Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ХЗДХЯ-наас Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль нэртэйгээр боловсруулж, төслийг нь олон нийтээр хэлэлцүүлж буй.
Тиймээс энэ асуудлаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, профессор М.Гантуяатай ярилцлаа.
-Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн нэр томьёог та судлаачийн хувьд хэр оновчтой нэршил гэж үзэж байна вэ. Эрх чөлөө гэдэг үгийн цаана ямар өргөн агуулга оршиж буйг төсөл боловсруулагчид ойлгож байгаа болов уу?
-2004 онд манай Шашин судлалын тэнхим нийгэм, хүмүүнлэгийн салбарын мэргэжилтнүүдийг хамруулсан “Шашин шүтэх, эс шүтэх эрх ба эрх чөлөө” гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байсан юм.
2013-2014 онд Л.Гантөмөр сайдын үед МУИС-д бүтцийн маш том өөрчлөлт хийсэн шүү дээ. Тухайлбал, манай Удирдах зөвлөлийн даргаар Б.Насанбаяр томилогдонгуутаа Шашин судлалын тэнхимийг хаахаар оролдоод, бид сургалтын хөтөлбөрөө дахин дахин өөрчлөн боловсруулж хамгаалсны хүчинд Философийн тэнхимтэй нэгтгээд авч үлдсэн түүхтэй.
Шашин судлал, Буддын гүн ухаан гэсэн хоёр мэргэжлээр элсэлт авдаг бие даасан тэнхим байхын ач холбогдол ямар их гэдгийг төр, засаг нь өөрөө ойлгодоггүй.
Адаглаад бид монголчуудын шашин шүтлэгийн нөхцөл байдалд социологийн судалгаа хийж, түүндээ үндэслээд бодлого боловсруулагчдыг бодит мэдээллээр хангадаг.
Жишээ нь, 1994, 2004, 2014 онд бид шашны асуудлаар социологийн томоохон судалгаа хийсэн. 2004 оны судалгаагаар монголчуудын шашин шүтлэгийн байдалд эрс өөрчлөлт гарах хандлагатай байсан тул цаашид хэрхэхийг эрдэмтэд хэлэлцсэн хэрэг.
Дээрх хурлын үзэл санаа, нэр томьёог хуулийн нэршил болгосон шиг байгаа юм. Уг нь энэ бол хуулийн нэршил байх боломжгүй зүйл. Учир нь шашин шүтэх, эс шүтэх эрх ба эрх чөлөө гэдэг нь академик түвшний, судалгааны асуудал болохоос биш хуулийн нэр ийм байж таарахгүй.
-Эрдэм шинжилгээний хурлын нэрийг ашигласан болж таарлаа. Харин тэр хуралд эрдэмтэн судлаачид ямар санал, зөвлөмж, дүгнэлт гаргасныг хуулийн төсөлд тусгасан уу. Ер нь та нараас санал авсан уу?
-2004 онд Монголд баахан гадаадын номлогч байлаа. Харин 10 жилийн дараа гэхэд монгол пасторуудтай маш олон цуглаан бий болох нь, энэ нөхцөлд бид яах ёстой вэ гээд эрдэмтэн, судлаачид санал дүгнэлтээ хүргүүлж байсан.
Гэвч бидний дуу хоолой төр, засагт огт хүрээгүй. Тухайн үед эрдэмтэн судлаачдын зөгнөж байсанчлан өнөөдөр хаа сайгүй монгол номлогчтой цуглаанууд бий болоод байна.
Шинэ хуулийн төслийн талаар манай эрдэмтэн судлаачид Философийн хүрээлэнд хэлэлцүүлэг өрнүүлсэн л дээ. Эрдэмтэн, судлаачдын саналуудаас огт тусгаагүй, Монголын хөрсөнд буух боломжгүй, маш түүхий хуулийн төсөл болсныг бүгд хүлээн зөвшөөрсөн.
