Эрх баригч намын дотоод хагарал төрийн ажлыг гацааж, улс орныг хямрал, тогтворгүй байдалд хөтөлж буйн тод илэрхийлэл нь өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан тойрсон үйл явдлуудаас тод харагдлаа. Нэгдсэн чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралдах хуультай ч өчигдөр үйл ажиллагаа нь тасалдав. Үдээс өмнөх хуралдааны ирц бүрдэж, эхэлсэн ч хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахаас өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ-ын Ёс зүйн дэд хороог хуралдуулах хэд хэдэн шаардлага үүссэн. ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон УИХ, Засгийн газрын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг авч хэлэлцэнэ үү гэсэн хүсэлт, шаардлага, өргөдөл, мэдэгдэл иргэд, төрийн бус байгууллагууд, УИХ-ын гишүүдээс Ёс зүйн дэд хороонд ирсээр байна. Бид прокурорын байгууллага руу албан бичиг илгээж, холбогдох хариуг хүлээн авсан.
Иймд дээрх асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэх шаардлага байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр ашиг сонирхлын зөрчил үүсэх тул нэр холбогдсон гишүүдийг санал хураалтад оролцуулах, эсэхээр шийдвэр гаргана уу гэдэг шаардлагыг УИХ-ын 27 гишүүн мөн ирүүлсэн. Эдгээр асуудлыг хэлэлцэх шаардлагатай учир Ёс зүйн дэд хороог хуралдуулах зайлшгүй нөхцөл үүсээд байна. Ёс зүйн дэд хороог хуралдтал чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж өгнө үү” гэв. Түүнийг саналаа хэлэнгүүт УИХ-ын дарга М.Энхболд “Ёс зүйн дэд хорооны дарга санал гаргаж байна. Тиймээс дэд хороо хуралдаж дуустал чуулганыг түр завсарлуулъя” хэмээн алхаа цохисноор үдээс өмнөх хуралдаан хэлэлцэх асуудлуудаа зарлаж ч амжилгүй өндөрлөлөө.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “ЗАСГИЙН ГАЗРЫГ ХАМГААЛБАЛ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛНА” ГЭЖ ГИШҮҮДИЙГ ДАРАМТАЛЖ БАЙНА
Үүнийг гишүүд “УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбум”-ын асуудлыг хэлэлцэх хурлыг хойшлуулдаг мөртлөө ЖДҮХС-гийн асуудлаар улс төр хийхийн тулд Ёс зүйн дэд хороог хуралдуулах гэлээ” хэмээн шүүмжилсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Монголын парламентын 27 жилийн түүхэнд болж байгаагүй үйл явдал боллоо. УИХ-ын дарга хэлэлцэх асуудлаа ч танилцуулаагүй байж өчигдөр хуралдсан Ёс зүйн дэд хорооны шийдвэр болох “Нэр бүхий УИХ-ын гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй” гэх шалтгааныг хэлээд, хурлаа хаяж гарлаа. Хуулиар УИХ-ын дарга бол хурал даргалагч. УИХ бол М.Энхболд гэдэг хүн биш. Би энэ оны наймдугаар сарын 1-нд Ёс зүйн хорооны дарга С.Бямбацогтод “М.Энхболд “60 тэрбум”-ын асуудалтай холбогдсон байна. Үүнийг Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлж өгөөч” гэсэн албан бичиг хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл үүнд хариу өгөөгүй хэрнээ өчигдөр яригдсан асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдах гэж байна. Монгол Улсын парламент хуулийн дагуу биш, хувь хүнд тохируулан ажиллаж байгааг эндээс харж болно. МАНАН гэх бүлэглэл нурах гээд байгаа учраас хууль хяналтын байгууллага М.Энхболдыг хамгаалахаар бөөнөөрөө ажиллаж эхэллээ. УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчлах ажиллагаа явуулж байна. Гишүүдийг дуудаж уулзаад “Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулна” гэсэн. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. ҮХЦ их суудлынхаа хуралдааныг яаралтай зарлаж, энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Үгүй бол Цэц өөрөө Үндсэн хуулиа дагахгүй байгаа нөхцөл байдал үүсэж байна” гэв.
ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ИРЦ БҮРДСЭНГҮЙ
Ингээд УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэхээр болсон ч ирц бүрдсэнгүй. Засгийн газрыг огцруулна гэсэн М.Энхболдын тал, огцруулахгүй гэсэн У.Хүрэлсүхийн талын саналын тоо тэнцээд байгаа бөгөөд хоёр тал өөртөө давуу байдал бий болгохоор дайтаж буй нь энэ гэж уншигдаж буй юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 27-гийн дундаас Н.Оюундарь, Б.Ундармаа, Б.Саранчимэг нарын гишүүн ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон ч У.Хүрэлсүхийг хамгаалж буй талд үүнээс хавьгүй олон хүн байгаа. Тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг үндэслэлээр, Засгийн газрыг огцруулах, эсэх асуудлыг хэлэлцэхэд санал өгөх боломжгүй болгож чадвал М.Энхболдод давуу тал үүсэх учраас ийн улайрч буй хэрэг.
Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт “Өнөөдрийн хуралдаанаас ямар нэгэн дүгнэлт гаргахгүй, ёс зүйн арга хэмжээ авахгүй. Харин ашиг сонирхлын зөрчил байгаа, эсэх, байвал яаж шийдэх вэ гэдэгт хариулт өгнө” гэсэн “зөөлөн” тайлбар хийсэн ч ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзвэл тухайн гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байх зохицуулалт УИХ-ын дэгийн тухай хуульд бий. Өөрөөр хэлбэл, Ёс зүйн дэд хорооноос гишүүдийг санал өгүүлэхгүй гэсэн шийдвэр гаргахгүй ч, ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн дүгнэвэл нэр бүхий гишүүдийг хуралд оролцохгүй байхаас аргагүй байдалд оруулах юм.
“УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД АЛГА БОЛЛОО”
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагт эхлэх товтой байсан ч хуралдсангүй. У.Хүрэлсүхийн талынхан “Чуулганы ирц бүрдсэн ч УИХ-ын дарга М.Энхболд чуулганы танхимд орж ирэхгүй байна. УИХ-ын дарга алга боллоо” гэсэн мэдэгдэл хийж, УИХ-ын дэд дарга хурлыг удирдаж, чуулганыг эхлүүлэхийг шаардаж байв. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Төрийн ордонд УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх учиртай. Гэтэл УИХ-ын үйл ажиллагаа саатаад байна. Өглөөнөөс хойш чуулган хуралдсангүй. Ёс зүйн дэд хороо 20 хоногийн өмнө материалаа гишүүдэд танилцуулж байж хуралдах хуультай. Гэтэл өнөөдөр гэнэт Ёс зүйн дэд хороог хуралдуулах тов зарласан. Үүнээс болж ажил гацаад байна. УИХ-ын чуулганы танхимд 66.7 хувийн ирцтэй байхад хуралдааныг эхлүүлэхгүй байгаа нь УИХ-ын болон Дэгийн тухай хуулийг зөрчиж байна. Өглөө УИХ-ын дарга гишүүдийн саналыг авахгүйгээр танхимаас гарч, хуралдаан хаясан шалтгаанаа тайлбарлалгүй алга болсон. УИХ-ын дэд дарга нар мөн эзгүй байна. Үүнийг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” хэмээсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-ын гишүүдийн ирц 60 хувьтай болсон. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд хуралдаанаа хаяад зугтаад алга болчихлоо. Үдээс өмнө Ёс зүйн дэд хороог хуралдуулах шийдвэрийг хууль зөрчиж гаргачихаад явсан. Хаана байгааг нь мэдэхгүй. Хуралдаанаа эхлүүлмээр байна. Манай бүлгийн зарим нөхөр М.Энхболдыг хамгаалаад яваа сурагтай. Бүлгийн дарга маань М.Энхболдтой нэгдчихсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийг хулгайлсан том бүлэглэл Засгийн газар руу дайрч буй юм. Би Засгийн газартай хариуцлага тооцохыг буруу гэж үзэхгүй байгаа. Гэхдээ том хулгайч нар нийлээд, ЖДҮХС нэрээр Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж байгаад дургүй хүрч байна. МАН-ын хагарлаас болж УИХ-ын чуулганы хуралдаан гацаж, төр хямраад байна” гэлээ.
