Найруулагч Э.Отгон-Эрдэнэд шүүгч Д.Урианхай шагналыг нь гардуулав
-Үндэсний брэндийн бодлогын зөвлөлөөс зохион байгуулж буй “Дува” богино хэмжээний кино наадмын эхний шилдгүүдийг тодрууллаа-
Тайзыг голлуулан өлгөсөн зурагт хуудаснаас камерын дуран яг өөдөөс “ширтэнэ”. Ердөө доохно талд нь “Дува” богино хэмжээний кино наадам” хэмээн дурайна. “Монголын нууц товчоо”-нд гардаг Бодончир ноёны эх Алунгоогийн авааль нөхөр Добу мэргэний ах Дува сохор гээчийн магнай дундах ганц нүдийг энэ камерын дурангаар төсөөлж дээ” гэх маягийн юм бодож суулаа. Би бас ч гэж тэгтлээ зөрүү бодоогүй аж. “Дува” богино хэмжээний кино наадмыг Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “Боролдой” студийн найруулагч С.Мягмар “Дува сохор духандаа ганц нүдтэй ч гурван нүүдлийн газрыг хардаг гэдэг дээ. Аливаад алсыг харахыг бэлгэдэн наадмаа ингэж нэрлэсэн юм. Камерын дуран ч бас харагдаж байгаа биз” хэмээн тайлбарласан юм.
Мэргэжлийн уран бүтээлчид, сонирхогчдын дунд Үндэсний брэндийн бодлогын зөвлөлөөс зохион байгуулж буй “Дува” богино хэмжээний кино наадмын эхний шатанд шалгарсан шилдгүүдэд шагнал гардуулах ёслол энэ сарын 3-нд боллоо. “Зохион байгуулж буй” хэмээсний учир нь уг наадам бүтэн жилийн турш үргэлжилж, сар бүр шилдгүүдийг шалгаруулах юм. “Нийгмийн сайн сайхны төлөө” уриан доор явуулж буй уг наадмын эхний шалгаруулалтад 15 баг мэдүүлгээ ирүүлснээс найм нь бүтээлээ өрсөлдүүлжээ. Тэдгээрээс гурвыг нь байр эзлүүлэн эрэмблэлгүй, бүгдийг нь “шилдэг” хэмээн онцлов.
Бүтээлүүдийг шүүсэн эрхмүүд нь Монголын их сэтгэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал, “Black box” театрын найруулагч М.Боролдой, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны судлаач Э.Одгэрэл. Тэд “Монгал фильм” продакшны “Амьдрах сайхан”, Э.Отгон-Эрдэнийн “Зүрхээ чагна”, Б.Анх-Эрдэнийн “Figure” бүтээлийг шалгаруулжээ.
Яруу найрагч Х.Нямхишигийн
...Аав загас барьдаг
Ээж загас шардаг
Би загас зардаг
Дүү загас зурдаг
Манайх загасчин айл
Нээрээ л би бурханыг алтан загас гэж боддог
Нэг л өдөр түүнийг аав минь барина даа гэж боддог
Манайх загасчин...
хэмээн шүлэглэсэн “Манайх загасчин айл”-аас санаа авч, бүтээсэн “Амьдрах сайхан” кинонд эгэл жирийн боловч аз жаргал бялхсан гэр бүлийн амьдралыг харуулжээ. Х.Нямхишиг найрагч Туулын гүүрэн дээр “Ах аа, загас аваарай, загас аваарай” гэх жаал хүүд зориулан “Манайх загасчин айл”-аа тэрлэсэн нь ч энгийн атлаа гайхалтай биш гэж үү. “Монгал фильм”-ийнхэн бүтээлийнхээ төгсгөлд “Аз жаргалыг алсаас бүү хай” хэмээн тэмдэглэснийг энд шигтгэе. Мөн тэд амьдрахын сайхныг өөр олон янзаар хүргэхээ амласан.
“Зүрхээ чагна” киног бүтээсэн залууст шагналыг нь гардуулсан шүүгч Д.Урианхай “Хүнтэй танилцахдаа хамгийн түрүүнд муугаа л хэлж байгаарай” гэж аавынхаа захьсаныг дурсаад, “Ах нь киноны мэргэжлийн хүн биш. Насаараа цаас цоохорлож, ном уншсан хүн. Энд шүүсэн найман киног бүтээсэн та бүгд баярлах эрхтэй. Чин сэтгэлээсээ хэлж байгаа юм шүү. Хоёр зүйл бодсоноо хэлье. “Хамгийн алсын аян анхны алхмаас эхэлдэг” гэдэг. Та бүхний “Анхны алхам”-ыг өөрийнхөө залуу үетэй харьцуулахад сэтгэлгээ нь харьцангуй хөгжжээ. Үүнд баярлаж сууна. Миний бие уран бүтээлээс хайдаг зүйл бол хамгийн нэгдүгээрт сэтгэлгээ. Ерөөсөө л дэлхийн сэтгэгчид гоо сайхныг сэтгэлгээ гэж үздэг болж. Дүрслэл, үгийн уран цэцэн гээд л хэлж болно. Хүн төрөлхтөний урлагийн түүхэнд шинэ юм юу хийсэн бэ, ямар шинэ асуулт тавьж чадаж байна вэ гэдэгт хариуж байгаа хүмүүс, уран бүтээлчийг л жинхэнэ, дээд гоо сайхан гэж үзэж байна” хэмээсэн. Харин найруулагч Э.Отгон-Эрдэнэ уг киногоо уг наадамд илгээх, эсэхдээ эргэлзэж байснаа нуусангүй. Учир нь манай нийгмийн нийтлэг дүр төрх болон бараантаж буй гэр бүл салалтын талаар хөндсөн нь бүтээлийнх нь гэгээг бүдгэрүүлчих вий хэмээн болгоомжилсон гэсэн.
