Монгол Улсад хөгжөөд удаагүй ч тамирчдын ур чадвар өдрөөс өдөрт ахин, чамлахааргүй амжилт гаргаж яваа спортын нэг нь мас рестлинг буюу мод таталт. Эл спортоор өдгөө цөөнгүй тамирчин дэлхийн медальтай болж амжив. Тэдний амжилтыг өнгөрсөн долоо хоногт Ховд аймгийн Дуут сумын харьяат, МУБИС-ийн оюутан Төмөрбаатарын Оюун-Эрдэнэ үргэлжлүүлсэн билээ.
Тэрбээр ОХУ-д болсон ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 65 кг-д хүрэл медаль хүртсэн юм. Т.Оюун-Эрдэнэ мод таталтын спортоор дөрөвхөн жил хичээллэж байгаа ч насанд хүрэгчдийн УАШТ-ий гурван алт, нэг мөнгөн медальтай. Багаасаа тэшүүрээр гулган, амжилтын төлөө 13 жил зүтгэсэн тэрбээр улсын болон нийслэлийн гурав, “Ulaanbaatar cup” олон улсын тэмцээний хоёр удаагийн аварга, ОУХМ цолтой.
Улсын дээд амжилтыг таван удаа шинэчилсэн Т.Оюун-Эрдэнэ бэртлийн улмаас өнгөрсөн жил тэшүүрийн спортоос “зодог тайлан”, мод таталтаар дагнан хичээллэхээр шийджээ. Түүнтэй ярилцлаа.
-Тэшүүрээр ид амжилт гарган, гялалзаж явахдаа мод таталтын спортоор хичээллэсэн тань сонирхол татаж байна. Монголд хөгжөөд удаагүй, эмэгтэй байтугай эрэгтэй хүн ч хичээллэхэд бэрх эл спорт таны сонирхлыг юугаараа татсан бэ?
-Одоогоос дөрвөн жилийн өмнө тэшүүрээр гулгахын зэрэгцээ чөлөөт бөхөөр барилддаг байлаа. Тэгэхдээ чөлөөт бөхийн “Asashoryu cup” олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэн, бас нэг тэмцээнээс медаль авсан. Тэгж байтал нэг найз маань мод таталтын УАШТ-д оролцохыг зөвлөсөн юм.
Эл спортын талаар ямар ч мэдээлэл, мэдлэггүй байсан надад өрсөлдөж үзмээр санагдаад болдоггүй ээ. Тэгээд оролцтол түрүүлчихдэг байгаа. Тухайн үед улсын аварга болох байтугай медаль хүртэнэ гэх багцаа, итгэл надад байгаагүй. Тэр жил түрүүлэхдээ таван тамирчныг ялсан.
-УАШТ-ий өмнө бэлтгэл хийсэн үү?
-Хийж амжаагүй. Дүрмийг нь судалж байгаад л өрсөлдсөн.
-Тухайн үед тэшүүрээр гулган, чөлөөт бөхөөр барилддаг байсан тань түрүүлэхэд их нөлөөлсөн байх. Улсынхаа шилдгүүдтэй хүч сориход хамгийн хэцүү нь юу байв?
-Мэдээж техник нойл, дүрмийг нь судалснаас өөр юу ч мэдэхгүй байсан надад юм юм л хэцүү байлгүй яах вэ. Техникгүй, хар бяраар өрсөлдсөний улмаас нуруу хэчнээн өвдсөн гэж санана. Тэмцээний маргааш нь орноосоо ч өндийж чадаагүй. Бие хөндүүрлэж, нуруу хөшсөн.
-Бэлтгэл хийж ч үзээгүй байхдаа улсын аварга болсон ч тэр жилээ хичээллээгүй юм билээ. Тухайн үед тэшүүрээр дагнан гулгах сонирхол байв уу?
-Тийм ээ, миний амжилт гаргах оргил үе байсан л даа. Хамаг амьдралаа тэшүүрээр л төсөөлдөг байв. Тамирчны амжилт залуу насных. Тиймээс тэшүүрээр тууштай хичээллэн, бүх анхаарлаа хандуулахыг илүүд үзсэн юм. Дараа жил нь мод таталтын УАШТ-д дээд жиндээ өрсөлдөн, мөнгөн медаль хүртсэн.
Бэлтгэл хийхгүй, хичээллэж ч үзээгүй мөртлөө улсынхаа шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөн, түрүү булаалдаад байхаар их урамшдаг юм билээ. Тэгээд л хоёуланг нь хослуулахаар шийдсэн юм. Тэшүүрээр гаргаж чадаагүй амжилтдаа мод таталтаар хүрэх боломж олдсон, бүхнийг шинээр эхлэх үүдийг нээсэн нь том олз.
