Энэ өдрүүдэд Наран улс эзэн хааныхаа 85 насны ойг өргөн тэмдэглэж байна. Насныхаа ойг тохиолдуулан эзэн хаан Акихито сүүлчийн удаа ард түмэндээ хандаж үг хэлжээ. Учир нь тэрбээр ирэх жилийн дөрөвдүгээр сард хаан ширэнээсээ татгалзах аж.
Эзэн хааны хэргийг удирдах газраас мэдэгдснээр Акихито хаанд баяр хүргэхээр Токиод 82,0 мянган хүн цугларчээ. Эзэн хаан заншил ёсоор цугларсан олны өмнө гурван удаа гарч ирсэн байна. Түүнийг гэргийн Митико болон хааны гэр бүлийн бусад гишүүд дагалджээ. “Надад ийм халуун дулаанаар баяр хүргэх гэж ирсэн та бүхэндээ би чин сэтгэлээсээ талархаж байна. Би та бүгдийн эрүүл мэнд, аз жаргалын төлөө залбирч байна" гэж Акихито хэлжээ. Мөн тэрбээр хэлсэн үгэндээ өнгөрч буй онд шил шилээ даран гарсан байгалын гамшигт нэрвэгдсэн иргэддээ эмэгнэл илэрхийлсэн аж.
2017 оны намар Японы парламент 200 жилийн хугацаанд анх удаагаа амьд сэрүүн эзэн хаан өв залгамжлагчид ширээгээ шилжүүлэн тэтгэвэрт гарах тухай хуулийг баталсан аж. Эзэн хааны хууль болон үндсэн хуулиар хаан ширээ эзэн хааныг тэнгэр хальсан хойно өв завгамжлагчид шилжих ёстой байжээ. 2016 оны зун Акихито ард түмэндээ хандсан үгэндээ нас өндөр болж үүрэгт ажлаа хийхэд хүндрэлтэй болсон тул хаан ширээг өв залгамжлагчид шилжүүлэх хүсэлтэй байгаагаа дурьдсан байна. Япончууд эзэн хааныхаа хүсэлтийг ойлгож хүлээн авчээ. Парлментын шинэ хууль гарсны дараа Эзэн хааны хэрэг эрхлэх газар Акихито хааны тэтгэвэрт гарах өдрийг 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд, харин өв залгамжлагчийг ширээнд заларахыг тавдугаар саырн 1-нд товолжээ. Японы эзэн хааны ширээнд ханхүү Нарухито залрах аж.