Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхантай гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хэрхэн ажиллаж буй, хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв, мөн гомдол барагдуулах механизм нэвтрүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа.
-Үндэсний хөгжлийн газрыг (ҮХГ) 2016 оны наймдугаар сард байгуулсан. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хэрхэн ажиллав?
-2015 оны хоёрдугаар сард НҮБ Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсан. 2016 оны хоёрдугаар сард “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг баталсан. Энэ нь 2030 он хүртэлх хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг бөгөөд томоохон зорилтуудыг тусгасан байдаг.
Эхний үе шатыг нь 2020, хоёрдугаар үе шатыг нь 2025, гуравдугаар үе шатыг нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг юм. Мөн 2015 оны арваннэгдүгээр сард Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсан.
Энэ бүгдийг Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн ажиллах, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон дээрх хуулийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах байгууллага шаардлагатай болсон.
Улмаар Засгийн газар Үндэсний хөгжлийн газрыг 2016 оны наймдугаар сард байгуулсан. Зах зээлийн системд шилжсэнээс хойш хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан байгууллага тогтворгүй байсан гэхэд болно. Нэг хэсэг Сангийн яам, Аж үйлдвэрийн яам хариуцах жишээтэй.
ҮХГ нь Ерөнхий сайдын харьяанд, 13 яам, 21 аймаг, нийслэлийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар, хэлтэстэй шууд холбоотой ажилладаг бүтэц, зохион байгуулалттай.
Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг тодорхойлж, ажилладаг. Улсын хөрөнгө оруулалт, санхүүжилт нь нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалт, хоёрдугаарт, гадаадын зээл тусламжаас бүрддэг. Эдгээрийг Сангийн яам хариуцаж байгаа.
Гуравдугаарт, гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалт буюу хувийн хэвшлийн, дөрөвдүгээрт, төр, хувийн хэвшлийн түншлэл буюу концессын гэрээгээр хөрөнгө оруулалтыг шийддэг. ҮХГ-т гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, концессыг зохион байгуулах асуудал хамааралтай тул Концессын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлж ажилладаг.
Манай байгууллага гадаадын шууд хөрөнгө оруулалтыг (ГШХО) дэмжиж ажиллах чиг үүрэгтэй учраас Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, юунд анхаарах шаардлагатай талаарх судалгаа, шинжилгээг гадаадын донор байгууллагуудтай хамтран хийж, товхимол гаргаж байна.
Жишээ нь, ЖАЙКА (Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага) саяхан гаргасан, Монгол Улсын бизнесийн орчны суурь судалгааны эцсийн тайланг энд дурдаж болно. Энэ нь манай улсад бизнес эрхлэх орчин, нөхцөл ямар байгаа талаарх суурь судалгаа юм.
Мөн Дэлхийн банк группийн харьяа Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран “Хөрөнгө оруулалтын шинэчлэлийн зураглал” тайлан гаргасан. 21 аймаг, нийслэл, 13 яамыг мэдээллээр хангах үүднээс судалгааны тайлангуудыг хүргэж, тэдгээрийн хийж буй ажлыг нэгтгэх, бодлогын уялдаа холбоо бий болгох нь манай үндсэн чиг үүрэг.
-Гурван тулгуурт хөгжлийн бодлоготой “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” уялдаж байгаа юу?
-“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын эхний үе шат 2020 онд дуусахыг дээр дурдсан. 2020 онд хүрэх зорилтуудаа нэгтгээд Гурван тулгуурт хөгжлийн бодлого гаргасан бөгөөд төрийн албаны, нийгмийн, эдийн засгийн шинэчлэл хийхээр тусгасан.
Нийт 27 зорилтын хүрээнд тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Төрийн албаны тухай шинэчлэн найруулсан хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Нийгмийн шинэчлэлийн хүрээнд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран боловсруулж байгаа.
Эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарыг түлхүү дэмжих, аялал жуулчлал, агаарын тээврийг либералчлахад анхаарна.
-“Хөрөнгө оруулалтын шинэчлэлийн зураглал” судалгааны тайлангийн тухай дэлгэрүүлнэ үү.
-ГШХО татах, Монголд хөрөнгө оруулах хууль, орчин, нөхцөл хэр таатайг тогтоох шаардлагатай болсон тул ОУСК-тай хамтран ажиллаж “Хөрөнгө оруулалтын шинэчлэлийн зураглал” гаргасан. Үүнд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, нөхцөлд юу дутагдалтай байна, дэлхийн улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд явж байгаа зэргийг багтаасан.
