарч байсан бол сүүлдээ хэд хэдэн хүнээс бүрдсэн бүлэг дээрэмчид бий болжээ. Тэд хүмүүст идэх юм өгье гэж урхинд оруулаад нухчихдаг байв. Тэр үед ЗХУ-ын Эрүүгийн хуульд “Хүний мах идсэн тохиолдолд ...” гэсэн заалт байдаггүй байв. Тиймээс хүний мах идсэн хүмүүсийг дээрэм хийсэн зүйл ангиар шийтгэдэг байжээ. Тэдгээр гэмт хэрэгтний 63,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан байдаг. Тухайн үеийн Ленинград хотын ДХЯ-ны мэдээлэлд 1942 оны байдлаар хүний мах идсэн 1700 гаруй тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс дөрөв нь дээд боловсролтой хүн байсан аж. Харин 1943 дөрөвдүгээр сараас ийм гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.
1942 оны хоёрдугаар сараас талхны норм ажилчдад 350 гр, бусад иргэдэд 200 грамм болоход хүмүүс баярласандаа уйлж байсан гэдэг. Тавьхан грамм талх ямар үнэ цэнэтэйг ленинградчууд мэдэх ажээ. 1942 оны тавдугаар сарын 9-нд Ленинградын театрт Д.Шостаковичийн долдугаар симфонийг тогложээ. 80 минут үргэлжлэх эл симфонийг радиогоор шууд дамжуулахад хотын оршин суугчид төдийгүй хотоос ердөө гурван км зайд байсан фронтын Орос, Германы цэргүүд ч сонссон аж. Германы армийн ахлах дэслэгч Курт Ланге дэвтэртээ “Өнөөдөр бүслэлтэд байгаа хотын радиогоор нэгэн хөгжмийн бүтээл явлаа. Тэгэхэд бид дайнд ялагджээ гэдгийг ойлгосон. Оросууд өлсгөлөн, айдас, тэр бүү хэл үхлийг хүртэл даван туулах ер бусын чадалтай үндэстэн юм” гэж бичжээ. Ахлах дэслэгч Курт Ланге 1943 оны нэгдүгээр сард Оросын арми дайсны бүслэлтийг сэтэлсэн анхны тулалдаанд амиа алджээ. Өлсгөлөн , хүйтэн, үхэл дагуулсан бүслэлт 871 хоног үргэлжилжээ.