Би өмнө нь нэлээд бүрэг, даруухан байсан. Эл спортоор хичээллэснээр өөртөө итгэх итгэл, бусадтай харилцах, ойлголцох чадвар маань эрс сайжирсан шүү.
-2016 онд ДАШТ-д анх оролцсон бил үү?
-Тэгсэн. Анхны олон улсын тэмцээн маань тэр. Тэр жил ДАШТ-д оролцохдоо хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд дийлдсэн. Туршлага дутсан тал бий.
Дэлхийн медальтан болоход ганцхан даваа дутсан ч ДАШТ-ий үеэр болсон нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль авсандаа их урамшиж билээ. Тэгэхэд надад боломж байгааг, улам их хичээвэл дэлхийн шилдэг болох боломжтойг мэдэрсэн юм.
-Тамирчны хамгийн том дайсан бол бэртэл, гэмтэл. Бэрлтийн улмаас 13 жил хичээллэсэн тэшүүрээ орхих амаргүй байсан нь мэдээж.
-Дахин гулгахгүй гэж бодохоор л (санаа алдав). Одоо ч харамсалтай санагддаг. Өнгөрсөн жилээс хойш гулгаагүй. Тэшүүрийн спортын анхны багш маань Одончимэг. Дараа нь Д.Энхбаяр дасгалжуулагчийн шавь болж, амжилтын төлөө өдий хүртэл хамтдаа хөдөлмөрлөсөн.
Өөрийн гэсэн тэшүүргүй байхдаа хэний ч хамаагүй олдсоныг нь өмсөн, гулгадаг байлаа. Хөлөнд томдож, жижигдэх энүүхэнд. Хорхойгоо л дарвал олдож байгаа нь их юм гээд тоохгүй. Гулгахын бөөн хүслэн. Гэтэл тэгж том, жижиг хамаагүй тэшүүр өмссөний улмаас хөлөнд яс ургасан юм билээ. Бэртэл жилээс жилд улам хүндэрсээр байв.
Тэшүүр углангуут зовиурлана. Тэгэх бүрт нь өвчин намдаах эм уун, хөлөндөө мөс тавьж байгаад л тэмцээнд оролцон, бэлтгэл хийдэг байлаа. Сүүлдээ шүд зуун тэсвэрлэхийн аргагүй өвдөх болсон. Аргагүйн эрхэнд тэшүүрээ орхилоо.
-Бэртэл нь мод таталтаар хичээллэн, өрсөлдөхөд хэр зовиурладаг вэ?
-Азаар огт зовиурладаггүй, өрсөлдөхөд нөлөөлдөггүй.
-Монголд эл спортоор хичээллэдэг хэчнээн тамирчин бий бол?
-Ер нь гарын арван хуруунд багтана. Тууштай хичээллэн, тэмцээнд тогтмол оролцдог 10-аад л тамирчин бий. Тэдний гуравхан нь эмэгтэй. Биднийг Д.Алтанхуяг, Б.Эрдэнэваанчиг багш дасгалжуулдаг. Би хоёр багшаасаа үргэлж үлгэрлэдэг.
-Энэ жил ДАШТ-д найман тамирчин өрсөлдсөн. Тэгэхээр олонх нь хүч сорьсон байх нь ээ.
-Тэгсэн. Би дэлхийн шилдгүүдтэй хоёр дахиа өрсөлдөн, хүрэл медаль хүртсэн. Тэмцээний өмнө жиндээ орохын тулд найман кг хасах гэж нэлээд юм боллоо. Багийнхныгаа их дэглэсээн.
Манайхан надад хоол, амттан үнэртүүлэхгүй гэж их хичээсэн шүү. Өрөөнд хамт байрласан эгч хүртэл хоолоо гадуур идээд л. Тэр бүхэн намайг амжилт гаргахад нөлөөлсөн. Энэ удаа өмнөхөөсөө хавьгүй туршлагатай байлаа. Миний жинд есөн тамирчин өрсөлдсөн. Уг нь түрүүлэх боломж байсан ч гуравдугаар тойрогт Унгарын тамирчинд ялагдчихлаа.
Бэлтгэл ялимгүй дутуу байсан нь амжилтад нөлөөлсөн болов уу. Үүнд миний ч буруу бий. Бид тэмцээний өмнөх бэлтгэлээ сар гаруйн хугацаанд хийсэн. Төв аймагт цугларалтад гарсан, ДАШТ-ий өмнө Якутад базаасан бэлтгэлийн үеэр их зүйл сурлаа.
