“Өнөөдөр”-ийнхөө хойморт Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготовыг урилаа. Монгол Улсын газар зүйн судалгааны салбарт 56 жил зүтгэсэн ахмад эрдэмтэн түүнд ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг энэ жил хүртээсэн юм. Д.Доржготов нэр хүнтэй шагналыг хүртсэн Монголын анхны, Азидаа хоёр дахь хүн болжээ.
-Дэлхийд нэр хүндтэй шагнал хүртсэн танд баяр хүргэе. Та С.М.Пржевальскийн нэрэмжит шагналынхаа утга учрыг тайлбарлаж өгөөч?
-ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгээс олгодог шагнал. Тус нийгэмлэг байгуулагдсаныхаа дараа диплом өгдөг байж. Дараа нь мөнгөн медаль олгодог болсон. 1946 оноос хоёр жилд нэг удаа алтан медалиар шагнадаг болсон юм билээ. Одоогоор алтан медалийг 30 орчим эрдэмтэнд олгосон. Хамгийн анхныхыг нь Монголд ажиллаж байсан, “Монгол орны физик, газар зүй” гэдэг ном бичсэн эрдэмтэн Э.М.Мурзаевт 1947 онд гардуулсан байдаг. Оросын эзэн хаан Газар зүйн нийгэмлэгээ удирддаг байсан түүхтэй. Одоо Батлан хамгаалахын сайд С.Шойгу ерөнхийлөгчөөр нь ажилладаг юм билээ. Нэг дэд ерөнхийлөгч нь В.Путин. Намайг Москвад очиход Газар зүйн нийгэмлэгийн төлөөлөл нь уулзаад, “Таныг энэ шагналд нэр дэвшүүлэх хүсэлтэй байна. Материалаа явуулаач” гэсэн. Шаардлагынх нь дагуу материалаа явуулсан. Тэргүүлэгчдийнхээ хурлаар хэлэлцээд олгодог юм билээ. Төв, Дундад Ази, Монголын тэгш өндөрлөг, хуурай, гандуу бүс нутаг, өндөр уулын газар зүйн судалгааны чиглэлд гавьяа байгуулсан эрдэмтнийг энэ шагналаар урамшуулдаг юм байна. С.М.Пржевальский Монгол орон, Төвдийн өндөрлөг, Киргизстан зэрэг нутгаар судалгаа хийсэн хүн шүү дээ.
-Нэр хүндтэй шагнал хүртэж, хөдөлмөрөө үнэлүүлсэн, 80 насны сүүдэр түшиж яваа ахмад эрдэмтний ажлын өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Зав муутай өнгөрнө. Хөдөлгөөн жаахан намжсан үед ажилдаа ирдэг. Би олон шавьтай. Тэднийхээ ажилд зөвлөгөө өгнө. Эрдмийн зөвлөл, эрдмийн зэрэг хамгаалах хуралд өнжөөд шахам оролцоно. Элдэв янзын зөвлөгөө авах зорилгоор олон хүн уулзана. МУИС-д хичээл заана. Би МУИС-д 1990-ээд оноос хойш багшилж байна. Өдгөө оюутнуудад хичээл заахаа больсон, магистр, докторын зэрэг хамгаалах гэж буй хөрс судлал, геоэкологи, орчин судлалын чиглэлийн хичээл заадаг орон тооны бус зөвлөх багш болсон. Газар зүй, геологийн сургуулийн дэргэд Геоэкологи орчин судлалын тэнхим байгуулахад эрхлэгчээр нь арав гаруй жил ажиллалаа. Одоо Орчин судлал, ойн менежментийн тэнхим болсон. Газар зүйн хүрээлэнгийн захирлаар 1994-2014 он хүртэл ажилласныг зарим хүн мэдэх байх. Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, Эрдмийн зөвлөлийн гишүүн, Монголын газар зүйн нийгэмлэгийн тэргүүн, ШУА-ийн тэргүүлэгч гишүүн, ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн бага чуулганы дарга гэх мэт сонгуульт ажилтай. Олон нийтийн ажил мундахгүй ээ.
-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Монгол орчин үеийн улс болох хөгжлийн шатаа эхлүүлж байсан 1950-иад оны үеийн сурагч хүү юу мөрөөддөг байсан бол?