“УИХ-ЫН ДАРГА АЛГА БОЛООГҮЙ, ХАРИН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДСАН” ГЭВ
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарын бичгийн дарга Ц.Цолмон 16.40 цагийн үед хэвлэлийн хурал зарлав. Тэрбээр “УИХ-ын дарга алга болоогүй, өрөөндөө байгаа. УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явж буй. Ёс зүйн дэд хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилнэ. Ёс зүйн дэд хорооны хурлын ирц бүрдэхгүй байна. УИХ-ын дарга М.Энхболд тус дэд хороонд өглөө картаа хийж, ирцээ бүртгүүлсэн” гэлээ.
Энэ үеэр УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх Р.Болд УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбогдуулж Ерөнхий прокурор, ТЕГ, АТГ, ЦЕГ-т хандсан талаар мэдэгдэв. УИХ-ын албан бичигт “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ МАНАН нурах гээд байгаа учраас хууль хяналтын байгууллагууд М.Энхболдыг хамгаалахаар бөөнөөрөө ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчилж, гишүүдийг дуудан “Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулна” хэмээн дарамталсан гэсэн утга бүхий мэдэгдэл хийлээ. Дээрх мэдэгдэл үнэн, эсэхийг шалгаж, хариу ирүүлнэ үү. Мөн олон нийтэд илтэд буруу мэдээлэл хүрсэн бол залруулж, албан ёсны мэдэгдэл хийн, байр сууриа илэрхийлнэ үү” хэмээжээ.
АТГ ЯАРАЛТАЙ ХУРАЛ ЗАРЛАЛАА
17.00 цагийн үед АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хэвлэлийн хурал хийж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын талаар ташаа мэдээлэл өглөө хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Манай байгууллага М.Энхболдын эрх мэдэлд очсон, гишүүдийн гэр бүлд халдсан юм байхгүй. Улс төрийн өндөр албан тушаалтнуудыг ашиглаж ЖДҮХС-гаас зээл авсан байх магадлалтай иргэдийг шалгаж буй. Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй хамаатай хүмүүс ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар байцаагдаж байгаа. Бид хуулийн дагуу ажлаа хийж байна. Ямар нэгэн улс төрийн нөлөөлөл ороогүй. Байцаагдаж буй иргэний ар гэрт ямар нэгэн шахалт дарамт үзүүлээгүй. Улстөрчдийн нөлөөллөөр хэн нэгнийг барьж, хорьсон зүйл байхгүй. Тиймээс цаашид улс төрийн зорилготой явуургүй үйл ажиллагаандаа АТГ-ын нэрийг ашиглаж, бидний ажлыг олон нийтэд сөргөөр харуулахгүй байхыг шаардаж байна” гэлээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “АТГ УИХ-ын дарга М.Энхболдын заавраар хөдөлдөг, хувийн компани шиг нь болсон гэдэг нь дээрх мэдэгдлээр нотлогдлоо. Би болон надтай хамаарал бүхий хүн ЖДҮХС-гаас зээл аваагүй. Би нэг ч хүнийг дэмжээч гэсэн бичиг явуулаагүй. Миний хэлсэн үнэн. УИХ-ын гишүүдийг тэд сүрдүүлж, дарамталж байгаа” хэмээн сэтгүүлчдэд хандав. Ийнхүү талууд ээлжлэн хэвлэлийн хурал зарлаж, хэрэлдсээр өдрийн барав.