Америкийг “Forbes” сэтгүүл жил болгон дэлхийн хамгийн баян хүмүүсийн чансааг тодорхойлдог билээ. 32 дахь удаагийн энэ жилийн жагсаалтад 1,0 тэрбумаас 124,0 тэрбум долларын хөрөнгөтэй 2124 хүн оржээ. Бид та бүхэнд топ 10 танилцуулж байна.
1. Жефф Безос
Энэ жил хамгийн баян хүнээр "Амазон" компанийн эзэн Жефф Безос тодорчээ. Түүний хөрөнгө 112,0 тэрбум доллараар тоологддог бөгөөд энэ жил 39,0 тэрбумаар өссөн байна. 2017 онд Амазон компанийн эзэн долоо оронтой тоогоор тодорхойлогдох хөрөнгөтэй анхны хүн болжээ. Түүний байгуулсан компанийн хувьцаа 12 сарын дотор 59% хуваар өсчээ. Жефф Безос хөрөнгө оруулалтын компанид ажиллаж байгаад 1994 онд ажлаасаа гаран онлайнаар ном зарахаар шийджээ. "Амазон" ингэж бий болжээ. Тэрбумтны сүүлийн хобби нь сансрын аялал болоод байгаа аж. Түүний “Blue Origin” сансрын компани жирийн зорчигчдод зориулсан олон удаа хэрэглэх пуужинг зохион бүтээж байгаа гэнэ.
2. Билл Гейтс
Эл жагсаалтыг олон жил тэргүүлсэн Билл Гейтс энэ жил хүндэтэй хоёрдугаар байранд бичигджээ. Алдарт “Microsoft” компанийн хувьцааны 3% хувийг эзэмшдэг тэрээр тогтвортой орлоготой нэгэн бөгөөд 90,0 тэрбум долларын хөрөнгөтэй аж. Үүнээс гадна тэрбээр эрчимтэй хөгжиж байгаа салбаруудад ихээр хөрөнгө оруулалт хийдэг аж. Канадын төмөр зам, дахин боловсруулалтын ”Rebublic Sevices” компани, автомашины диллер үйлдвэрүүд түүнд нэмэлт орлого авчирдаг аж. Билл Гейтс буяны хандивт маш их анхаарал хануулдаг нь олны талархлыг хүлээдэг аж.
3. Уоррен Баффет
Хөрөнгө оруулалтаараа алдартай Уоррен Баффет жагсаалтын гуравт бичигджээ. Түүний эзэмшлийн “Berkshire Hathaway”, “Баффет” холдингийн хувьцаа 16% өсөхөөс гадна өөр 60 гаруй компанийн хувь эзэмшдэг түүний орлого энэ жил 8,4 тэрбумаар өсжээ.
4. Бернар Арно
Жагсаалтын дөрөвт Францын тэрбумтан Бернар Арно оржээ. Түүний мэдлийн LVMH, Moët, Hennessy, Louis Vuitton зэрэг дэлхийн хамгийн том тансаг зэрэглэлийн брэндүүд 42,6 тэрбум еврогийн борлуулалт хийснээр холдингийн цэвэр ашиг нь 29% хувиар өсчээ. Бернар Арно 2017 онд 13 тэрбум долларын гэрээ хийн Christian Dior-ийг худалдан авчээ. Эл гэрээ нь хоёр компанийн санхүүгийн талаарх хүнд хэцүү харилцааг дуусгавар болгосон бөгөөд одоо Бернар Арно “Christian Dior”-ийг дангаараа эзэмших болсон байна.
5.Марк Цукерберг
32 настай Марк Цукерберг дэлхийн хамгийн баян хүмүүсийн айргийн тавд багтаж байна. Түүний үүсгэн байгуулсан "Facebook" цахим сүлжээ энэ жил улс төрийн хэл аманд багагүй өртсөн ч компанийн хувьцаа 2018 онд 32% хувиар өсөж залуу бизнесмений хөрөнгийг 15,0 тэрбум доллароор зузаатгажээ. Нэр хүндтэй Харвардын Их сургуулиа орхин байж “Facebook” цахим сүлжээг байгуулсан нь түүнийг өнөөдөр дэлхийн тэрбумтны тоонд оруулжээ. Тэрбээр нийгмийн сүлжээг удирдах ажиллагаанд идэвхтэй оролцдог бөгөөд “Instagram” сүлжээ болон "WhatsApp" мессенжерыг худалдан авчээ.
6. Амансио Ортега
Испанийн тэрбумтан Амансио Ортегагийн үүсгэн байгуулсан “Zara” компанийн хувьцааны үнэ энэ жил унаж түүний хөрөнгийг 1,3 тэрбум доллароор нимгэлсэн ч нийт хөрөнгийнхөө дүнгээр тэрээр дэхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т багтжээ. Амансио Ортега Нью-Йорк, Мадрид, Барселон, Лондон, Чикаго зэрэг хотуудад үл хөдлөхөд хөрөнгө оруулан жилд 400,0 сая долларын ноогдол ашиг авдаг аж
7. Карлос Слим Элу
Мексикийн хамгийн баян хүн Карлос Слим Элу энэ жил “Forbes”ийн жагсаалтад долоод орж чансаа нь буурчээ. Тэрбээр Латин Америкийн хамгийн том үүрэн харилцааны оператор “America Movil” компанийг эзэмшдэг бөгөөд 2017 онд тус компанийн хувьцааны үнэ 39% хувиар өссөн байдаг. Үүнээс гадна Карлос Слим Элу хөгжлийн болон үл хөдлөх, уул уурхайн компаниудын багц хувьцааг эзэмшдэг аж.
8. Чарльз Кох
Америкийн бизнесмен Чарльз Кох дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10 багтаад зогсохгүй түүний ахтайгаа хамт эзэмшдэг “Koch Industries” компани нь АНУ-ын хамгийн том хувийн компаниудын хоёрдугаарт ордог аж. 1940 онд ах дүү Кохын эцэг нефть олборлох үйлдвэр байгуулсан нь өдгөө маш олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг холдинг болж хувирчээ.
9. Дэвид Кох
Дэвид Кох өөрийн ахтай хамтран “Koch Industries” компанийг эзэмшдэг бөгөөд эл компани шатахуун олборлолт, төрөл бүрийн хоолойн барилга, нэг удаагийн аяга, таваг үйлдвэрлэл гээд төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг аж. Ах дүү Кохууд Бүгд найрамдах намын хамгийн өгөөмөр санхүүжүүлэгчид төдийгүй боловсролын системд буяны хандивыг ихээр өргөдөг аж. 2017 онд “Koch Industries” холдинг 2,8 тэрбум доллар аар дэлхийн нөлөө бүхий хэвлэл “Time” худалдаж авсан байна.
10. Ларри Эллисон
АНУ-ын программ хангамжийн хөгжлийн “Oracle” компанийн эзэн Ларри Эллисон топ арвын сүүлийг мушгиж байна. 1977 онд байгуулсан дээрх компанийнхаа Ерөнхий захиралын албыг 2014 онд өөр хүнд шилжүүлсэн ч захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч хэвээр үлджээ. Харин нэг жилийн дараа тэрээр “Oracle” компанийг үүлэн технологийг (компьютерын нөөц бололцоо, хүчин чадлыг Интернетийн үйлчилгээ болгон хэрэглэгчдэд өгдөг мэдээлэл боловсруулах технологи) хөгжүүлэхэд чиглэх ёстойг мэдэгджээ. Бизнесмений тооцоо зөв байсан бололтой сүүлийн 12 сарын дотор тус компанийн хувьцаа 18% хувиар өссөн байна.