Миний хувьд энэ хуулийн төслийг уншаад Христийн шашинтнуудад зориулсан юм байна гэж ойлгосон. Шашин судлалын шинжлэх ухааны үүднээс бодоход энэ бол Монголын нийгэмд яагаад ч тохирохгүй хууль. Монгол оюун санаа ямар шашныг хүлээж авах үндэс суурьтай вэ гэдгийг эхлээд бодолцох учиртай.
Ер нь манайхан эрдэмтдээс санал авахаараа “Маргааш, нөгөөдөр ийм хуралтай, ирээрэй” гээд цагийг нь тулгаж хэлдэг. Хэрэг болгож очоод, саналуудаа хэлэхээр бодлого, төсөлдөө огт тусгаагүй байдаг.
-Орон тоо бөглөх гэж л дууддаг гэсэн үг үү?
-Тэгж хэлж болно. “Гантуяа гэдэг эрдэмтэн энэ хэлэлцүүлэгт оролцож, саналаа хэлсэн” гэдэг нэр нь л чухал байдаг юм билээ. Түүнээс биш Ган туяа багш тэр хуралд ямар санал хэлэв гэдгийг огт тоодоггүй.
-Олон шашинд нээлттэй хандаж ирсэн монголчуудын уламжлал өнөө цагт хэр тохирох бол, орчин үед шашин, төр хоёр ямар хамааралтай байх вэ гэх зэрэг бодлогыг боловсруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт чухал атал манайхан тэгдэггүй гэж та хэлэх гээд байна уу?
-1990 оноос хойш гадаад харилцаа бүхий л түвшинд өргөжсөнийг дагаад монголчуудын оюун сэтгэхүйд томоохон өөрчлөлт гарсан. Хүн төрөлхтний оюун санааны хөгжлийг ярихад шашны асуудал хэзээд хамт явдаг зүй тогтолтой.
Тиймээс хөгжингүй гэгддэг аль ч улс орон ард түмнийхээ оюун санааны хөгжил, эв нэгдлийг хангах бодлогодоо шашныг зайлшгүй хамтатган авч үздэг. Манайх ч тийм уламжлалтай байсан. XIII зуунаас хойш монголчуудын шашин, төрийг хослон барих бодлого нь шашны цаана мухар сүсэг биш, ном гэдэг ойлголтыг агуулж ирсэн байдаг.
Төрийн хатуу үйлийг шашны номоор зөөллөнө гэсэн үг. Харин 1990-ээд оноос хойш шашны асуудал монгол төрийн бодлогын гадна үлддэг болсон. ҮАБЗ-ийн дэргэд ажиллаж байсан багш нар маань орчин үед шашны асуудлыг төрийн бодлоготой яаж уялдуулах вэ гэдэг бодлого боловсруулсан ч үе үеийн Ерөнхийлөгч үүнийг тоогоогүй.
Энэ нь эргээд монголчуудын оюун санааны дархлаа алдагдаж, үндэстний задралд хүргэхэд ойрхон байна. Жишээ нь, өнөөдөр монгол гэр бүлд оюун санааны эв нэгдэл ямар байгааг аваад үзье. Хүүхдүүд нь Христийн шашны цуглаанд очдог, аав, ээж нь бөө, удган руу гүйдэг, өвөө, эмээ нь бурхны шашин шүтдэг.
Ингээд хэн нэг нь өөд болоход, эсвэл хурим найр хийхээр шашин хоорондын зан үйлийн зөрчил гарч, гэр бүлийнхэн хоорондоо муудалцдаг. Энэ нь цаашлаад улс орныг хамартал даамжрахаас өмнө шашин ямар тохиолдолд аль салбарт яаж нөлөөлөөд байна вэ, ямар тохиолдолд дэмжиж, ямар үед нь хамгаалалт хийх вэ гэдгийг судалсны үндсэн дээр бодлогоо чиглүүлэх учиртай.
