Ардын дууны аргыг олсон дуучин
Дөмөн дөмгөрхөн гишгэдэлтэй
Бараан нүдтэй шарга морь минь
Түмэн агтын түрүүнд зээ
Дүүхэлзэн дүүхэлзсээр ирлээ
Хахир хатуу газраар
Нутаглан сууж чадна
Харь элгийн чамтайгаа
Ханилан сууж чадна...
Дунд сургуулийн төгсөх ангийн сурагч Б.Алтанжаргал Баян бараатын “Дөмөн” хэмээн халх даяар түгсэн энэхүү боржигон уртын дуугаар алдарт дуучин Лхамжав гуайн нэрэмжит уралдаанд оролцоод, Ц.Дэлгэр багштайгаа уулзан танилцаж СУИС-д уригдсан түүхтэй.
Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат тэрбээр нутаг уснаас нь төрөн гарсан нэрт дуучин Төмөр агсны дуулахыг сонсох дуртай, “Төмөр гуай, та “Гоолингоо”-гоо нэг аялаач” гээд захиалга хүртэл өгчихдөг ойр дотно байсны хувьд Баян бараатын “Дөмөн”-г нь өнөө цагт өвлөн уламжлуулах хувьтай байж.
“Дөмөн хонгор аялгуу” нэртэй анхны бие даасан тоглолтынхоо тайзнаас тэрбээр энэхүү дууг баян бараатынхны онцлог бүхий нугалаа, цохилго, донж маягаар дуулахыг сонсох нь ээ танхимд суугаа 1000 гаруй хүн аядуу намуухан аялгуу эгшгийн өлгийд бүүвэйлэгдэн байх шиг санагдав.
Зургаан минут гаруй хугацаа гэдэг нэг дуу сонсоод суухад “залхуутай” урт мэт боловч хөдөө талдаа саруулхан шөнө тооноороо тэнгэрийн оддыг тоолонхон нойрсдог бага насандаа очоод, аав, ээжийнхээ хайр энхрийллээс өөр хүсэх зүйлгүй, тэднийхээ зэмлэлээс өөр эмээх юмгүй гэгээн ертөнцөө нэхэн санагалзаж суухад дэндүү ахархан цаг мөч ажээ.
Амьдралын үнэний дундаас төрөн гардаг ардын сайхан дуунд автаад, 17 настайдаа эцэг, эхийнхээ ятгалгаар урьд нь огт уулзаж байгаагүй “харь элгийн хүн” аавтай минь ханилан нэгэн насыг элээсэн ээжийнхээ ухаан, тэвчээрийг хүртэл анх удаа эргэцүүлэн бодоход хүрэв.
“Амьдрал баян” гэж хүмүүс зүгээр ч нэг хэлдэггүй биз. 2006 онд СУИС-ийг дуучин Д.Отгонжаргал, Д.Жавхаасайхан нартай хамт уртын дуучин мэргэжлээр төгссөн Б.Алтанжаргал мэргэжлээрээ шууд ажиллаж чадаагүй гэдэг. Учир нь дунд сургуульд байхаасаа л морин тойруулгад хичээллэж ирсэн тэрбээр их сургууль төгссөн хавраа циркийн морин шоунд тоглох санал авч, зуны гурван сар ажиллаад тэндээсээ циркчин болоотохож. Ингээд Тайваньд гурван жил шахам морин циркийн жүжигчнээр ажиллаж байтал ээж нь хүндээр өвдсөн тул асарч сувилахаар 2008 онд буцан иржээ. Тэрбээр багаасаа хурдан морь унадаг байсан тул сонирхлоороо морин тойруулгын клубт хичээллэдэг байж.
“Ээж минь Бээжинд бөөр солиулах хагалгаанд орсон тул хажууд нь заавал нэг хүн байж асрах хэрэгтэй болсон юм. Намайг ирэхэд манайх Багануурт нүүж ирсэн байсан. Ингээд жил орчим дуугаа ч, циркээ ч орхиод тэнд амьдрахдаа Багануурын уурхайд харуулаар ажилд орлоо.
Дараа нь жолоочоор ажиллаад, одоо бол би Монголд ганцхан байдаг экскаваторын оператор. Урлагаас хэсэг хөндийрсөн тухайн цаг үед зурагт үзэхээр хааяа шар хөдлөөд, уран бүтээл хиймээр санагддаг байлаа. “Ер нь би яагаад ингэж яваа билээ” гэж ч бодогддог байсан” хэмээгээд тэрбээр тэгш цагаан шүдээ яралзуулан инээмсэглэв.
