Qualcomm компанийн шаардлагаар Хятадад iPhone утасны хэд хэдэн загварыг худалдахыг хориглосон шүүхийн шийдвэрийг Аpple компани давж заалдсан тухай CNBC телевиз эх сурвалжыг дурьдан мэдээлжээ.
Өмнө нь Qualcomm компанийн гомдол гаргасны дагуу Хятадын шүүх тус улсад iPhone6S, iPhone6S Plus, iPhone7, iPhone7 Plus, iPhone8, iPhone8 Plus болон iPhone Х загварын гар утаснуудыг зарахыг тур хагацаагаар болиулсан тухай тус компанийн төлөөлөгчид мэдэгдсэн аж. Шүүх Аpple компанийг Qualcomm-ын зурагтай ажиллах технологи болон мэдрэгч самбарын тусламжтайгаар программуудыг удирдах патентыг зөрчиж байна хэмээн үзжээ.
Аррle өөрийн талаас дэлгэрэнгүй мэдэгдэлдээ iPhone ухаалаг гар утаснуудын борлуулалтад хориг тавихыг оролдож байгаа Qualcomm компанийн энэ болчимгүй үйл явдлыг “тус компанийн аргаа барсан заль мэх” хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. “Хятадын хэрэглэгчдэд iPhone-ны бүх загварууд хүртээмжтэй. Qualcomm компани өмнө нь дурьдаж байгаагүй гурван патентыг нэрлэсэн байна. Тэдгээрийн дотор хүчин чадал, үзүүлэлтээрээ хоцорсон патент ч дурдагджээ. Бид шүүх дээр хууль зүйн бүх бололцоо боломжуудаа ашиглана” гэж Аpple компани мэдэгдэлдээ бичсэн байна.
CNBC телевизийн мэдээлснээр Хятадын шүүх дээр яригдаад байгаа патентууд iPhone гар утасны сүүлийн загваруудын удирдлагын системд ямар ч холбогдолгүй гэж Apple нотолж байгаа аж. Биржийн мэдээллээр дагнадаг “The Street” цахим порталд зах зээлийн шинжээч Даниель Айвасын өгсөн ярилцлагаас үзвэл хятадын шүүхээс авах арга хэмжээ тус гар утасны борлуултад төдийлөн нөлөөлөхгүй ажээ. Учир нь тус шийдвэр борлуулалтын ердөө 10-12% хувьд хамаарах юм байна.
Хятадын шүүхийн шийдвэр гарсны дараа Нью-Йоркийн бирж дээр өнгөрсөн даваа гаригийн байдлаар Apple компанийн хувьцааны үнэ үдээс өмнө унасан харин үдээс хойш 1,56 ам.доллараар өсжээ. Qualcomm компанийн хувьцаа ч мөн ялгаагүй 1,3 ам. доллараар өссөн байна.