Шашин судлал гэдэг шинжлэх ухааны бүхэл бүтэн салбарыг бодлогоор дэмжиж, чадавхтай мэргэжилтнүүд бэлдмээр байна. Өдгөө аймаг, сум, дүүргийн ИТХ-д шашны асуудал хариуцаж ажилладаг мэргэжилтнүүд нь хаа хамаагүй өөр салбарын хүмүүс байдаг. Манай цөөн хэдэн төгсөгч төрд хамгийн хэрэгтэй салбартаа хүрч ажиллах боломж алга.
Шашны бодлогыг хэрэгжүүлэх мэргэжилтнүүд нь байдаг бол Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль тийм ч муу хууль биш. Цаг хугацааны эрхээр зарим зүйл заалтыг нь өөрчлөх шаардлага тулгарсан. Гагцхүү манайд ямар ч сайн хууль байлаа гээд түүнийг бодит амьдралд хэрэгжүүлэх тогтолцоо нь алга.
Үүнээс болоод их зөрчил үүсдэг. Тухайлбал, шашин шүтэх тал дээр хүний эрх, эрх чөлөөний асуудлыг хэн хамгийн их гаргаж ирдэг гэхээр Христэд итгэгчид.
-Төр нь иргэдийнхээ шашин шүтэх эрхийг хангах нь нэг хэрэг. Бас шашин хоорондын мөргөлдөөн гаргахгүй байхад анхаарах гол үүрэгтэй. Ингэхэд дээрх хуулийн төслийг та яагаад Христийн шашинтнуудад зориулсан гэж үзэж байгаа юм бэ?
-“Бидний сүсэглэх бишрэх эрх алдагдаж байна. Монголд шашны эрх чөлөө алга” гэж Христэд итгэгчид байнга гомдоллодог. Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас төрийн департаментдаа жил бүр явуулдаг тайланд “Шашны байдал” гээд тусдаа гарчигтай том бүлэг байдаг.
Тэнд Христэд итгэгчдийг тэгж хохироосон, энд ингэсэн гэдэг гомдол тэрүүгээр нэг байдаг. Угтаа тэд гудамж болгонд сүмээ байгуулаад байна гэдэг чинь төр тухайн шашныг хүндэтгэж байгаагийн илрэл. “Монгол Улсад төр нь шашныг хүндэтгэнэ, шашин нь төрийг дээдэлнэ” гэж Үндсэн хуульд заасан.
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн амин сүнс ч энэ. Сүсэг бишрэлтэй хүн шүтээнээ дээдэлдэг. Гэтэл янз бүрийн шүтээнтэй хүмүүс төрийг яаж авч үзэх вэ. Хуульд тэгвэл таны бурхан шүтээний дээр төр байгаа шүү гэчихсэн байна.
Үүнийг тэр итгэгчид хүлээн зөвшөөрдөггүй учраас “Төр яагаад шашныхаа дээр байх ёстой юм бэ” гэдгийг тайлбарлаж, таниулж, ухамсарлуулахад төрийн бодлого чиглэх ёстой юм. Энэ бол шашныг дорд үзэж байгаа хэрэг огт биш. Зарим хүний гуйвуулаад байдаг шиг коммунизм ч биш. Угаасаа төрийн бодлого, үүрэг юм.
Монголын төр, засаг өнөөдөр шашныг хүндэлж байгаагаа бүх талаар харуулдаг. Харин шашин нь эргээд төрөө дээдэлдэг үү гэдгийг хэн ч ярьдаггүй. Тэрийг төрөөс хянах тогтолцоо нь байхгүй. Мэргэжилтэн ч алга. Тэр мэргэжилтнүүдийг бэлтгэдэг ганц тэнхимээ дахиад сэргээн байгуулаач гэж шашны асуудалд хамаатах хүн болгонд хэлдэг. Одоогийн Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хуланд хүртэл хэлээд нэмэр алга.
Шинэ хуулийн төслийг харахад сүм, хийд гэсэн нэр томьёо байхгүй, шашны байгууллага ШБ гэж нэрлэхээр болсон байна билээ. Тэр шашны байгууллагын орон нутаг дахь салбар, шашны бүлэг гэх мэт ойлгомжгүй олон субъекттэй төр яаж харилцах нь тодорхойгүй.