Найруулагч С.Мягмарын тодорхойлсончлон сэтгэлгээний гэмээр “Figure” киноны найруулагч, зураглаач Б.Анх-Эрдэнэ бүтээлээ 27 цагийн хугацаанд цурам хийлгүй сууж, гараас гаргасан юм билээ. Тэрбээр “Бидэнд алдаа, дутагдалтай зүйл олон бий. Энэ наадамд өнжөөд оролцоно гэж бодож байгаа” хэмээн цаашид улам хичээж ажиллахаа амласан. Тэд “Figure”-ийг дөрвүүлээ бүтээсэн юм.
Үндэсний брэндийн бодлогын зөвлөлөөс “Эерэг хандлага” сэдэвт, олон нийтийг сайн сайханд уриалсан, эерэг хандлагыг уншигчдад түгээн дэлгэрүүлэхүйц нийтлэлийн уралдааныг сэтгүүлчдийн дунд зарлаж, шилдгүүдийг мөн шалгаруулсан. Мөн “Санаа зөв бол заяа зөв” сэдвийн доор цахим орчинд эерэг хандлагыг түгээх зурагт хуудасны уралдааныг график дизайнер, зураач, гэрэл зураг сонирхогчдын зарлан, дүгнээд буй. Энэ бүхний зорилго нь бараан зүйлс жин дарах гээд буй манай нийгмийг сайн сайханд уриалж, ёс зүйтэй, бие биенээ хайрлан хүндэтгэх сэтгэлгээтэй, аливаад чин сэтгэлээсээ ханддаг бүхнийг сурталчилж, түгээн дэлгэрүүлэхэд оршиж буй.
Шагнал гардуулах үеэр зарим шүүгчтэй цөөн хором ярилцсан юм.
ЗОЛЖАРГАЛ: ТЭД БАРИАНД ИРЭХДЭЭ СОЁОЛОН БОЛТЛОО ЭР БЯР ТЭГШИРНЭ
“Figure” киноны найруулагч, зураглаач Б.Анх-Эрдэнэ шүүгч Г.Золжаргалын хамт
-“Дува” наадмын онцлогийг та юу гэж хэлэх вэ?
-Манайд зохиогддог олон кино наадам бий. Энэ удаагийнх залуу авьяастнуудыг тодруулах зорилготой. Сэдэв нь ч нийгмийн сайн сайханд түүчээлэх явдал. Сайн хүн, сайн үйлийн тухай үзэгч, залуучуудад эерэг үлгэр дуурайл үзүүлэх зорилготой. Хамгийн гол нь залуу уран бүтээлчдийг өөртөө итгэлтэйгээр өндийж босох, зорьсон уран бүтээлийнхээ төлөө тууштай явахад нь уг наадам тусална гэж найдаж байна. “Үхрийн махыг үнхэлцгэнд нь багтаана” гэдэг шиг богино мөртлөө час хийсэн бүтээлүүд туурвина гэдэг ч итгэлтэй байна. Шилдгүүдийг бүтэн жилийн турш сар бүр шалгаруулснаар залуу уран бүтээлчдэд маш том урам, зориг өгнө. Богино хэмжээний кино бол авьяасын шалгуур юм. Гарааны зурхайнаас даага гарлаа. Эдгээр залуус барианд ирэхдээ соёолон болтлоо эр бяр тэгширнэ.
-Манайд студи, продакшн улам бүр олон болж байна. Хэр чанаржиж байгаа бол?
-Зураг авч, дүрс эвлүүлээд дэлгэцэнд гаргах хэмжээнд бүгдээрээ л сайн хийж байна. Гэхдээ продакшнууд бараг амь зогоох үүднээс бэлтэй компаниудын сурталчилгаа хийн амьдарч байна шүү дээ. Түүнийгээ хэнээс ч дутхааргүй хийж байгаа. Мэргэжлийг нь эзэмшсэн залуучууд зүгээр нэг сурталчилгаа хийгээд суух биш, нийгэмд хэрэгтэй томхон бүтээлүүдийн эрэлд гарах цаг болсон. Энэ наадмын зорилго ч үүнтэй нийцэж байгаа.