-Уугуул нутаг минь Төв аймгийн Адарбаян сум. Одоогийн Баян суманд 1940 онд төрсөн хүн. Аав минь адуучин байлаа. Хоёр настайдаа айлд өргөгдсөн. Түүнээс хойш Улаанбаатарт амьдарлаа. Намайг өргөж авсан аав Тангадын Дэчингунгаа “Улаан од”, “Үнэн” сонинд ажилладаг сэтгүүлч хүн байлаа. Утга зохиол оролддог, үргэлжилсэн үгийн зохиол нэлээд хэдийг, мөн шүлэг бичсэн, Зохиолчдын хорооны гишүүн байсан. Ээж минь Шархүүхэн гэж Монголын киноны анхны монтажчин. “Цогт тайж” кино хийхэд ажилласан. Би Улаанбаатарт ийм гэр бүлд өсөж хүмүүжсэн. Айлын ганц хүү болохоор эрх дураараа талдаа.
Гэхдээ хариуцлагатай хүү байлаа. 1947 онд нэгдүгээр дунд сургуульд орж, 1957 онд онц дүнтэй төгссөн. Олон сайхан багштай байлаа. Нэгдүгээр сургууль орос хэл сайн сургадаг. Орос багш нар хичээл заадаг. Аравдугаар анги төгсөхдөө орос хэлэнд овоо гайгүй болчихсон байсан шүү. 26-уулаа төгссөнөөс олонх нь хойшоо (ЗХУ) сургуульд явсан. Надаас гадна манай ангиас Москвагийн их сургуульд сурсан хоёр хүүхэд бий. Нэг нь ШУА-ийн ерөнхийлөгч байсан, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Чадраа агсан. Нөгөө нь Төрийн шагналт, биохимич Жамъяансэнгээ. Архитектор, Гавьяат барилгачин Өлзийхишиг, хүүхдийн эмч Пагмадулам, барилгын эдийн засагч Нямаа гээд манай ангиас нэлээд хэдэн эрдэмтэн төрсөн. Хааяа төрөлх сургуулиараа, ангиараа ордог юм. Хананд нь өлгөсөн төгсөгчдийн зураг дунд минийх бий. Зургаа харъя гээд л яваад орчихдог.
-Хөрс судлаач мэргэжлийг өөрөө сонгосон уу, тухайн үед төрөөс бодлогоор таныг бэлтгэсэн үү?
-Сурагч байхдаа л эрдэм шинжилгээний ажил хийнэ, эрдэмтэн болно гэж ярьдаг байсан. Манай ангиас гурван хүүхэд ШУА-д хуваарилагдсаны нэг нь би. Тухайн үед Шинжлэх ухааны хүрээлэн гэдэг байсан. Зургаан хүүхэд очлоо. Биднийг Цэгмид багш хүлээж авсан. Хүрээлэнгийн нарийн бичгийн дарга байсан юм уу даа. Ийм тийм мэргэжлээр сургана гэж биднийг хуваарилсан. Тэр үед миний мэддэг мэргэжил гэвэл цөмийн физик л байлаа. Их сургуулийн хоёр залуу багш, дээрээс нь манай Б.Чадрааг цөмийн физикийн ангид хуваарилчихав. Намайг “Чи цөмийн физикчээр суралцана гэвэл өөр хотод хуваарилж болно” гэсэн. Тэгэхээр нь заавал “Москвагийн их сургуульд явна. Өөр сургуульд явахгүй” гэлээ. “За тэгвэл чи Хөрс, биологийн факультетад сур” гэсэн. Ингэж л хөрс судлаачаар сурахаар болсон юм. Москвагийн их сургуульд очоод суралцсан даруйдаа мэргэжилдээ дурласан. Ямар сайхан мэргэжил гэж санана. Зунжингаа хөдөө явна. Монголд очоогүй сум надад байхгүй. Олигтойхон машин ч олдохгүй, оюутан, залуу ажилтнуудаа дагуулаад “ГАЗ-53”, “ГАЗ-63” машинтай явна. Шаардлагатай тохиолдолд л ганцаараа явж судалгаа хийдэг байсан.
-Монгол орны хөрсийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал ямар вэ. Газар тариаланд тохиромжгүй гэж сонссон юм байна.