Жишээ нь, Гандантэгчэнлин ШБ, Дашчойлин ШБ гэж нэр томьёогоо өөрчлөхөөс нааш төр нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь.
-“Үндсэн хуульд хүнийг шашин шүтлэгээр нь үл ялгаварлан гадуурхана гэсэн байтал эд нар нэг шашны номыг давуу судалдаг тэнхим байгуулах гэлээ” гэсэн өнгөц хандлага байдаг юм болов уу?
-Тэгж хандаж байсан. 2013-2014 онд манайхыг бужигнуулахдаа “Танай тэнхимийн сургалтын хөтөлбөр Буддын шашныг түлхүү судалдаг учраас хаана” гэж байв. Уг нь манайх шашин судлал, Буддын гүн ухаан гэж хоёр мэргэжлээр ээлжилж элсэлт авдаг байсан юм.
Мэдээж шашин судлал дотроо бид Буддын гүн ухааныг түлхүү заадаг байсан. Яагаад гэвэл манай төгсөгчид ажил, амьдрал дээр гараад, Монголын эртний өв соёлын сурвалж, оюуны сан хөмрөгийг судалъя гэх нь ээ Буддын шашинтай холбогддог.
Өндөр гэгээн Занабазарынхаа тухай ч бид бүрэн гүйцэд судалж амжаагүй байна. Хилсээр цаазлуулсан тэр олон мянган лам ямар эрдэм чадалтай, юунд зорьж байсныг мэдэхгүй шахуу л явна. Хүн болгон өнөөдөр шашны тухай ам мэдэн ярьдаг атлаа шинжлэх ухааны үүднээс тайлбарлаад, төрийн бодлого боловсруулъя гэхээр мэддэг нь тун ховор.
-ХЗДХЯ-ны судалгаанаас үзэхэд Монгол дахь Христэд итгэгчдийн тоо тогтмол өсөж, сүмүүдийн дүн бүртгэл ч талийж өгсөн байна гээд саяхан хэсэг шуугьсан.
Үнэхээр монголчуудын сүсэг бишрэлд уламжлалт Буддын шашны эзлэх байр суурь тийм уруудсан хэрэг үү. Ард түмний олонхын шүтдэг шашныг өмгөөлсөн бодлого төрөөс баримталж болдог юм болов уу?
-Сүүлийн жилүүдэд сүмийн тоо эрс нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ Христэд итгэгчдийн тоо дагаад өссөн үү гэвэл үгүй. Судалгаа авах гээд “Та ямар шашин шүтдэг вэ” гээд асуухаар монголчуудын олонх нь Буддын шашин шүтдэг гэж хариулдаг. Христэд итгэгчдийн тоо тогтмол 10 орчим хувь байгаа нь ажиглагдсан.
Ер нь дэлхийн олон оронд олонхыг шашныг дэмжсэн бодлого байдаг. Олонхын шашныг яагаад бодлогоор дэмждэг вэ гэхээр хүүхэд, залуучуудаа нэгдмэл оюун санаагаар хүмүүжүүлэх л зорилготой.
Цаг үеэ дагаад хүүхэд, залуучууд нь ямар ч шинжлэх ухааны салбаруудыг сонирхож, философийн янз бүрийн үзэл баримтлалаар хоорондоо талцаж хуваагдсан ч бай, эцсийн эцэст бид нэг гэр бүл шүү гэдгийг нь ухамсарлуулах гэж тэр шүү дээ.
Нийгмийн болон амьдралын ямар ч хүнд бэрх асуудал тулгарсан байлаа гэхэд монголчууд гар гараасаа барилцаад, нэгэн зүгт зорих ёстой гэсэн энэ том санаа “Шашин нь төрийг дээдэлнэ” хэмээх үгийн цаана нуугдаж байгаа хэрэг.
