Шведийн Вант Улсаас Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татаж, оронд нь туршлагатай дипломатч гэгддэг О.Энхцэцэгийг томилоод жил гаруй болж буй. Тэгвэл тус улс Элчин сайд О.Энхцэцэгийг 14 хоногийн дотор Шведийн Вант Улсын нутаг дэвсгэрээс гарахыг шаардсан талаар эх сурвалж мэдээлэв. Тэрбээр гэр бүлийн гишүүд болон үйлчлэгчийнхээ оршин суух эрхийг тус улсаас хүсэхдээ тухайн орны хууль, дипломат ёс жаягийг үл хүндэтгэн, жуулчны ангиллын визээр авчирсан талаар эх сурвалжид дурдсан байна. Энэ тухай болон цаг үеийн зарим асуудлыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа.
-Элчин сайд О.Энхцэцэгтэй холбоотой тодорхой мэдээлэл танд байна уу?
-Энэ сарын 9-нд Элчин сайд О.Энхцэцэг ар гэрийн шалтгаанаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
-Гэр бүлийнхнээ аваачихдаа хуурамч материал бүрдүүлж, хууль зөрчсөн гэсэн мэдээлэл байна.
-Тэдгээр мэдээлэлтэй одоо танилцъя. Элчин сайд хүн гэр бүлтэйгээ л нөгөө улсдаа очиж ажиллана шүү дээ. Өргөдлийг нь зохих байгууллагад тавина. Харин та бүхэн наад мэдээллээ гаргасан эх сурвалжаас нь асуу.
-Нүүрсний тээврийн урт цувааг арилгах чиглэлд урд хөрштэй ямар яриа, хэлэлцээ хийж байна вэ?
-Бид энэ талаар байнга асуудал тавин, ажиллаж байгаа. Боомтдоо системийн өөрчлөлт хийж байгаа юм билээ. Ойрын үед хэвийн болгохоор ажиллаж байна.
-“Туркийн тагнуулын байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн хулгайлахыг завдахад Засгийн газар тодорхой алхам хийгээгүй” хэмээн нэр бүхий гишүүд үзэж буй. Гадаад харилцааны сайдын хувьд юу хэлэх вэ?
-Турктэй холбоотой асуудлаар тухайн үед Элчин сайдыг нь дуудуулсан. Эзгүй байсан тул түр хамаарагчийг нь дуудаж уулзан, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг зөрчсөн байвал бид хатуу хариуцлага тооцохоо хэлсэн. Үүний дагуу мэдэгдэл ч гаргасан. Тэр ч байтугай тухайн онгоцыг нөхцөл байдал тодорхой болтол саатуулах санал тавина гэдгээ мэдэгдэлдээ дурдсан.
-Манай тагнуулынхан тухайн үйл ажиллагаанд урьдчилан тохиролцсоны үндсэн дээр оролцсон гэж хардаад байгаа шүү дээ.
-Монгол Улс олон улсын аливаа арга хэмжээнд оролцож байгаа бол Гадаад харилцааны сайд зөвшөөрөл өгдөг. Энгийн тунхаг бичигт гарын үсэг зурахад ч Гадаад харилцааны яам мандат олгодог. Надад тийм асуудал огт тавиагүй. Өөрөөр хэлбэл, Монголын төрийг төлөөлж дээрх асуудлаар гаднын талтай харилцсан явдал Засгийн газрын түвшинд байхгүй.
-Туркийн талаас манайд хандсан уу?
-Бид байнга ярьж байгаа. Нөгөө талаас тавьж байгаа асуудлууд бий. Хууль, хяналтын байгууллагуудын хүрээнд шийдэх ёстой. Хэдэн удаа яаж харилцсан талаар энд ярихгүй. Хоёр орны харилцааны асуудал.
Бэлтгэсэн: Б.Уран