-Манай орны байгаль орчин, газрын гадарга, уур амьсгал, эко систем бүхэлдээ газар тариаланд төдийлөн тохиромжтой биш. Далайн түвшнээс дээш 1500 метр өргөгдсөн, хур тунадас багатай, хатуу ширүүн, эрс тэс дөрвөн улиралтай, хөрсний үржил шим тааруу. Орхон, Сэлэнгийн сав, голын хөндий газарт тариа тарих боломжтой. Манайх нэг сая 500 мянган км хавтгай дөрвөлжин газар нутагтай. Тариалангийн талбай 1.3-1.4 сая га. Тэгэхээр тариалангийн талбай нэг хувьд нь ч хүрдэггүй. Гэхдээ гурван сая хүнийг хооллоход хангалттай хүрэлцэх тариалангийн нутаг бий. Ихэнх нутаг маань малын бэлчээрт тохиромжтой. Манайхан хангайн хөрс сайн, говийнх муу гэсэн ойлголттой байдаг. Энэ бол харьцангуй ойлголт. Хангайн хөрс үржил шим сайтай, ой мод ургадаг, өвс ногоо нь өтгөн байлаа ч говийн ургамал ургахгүй. Говийн хөрс чанар тааруухан ч тэндхийн ургамал, тухайн эко систем, орчиндоо дассан байдаг. Яаж ч тордоод заг, тоорой мод, бударгана хангайд ургахгүй шүү дээ. Говийн, цөлийн, өндөр уулын, хангайн гээд яг л тэр нутаг, орчиндоо тохирсон, хоорондоо зохицсон өвс, ургамал ургаж байгаа. Тиймээс тэр нутгийн хөрс сайн, эндхийнх нь муу гэж зааглах боломжгүй. Ашиглаж, хамгаалж чадвал аль нь ч хэрэгтэй. Хамгаалж, ашиглаж чадахгүй бол аль нь ч эвдрээд л дуусна.
-Манай орны хөрс хэр судлагдсан бэ? Таны ажил, амьдралын түүх Монголын хөрс судлалын хөгжилтэй холбоотой байх.
-Би 1962 оноос хойш 56 жил судалгаа хийж байна. Биднээс өмнө Оросын судлаачид нэлээд ажилласан. Би хамгийн анхны монгол судлаач биш. Анхных нь Бэгтэр гэж хүн байсан. Хоёр дахь нь Балжид. Бид Москвагийн их сургуулийг төгссөн. Бидний үеэс судалгаа арай эрчимжсэн юм. Газар тариалан, хөдөө аж ахуй эрхэлдэг болж, хүн амын тоо өссөн. Газартай харьцах харилцаа идэвхтэй болж, судалгаа хийх хэрэгцээ шаардлага ч үүссэн. Атар газар эзэмшихийн тулд хөрсийг нь судлах шаардлагатай. Би атар газар сонгох гэж судалгаа хийгээгүй хүн. Монгол орны хөрсний газар зүйн зүй тогтол, ямар хэв шинжийн хөрс уул тал, хангай, говийн хаана нь яаж тархсан байдаг, тэдгээрийн гарал үүсэл, хөгжил, чийг дулааны горим гээд олон талаас судалсан. Монгол орны хөрс ер нь гайгүй судлагдсан шүү. Хөрсний зургийг зохиоход оролцлоо. Эхний зургийг 1973, дараа нь 1980 онд зохиосон. 2003 онд “Монгол орны хөрс” гэдэг ном бичсэн. Олон улсын түвшинтэй харьцуулбал манай хөрсний судалгаа дунд зэрэгт л яваа.
Байгалийн хөрсгүй болсон орон олон бий. 3000-4000 жил тариа тарьсан газарт ямар хөрс үлдэх вэ. Зарим оронд хөрсийг цагаан будааны, хөвөнгийн, чихрийн нишингийх гэх мэтээр тарьдаг зүйлээр нь нэрлэж байна. Европын зарим оронд байгалийн эко систем нь байхгүй болчихсон. Харахад гоё ч байгалийн юмгүй, хүний гараар тарьсан мод, ургамал, бэлчээр, тариалан, хадлан, цэцэрлэг байх жишээтэй. Дэлхийн бүх хуурай газрын 40-60 хувь нь хүний гараар өөрчлөгдсөн. Манайх бол дөнгөж 50-60 жил тариа тарьж, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа учраас хүний нөлөө багатай. Тиймээс хөрс нь байгалийн төрхөөрөө, уугуул шинжээрээ байгаа. Ийм учраас эрдэмтэд манай хөрсийг судлах дуртай байдаг. Олон улсад хөрсний 10-аад хэв шинж бий. Гэтэл манай хөрс 30-40 хэв шинжтэй. Унаган төрх, хэв шинж нь өөр. Гарал үүслээрээ ялгаатай. Гэхдээ Улаанбаатар хот хөрсгүй болсныг анхаарах хэрэгтэй. Дан шороо л байгаа. Ийм шороотой хот олон бий. Дэлхийн бүх том хот зөөврийн хөрс авчирч мод, зүлгээ тарьдаг. Манайх ч хар шороо авчирч мод, зүлэг, цэцэг суулгадаг болсон.