Энэхүү шинэчлэлийн зураглалыг англи, монгол хэлээр хэвлүүлж, холбогдох яам, байгууллага, хувийн хэвшлийнхэнд танилцуулж байгаа. Судалгааны тайланд Хөрөнгө оруулалтын тухай хууль, эрх зүйн орчинд хийх шинэчлэл болон төрийн байгууллагуудаас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөмж (ГШХО-ыг нэмэгдүүлэх үүднээс шинэ алсын хараа, стратеги тодорхойлох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хамгаалалтыг бэхжүүлэх зэргийг тусгасан) гаргасан.
Зөвлөмжийн дагуу “Хөрөнгө оруулалтын бодлогын мэдэгдэл” бодлогын баримт бичиг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр Монгол Улс богино, дунд, урт хугацаанд хөрөнгө оруулалтын орчинд ямар өөрчлөлт хийх, үйл ажиллагааны төлөвлөгөө, ГШХО-ыг аль салбарт ямар хэлбэрээр татахаа нээлттэй зарлах юм.
Энэ ташрамд хэлэхэд, ГШХО-ыг нэмэгдүүлэхэд Засгийн газар нэлээд анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан. Уг зөвлөл нь гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой аливаа санал, гомдлыг хүлээж аваад, шаардлагатай тохиолдолд зөвлөлөөр хэлэлцэн, асуудлыг нь шийдэж байна.
Хөрөнгө оруулагчийн гомдлыг аль нэг яаманд хүргүүлэхэд шийдэж өгөхгүй уддаг, дарагдаж алга болсоор гэнэт том асуудал болж хувираад Арбитрын шүүхэд дуудагдаж, зардал гардаг байсныг болиулж буй хэрэг. Тус зөвлөлийн дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулсан. Уг зөвлөлдөх хороонд төр, хувийн хэвшил тэнцүү оролцоотой байдаг бөгөөд даргаар нь би ажиллаж байна.
Хувийн хэвшлийнхэнд үүсэж буй бэрхшээлийг зөв тодорхойлоод, гарцыг нь олж, зөвлөлдөх хороогоор хэлэлцээд, шаардлагатай тохиолдолд зөвлөмж гаргаад Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд хүргүүлдэг. Зөвлөл зөвлөмжийг хүлээж аваад тодорхой арга хэмжээ авдаг.
Ер нь Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулснаас хойш нийт 120 гаруй гомдол хүлээн авч, 50 орчмыг нь ажлын алба шийдээд байгаа юм билээ. Зөвлөлдөх хорооны болон хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах механизмыг уялдаатай хөгжүүлэхийн тулд дээрх зөвлөлийн ажлын албыг ҮХГ-т өнгөрсөн арваннэгдүгээр сараас шилжүүлээд байна.
-Хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах цахим механизмын талаар тодруулахгүй юу?
-ОУСК-тай хамтраад дээр дурдсан судалгаанд үндэслэн Хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах механизм гэх систем үүсгэх гэж байгаа. Үүнийг бий болгосноор хөрөнгө оруулагчдын гомдлыг онлайнаар (заавал биеэр, бичгээр өгөх шаардлагагүй болно) хүлээн авч, холбогдох яам, газарт хуваарилах юм.
Улмаар хариуг нь тэр дор нь өгөх онлайн систем бөгөөд 2019 оны зургадугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.
-Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв нээнэ гэсэн, тийм үү?
-Аливаа хөрөнгө оруулалтын чуулганы үеэр нэг цэгийн үйлчилгээний төв нээх саналыг хөрөнгө оруулагчид удаа дараа тавьсан. Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллуулж эхэлнэ.
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэх мэт хөрөнгө оруулагчдын очдог газрууд нэг цэгт төвлөрөх юм. Уг төв нь ҮХГ-ын дэргэд ажиллах ба Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг байрладаг барилгын хоёрдугаар давхарт орно.
-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг хэр сонирхож байгаа бол. Тэд улс төрийн тогтворгүй байдалд хэр их санаа зовж байна вэ?
-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг их сонирхдог. Улс төрийн тогтворгүй байдал бол гадаадын хөрөнгө оруулалтыг татахад учирч буй том бэрхшээл мөн. Гэхдээ зах зээлийн зарчмаараа хөрөнгө оруулалт, бизнес улс төртэй, төргүй явах болов уу. Хөрөнгө оруулагчид ямар төсөл, хөтөлбөрүүд байна гэсэн асуултыг байнга тавьдаг.
Тэд эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, хүнд болон хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг сонирхож байгаа. Засгийн газрын гаргах гэж буй, дээр дурдсан “Хөрөнгө оруулалтын бодлогын мэдэгдэл” хөрөнгө оруулагчдад ихээхэн ач холбогдолтой.
