Монгол Улс мөнгө угаах эрсдэлтэй орны тоонд багтаж, ФАТФ-ын (Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага) хар, саарал жагсаалтад орохоор байсан. Манай улсын холбогдох байгууллагуудад ФАТФ-аас чиглэл өгч, засаж сайжруулах арга хэмжээ авах хугацаа нь өнгөрсөн сард дууссан юм. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзоригтой мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар ажил, арга хэмжээ авч буй талаар ярилцлаа.
-Манай улсын санхүүгийн салбарт мөнгө угаах эрсдэл хэр байна гэж өдгөө үзэж байгаа вэ?
-2016 онтой харьцуулахад эрсдэл эрс буурч байгаа гэж үзэж болохоор байна. Хууль зүйн болоод зохион байгуулалтын хувьд санхүүгийн салбарт мөнгө угаах эрсдэл буурах бүх талын нөхцөл бүрдсэн.
-Олон улсын байгууллага мөнгө угаах гэмт хэрэг гарч байна гэж үзээд манай улсыг хар, саарал жагсаалтад оруулсан. Цагдаагийн байгууллага нь илрүүлээд шүүх прокурорт шилжүүлсэн энэ төрлийн хэргийг шийдэхгүй байгаа нь уг жагсаалтад орох нэг үзүүлэлт болсон гэж үзэж болохоор байгаа. Хуульч хүний хувьд танд энэ асуултыг тавьж байна л даа. Энэ төрлийн хэргийг шүүх яагаад шийдэхгүй байна вэ. Шүүхээр шийдэхгүй байгаа нь дээрх жагсаалтад ороход нөлөөлсөн гэж үзэж болох уу?
-Шүүх зөвхөн баталсан хуулийн хүрээнд ажилладаг. Олон улсын хэмжээнд мөнгө угаах гэж үздэг үйлдлийг манай хуулиар зохицуулаагүйгээс шалтгаалан гэмт хэрэгтнүүд хариуцлагаас мултрах боломж бий болсныг залруулж шинээр баталсан Эрүүгийн хуульд тусгасан. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд суурь гэмт хэргүүдийг хамруулж, ойр ойрхон гаргасан, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль гэх мэт олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг. Хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо, гэрч, хохирогч буюу шүгэл үлээгчийн хамгаалах ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажлын үр дүнг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох гэсэн олон өөрчлөлт орсон. Зөрчлийн хуулиар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон зэрэг ололт гарсан. Одоо үүнийгээ бэрхшээл бус боломж гэж хараад ажиллах л шаардлагатай байна даа.
-Улстөрчид, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд банк санхүүгийн байгууллагаар их хэмжээний гүйлгээ хийлгэх тохиолдолд ямар нэг байдлаар мэдээлэх үүрэг хүлээсэн биз дээ?
-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.9.1-д улс төрд нөлөө бүхий этгээдийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил тооцохоор хуульчилсан. Тийм болохоор улстөрчид, эрх мэдэлтэй албан тушаалтнууд санхүүгийн байгууллагын ажилтнуудтай хүндэтгэлтэй, соёлтой харилцаж байхыг зөвлөж байна. Тэд хуулиар хүлээсэн үүргээ л биелүүлэн ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Тэдэнд уурлах шалтгаан байхгүй гэдгийг хэлье.
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас улстөрчид зээл нэрээр их хэмжээний мөнгө авчихаад хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээ “тэтгэсэн” нь мөнгө угаах нэг хэлбэр гэж үзэж болохоор байгаа гэж иргэд хардах болсон. Тэгж үзэх үндэслэл бий юү?
-Тэгэхээр мөнгө угаах гэсэн тодорхойлолтоо үзье. Мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсвэл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг хэлдэг. Тэгэхээр эхлээд энэ нь гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг тогтоох шаардлагатай. Үүний дараа л мөнгө угаах гэсэн асуудлыг хууль зүйн хувьд авч үзнэ.
-ББСБ-ууд дээрх сангаас мөнгө авч хөрөнгөө нэмэгдүүлсэн байж болзошгүй гэж зарим хүн үзэж байна.
-Банк бус санхүүгийн байгууллага ямар нэгэн зээлийн эх үүсвэрээр дүрмийн сангаа нэмэгдүүлэхийг хууль, тогтоомжоор зөвшөөрөөгүй. Тийм болохоор сангаас мөнгө зээлээд дүрмийн сангаа нэмэгдүүлэх боломжгүй.
-Эрх мэдэл, албан тушаалаа урвуулж төсвийн хөрөнгөөр хамаарал бүхий хүмүүсийнхээ хуучин, ашиглаж байсан техник, тоног төхөөрөмжийг улсад авч буй нь мөнгө угааж байгаа гэмт хэрэг мөн биз дээ?
