ХХААХҮЯ, Монголын бүтээмжийн төвөөс “Органик хүнс, хөдөө аж ахуй” үндэсний III чуулганыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн болон, Азийн бүтээмжийн байгууллага, “Адра Монгол”, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран саяхан Улаанбаатар хотод зохион байгуулсан.
Чуулганы хүрээнд органик үйлдвэрлэгч болохоор сонирхож буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд гурван өдрийн сургалт хийж, гарын доорх материалаа ашиглан гэрийн нөхцөлд яаж эко бордоо хийх аргыг зааж өгсөн Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх, хатагтай Камал Мелванитай ярилцсанаа хүргэе.
-Органик хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр манай монголчуудад хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгч, сургалт хийж байгаа танд талархлаа илэрхийлье. Та урьд нь ямар улс орнуудад ажиллаж байв?
-Юуны өмнө намайг энэ чухал арга хэмжээнд урьж оролцуулсанд талархаж буйгаа салбарын яамныханд хэлье. Би урьд нь Шри-Ланка, Бангладеш, Австралид органик хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллаж байсан. Энэ удаа Монголыг хариуцаж ажиллахаар болсондоо баяртай байгаа.
Миний хувьд нэг улсаас нөгөө рүү шилжиж, олон орон дамжиж ажиллахаас илүүтэй нэг газартаа тогтвортой байж, ажлынхаа үр дүнг үзэхийг хүсдэг. Органик хүнс, хөдөө аж ахуйн салбарт 20 жил ажиллаж байгаа учраас үүний цаана ямар саад бэрхшээл, сорилт, ололт амжилт байдгийг би гадарлана. Тиймээс нэг эхлүүлсэн ажлаа эцсийг нь хүртэл хийж, үр дүн гаргахыг хичээдэг.
-Улс орон болгон өөрийн гэсэн онцлогтой. Монголын нөхцөлд органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд ямар арга барил тохирох вэ гэдэг загвар эхлээд бий болгох нь чухал байх. Загвар аж ахуйг хөлөө олтол та манайд ирж, тусалж дэмжих үү?
-Төв байгууллагаас хэрэв надад итгэл хүлээлгээд Монгол дахь ажлын маань дүнг гартал удаан хугацаанд ажиллах боломж олговол дуртайяа хүлээн авна. Намайг мэдлэг, туршлага, чадвараа сорих боломж олгож буй хэрэг гэж ойлгоно.
Учир нь, Монгол шиг хатуу ширүүн уур амьсгалтай, хүн ам нь тал талд тарж суурьшсан оронд органик үйлдвэрлэл хөгжүүлэхэд олон бэрхшээл тулгарах нь ойлгомжтой.
Гэхдээ саяны гурван өдрийн сургалтаас харахад Монголын хөдөө аж ахуй эрхлэгч, хоршоологчид органик үйлдвэрлэгч болохыг чин сэтгэлээсээ хүсэж, маш шаргуу зүтгэж байгаа юм билээ. Энэ бол том давуу тал. Тиймээс энэ ажил амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Үнэнийг хэлэхэд, анх Монголд ажиллах санал аваад судалж үзэхэд “Яана аа, ийм газарт органик үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой гэж үү” гээд гайхах, эргэлзэх зэрэгцсэн. Гэхдээ цааш нь илүү сайн судлаад үзтэл боломжийн санагдсан.
Тэгээд энд ирээд монголчуудын идэвх зүтгэлийг харахад их урам зориг төрлөө. Миний ажлын арга барил бол аль нэг улсын бэлэн туршлагыг шууд авчирч хэрэгжүүлэх бус, тухайн газар нутгийн өөрийнх нь онцлогт тохирсон шинэ загвар бий болгохыг зорьдог.
Тийм загвараа гаргачихвал аяндаа тэнд мэдлэг бий болдог. Загвараа гаргахын тулд үүнийг хийх чин хүсэл эрмэлзэлтэй ганц хоёрхон ч хүнтэй хамаагүй хамтарч ажиллахаас шантрахгүй. Тэр хүмүүс цаашаа мэдлэгээ түгээгээд явчих учраас.
