Хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг гэдэг ойлголт анх 1915 оны тавдугаар сарын 24 нд Антантын орнуудын тунхагт дурдагджээ. Энэ тунхагт Османы эзэнт гүрний армяны ард түмнийг үй олноор нь хомроглон устгасан үйл явдлыг хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг гэж тодорхойлсон байдаг. Харин орчин үед Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмээр бол хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг гэдэг нь улс үндэстэн, иргэний субьектуудыг санаатайгаар алах, хомроглон устгах, хууль бусаар цагдан хорих, албадан нүүлгэн шилжүүлэх,боолчлох, албадан ул мөргүй алга болгох г.м зүйл ангиуд ордог болжээ. Гитлерийн фашизм, Сталины нугалаа, Югославын дайн , Нигерийн үндэстэн хоорондын дайн, Угандын төрийн эргэлт гээд дээрх гэмт хэргийн жишээг олныг дурдаж болно. Энэ удаа Пол Пот буюу улаан кхмеруудын өөрсдийн ард түмний эсрэг явуулсан аймшигт гэмт хэргийн тухай өгүүлэгдэх болно.
Дөрөв дүгээр сарын 17 –ны өдөр Камбожийн ард түмний хувьд харамсал гашуудлын өдөр байдаг. 1975 оны энэ өдөр Камбожийн коммунистуудын зүүний хэт даврагсад болох улаан кхмерууд төрийн эрхийг гартаа авчээ. Гурван жил гаруйн энэ улсад улаан кхмеруудын асар том нийгмийн туршилт явагдсан бөгөөд үр дүнд нь хөгжин цэцэглэж байсан улс дэлхийн хамгийн ядуу буурай орон болон хувираад зогсохгүй хүн амын дөрөвний нэг нь устсан юм.
Далаад оны дундуур Камбожийн улс төрийн байдал нилээд хурцадмал шинжтэй байлаа. Төрийн эрхэнд байсан генерал Лон Нол адр түмнийхээ итгэл найдварыг бүрэн алдаад байлаа. Хэрээс хэтрсэн хээль хахууль, үнийн өсөлт, үйлдвэрлэл худалдааны унахын зэрэгцээ тус улсын хөрш орнууд болох Вьетнам Лаосын эсрэг явуулж буй АНУ-ын дайн их гай болж байв. Энэ байдал нь тус улсад коммунист хөдөлгөөн өрнөхөд асар ихээр нөлөөлөөд зогсохгүй эцэст нь партизаны дайн болон хувирсан аж. Энэ дайныг Хятад Вьетнам ихээр дэмжиж байжээ. 1973 оноос эхлээд Америйкийн зэвсэгт хүчин Комбожийн нутаг дэвсгэрээс цэргээ гаргаж эхэлсэн учир тэдний гар хөл болсон генерал Лон Нол сөрөг хүчний эсрэг тэмцэж чадахаа болин 1975 оны дөрөвдүгээр сарын 1нд тойрон хүрээлэгчдийнхээ хамтаар эх орноосоо зугтжээ. Харин 17-ны өдөр нь Камбожийн нийслэл Пномпень хотын оршин суугчид танк, хуягт тэрэгтэй орж ирэх “улаан кхмеруудыг ” алга ташин талархан угтаж байлаа. Камбожийн ард түмэн дайн дажин улс төрийн үймээнд туйлдан ядарч, шинэ засаг төр хүсэн хүлээсэн энх тайван тогтвортой байдлыг авчирна гэж найдаж байжээ. Гэвч найдлага талаар болсон юм. “Улаан кхмерууд” Пномпень хотыг эзлэнгүүтээ хотын оршин суугчдыг хомроголон хөдөө албадан шилжүүлжээ. Ингэхдээ хүүхэд хөгшид тэрч бүү хэл тахир дутуу иргэдийг ч үлдээлгүй байна. 72 цагийн дотор Камбожийн нислэлийн ихэнх оршин суугчид хөдөө газар тариалангийн албадан хөдөлмөр эрхэлэлтэнд цөллөгджээ.