-Энэ үйлдэл нь авлигын гэмт хэрэг. Ийм аргаар буюу гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө хууль ёсны болгож хувиргах үйлдэл хийсэн бол мөнгө угаах гэмт хэргээр давхар шийтгүүлнэ. Ер нь ямар ч гэмт хэрэгт санхүүгийн ул мөр үлддэг. Гэмт хэрэгтнүүд хэрэг үйлдэж олсон мөнгөө үрэхгүй хадгалаад байж нэг их удаан тэсэхгүй л дээ. Үрээд эхлэх юм бол баригдана. Тийм учраас бохир мөнгөө угааж цэвэршүүлэх шаардлага гардаг. Иргэдэд сануулахад буруу аргаар, гэмт хэрэг, авлига, хээл хахуулийн аргаар олсон байж магадгүй зүйлийг худалдан авах, санхүүгийн байгууллагад өмнөөс нь гүйлгээ хийх зэрэг үйлдэлд татагдан оролцвол ял шийтгүүлэх, торны цаана суух аюултай шүү.
-Авлигын мөнгө гэж яаж таних вэ?
-Хамгийн энгийн арга. Тэр хүний хийдэг ажил авдаг цалин, түүний болон гэр бүлийнхнийх нь хэрэглээ хоёр нь эрс ялгаатай байна. Хараад мэдэгдэнэ дээ. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль нь өөрөө энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх гол үүрэгтэй.
-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээлэх үүрэгтэй этгээдүүд гэж бий. Тэд үүргээ хэр биелүүлж байна вэ?
-Банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, харилцагчийн нэрийн өмнөөс үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, чулууны, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч, нотариатч, хуульч, нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нар хуулийн дагуу тодорхой гүйлгээний талаарх мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх үүрэгтэй. 2018 оны III улирлын байдлаар СЗХ-ны зохицуулалтын байгууллагууд Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх мэдээлэл 2017 оны мөн үетэй харьцуулахад гурав, гадаад төлбөр тооцооны тухай мэдээлэл хоёр дахин нэмэгдсэн бол бэлэн мөнгөний гүйлгээний талаарх мэдээлэл бараг 4000 орчмоор өссөн. Эдгээр тоон үзүүлэлтээс мэдээлэх үүрэгтэй этгээдүүд үүргээ хэрхэн биелүүлж байгааг харж болно.
-СЗХ хороо мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байгаа бол?
-СЗХ хэд хэдэн зүйлд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Нэгдүгээрт, манай зохицуулалтын байгууллагаар гадаад, дотоодын иргэн, байгууллага, хуулийн этгээд үйлчилгээ авдаг. Тэд үйлчилгээ авахдаа санхүүгийн байгууллагаас хуулийн дагуу шаардсан мэдээллийг гаргаж өгөхгүй загнах, хэл амаар доромжлох гэх мэт авир гаргадаг л даа. Иймд тэдэнд зориулсан хууль сурталчлах ажлыг эрчимжүүлж байна. Хоёрдугаарт, зохицуулалтын байгууллагын ажилтнууд харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй гүйлгээг мэдээлэх зэрэг мөнгө угаах боломжийг хаахад чиглэсэн үйл ажиллагааны талаар мэдлэг сул байв. Сүүлийн хоёр жил сургалт эрчимтэй зохион явуулж, хөтөлбөр, гарын авлагатай боллоо. Мэргэжлийн холбоод энэ чиглэлээр сургалт явуулах боломж бүрэн бүрдсэн.
Гуравдугаарт, хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлэхээс гадна эрсдэлд суурилсан хяналт шалгалтад шилжих алхмыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Ингэснээр бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаа явуулж байхад нь шалгах, дуудах зэрэг асуудал эрс багасна. Энэ чиглэлээр журмаа батлан, эрсдэлийн үнэлгээг бүх салбартаа хийчихлээ. Зайнаас хяналт хийх программ хангамж боловсруулах ажил эхэлж байна. Эцэст нь, санхүүгийн салбарын комплаенсыг шинэ шатанд гаргах шаардлага байгаа нь эрсдэлийн үнэлгээ, шалгалт хийх, сургалт зохион байгуулах явцад харагдсан. Энэ чиглэлээр бид мэргэжлийн таван холбоотой хамтран ойлголтоо нэгтгэн “Санхүүгийн салбарын комплаенс-2018” форумыг зохион байгуулах гэж байна. Санхүүгийн салбарт комплаенс сайжирснаар банк санхүүгийн байгууллагуудын эрсдэлийн түвшин буурч улмаар комплаенсынх нь зардал буурах сайн талтай. Мэдээж мөнгө угаах болон терроризмыг санхүүлэхтэй тэмцэх ажил цоо шинэ шатанд гарах юм. Түүнчлэн компанийн засаглал, ёс зүй гэх мэт олон асуудлыг нэг мөр шийдэх боломж бүрдэнэ.
-Валют арилжааны цэгүүдэд мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавьдаг уу?
-Хуулийн дагуу хяналт тавьж ажилладаг. Банкаар үйлчлүүлэх иргэд иргэний үнэмлэхээ үзүүлэхэд төвөгшөөж хүндрэл учруулж байсан нь саяхан. Валют арилжааны цэгээс валют солихдоо иргэний бичиг баримтаа үзүүлэх хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлж эхэлсэн. Иргэдэд энэ чиглэлийн мэдээлэл хүргэх, банк бус санхүүгийн байгууллагуудад шаардлага, зөвлөмж хүргүүлэх ажил хийж байна.
-Банкнаас бусад салбарт харилцагч сэжигтэй гүйлгээг мэдээлэх эрх зүйн орчин бүрдсэн үү?
-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ хуулиар эрх зүйн орчин сайжирсан.