Аз жаргалыг хүн жинхэнэ хайр дурлалаас л мэдэрдэг болов уу. Харин тэр жинхэнэ хайр дурлал нь хүнд ганцхан удаа заяадаг аж. 40 шахсан эр хүн ийм бодолтой явдаг гэж та гайхаж, зарим нь шоолж ч магад. Гэхдээ би энэ бодлоосоо ичихгүй ээ.
Дэлгэрмаа бид хоёр мянган солигдох тэр мөчид танилцсан улс. Талбай дээр хүмүүс цугларан шинэ эрин, шинэ зуунаа угтан баяр хөөр болцгоож байлаа. Бидний хэдэн нөхөд ч ялгаагүй тэнд оргилуун дарсаа буудуулан салют харан баярлаж байтал “Та миний хөлөн дээр гишгээд байна гэж” нэг хүн чихэнд дээр их л чангаар дуугарахад, эргэж харвал өвлийн жаварт хацар нь улайж, сормуус нь цантаж цайсан, цасан охин шиг үзэсгэлэнтэй бүсгүй зогсож байх нь тэр. “Уучлаарай, би юу?” гэж асуутал бүсгүй “Тиймээ. Та мэдрэхгүй байна уу. Түлхэхээсээ санаа зовоод орилчихлоо. Уучлаарай” гээд инээх аж. Бид ингэж танилцсан.
Хорь дөнгөж шүргэж явсан бидний дурлал ёстой л гал шиг дүрэлзсэн билээ. Агуу Шекспирын бичсэн хайр дурлал ч бид хоёрын бие биенийгээ хүсэмжилсэн сэтгэлийн хажууд юу ч биш санагдаж байлаа. Бид ирээдүйд гэрлэн, гурваас доошгүй хүүхэдтэй болж, ач зээ нараа тойруулсан эмгэн өвгөн болсон хойноо нэг өдөр зэрэг үхнэ гэж мөрөөдсөөр гурван жил болсон.
Би тамирчин хүн. Яг ямар төрлийн гэдгийг энд хэлмээргүй байна л даа. Залуу насны ааг омгондоо бүхнээс хүчтэй, бүхнээс илүү байхыг хүсэн допингийн төрлийн бэлдмэлийг ихээр хэрэглэх болсон юм. Дасгалжуулагч багш нар их хэрэглэж болохгүй гэж анхааруулах авч хожим хойно миний эрүүл мэнд, цаашлаад амьдралд минь ямар их сөрөг үр дагавар авчирахыг би ухаараагүй юм.
Бие бялдар, хүч тэнхээ сайжрах тусам миний сэтгэцэд өөрчлөлт ороод байгааг даанч ойлгоогүй дээ. Хамгийн түрүүнд эргэн тойрноо огт анзаарахаа больж, яваандаа уур уцаар дийлдэхээ болив. Ойр дотныхондоо уураа хамгийн ихээр гаргахыг яана. Бэлгийн амьдрал ч их холдсон юм. Ерөнхийдөө өөрийнхөө амьдралын хамгийн гэрэл гэгээтэй, сайн сайхан бүхнийг харлуулж эхэлсэн гэх үү дээ. Муухай ааш аяг, бүдүүлэг байдлаараа хамгийн эрхэм хүнээ өөрөөсөө хөндийрүүлсэн нь мэдээж. Тэр бэлдмэлийг би бараг жил гайруй хугацаанд хэрэглэсэн юм. Хамгийн аймшигтай нь би өөрийнхөө энэ өөрчлөлтийг тэрхүү бэлдмэлтэй огт холбож үзэхгүй байсан юм. Хэрэв мэдсэн бол би тэр даруй болих байлаа. Жоохон уцаартай болж байна даа, бэлтгэл сургуулилтаас болж байгаа биз гэж өөрийнхөө үйлдлийг зөвтгөх аж. Уур уцаар, бүдүүлэг авираараа хайртай бүсгүйгээ гомдоосоор тэр маань өөрийгөө хэрэггүй болж хэмээн ойлгоод, надад зовлон удахгүйн тулд миний амьдралаас яваад өгсөн юм.
Тэрхүү бэлдмэл одоо хориотой допингийн тоонд орсон ч миний амьдралыг бусниулж амжсан юм. Бэлдмэл хэрэглэхээ болиод сарын дараа л би гэдэг хүн юу хийснээ ойлгосон ч хожимдсон байлаа. Ингээд би ёстой жинхнээсээ аймшигтай депрессд орсон доо.
Өөрийнхөө тэнэгийг гайхахаас илүү үзэн ядах юм. Дотор харанхуйлам гэмшил, харуусал одоо ч намайг орхиогүй. Мэдээж бүгдийг шинээр эхэлж, хайр дурлал, мөрөөдлөө эргүүлж авахыг хүсээгүй биш хүссэн. Гэхдээ амьдрал хүссэнээр болдоггүй аж. Бурхан чамд гайхалтай аз жаргалыг мэдрэх боломж нэг л удаа өгдөг. Харин тэрхүү боломжийг ашиглаж чадах эсэх нь зөвхөн хүн танаас өөрөөс чинь л шалтгаална гэдэг үгийг мах цусаараа мэдэрсэн хүн бол би.
Дэлгэрмаа бол гайхамшигтай бүсгүй. Тийм дээ ч бурхан түүнд надаас илүү сайн хүн заяасан. Тэр хүн Дэлгэрмаагийн халамжит хань нь, хүүхдүүдийнх нь сайн эцэг болсон. Энэ дэлхий дээрх хамгийн хөөрхөн хоёр хүү тэднийд төрсөн. Гэхдээ л амьдрал тааварлашгүй зүйлээр дүүрэн байдаг аж. Дээгий бага хүүгээ төрүүлээд удаагүй байхад бид хоёрын харилцаа эргээд сэргэсэн юм. Долоон жил өнгөрч байж л тэр минь намайгаа ойлгоод уучилсан юм даа. Түүний маань надад өгсөн хайр сэтгэл одоо ч унтраагүй юм байна гэдгийг би ойлгосон. “Бидний гэрлэлт энд биш тэнгэр дээр л адислагдаж” гэж тэрээр хэлдэг. Тэр үнэн бололтой. Би Дэлгэрмаадаа түүний хоёр хүүд ухаангүй хайртай. Азаар бидний хайр дурлал мартагдаж алга бололгүй, харин ч улам хүчтэй болсон юм. Гэхдээ хэн хэн маань элэг бүтэн гэр бүлийг бусниулах тухай бодох ч үгүй байгаа. Энэ агуу хайр биш гэж үү.