Энэ ажиллагаа нь зөвхөн нислэл хотод төдийгүй бусад томоохон хотуудыг ч хамарсан аж. “Хот бол хувьсгалын эсргүү нарын төвлөрөл. Тиймээс бидний хувьсгалын гол хүчин тариаланчдын нийгэм ” гэж шинээр байгуулагдсан Ардчилсан Камбожийн удирдагч Пол Пот радиогоор тунхаглажээ. Хотод шинэ засгийн газрын түшмэд, томоохон үйлдвэрийн ажилчид, бас цэргүүд л үлдсэн байна. Бүх сургуулиуд, эмнэлэг, үзвэр үйлчилгээний газрууд хаагдлаа. Камбожийн шинэ засгийн газар хөдөлмөрийн коммун гэгчийг байгуулж, улсаа хөдөө аж ахуйн том гүрэн болгох зорилго урдаа тавьжээ. Ингэхийн тулд тэд нийгэм ганцхан тариаланчдын давхрагатай байх ёстой гэж үзснээр нэг жилийн дотор улсаа нэгэн том хөдөмөрийн хорих анги харин ард түмнээ 12 цагаар хүнд хүчир хөдөлмөр эрхэлсэн боолууд болгон хувиргасан юм. Камбожийн хүн ам “хуучин” ард ба “үндсэн” ард гэсэн хоёр ангилалд хуваагджээ. “Хуучин” ард хэмээх ангилалд нь иргэний даны үед “улаан кхмеруудын” хяналтанд байсан зүүн ба зүүн-өмнөд хэсгийн уулархаг газрын тосгоны оршин суугчид багтдаг байв. Тэд үргэлж хүнд бэрх нөхцөлд амьдарч ирсэн хүмүүс байсан бөгөөд хотын амьдрал ялагуяа оршин суугчдын эсрэг хандлагатай байв. Чухам энэ л боловсрол мэдлэггүй хүн амын хэсэг “улаан кхмеруудын” цэрэг арми, намын боловсон хүчин болж байсан юм. Хоёр дахь ангилалд нь Лон Нолын мэдэлд байсан хот суурин газрын иргэд багтдаг байв. Тэднийг улс орны нийгэм улс төрд аюул авчирч болзошгүй “шимэгч ургамалууд” хэмээн шинэ засаг тодохойлжээ. Тэднийг ёстой ургамал шиг устгаж, ямар ч шалтгаангүй шорон гянданд хорьж, тамлан зовоож байжээ. Комбожийн сэхээтнүүд ч мөн ялгаагүй ялгаварлан гадуурхагдсан юм. Багш нарын 80 хувь, эмч нарын 90 хувийг алж устгажээ. Их дээд сургуулийн 11 сая оюутнаас 400 залуус л амьд үлдсэн юм. Уншиж бичдэг, тэр байтугай нүдний шилтэй хүн болгоныг буудан хороож байлаа. Пномпень хотын үндэсний гайхалтай сайхан номын санг гахайн ферм болгов. Дэлхий дахин шашингүй үзэлтэй байх ёстой гэсэн шинэ удирдагчийн номлолын дагуу олон зуун сүм хийдийг нураан шатаахын зэрэгцээ 50 000 гаруй лам хуврага хэлмэгдсэн аж. “Улаан кхмерууд” Камбожийг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаад зогсохгүй Хойд Солонгос, Хятад, Лаос, Румын, Куба орнуудын дипломат төлөөлгчдийн газраас бусад бүх гадаадын элчин сайдын яам консулын газрыг хаан дипломат ажилчдыг нь хөөн гаргасан билээ.