-Угаадсаа асгаж, хог хаясаар байгаад Улаанбаатарын хөрс бохирдсон гэж ярьдаг. Нийслэлийн маань хөрс аюул тарих хэмжээнд хүртэл бохирдсон уу?
-Хүнд металл, нянгийн бохирдол бий. Нарийн тоос боссон үед хүнд нөлөөлөх боломжтой. Бид хөрс идэхгүй. Тиймээс шууд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, хөрсөнд агуулагдаж байгаа зүйл хүнд шууд нөлөөлөхгүй. Түүнчлэн тухайн хөрсөнд ургаж буй ургамал авахаа л авна. Ургамал хар тугалга, мөнгөн усаар хооллохгүй шүү дээ. Хөрстэй холбоотой нэгэн ойлголтыг ярья. Хөрсөнд 30-40 үүрэг, ач холбогдол бий. Хамгийн том үүрэг нь ургамлыг тэжээж, ус чийг, дулаанаар ханган, ургах нөхцөлийг бүрдүүлэх. Тэр ургамлаар нь амьтан хооллоно. Амьтан, ургамлаар хүн хооллоно. Хуурай газрын амьдралыг авч явдаг зүйл бол маргаангүй хөрс. Үр тариа, жимс жимсгэнэ, ой мод зэрэг бүх зүйлийн амьдрах орчныг бүрдүүлдэг. Хоёр дахь үүрэг нь ариутгал, эрүүл ахуйн үүрэг. Боом, мялзан, тарваган тахал, шүлхий, галзуу зэрэг өвчнөөр үхсэн мал, амьтныг газарт булчихдаг.
Ялзарсан, илжирсэн хог новш, хоол хүнс зэрэг бүхий л муу муухайгаа газартаа булж байна. Хотын өтгөн, шингэн ч газарт шингэдэг. Талийгаачаа хүртэл газарт булна. Дэлхийд өнөөдөр 7.3 тэрбум хүн байна. Энэ бол одоогийн тоо. Тэгвэл хүн бий болсноос хойш хэчнээн нь нас барсан байх вэ. Нэг номд бичсэнээр сүүлийн 100 жилд 90 орчим тэрбум хүн амьдарч байсан гэжээ. Тэр олон хүний зарим нь дайнд үрэгдсэн, зарим нь өвчин эмгэгийн улмаас нас барсан. Тэр бүгд газарт л шингэсэн байгаа. Газрын хөрс бохирдоод бидэнд өвчин эмгэг тараахгүй, харин тэр муухай бүхнийг цэвэрлэдэг. Улаанбаатар хотод олон мянган айл ил бие засдаг газартай. Хойт уулын энгэрээр хэчнээн олон мянган хүний шарил бий. Бас бид хогоо ил задгай хаядаг. Энэ бүхнийг илааршуулж буй зүйл бол газрын хөрсний ариутгах чадвар.
-Газар нутаг цөлжөөд байгаа. Үүнийг уур амьсгалаас шалтгаалсан хөрсний өөрчлөлт гэж ойлгож болох уу?
-Цөлжилт, хуурайшилтын үйл явц дэлхийн олон оронд тохиож байна. Бидний амьдарч буй эрин бол мөстлөгийн дараах үе. Одоогоос 12 мянган жилийн өмнө мөстлөг дууссан. Одоо бол дулаарлын үе явж байна. Цаашдаа уур амьсгал улам дулаарч, бүх мөс хайлна. Уулын оройн мөс, мөнх цэвдэг хайлж дараагийн буюу Усан галавын эрин эхэлнэ. Дулаарлыг бид зогсоож чадахгүй. Дэлхийн бүх мөс хайлж дууссаны дараа далайн түвшин 70-аад метрээр дээшилнэ гэсэн судалгаа байна лээ. Гэхдээ хэзээ хайлж дуусах хугацаа нь тодорхойгүй. Далайн түвшин 70 метр дээшилсний дараа Хятадын Бээжин, Шанхай усан дор орно.