-Гарын доор бэлэн байгаа материалаа ашиглаад яаж органик бордоо хийх вэ гэдэг сургалт та явууллаа. Таныхаар Монголд органик бордоо үйлдвэрлэх боломж нөөц манайд хэр их байна вэ?
-Бүрэн боломжтой. Жишээ нь, үхрийн баас, шээс, хаягдал хоол хүнс, үр тарианы үлдэгдэл, сүрлийг ашиглаад органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хамгийн чухал орцын түүхий эд болох компостон бордоог хэрхэн хийх арга, туршлагаас хүмүүст зааж сургалаа.
Энэ бол Монголын хөдөөд хаа сайгүй олдох бэлэн түүхий эд. Хөрсний үржил шимийг сайжруулж, ургамлын өсөлтийг дэмжихийн зэрэгцээ хортон шавж устгах онцгой найрлага үхрийн шээсэнд байдаг учраас компостон бордоо болон жийваа муртан, био фунгицид хийхэд өргөнөөр ашигладаг.
Эдгээрээс гадна үхэр, ямаа, тахианы ялгадас, өндөгний хальс, жимсний хаягдал, буурцагтан ургамлын навчаар шингэн бордоо хийх аргыг үйлдвэрлэгчдэд зааж өглөө. Органик хүнс, хөдөө аж ахуйд хамгийн өргөн хэрэглэдэг био пестицид хийхэд саримс, цагаан гаа, ногоон чинжүү, савангийн уусмал л ордог.
Хаа сайгүй байдаг гарын доорх материалаа ашиглаад өрхийн аж ахуй эрхлэгч, хоршоологчдын түвшинд эдгээр органик бордоог хийхэд үнэтэй тоног төхөөрөмж ч шаардлагагүй.
Органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд баримталдаг гол зарчим нь үйлдвэрлэгч хөрсөө бордох материалаа өөрийн талбайгаас олох, үгүй ядхад тухайн нутаг голоосоо авах боломжтой түүхий эд байх ёстой юм. Тэгж байж энэхүү үйлдвэрлэл удаан хугацаанд, тогтвортой оршин тогтнох боломж нь бүрддэг. Өөрөөр хэлбэл, органик үйлдвэрлэл нь цоожлогдсон гинжин холбоосон дотор явагддаг гэсэн үг.
Энд нэг компостон бордоо, тэнд бас нэг пестицид, фунгицид хэрэгтэй боллоо гээд тал талаас хайж түүгээд байх тусмаа органик бүтээг дэхүүний өртөг өндөр тусдаг. Тиймээс үйлдвэрлэгчид өөрсдөө, эсвэл ойр хавиасаа бүх хэрэгцээт зүйлсээ хангадаг гинжин холбоогоор нь үүнийг хийх ёстой юм.
-Үхрийн шээсийг органик бордоонд ашиглаж болно гэдгийг манайхан тэр бүр мэдэхгүй явсан байх. Энэ тухайгаа та илүү дэлгэрүүлээч?
-Үхрийн шээсэнд агуулагддаг хүчил нь олон төрлийн ач тустай тул Энэтхэгт үүнийг органик бордоонд өргөн ашигладаг. Монголд ч гэсэн үхрийн шээс бол хамгийн элбэг олдох түүхий эдийн нэг байх. Жишээ нь, нэг литр үхрийн шээс, есөн литр усаар шингэн уусмал хийгээд био фунгицид гаргаж авч болно.
Мөн хагас литр үхрийн шээс, хагас литр таргийг есөн литр устай холиод бас нэг төрлийн био фунгицид хийх арга ч бий. Аль болох амар хялбар технологиор органик бордоо хийх аргыг би фермерүүдэд санал болгох дуртай. Энэ мэт гурван төрлийн органик бордоо үйлдвэрлэх болон хортон шавжтай тэмцэх хоёр аргыг сургалтаар заасан.
-Энгийн хэрнээ сонирхолтой арга юм. Органик хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог нэвтрүүлэхээр салбарын яамнаас багагүй хугацаанд анхаарч ажилласны үр дүнд хууль, эрх зүйн орчин нь бүрдсэн.