Тоталитар нийгмийн жишиг дагуу Камбожид шорон гяндангийн сүлжээ ихээр тархсан байлаа. 200 гаруй шорон гяндан байгуулсан ч тэр нь хүрэлцэхгүй байсан гэдэг. Пномпень хотын нэгэн томоохон сургуулийн байрыг ашиглан байгуулсан С-21 гэсэн нэртэй шорон залхаан цээрлүүлтээрээ алдартай байсан юм. Өдөр болгон энэ шоронд хоригдлуудыг цахилгаан тогоор цохиж, хумсанд нь хулсан мод шааж, даль модны ширүүн хурц навчаар биеийг нь зүсэж, гялгар уут толгойд нь углан амьсглыг нь боож, өдөржин хөлнөөс нь дүүжлэх арга хэрэглэн байцаадаг байжээ. Иймэрхүү яргалалын дараа хэн ч ямар ч хэрэг хүлээхэд бэлэн болох нь мэдээж. Энд маш хоригдлуудыг ямар ч шүүхийн тогтоол, хяналтгүйгээр заазалсан байдаг. Хувьсгалт Камбожид сум илүү чухал зүйлд хэрэг болно гэж тооцолсны үндсэн дээр хоригдлуудыг зээтүү жоотуугаар дагзанд нь цохиж алдаг байжээ. Цаазлагдсан хоригдлуудын шарилыг шоронгийн дэргэдэх оршуулгын газар булдаг байсан бол сүүлд нь газар олдохгүй хотоос гарган хаядаг болжээ. Пномпень хотын зах хүүрээр дүүрч, халварт өвчин газар авсан юм.
Ардчилсан Камбожид хувийн амьдрал гэсэн ойлголт бараг үгүй болсон юм. Бөөнөөр амьдрах хөдөлмөрийн коммунд эрэгтэй эмэгтэй хүмүүс тусдаа байралдаг байсан бөгөөд гэр бүлийн хүмүүс долоо хоногт нэг өдөр л уулздаг байжээ. Хэрэв шинээр хүн төрвөл гурван сар эхтэй нь цуг байлгаж байгаад улсын асрамжинд авдаг байв. Залуучууд, бүсгүйчүүдийг бөөнөөр нь цуглуулж байгаад хувьсгалт нам эхнэр нөхөрийг нь сонгож өгдөг байсан гэдэг. Хэрэв аль нэг нь татгалзвал ширүүн шийтгэл амсдаг байв. “Улаан кхмеруудын” засаглал унаснаас хойш ч цөөнгүй хүмүүс гэр бүлээ хадгалан үлдсэн гэдэг. Жишээ нь Камбожийн одоогийн ерөнхий сайд Хун Сен “улаан кхмеруудын” сонгож өгсөн эхнэртэйгээ амьдарсаар байгаа аж.
“Үлгэр жишээ коммунист гүрэн” байгуулна гэсэн туршилт бүтэлгүйтэхийн зэрэгцээ “улаан кхмеруудын” харгис дэглэмийг ард түмэн даван гарахад улам бэрх болж 1976 оноос эхлэн зэвсэгт бослого шил шилээ даран гарч эхэлжээ. Дээрээс нь хөрш зэргэлдээ Вьетнам улсыг коммунизмын бодлогоосоо урвалаа гэж үзэн байн байн зэвсэгт өдөөн хатгалага хийх болов. Вьетнамын цэрэг арми хамаагүй чадалтай бөгөөд мэргэжлийн өндөр түвшинд байлаа. Ингээд 1978 онд Вьетнамын зэвсэгт хүчний дэмжлэгтэйгээр Камбожийн үндэстний аврах фронт байгуулагдаж, 1979 оны нэгдүгээр сарын 7 -нд Пномпень хотыг эзэлснээр “улаан кхмеруудын” дэглэмийг төгсгөл болгосон билээ.
