“Гоёл” наадмын топ моделиор шалгарсан загвар өмсөгч Н.Сарнайтай ярилцлаа.
-Та 12 настайгаасаа загвар өмссөн гэсэн. Загварын ертөнцөд хэрхэн хөл тавьсан бэ?
-“Ганга гоёл” загварын дамжаанд загвар өмсөгч Н.Мөнхцэцэг багшийн шавь болж байлаа. Дунд сургуульд байхдаа би бөгтийж явдаг байсан юм. Ээж минь миний алхааг засах гэж загварын дамжаанд анх авч очсон.
Анхандаа сонирхож суралцсан боловч яваандаа энэ ертөнцөд улам л татагдсан. Үүнд багшийн нөлөө асар их бий. Маш их урам өгдөг байсан юм.
-Анх ямар уралдаан, наадмын тайзан дээр алхаж байсан бэ. Их сандарсан уу?
-Дунд сургуульд байхдаа “Үнсгэлжин” наадамд оролцож байлаа. Загварын дамжаагаа төгсөхийн өмнөхөн Монголын дизайнеруудын холбооны зэрэглэл тогтоох анхдугаар наадам болсон. Тус наадамд багшийнхаа зөвлөснөөр оролцож, тэнцээд, холбооны загвар өмсөгч болж байлаа.
Одоогийнх шиг бүх зүйл амар биш, гадаад харилцаа хөгжөөгүй байсан үе шүү дээ. Хаашаа, хэрхэн хандахаа мэддэггүй байв. Цалинтай загвар өмсөгч болохын тулд ямар их бэлтгэл хийж, өөрийгөө дайчилдаг байсан гэж санана. Сүүлийн 13 жил Монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгчөөр ажиллаж байна.
-Та фото модель чиглэлээр хослуулан ажилладаг. Аль нэг брэндийн нүүр царай болов уу?
-Сонирхолтой санагддаг шүү. Нэлээд олон зар сурталчилгаа, клипэнд тоглосон.
-Хүмүүс хувцас өмсөөд тайзан дээр алхахыг амархан гэж хардаг юм шиг санагддаг. Гэтэл загвар зохион бүтээгчийн ур ухаан, сэтгэл, хөдөлмөрөө шингээн урласан хувцсыг хүмүүст өмсөж үзүүлэх их ярвигтай, чадвар шаардсан ажил. Тайзан дээр гарахдаа өөртөө ямар үүрэг хүлээлгэдэг вэ?
-Өмссөн хувцсаа тайзан дээр үзүүлэх хугацаа тун ахархан. Тэр богино хугацаанд би хувцсаа хүмүүст танилцуулж, онцлогийг нь харуулах ёстой. Түүнээс биш өөрийгөө дөвийлгөж харуулах ёсгүй.
“Яаж зогсвол энэ хувцасны онцлогийг харуулах вэ. Яавал хүмүүст илүү хүргэх вэ” гэж боддог. Одоо бол харьцангуй туршлагатай болжээ.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Би долдугаар анги төгсөтлөө 52 дугаар дунд сургуульд сураад, ӨМӨЗО-ы Хөх хотод ахлах ангиа дүүргэж, үргэлжлүүлэн Хүмүүнлэгийн ухааны их сургуульд хятад хэлний орчуулагчаар сурч төгссөн.
Мөн Удирдлагын академид төрийн удирдлагын чиглэлээр сурсан.
-Таны хань мөн загвар өмсөгч. Ижил мэргэжилтэй байх сайхан биз?
-Нэг салбарын хүмүүс болохоор илүү ойлголцдог. Намайг үргэлж дэмждэг болохоор би азтай шүү. Энэ жил би “Гоёл” наадамд оролцох загвар өмсөгчдийг нэг сарын турш бэлтгэсэн.
Тэр үеэр охиноо дагуулаад л явдаг байлаа, их сонирхож байна. Том болоод загвар өмсөнө гэвэл бид хоёр дэмжинэ.
-Байнга л олны дунд байж, тайзан дээр гардаг хүн бие давхар болж, хүүхэд төрүүлэхэд тайзаа их санасан уу?
-Тэрсхэн хоёр хүүхэд төрүүлээд дөрвөн жил “Гоёл” наадамд оролцолгүй завсарласан. Тэр хооронд ажлаа маш их үгүйлдэг байлаа. Хэсэг завсарлачихаад өнгөрсөн жил “Гоёл” наадмын тайзан дээр гарахын өмнө сандарсан шүү.
-Ээж болсны дараа тайзан дээр эргэн гарахад ямар байсан бэ. Зарим эмэгтэй төрсний дараах сэтгэл гутралд өртдөг шүү дээ. Тэр үеийг хэрхэн давсан бэ?
-Эмэгтэй хүн бие махбодийн хувьд хүүхэд гаргасны дараа бүрэн боловсордог байх. Түүнээс биш сэтгэл зүй, ажилдаа хандах хандлага өөрчлөгдөөгүй.
-Топ моделиор шалгарна гэж бодож байв уу?
-Загварын ертөнцөд хөл тавьсан хүн бүрийн хүсдэг шагнал шүү дээ. Өмнө нь тус наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр шалгарч байсан болохоор бас нууцхан хүлээлгүй яах вэ. Миний нэрийг дуудах мөчид өмнө нь байгаагүй сайхан мэдрэмж төрсөн.