-Энэ наадмын сэдвийн ач холбогдлын тухайд юу хэлэх вэ?
-Уран бүтээлийн чин зорилго бол хүнийг нийгмийн сайн сайхан, хөгжил дэвшил рүү үргэлж чиглүүлж, уриалан дуудах явдал. Хүнд ийм, тийм бай гэж заах хэрэггүй. Гагцхүү тэнд тийм зөв чиг байгаа шүү, тэр замаар явбал аз жаргалд хүрэх ёстой юм даа гээд л хэлчих хэрэгтэй. Одоо нийгэм дандаа л хар бараанаар будагдаад байх шиг. Бид сайнаас түрүүлж мууг нь боддог болсон байна.
С.МЯГМАР: ЗАЛУУЧУУД ӨМ ЦӨМ ГИШГЭН ОРЖ ИРЖ БАЙНА
Найруулагч С.Мягмар
-Энэ наадамд оролцсон бүтээлүүдийг мэргэжлийн талаас нь үнэлбэл?
-Бүтээлүүдийг хараад маш их баярласан, гайхалтай. Өөрсдийгөө мэргэжлийн гээд байдаг бидний нүүр улайхаар хэмжээнд хийсэн бүтээл ч байна. Манай залуучууд бүтээлүүдээ үргэлжлүүлэн хийгээд эхэлбэл маш сайжирна. Эерэг санаа, сайн сайханд хүмүүсийг уриалан дуудах нь энэ уралдааны хамгийн гол зорилго. Энэ чигээрээ сар болгон гурав гурваар нь шилдгийг шалгаруулаад байвал Каннын богино хэмжээний кино наадам ч ойрхойн байна. Богино хэмжээний сайн кино бол бүрэн хэмжээний киноны эхлэл шүү дээ. Монголын киноны ертөнцөд сайхан залуучууд өм цөм гишгэн орж ирж байна.
Г.ЖИГЖИДСҮРЭН: МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙГ АВЧ ЯВАХ ЗАЛУУЧУУДЫН НҮҮР ЦАРАЙГ ТОДОРХОЙЛОХ ҮЗЛЭГ ЭНДЭЭС ЭХЭЛЛЭЭ
“Монгал фильм” продакшныхан Г.Жигжидсүрэн шүүгчээс шагналаа авч байна
-Богино хэмжээний киноны талаар та ойлголт өгөхгүй юү. Манай уран бүтээлчдийн чанар ямар түвшинд хүрсэн байна вэ?
-Би кино судлаач, эрдэмтэн биш учраас шууд хэлэхэд хэцүү юм. Юутай ч энэ наадмыг ихэд олзуурхаж буйгаа хэлье. 21 дүгээр зууны Монголын кино урлагийг авч явах залуучуудын нүүр царайг тодорхойлох үзлэг эндээс эхэллээ гэж бодож байна. Наадамд сойсон бүтээлүүдийг харахад зохиол, найруулагч, зураг авалт, жүжигчний гээд олон талаас нь шинээр эрэлхийлсэн нь харагдаж байна. Уран бүтээлчид нэг нь нөгөөгөө олж, хамтарч ажиллах боломжийг энэ наадам олгож байна. Дэлхийн киноны том зүтгэлтнүүдийн намтрыг харахад богино хэмжээний киноноос эхэлж, дамжиж хөлөө олж, арга барилаа төлөвшүүлсэн байдаг юм билээ. Уг наадмын нэг онцлог нь “Нийгмийн сайн сайхны төлөө” уриан доор явуулж буй явдал. Сүүлийн үеийн манай кинонууд нийгмийн бухимдал, хар талыг тусгах нь илүүтэй болсон байна шүү дээ.
-Дараа сарын уралдаанд бүтээлээ ирүүлэх хүмүүст юу гэж хэлэх вэ?
-Сайхан санаатай зохиол байг. Гайгүй найруулж, зургийг нь авчихсан, хөөрхөн тоглочихсон кино ч байж болно. Гагцхүү энэ бүхэн нэгдэж, уран бүтээлийнхээ эрэл хайгуулыг нэгтгэснээр жинхэнэ уран бүтээлчид төрнө. Ер нь дутагдалгүй бүтээл гэж үгүй л дээ. Ийм хөөрхөн зохиолоор ингээд хийчихсэн бол илүү болох байж дээ, найруулга нь сайн атлаа ийм нэг зүйл оруулчихсан бол гэж бодох тохиолдол гаралгүй яах вэ. Үүнийг нь би уран бүтээлчдэд тус тусад нь хэлнэ гэж бодож байгаа. Олон сар үргэлжлэх учраас яах аргагүй сайн бүтээлчид гарна.