Гэхдээ одоо үүнийг өрхийн үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдэд яаж хүргэж, бодитоор хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал тулгамдаад байна. Бүхий л шатанд хэрэгжиж, нэвтэртлээ хэдий хэр хугацаа шаардах бол?
-Органик үйлдвэрлэлийн хөгжлийг хоёр түвшинд авч үздэг. Нэг нь өрхийн үйлдвэрлэгчид болон хоршоологчид. Нөгөө нь агро бизнес эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжүүд. Том компаниуд органик үйлдвэрлэл рүү шилжихэд шаардлагатай усалгааны систем, механикжуулалт, хөрсний бордоо, хүлэмжийн асуудлаа өндөр үнэтэй техник технологиор шийдчихдэг.
Одоо бидний яриад байгаа уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс органик хөдөө аж ахуй руу шилжих үйл явц нь өрхийн болон хоршоологчдод илүү хамаатай. Тиймээс анхан шатны эдгээр үйлдвэрлэгчдийг органик бордоогоо өөрсдөө яаж хийж сурах вэ, хэрхэн үйлдвэрлэлээ явуулах вэ, хяналт, баталгаажуулалтаа хэн нь хийх вэ гэх мэт зүйлд сургаж дадлагажуулах нь маш чухал.
Органик үйлдвэрлэлийн тухай гурав хоног яриад, эсвэл гурван сар л органик бордоогоор ногоо тарихад анхаараад зогсох бус, урт удаан хугацаанд тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь бүх талын тусламж дэмжлэг хэрэгтэй.
Органик үйлдвэрлэл хөгжих хугацааг наашлуулах гол арга нь өрхийн үйлдвэрлэгч, хоршоод хамтарч, бүлгээрээ ажиллах явдал байдаг. Ингэснээр үйлдвэрлэгчид нэг нэгнээсээ суралцаад маш хурдан өсөж дэвшихийн зэрэгцээ органик гэдгийг нь баталгаажуулахад ч хялбар болно. Хэсэг бүлгээрээ хамтарч ажилладаг энэ соёл монголчуудын өөрсдийнх нь амьдралын хэв маяг, уламжлалт соёлд байдаг учраас хэрэгжүүлэхэд тийм ч хэцүү гэж бодохгүй байна.
-Манай хөдөө аж ажуй эрхлэгчид харьцангуй органик үйлдвэрлэл явуулдаг гэх боловч түүнийг нь баталгаажуулах тогтолцоо байхгүйн улмаас асуудал үүсдэг. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд аль ч улсад баталгаажуулалтын асуудал зайлшгүй тулгардаг бэрхшээлтэй зүйл л дээ. Ялангуяа Монгол шиг өргөн уудам газар нутагтай, тархан суурьшсан нөхцөлд анхан шатны үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ яаж органик гэдгийг баталгаажуулах вэ гэдэг нь ярвигтай.
Харин одоо нэвтрүүлэх гээд байгаа оролцоонд суурилсан хамтын баталгаажуулалтын арга үр дүнгээ өгнө. Нэг сум, багийн үйлдвэрлэгчид, хоршоологчид нэгдээд, дундаа хамтын баталгаажуулалтын байгууллагатай болж, Органик хүнсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд түүнийгээ бүртгүүлээд, дотоод үйл ажиллагаандаа өөрсдөө хяналт тавих боломжтой.
-Хууль, журмууд нь гарчихсан. Анхан шатны үйлдвэрлэгчдийг сургах ажил ямартай ч эхэлчихлээ. Органик үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд одоо өөр юу анхаарах вэ?
-Засгийн газар ийм тийм ажил хийх ёстой гэж бид их ярьдаг. Хамгийн гол нь органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Засгийн газар, яам гэдэг эзэн биегүй хийсвэр байгууллага биш, бодит хүмүүс, жишээлбэл, яамны Тунгалаг шиг чадварлаг мэргэжилтнүүд чухал үүрэгтэй.
