БНСУ-д болсон софт теннисний өсвөр үеийн гурав дахь удаагийн ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртсэн (ганцаарчилсан болон хос, багийн) Батаагийн Мөнхтулгыг “Шинэ танил” онцоллоо. Дэлхийн дэвжээнд түүнийг төдийгүй Монголын тамирчдыг дасгалжуулсан, аав Б.Батаа нь “Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг үнэн юм аа.
Монгол тамирчин ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртэхийг, хүүгээ эл амжилтын эзэн болохыг хараад үнэхээр бахархлаа. Өөрийн эрхгүй уйлсан. Түүнийгээ хүүдээ харуулахгүй гээд нэлээд тэссэн шүү. ДАШТ-ий өмнө эх орондоо бэлтгэл хийхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, тус дүүргийн Спорт хороо, Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн хамт олон туслаж, дэмжсэн.
Мөн бэлтгэлээ гадаадад долоо хоног базаах нөхцөл, боломжоор БНСУ, Японы софт теннисний холбоо ханган, байр, хоолны зардлыг бүрэн даасныг онцолъё. Хүү минь хариу довтлох чадвар, хурд, тэсрэлт сайтай. Цаашид хөлнийх нь техникийг сайжруулах төлөвлөгөөтэй” гэв.
-ДАШТ-ээс гурван медаль хүртэнэ гэх багцаа танд байсан уу?
-Үнэнийг хэлэхэд байгаагүй. Ямар ч байсан зорилгодоо хүрч, дэлхийн медальтай болох юм сан гээд зүтгэлээ. Тэмцээний өмнөх бэлтгэлээ Монголдоо зургаан сар шахам хугацаанд базаасан. ДАШТ-ий өмнө БНСУ-д долоо хоногийн хугацаанд улам чамбайруулж, Солонгосын насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд өрсөлдсөн нь амжилтад их нөлөөллөө.
Би тус тэмцээнд оролцохдоо Лаосын тамирчинд 4:1-ээр дийлдсэн. Хэдийгээр амжилт гаргаагүй ч өөрөөсөө ах тамирчидтай өрсөлдөөд туршлага хуримтлуулж, тоглохынхоо өмнө сандрахаа больсон шүү. “Солонгосын цом”-д миний төрсөн дүү Б.Чинмөрөн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль авч, багийнхад түрүүлж, аваргын цом өргөсөн.
ДАШТ-д хамгийн ширүүн өрсөлдөгчид эзэн орны болон Японы тамирчид байлаа. Би ганцаарчилсан төрөлд өрсөлдөхдөө дөрөв тоглон, хагас шигшээд Японы тамирчинд дийлдсэн. Уг нь түүнийг хожих боломж байсан ч ашиглаж чадсангүй. Туршлага дутсан тал бий. ДАШТ-д оролцоод сар гаруйн дараа гэртээ ирлээ. Ээж, хоёр дүүгээ их санасан.
-Дүү нь ямар амжилт гаргав?
-Шөвгийн наймд шалгарсан ч хүндэтгэх шалтгааны улмаас тэмцээнээ үргэлжлүүлж чадаагүй. Дүү маань өсвөрийн төдийгүй насанд хүрэгчдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд байдаг, Монголын шилдэг тамирчдын нэг.
-Монголын софт теннисний түүхэнд өндөр амжилт гаргасан ч аль нэг төрөлд нь түрүүлж, дэлхийн аварга болсон бол гэж харамсах юм уу?
-ДАШТ-ээс гурван медаль авлаа гэж бодохоор баярламаар. Өнгийг нь хувиргаж чадаагүйгээ бодохоор харамсмаар. Баяр, харуусал хосолсон тийм нэг сонин мэдрэмж төрж байна. Өсвөрийн ДАШТ дөрвөн жилд нэг удаа болдог. Тэгэхээр хэрвээ энэ удаа зорилгодоо хүрээгүй бол дөрвөн жил хүлээх байсан.
Дэлхийн дэвжээнд хоёр дахь удаагаа (өмнө нь 2014 онд) өрсөлдлөө. Энэ жил Монголоос бидэнтэй хамт олон улсын зэрэгтэй шүүгч явсан нь давуу тал болсон. ДАШТ-ийг дэнсэлсэн шүүгчдийн бүрэлдэхүүнд манай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Энхмөнх багтсан юм.
-ДАШТ-ээс гурван медаль авсан танаас өөр монгол тамирчин бий юү?
-Байхгүй. Надаас өмнө ДАШТ-ээс өсвөр үеийн ангилалд ганцхан медаль хүртэж байсан юм билээ. Анхны буюу 2010 оны ДАШТ-ээс Амартүвшин, Чингисболд нар хүрэл медаль хүртэн, анхдагч болсон түүхтэй. Тэрнээс хойш тасраад байсан амжилтыг бид үргэлжлүүллээ.
Монгол тамирчид дэлхийн дэвжээнээс насанд хүрэгчдийн ангилалд 1999, 2007, 2011 онд хүрэл медаль хүртсэн. Надтай хамт хосын болон багийн төрөлд өрсөлдсөн тамирчдаа дурсахгүй өнгөрвөл алдас болно.