Хонконг, Сингапур живнэ. Вьетнамын ихэнх нутаг усанд автана. Харин Япон гайгүй байх юм билээ. Европ тивээс Нидерланд, Дани бүтнээрээ, Брюссель, Лондон хот байхгүй болно. Латви, Литва, Бельгийн газар нутгийн тал байхгүй болно. Оросын газар нутаг дундуураа бараг усан заагтай болно. АНУ-ын Вашингтон, Нью-Йорк, Майами хот устах талаар тэр судалгаанд дурдсан байна лээ. Хятадууд эх газар руу “Нэг зам-Нэг бүс” бодлого хэрэгжүүлэх болсон. Тэд холыг харж байна. Монгол, Казахстан, Төв болон дундад Азийн улсуудын газар нутаг усанд автахгүй. Тиймээс ирээдүйд тийш нүүж, газар нутгийг нь хуваалцах бэлтгэлээ базааж байна. Энэ бол бодит түгшүүр. Байгаль хүнд захирагдахгүй. Хятадууд хойшоо Сибирь рүү гарах боломжоо хайж байна. Монголоор дамжиж, Төв, Дундад Ази, Казахстан руу явах нь байна шүү дээ. “Нэг зам-Нэг бүс”-ийн зорилго бол энэ.
-Та Монгол Улсын үндэсний атлас хийхэд хоёуланд нь оролцсон. Үүнд юу юу багтдаг вэ?
-Эхнийхэд нь редакцын зөвлөлийн бүрэлдэхүүнд оролцож, нарийн бичгийн дарга хийсэн. Орос, монгол хэлээр хэвлэсэн. Дөрөв, таван жил зарцуулсан. Хоёр дахийг нь монголчууд дангаараа хийсэн. Үүнд нь ерөнхий редактораар ажилласан. Эхний атласыг 1990, сүүлчийнхийг нь 2009 онд хийсэн юм. Монгол орны эртний түүх, соёл, архелогийн олдворууд, байгаль орчин, газрын гадарга, уур амьсгал, ус, хөрс, ургамал, амьтан байгаль орчны бүхий л асуудал, нутаг дэвсгэрийн хуваарилалт, аймаг, сумын зураг, хүн ам, шилжилт хөдөлгөөн он оноор, эдийн засаг, мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, соёл боловсрол, гадаад харилцаа, нийгэм, улс төрийн зураг бүгд багтдаг. Монгол орныг бүхэлд нь харуулж байгаа учраас нэг хүний бүтээл байх боломжгүй. Олон байгууллага нийлж, судалж хийдэг. Үндэсний атласаа хийж чадаагүй улс орон ч байдаг. Үндэсний атлас бол зургаар харуулсан Монгол орны тайлбар толь л гэсэн үг. Хоёул шилдэг бүтээл гэж шагнал авч байлаа.
-Байгалийн шинжлэх ухааны судлаач хүний нийгмийг байр суурийг сонирхъё. Манай өнөөгийн нийгмийн дүр зураг ямаршуухан байна. Залуус төр, засагтаа ихээхэн итгэл алдарсан цаг үе үргэлжилж байна уу гэсэн бодол төрөх юм. Таны хувьд амьдарч буй нийгмээ юу гэж дүгнэх вэ?
-Бид хэд хэдэн үеийг үзлээ. Социализмын ид бүтээн байгуулалт, 1990 оны Ардчилсан хувьсгалын шилжилтийн үеийг үзлээ. Монгол Улсын нийгмийн амьдралын 60 орчим жилийн түүхийг мэдэх юм байна. Засаг, төр муу байна гэдэг чинь ард түмний асуудал. Бидний л сонгосон улстөрчид энэ улсыг удирдаж байгаа. Би хэнийг сонгочихов гэж бодох хэрэгтэй. Улс төрийн нам, эвсэл, улстөрчдийг хараахаасаа илүү өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой. Яагаад бидний сонгосон хүн олигтой ажиллаж чадахгүй байна вэ. Нам, хүчин нь дотроо хагараад, талцаж хэрэлдээд байна вэ гэдгийг бодох ёстой. Ийм байдал удаан үргэлжлэх боломжгүй. Нийгэм үүнийг тэсвэрлэж чадахгүй. Үүнийг заавал засаж л таарна. Хамгийн гол нь сонгосон хүмүүстээ буруу өгөх биш, сонгогчид өөрсдөө нийгмийн идэвхтэй баймаар байгаа юм. Боловсрол, мэдлэгээр дутмаг иргэд, мэдээллээр бага хөдөөгийн малчид зөв сонголт хийхэд хэцүү дээ.