Органик үйлдвэрлэл яагаад чухал вэ, бидний ирээдүй хойчид ямар ач тустай вэ гэдгийг уг үндсээр нь ойлгосон мэргэжилтнүүд энэ хөдөлгөөнийг авч явдаг юм. Тиймээс Монголд үүнийг илүү хурдан хөгжүүлье гэвэл боловсон хүчнээ бэлтгэхэд анхаарах ёстой.
Эрчим хүчний цэвэр үйлдвэрлэлийн талаар өнөөдөр дэлхий дахин их ярьж байна. Бид ч бас Монголын бүтээмжийн төвийнхөнтэй энэ асуудлыг ярьдаг. Монгол хөдөө аж ахуйн орон учраас хаа сайгүй өч төчнөөнөөрөө байгаа түүхий эдийг ашиглаад, өрхийн болон хоршоодын түвшинд байгалийн хийнээс хэрэгцээт эрчим хүчээ гарган авах ажлыг ч дараагийн түвшинд хийх учиртай.
-Органикийн тогтолцоо нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмждэг хэрэглэгчдэд илүү сонголт өгч байгаа хэрэг гэдэг. Тэгвэл хэрэглэгчдийг яаж үүнд татан оролцуулах вэ. Лангуун дээр энгийн бүтээгдэхүүнүүдтэй зэрэгцээд “органик” гэсэн шошготой бараа байхад хэрэглэгч түүнийг сонгох шалтгаан нь юу болохыг хэлж өгнө үү?
-Органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд хэрэглэгчдийн оролцоо мэдээж чухал. Гэхдээ тэднийг хүчилж болдоггүй. Хэрэглэгчдийн мэдлэг мэдээллийг ахиулахад бүх тал хамтарч ажиллах нь зүйтэй. Органик хүнсний ач холбогдол нь зөвхөн тухайн хэрэглэгчийн эрүүл мэнд, эдийн засгийн хэмнэлтээр хязгаарлагдахгүй.
Энэ бол хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой асуудал. Хүнсний аюулгүй байдал, байгальд ээлтэй үйлдвэрлэл гэдэг хоёр асуудлыг хамтад нь авч үзэхээс өөр аргагүй болсон. Тиймээс үүнийг хэрэглэгчдэд, олон нийтэд ойлгуулахын тулд эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны яамд гэх мэт бүх талын оролцоо маш чухал.
Наад зах нь, өдгөө дэлхий дахинд ундны цэвэр усны хомсдол бүх нийтийг түгшээсэн асуудал болоод байна. Одооноос л үүнийг анхаарахгүй бол Энэтхэг, Шри-Ланка зэрэг улсын ард иргэдийн олонхыг нөмрөөд буй бөөр, дотор эрхтний өвчлөл Монголд ч нүүрлэхгүй гэх газаргүй.
-Монголчууд бид өөрсдийгөө байгалийн цэвэр, органик хүнс хэрэглэдэг гэж ярьж, ойлгох нь элбэг. Органик хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоо бүрэн утгаараа хэрэгжиж эхэлснээр ард иргэдийн амьдралд, улс орны эдийн засагт ямар ач тус өгдөг юм бэ?
-Сайхан асуулт байна. Баталгаажсан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нь та бүхний хэрэглэж буй хоол хүнс аюулгүй болно гэсэн үг. Хүнс аюулгүй болохын хэрээр хүн ард өвдөх нь багасна. Энэ хэрээр хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж сайжирч, илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Үүнийг дагаад тухайн улс орны үйлдвэрлэх баялгийн хэмжээ нэмэгдэнэ. Эсрэгээрээ хүмүүс эрүүл хүнс хэрэглэж чадахгүй байх тусам өвчлөл нэмэгдэж, тэр хэрээр айл өрхийн орлого ч багасаж, төр, засаг нь эрүүл мэндийн салбартаа ихээхэн хөрөнгө, мөнгө төсөвлөх шаардлага тулгардаг.
Органик хүнсний үйлдвэрлэл ямархуу түвшинд байгаа нь тухайн улс орны хүн ардын эрүүл мэндийн үзүүлэлтийг шууд илэрхийлдэг гэж хэлж болно.