-Дэлхийн медальтнуудын эгнээнд багтан, олон жил тээсэн зорилгодоо хүрэхэд юу бодогдох юм бэ?
-Төдийгөөс өдий хүртэл дэмжсэн холбооныхныхоо, хоёр багшийнхаа болон гэр бүлийнхэн, аав, ээжийнхээ итгэлийг амжилтаар хариулсандаа их баярласан. Жин их хасан, олон бэрхшээлийг даван туулаад хүртсэн болохоор бүр ч сайхан санагдаж байна. Аав, ээж хоёр намайг үргэлж дэмждэг, амжилт гаргах бүх боломжоор хангадаг.
Тэднийхээ дэмжлэгээр л энэ амжилтад хүрлээ. Надаас өмнө ДАШТ-ээс гурван монгол тамирчин медаль авсан. Тэдний нэг нь Б.Эрдэнэваанчиг дасгалжуулагч. Багш шигээ мундаг тамирчин болох хүсэл маань намайг өдөр бүр хурцалдаг. Мод таталтын ДАШТ хоёр жилд нэг болдог.
Тиймээс 2020 онд амжилтаа ахиулан, дэлхийн аварга болохыг хүсэж байна. Одоохондоо олонд танигдаагүй болохоор манай спортыг улсаас дэмждэггүй. Бид тэмцээнд оролцох, бэлтгэл хийх зардлаа хувиасаа гаргадаг. Намайг ивээн тэтгэж, цалинжуулдаг байгууллага байхгүй.
-Гэр бүлийнхнээс нь эл спортыг сонирхдог хүн бий юү?
-Аав нэлээд хорхойсдог. Цахим ертөнцөөр, зурагтаар үргэлж тэмцээн үздэг.
-МУБИС-д дасгалжуулагч мэргэжлээр сурдаг юм билээ. Ирээдүйд тэшүүр, мод таталтын алиных нь дасгалжуулагч болох вэ?
-Хоёулангийнх нь. Аль алинаар нь шилдэг тамирчин бэлтгэж, Монголд тэшүүр, мод таталтын спортыг улам хөгжүүлэхийг хүсдэг. Би сургуулиа энэ жил төгсөнө. Манай ангийнхан эл спортыг сонирхдог ч бэлтгэл хийдэггүй.
-Монголд бэлтгэл хийх зориулалтын хэрэгсэл, бэлтгэлийн танхим бий юү?
-Яг олон улсын стандартад нийцсэн нь байхгүй. Бид монголчилж хийсэн хэрэгслээр л болгодог. Би бэлтгэлээ долоо хоногийн зургаан өдөр, нэг удаадаа хоёр цагаар базаадаг. Гар амархан эвэршээд, холгочихдог. Тэгэхээр нь бэлтгэл хийхээ больчихолтой биш шүд зуун, гарандаа тос түрхээд л өрсөлддөг.
-Эл спортоор амжилт гаргахад шуу, нурууны бяд чухал уу, эсвэл...
-Мэдээж чухал. Гэхдээ хамгийн чухал нь техник. Хэчнээн бяр, тэнхээтэй байлаа гээд техникгүй бол хэзээ ч амжилтад хүрэхгүй.
-Дүрмийг нь манай уншигчдад сонирхуулна уу?
-Ганцаарчилсан төрлийн спорт л болохоос ерөнхийдөө олс таталттай төстэй. Хоёр тамирчин өөд өөдөөсөө харж суун, голдоо тавьсан мод руу жийнэ. Хоёулаа саваа модноос хоёр гараараа барина. Өрсөлдөгчөө өөрийн талд татаж оруулах юм уу, саваагаа булаавал нэг оноо авна.
Түрүүлж хоёр дийлсэн нь ялна. Модоо 90 градус далийлгаж болохгүй. Хэрвээ тэгвэл эхний удаа сануулга өгнө, дараагийнхад нь дийлдсэнд тооцдог. Хөлөн дээрээ өндийх, займчуулахыг зөвшөөрдөг. Нэг өрсөлдөөн ойролцоогоор 3-10 секунд өрнөдөг.
-Манай улсад жилд хэр олон тэмцээн болдог вэ?
-3-4 тэмцээн зохион байгуулдаг.
-Тэгэхээр дунджаар улиралд нэг тэмцээн хийдэг юм байна.
-Тийм ээ, гурван сард нэг тэмцээн болдог гэсэн үг. Ёстой хоног тоолон хүлээдэг шүү.