Би уг нь сэтгэл хөдлөлөө дардаг, өөрийгөө их барьдаг хүн шүү дээ. Уйлахаар зүйл тохиолдсон ч шүдээ зуугаад өнгөрдөг. Гэтэл топ моделиор шалгарахдаа нулимсаа барьж дийлээгүй. Надаас тийм сэтгэл хөдлөл гарна гэж төсөөлөөгүй.
-Хэдхэн жил загвар өмсөөд л топ моделиор шалгарсан хүн хэд бий. Гэтэл тан шиг нэлээд урт хугацаанд өмссөн ч энэ шагналыг аваагүй нь байдаг. Ямар шалгуураар энэ шагналыг олгодог юм бол?
-Тухайн загвар өмсөгчийн туулсан замнал, тууштай байдал, ур чадварыг үнэлж олгодог шагнал гэж би ойлгодог.
-Сүүлийн үед манай загвар өмсөгчид гадаадын агентлагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Танд гадаадад ажиллах бодол бий юү?
-Хэдэн жилийн өмнө гадаадад загвар өмсөх боломж, харилцаа холбоо өргөн байгаагүй. Харин одоо надад гэр бүл, хүүхдүүдээ орхиод гадагшаа урт хугацаагаар явах боломжгүй. Үнэхээр боломжийн санал ирвэл бодож үзэх л байх.
-Загвар зохион бүтээгч хувцас урлахдаа стандарт хэмжээтэйгээр бүтээдэг. Тэгэхээр тэр хувцсыг өмсөхийн тулд биеийн жингээ хадгалах олон арга хэрэглэдэг байж таарна. Дэглэм барьдаг уу?
-Дэглэм барина аа. Охиноо төрүүлэхдээ би хэвийн жингээсээ 40 кг илүү таргалсан. Төрчихөөд жингээ овоо хасаж байтал дахин бие давхар болж хүүгээ төрүүлсэн. Хэвийн жиндээ очихын тулд хоолоо сойж, дасгал их хийсэн. Хүүгээ төрүүлснээс хойш кроссфитээр хичээллэдэг болсон.
-Загвар өмсөгчдийн талаар хүмүүс “Ухаан муутай, энгэр султай” гэх зэргээр янз бүрээр л ярьдаг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр нэг загвар өмсөгч алдаа гаргах, түүнтэй холбоотой сенсац дэгдэхэд бусдыг нь ч хамруулж цуурдаг. Хүмүүсийн ийм таагүй хандлагатай тулах хэцүү юү. Эмзэглэдэг биз?
-Би нэлээд эршүүд шүү дээ. Бас жаахан муухай ааштай. Над руу уулзъя, учиръя гэж мөнгө төгрөгтэй хүн залгаж, хандаж байсангүй. Хэл аманд өртөж буй охид ч буруутай.
Ямар нэгэн сэдэл өгсөн, биеэ буруу авч явсан болохоор л хүмүүсийн хэл амны бай болж, эсвэл хормой султай мэт харагдаж байгаа. Уулын мод урттай, богинотой гэдэг дээ.
Мөрөөрөө амьдарч яваа загвар өмсөгч олон бий. Хялбар амьдрахыг хүсдэг нь ч бас бий.
-Загварын ертөнцөд хөл тавьсандаа харамссан удаа бий юү?
-Байхгүй ээ. Би өөр мэргэжил эзэмшиж, өөр ажил ч хийж үзсэн. Гэхдээ загвар шиг сэтгэлээ зориулж байсан нь үгүй. Амьдралынхаа 14 жилийг өнгөрүүлсэн энэ салбарт дурлахгүй яах билээ дээ.
-Тайзан дээр байхдаа юу мэдэрдэг вэ?
-Эрх чөлөө мэдэрдэг. Нэг л их гоё санагддаг.
-Өдөр тутмын, ажил хэрэгч, эсвэл гоёлын хувцасны алийг нь өмсөж алхах дуртай вэ?
-Гоёлын даашинз өмсөх гоё. Урт хормойтой, хэт их чимэглэлтэй бол алхахад төвөгтэй л дээ. Гэхдээ л гоё санагддаг. Энгийн, өдөр тутмын хувцас өмсөх их амар.
-Олон загвар зохион бүтээгчтэй хамтран ажилласан байж таарна. Хамгийн их нийцтэй нь хэн бэ?
-Бараг бүх л загвар зохион бүтээгчтэй ажиллаж үзсэн. Тэр, энэ гэж онцлох хүн байхгүй ээ. Гэхдээ хэсэг завсарлачихаад эргээд ажиллаж байгаа болохоор залуу, шинэ загвар зохион бүтээгчидтэй хараахан хамтарч ажиллаагүй л байна.
-Нэг хэсэг найруулагч нар кинондоо загвар өмсөгчдийг их тоглуулсан шүү дээ. Танд тийм санал ирж байсан уу?
-Үгүй ээ. Гэхдээ өөрийгөө тэр талын авьяастай гэж боддог шүү. Тийм санал ирвэл татгалзахгүй.
А.Хангай