“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг хошин урлагийн жүжигчин Кевин Харт хөтлөхөөр болсон тухай АНУ-ын Кино академиас мэдээлсэн. Өдгөө 39 настай, 2000 оноос дэлгэцийн уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүнийг үзэгчид “Аймшгийн кино”, “Жуманжи: Ширэнгэд тавтай морил” зэрэг кинонд тоглосноор нь андахгүй.
Тэгвэл тэрбээр энэ саналаас татгалзахаас аргагүйд хүрчээ. Тодруулбал, олон нийтийн сүлжээний хэрэглэгчид түүнийг ижил хүйстнүүдийг үзэн ядах хандлага гаргасан хэмээн буруутган, “Оскар”-ын наадмыг хөтлүүлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр өмнө нь тиймэрхүү агуулгатай “жиргээнүүд”, хошигнол болон бусдыг үл хүндэтгэсэн мэдэгдэл цахим хуудсандаа нийтэлж байсан юм. “Би энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг хөтлөхөөс татгалзахаар шийдсэн. Ийм хайхрамжгүй үгс хэлж байсандаа ЛГБТ нийгэмлэгээс чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна” гэж жүжигчин эр твиттер хуудсандаа бичжээ.
Ташрамд дурдахад, 91 дэх удаагаа болох “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг 2019 оны нэгдүгээр сарын 22-нд зарлах бөгөөд ёслол ирэх хоёрдугаар сарын 24-нд болох юм. Түүнчлэн Калифорни мужид дэгдсэн ойн түймрийн улмаас АНУ-ын Кино академийнхан “Оскар”-ын хөтөлбөрийг өөрчилжээ. Тодруулбал, өнөө жилийн ёслолын үеэр нэр дэвшигч, зочид, алдартнууд улаан хивсээр алхаж, сэтгүүлчдэд ярилцлага өгөхгүй гэнэ.
А.Хангал