Гэхдээ л улс төрийн идэвхтэй, өөрийн төлөө санаа зовдог байх хэрэгтэй. Сонгогчид мэдлэгтэй, боловсролтой болчихвол асуудал өөр болно. Би энэ талаас нь харж байна. Өөрсдөө сонгочихоод муулж хэрэггүй. Хүн төрүүлсэн хүүхдээ хараагаад байдаггүй биз дээ. Энэ бол бидэнд, ард түмэнд том сургамж болж байна. Нүдээ нээ, улс чинь болохгүй байна, улстөрчдийн эрх мэдэл хэтрээд байна. Эрх мэдэл нь хэтэрсэн улстөрчид мөнгөний төлөөх тулалдаан хийж байна. Ард түмэн, улс орноо боддог нь цөөн байна. Энэ бол удаан үргэлжлэх ёсгүй зүйл. Заавал засаж залруулах ёстой. Гэхдээ засах гэж байна гээд нэг хүний дарангуйллын засаглал тогтоож болохгүй. Гитлер, Наполеоны түүхийг хар. Чили, Венесуэлийг хар. Бүгд л нэг хүний дарангуйллыг дамжсан. Бид дарангуйлагч нийгэмд амьдарч үзсэн. Манайх гуравхан сая хүнтэй, Хятадын нэг тосгон шиг л улс. Ийм жижиг улсын иргэд хоорондоо эвдрэлцээд байвал гарз хохирол ихтэй. 300, үгүй ядаж 30 сая хүнтэй бол яая гэх вэ. Хажуудах хоёр хөрш маань олон сая хүнтэй. Бид эвтэй л байхгүй бол тун аюултай. Тусгаар тогтнолоо алдах том аюул бий.
Буруутгаж харааж зүхэх шиг амархан зүйл байхгүй. Сонгогчид маань л ухаантай байгаасай гэж боддог. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүнээ бид сонгодог. Сонголтоо зөв хийх хэрэгтэй. Өнөөгийн нийгэмд ардчиллын зарчим алдагдсан зүйл бий. Шүүхийн байгууллагын удирдлагыг томилдог нь буруу. Сонгодог байвал дээр. Эрх мэдлийн хуваарийг зөв хийх хэрэгтэй. УИХ-ын гишүүн “Давхар дээл”-тэй байж ерөөсөө болохгүй. УИХ бие даасан хууль тогтоох байгууллага. Харин Засгийн газар хэрэгжүүлэгч нь. Шал өөр үүрэг зорилготой. Гэтэл хоорондоо хутгалдчихлаа. УИХ-ын гишүүн нь сайд болж байна. Тэгэхээр алийг нь хийх вэ. Ингээд эрх мэдэл нь хэтрээд байна. Иймэрхүү зүйлээ зохицуулчихвал гайгүй дээ. Одоо бол засаг, төрийн хямрал болчихоод байгаа нь үнэн. Үүнийг давж туулах оюун ухааны чадал бий юү гэвэл байгаа. Монголчууд үүнээс ч илүү хүнд бэрхийг туулж ирсэн. 400-500 мянган хүн амтай байхдаа амаргүй бэрхийг даваад, гараад ирсэн. 1921 оны хувьсгал, 1939 оны байдалдаан, улс төрийн хэлмэгдүүлэлт гээд түүхийн олон нугачаа давжээ. Одоо хүн ам тэр үеийнхээс зургаа дахин өссөн байна. Мэдлэг, чадвар нь дээшилсэн, боловсорсон байна. Одоо хоорондоо л эвтэй байх хэрэгтэй. Буруу зүйлд турхирсан хүний үгэнд орохгүйгээр өөрийн бодолтой байх ёстой.