Манай улсын хувьд газрын дээр, доор асар их баялагтай. 80 орчим сая мал, маш их хэмжээний газар тариалангийн бүстэй. Энэ бүгдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хэрэгтэйд нь хөрөнгө оруулалт татахад анхаарна. Гагцхүү анхаарах зүйлийн нэг нь төслийнхөө ТЭЗҮ-ийг маш сайн боловсруулах ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад боловсон хүчин, дэд бүтэц дутагдалтай байна гэж шүүмжилдэг.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д хүнд үйлдвэрийгхөгжүүлнэ гэж тусгасан. 2030 онд хүнд үйлдвэрүүдтэй болно гэж үзвэл тэнд 30 орчим настай хүмүүс ажиллана гэхэд тэд одоо дунд сургуульд сурч байгаа. Урт хугацаандаа аж үйлдвэрийн орон болно гэж буй бол хүний нөөцийн бодлогодоо одооноос маш сайн анхаарах хэрэгтэй.
Уг нь дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дагаад олон зүйлийг шийдэх боломжтой. Ирэх жил Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахад агаарын тээврийн ложистик, аялал жуулчлал дагаад хөгжих жишээтэй.
-Үндэсний хөгжлийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сард КОТРА (БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлаг)-тай санамж бичиг байгуулсан. Хамтын ажиллагааны үр дүнг хэрхэн харж байна вэ?
-КОТРА нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих дэлхийн шилдэг байгууллага. БНСУ-д 1998 онд хямрал нүүрлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч, КОТРА-г байгуулж байж. Монгол Улсын хувьд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа энэ цаг үед төсвийн хөрөнгө оруулалт нэг хэсэгтээ танагдаж буй учраас төслүүдийг гадаадын хөрөнгө оруулалт, концессоор хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх ажлыг зөв зохион байгуулах ёстой.
КОТРА амжилттай ажиллаж, компаниуд нь гадаадын хөрөнгө оруулалтыг зөв ашиглаж хөл дээрээ босож чадсан түүхтэй. Өдгөө Өмнөд Солонгосын томоохон компаниуд эргээд гадагшаа хөрөнгө оруулахад нь тусалдаг байгууллага болсон. Энэ тал дээр бид нягт хамтарч ажиллана. Мөн бид КОТРА-гийн амжилтад хүрсэн туршлагаас судална.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тэдний механизм сонгодог түвшинд хүрсэн байх жишээтэй. Омбудсмен нь гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг ямарваа нэг улс төрийн шалтгаан, нам гэж харгалзахгүйгээр шийддэг, гомдлыг нь барагдуулдаг бөгөөд түүнийг Ерөнхийлөгч нь шууд томилдог.
-Монгол Улсыг сурталчилж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөхөөр хэд хэдэн чуулган зохион байгуулсан байх аа?
-Хөрөнгө оруулалт татах, улс орноо сурталчлах зорилгоор энэ жил “Invest Mongolia” чуулганыг Хонконг, Лондон, Франкфуртэд зохион байгууллаа. Саяхан ЖАЙКА, “Frontier securities” компанитай хамтран Токиод хийсэн.
Хонконгод болсон чуулганыг мөн тус компанитай, Лондонд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай, Франкфуртэд “Deutsche bank”-тай хамтран зохион байгуулсан.
Аливаа хөрөнгө оруулалтын чуулганд Монгол Улс хөгжлийн бодлого төлөвлөлт, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, нэгдсэн бодлоготойгоо танилцуулж, хууль, эрх зүйн орчин, нөхцөлөө сурталчилж байгаа. Ирэх жил Нью-Йорк, Торонто, Сингапур, магадгүй Шанхайд зохион байгуулна.
Цаашид хөрөнгө оруулалтын чуулганд Хөгжлийн банк, түүний охин компани болох хөрөнгө оруулалтын сангийн менежментийн “DBM asset management”, “Эрдэнэс Монгол”-той нягт хамтран ажиллаж, ТЭЗҮ нь бэлэн болсон төслүүдийг танилцуулж, хөрөнгө оруулалт татахаар ажиллана.
“Эрдэнэс Монгол” компанийн төслийн нэгжүүдэд хөрөнгө оруулалт татах чиглэлээр дэмжиж, хамтран ажиллах юм.
-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн цахим мэдээллийн сан бий болгоно гэсэн. Хэзээ бэлэн болох вэ?
-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн цахим мэдээллийн сангаас салбар яамд, нийслэл, 21 аймгийн хөрөнгө оруулалтын газар, хэлтсийн мэргэжилтнүүд төдийгүй иргэд, гадаадын улс орнуудад амьдарч буй монголчууд мэдээлэл авах ач холбогдолтой.
Үүнийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй бөгөөд 2019 оны намраас ашиглалтад оруулна. Цахим мэдээллийн сантай болсноор хөгжлийн бодлого, төлөвлөлт, төрийн залгамж халаа, уялдаа холбоо сайжрах давуу талтай.