Салот Сар-энэ бол дэлхийн түүхэнд Пол Пот нэрээрээ тэмдэглэдгсэн “улаан кхмеруудын” удирдагчийн жинхэн нэр. Тэрбээр 1925 оны тавдугаар сарын 19 нд чинээлэг тариачны гэр бүлд төржээ. Буддын шашны сүмд бага сургуулийн боловсрол, дараа нь Парижын Сорбоны Их Сургуульд дээд мэргэжил эзэмшиж, Пномпений Их сургуульд багшилж байсан тэрбээр ХХ зууны хамгйин харгис дарангуйлагчдын нэг болсон гэж төсөөлөхөд бэрх. Дэлхийн хоёрдгаар дайны дараа Францад зүүний хөдөлгөөн идэвхжиж байх үед Салот Сар оюутан болжээ. Тэрбээр чухам тэнд л марксизм ленинизмын бүтээлүүдтэй танилцаж, оросын улс төрч М.Троцкийг шүтэн бишрэх болжээ. Троцкийн бүх холбоотын зэвсэгт хүчний коммиссаруудын зөвөлгөөнд хэлсэн “ Армиийг байгуулах ажилд аль болох дайн үзээгүй, хувьсгалын үзэл бодлоор хөөрсөн, үргэлж идэвхтэй байдаг залуу үеийг татан оруулах хэрэгтэй ” гэсэн үгийг үзэл бодлоо болгон хожим “улаан кхмеруудын” армийг бий болгохдоо ашиглажээ. “Улаан кхмеруудийн” армид ихэвчлэн 12-18 насны хөвгүүд байсан юм.
1952 онд Салот Сар Францын Коммунист намд элсэн орсон байна. Тэрбээр сургуулиа төгсөөд эх орондоо ирсний дараа 1960-аад оноос эхлэн улс төрд эргэлт буцалтгүй орон хожим “улаан кхмерууд” хэмээн нэрлэгдсэн хэт зүүний даврагсдын байгууллагыг үндэслэн үзэл суртлын гол удирдагч нь болжээ. Дорнын уламжлалын дагуу аливаа хувьсгалчид болон нууц бүлгэмийн удирдагчид нууц нэртэй байдаг тул Салот Сар Нөхөр 87 гэсэн нэртэй болсон гэдэг. 1963 онд Нөхөр 87 Камбожийн коммунист намын хуучин удирдлагуудын устган, өөрөө дарга нь болсныхоо дараа 1-р ах гэсэн нэр авчээ. 1-р ах коммунист намын удирдагч болсноор “улаан кхмерууд” зүүний хөдөлгөөний тэргүүнд гарсан аж. Харин тэд эргэний дайнд ялснаар өөрсдийнхөө удирдагчийг Камбожийн төрийн тэргүүнд залсан юм.Түүнд Пол Пот хэмээх нэр өгчээ.
“Улаан кхмееруудын” дэглэм нуран унсны дараа Пол Пот Камбожоос зугтан Тайландын ширэнгэн ойн тосгонд бүгсэн байдаг. 1998 оны намар АНУ-ын ерөнхийлөгч зэвсэгт хүчний командлалдаа Пол Потыг барьж олон улсын шүүхэд тушаах үүрэг өгчээ. Харин яг тэр үеэр Тайландын Батлах Хамгаалах яамны хэвлэл мэдээллийн албанаас Пол Пот зүрхний хурц дутагдлын улмаас нас барлаа гэж мэдэгдэв. Тухайн үед Пол Потын хажууд байсан хүмүүс түүнийг нас барахад нь шатаасан хэмээжээ. Үнэн худлыг одоо болтол тогтоож чадаагүй юм. Пол Потыг үхэхээс өмнө нэг хүн түүнээс “та яагаад энэ бүх яргалалыг хийсэн юм бэ? гэж асуухад “Ямарваа хувьсгал золиос шаарддаг. Тэр бол агуу хувьсгалын золиос л байсан. Гэхдээ тэр бүх аллагыг би биечлэн зохион байгуулсан гэсэн нотолгоо олоод ир л дээ” гэж хариулсан гэдэг.