Надтай хосын төрөлд Билгүүн, багийнхад Б.Мөнхтулга, Г.Тэмүүлэн, А.Түвшин, Б.Тулга, Б.Сүхбат, Б.Билгүүн нар оролцсон. Бид багийн төрөлд тоглохдоо шөвгийн наймд БНХАУ-ын тамирчдыг 2:1-ээр хожсоныг тэмцээнийг зохион байгуулагчид нэлээд онцолж, шуугисан шүү.
-Тэмцээнд аавынхаа удирдлагад өрсөлдсөн юм билээ. Аав тань юу гэж захиж, зөвлөсөн бэ?
-“Аль болох сандрахгүйг хичээн, гүнзгий амьсгаа ав. Өрсөлдөгчөө өөрийнхөө тоглолтын хэмнэлд оруулж хүч сориорой. Миний хүүд бусдаас дутах юм байхгүй. Өөртөө итгэлтэй бай” гэж зөвлөсөн. Ер нь ааваараа дасгалжуулахын давуу тал их. Намайг маш сайн ойлгодог.
Амьдрал дээр зөөлөн, дасгалжуулахдаа зарчимч, хатуу байдаг. Аав софт теннисний олон улсын шүүгчийн зэрэгтэй, спортын мастер цолтой. Ээжийн хамт улсын төдийгүй Чингэлтэй дүүргийн шигшээ багийг дасгалжуулдаг.
Монголын софт теннисчдээс хамгийн анх олон улсын хэмжээний мастер болсон ээжээрээ бахархдаг. УАШТ-ий олон түрүүтэй, 1999 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д VI байрт шалгарсан М.Болорхишиг шүү дээ.
-Багадаа аэробик гимнастикаар хичээллэдэг байсан юм билээ. Амьдралаа софт теннистэй холбоход аав, ээж нь хэр нөлөөлөв?
-Ерөөсөө би аав, ээжээсээ үлгэрлэн, багаасаа эл спортод дурласан. Тэдэн шигээ тамирчин болохын тулд найман настайгаасаа хойш софт теннис тоглож байна.
Багадаа аав, ээж хоёрыг даган софт теннисний талбайд өнждөг байв. Би эхээс дөрвүүлээ, гурван дүүтэй. Хамгийн бага нь ой гаруйтай. Хоёр бага дүүг харж үлдсэн ээж минь Чинмөрөн бид хоёрын тоглолтыг үзэж амжаагүй.
-Анхандаа сурахад хамгийн хэцүү зүйл юу байв?
-Тэсвэр. Амархан тэсгэл алддаг, өрсөлдөгч алдаа гаргахгүй бол шар гозодойг байлаа. Ихэвчлэн тэгснээсээ болж хожигдоно. Одоо харин хэр баргийн зүйлд тэсвэр алдахаа больсоон, тэвчээртэй болсон. Ер нь өрсөлдөгчөө бус, өөрийгөө ялах хамгийн хэцүү.
-Дүүтэйгээ тоглодог байх. Хэн нь хождог вэ?
-Мэдээж би. Заримдаа урам өгөхийн тулд хожигдох нь бий. Дүүгээ тэмцээнд өрсөлдөхөд нь “Чаддаг бүхнээ гарга, өөрийгөө бүрэн дайчил” гэж захидаг.
-Одоогоор гаргаад буй амжилтаасаа сонирхуулна уу?
-Малайзын олон улсын тэмцээний хүрэл медальтай. Өсвөр үеийн УАШТ-ээс ганцаарчилсан төрөлд дөрөв, хосынход таван удаа түрүүлсэн. Энэ жил хос болон холимог хосын төрөлд түрүүлж, багийнхад мөнгө, ганцаарчилсанд хүрэл медаль хүртлээ.
Өнгөрсөн жилээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байна. 2018 онд УАШТ-д тоглохдоо мөнгөн медаль авсан тамирчинд дийлдсэн. Би аэробик гимнастикийн олон улсын тэмцээний хоёр мөнгөн медальтай.
-Теннис тоглохоос өөр авьяас бий юү?
-Волейболоор хичээллэдэг. Өчигдөр (уржигдар) Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээний хүрэл медальтай, нийслэлийн аварга.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Инженер. Би математик, физикийн хичээлдээ илүү сайн, дуртай. Японы ¹ 1 тамирчин Хаято Фүнемизүтэй тоглохыг хүсдэг. Түүний мэдрэмж, хурд, ур чадвар нь таалагддаг.
-Ойрын хугацаанд өмнөө тавьсан хамгийн том зорилго тань юу бол?
-Ирэх жил насанд хүрэгчдийн ДАШТ Хятад улсад болно. Юуны түрүүнд тус тэмцээнд өрсөлдөхийг хүсэж байна. Дэлхийн шилдгүүдтэй эмэгтэйчүүдийн төрөлд миний дүү Б.Чинмөрөн хүч сорих нь тодорхой. Харин би сорил тэмцээнээс эрх авбал оролцоно. Надтай эн тэнцүү өрсөлддөг 20-иод тамирчин бий.