Манай ерөнхий боловсролын сургуулиудад Буддын гүн ухааны хичээл оруулах, эсэх тухай яриа маргаан дагуулдаг. Испани, Нидерланд зэрэг хөгжингүй орнуудад олонхоо дагаад дунд сургуульд Христийн шашны хичээл оруулахыг зөвшөөрдөг.
Мөн 10 хүүхдийн эцэг, эхчүүд нийлээд Буддын ч юм уу, өөр шашны хичээл оруулъя гэвэл хүлээн зөвшөөрдөг. Энэ нь шашин сурталчилж, мухар сүсэгт автуулах гэсэндээ бус, хүүхдүүдийг хүмүүжүүлэх ганц зорилготой. Амнаасаа ямар үг унагаж болохгүй вэ, тархиндаа юу бодвол чи зөв сайн хүн, юу бодвол муу хүн болох вэ, ямар үйлийг нүгэл гэх вэ гэдгийг ёс зүйн хичээлээр бус, шашнаар дамжуулан хүүхдүүдэд ойлгуулдаг.
Жишээ нь, 10 хар нүгэл гэдэг ойлголт шинжлэх ухаанаар биш, шашнаар дамжин хүнд итгэл үнэмшил болж очдог. Монголчууд яагаад усанд цагаан юм оруулахыг цээрлэдэг вэ гэдэг ухагдахуун ч энэ итгэл үнэмшлээр дамждаг. Тиймээс нэгэнт шинжлэх ухаанаар батлагдсан Буддын гүн ухааны сургаал номлолоос монголчууд хүүхэд залуустаа зааж, хүмүүжүүлэхэд болохгүй гэх газаргүй л гэж би боддог.
10 хар нүглийг тэвчээд ирэхээр хүний сэтгэл угаасаа ариусдаг. Нийгмийн энэ их бухимдлыг дарж, сэтгэлээ амгалан тайван байлгахад, монголчуудын эв нэгдлийг хангахад чухал нөлөө үзүүлэх шашин бол Буддын гүн ухаан. Шашин нь төрөө дээдэлдэг болсон цагт монголчууд шашнаараа дамжуулаад нэгдэх бүрэн боломжтой.
-Шашнаар дамжуулаад нэгдэнэ гэдгээ арай жаахан дэлгэрүүлээч?
-Энэ бол нэг шашинтай болно гэсэн үг биш шүү. Америкт манай тэнхимийн нэг багш шашин судлаачдын симпозиумд оролцоод ирсэн юм. Тэгэхэд аль ч сүм, хийдээр нь ороход Америкийн төрийн далбаа хойморт нь бурхан шүтээнтэй нь зэрэгцээд байж байсан гэдэг.
Энд маш өргөн утга агуулга оршиж байгаа биз. Аль шашнаа шүтэх нь таны эрх ч гэлээ АНУ гэдэг нэг далбаан дор байгааг нь ямагт сануулж буй хэрэг шүү дээ. Тэгээд ч зогсохгүй, тэндхийн сүм, хийдүүдэд байгаа сүсэгтнүүд “Бурхан шашныхаа төлөө гэж ярихаасаа түрүүнд Америкийн Нэгдсэн Улсын төлөө” гэдэг юм байна.
Монголын сүм, хийдүүд ийм болчихвол шашнаараа нэгдэх оюун санааны боломж нээгдэнэ гэж л хэлэх гээд байгаа юм. Шашин бүхий л салбарт хамаатай учраас улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд гээд бүх тал энэ асуудалд дуу хоолойгоо нэгтгээд, Монголын хөрсөнд тохирох бодлогыг гаргах нь зүйтэй юм.
Тийм ч учраас манай эрдэмтэд Монгол дахь шашны асуудлаар дахиад өөр хуулийн төсөл боловсруулах ёстой, нээлттэй, ил тод ажиллаж чадах шинэ баг томилох нь зүйтэй гэдэг саналаа төрийн гурван өндөрлөгөөс эхлээд холбогдох газруудад хүргүүлсэн.