Одоо бол тэр уурхайчин гэдгээрээ харин ч бахархдаг гэнэ билээ. Амьдралын ямар ч үед түүний дуулахыг, уран бүтээлээ хийхийг нь ямагт дэмжиж ирсэн хүмүүс бол эхнэр, эмээ хоёр нь аж.
“Өвлүүлж үлдээсэн авьяас билгийг тань
Өнөд тэтгэн гялалзуулж
Төгөлдөр ариун хайрыг тань дурсаж
Дуун суварга босголоо ижий, аав хоёр минь” хэмээн тэрбээр өнгөрсөн жил гаргасан “Төгөлдөр зургаан маа” нэртэй хоёр дахь цомгийнхоо эхэнд онцолсон байдаг. Дүүриймаа, Алигэрмаа, Хандармаа, Сүнжидмаа, Хоожиймаа, Гавалмаа гэсэн ардын дууны зургаан сайхан бүсгүйгээр нэрлэсэн эл цомог худалдаанд гарсан даруйдаа хаа сайгүй эрэлттэй байсныг мэдэх юм. Орчин цагийн Монголын дууны урлагт Б.Алтанжаргалын өөрийгөө дархлан таниулсан эхний бүтээл нь “Дүүриймаа” гэдгийг шүтэн бишрэгчид нь андахгүй. “Алтанжаргалын “Дүүриймаа”-г сонсоод ардын дуугаар өвчилчихсөн” гэх хүнтэй ч таарч байв.
Хадтай юу сүмбэр ууланд нь болбол доо хө
Ай Дүүриймаа минь ээ
Харцага шувуу нь жиргээд байна аа хө
Хавар намрын зургаахан сард нь хө
Ай Дүүриймаа минь ээ
Хайрын маань сэтгэл гэдэг нь хөвөлзөөд байна аа хө... хэмээх дууг сонсоогүй монгол хүн ховор биз ээ. Гэхдээ “Дүүриймаа”-г түүний дуулснаар сонсоогүй бол энэ дуу-
ны цаана ямархан хайрын сэтгэл, ямархан нэгэн эмзэглэл нуугдаж буйг гүйцэд мэдрэхгүй өнгөрч мэднэ. "Зүү ороож оёсон уран хатгамал шиг яруу тансаг урлаж дуулдаг дуучин бол Б.Алтанжаргал. Ардын дууны арга ухааныг олж, учир утгыг нь мэдэрч, ойлгож байж хүнд хүргэнэ гэдэг маш чухал. Тийм авьяас, тийм сэтгэл, тийм хөдөлмөрч чанар хүн болгонд ч заяагаад байдаг юм биш. Олон зууныг өртөөлж ирсэн монгол ардын дууг өөр өөрсдийн арга барил, өнгө донж, хэв маягаар дуулж өнөө цагт өвлүүлсэн Ичинхорлоо, Хандсүрэн, Түмэндэмбэрэл, Цогзолмаа, Лувсангомбо, Цэрэнжав, Цэрэндэндэв гуайн орыг залгаж гарч
ирсэн залуу дуучныхаа цаашдын замд илүү их амжилт хүсье” хэмээн урлаг судлаач Ч.Буянхишиг түүний тоглолтын тайзан дээрээс онцолсон нь ийм л учиртай.
“Дүүриймаа” нь XIX зууны сүүлчийн хагаст гарсан, халх түмний гоц сайхан аялгуутай, сонгодог дууны нэг бөгөөд төв нутгаар нэлээд дэлгэрч түгээмэл дуулж ирсэн. Энэ дууны аялгуунд боржигон болоод Баян бараат ая дангийн аль алиных нь онцлог шингэсэн гэдэг мэдээллийг түүний тоглолтын танилцуулгаас олж үзэв. “Дөмөн хонгор аялгуу” тоглолтод дуулсан ардын богино болон уртын 22 дууны үгийг хэвлэсэн бяцхан “сурах бичиг”-ийг үүдээр оруут үзэгч болгондоо бэлэглэсэн нь үнэхээр л бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддагийг нь илэрхийлэх мэт. Энд тэнд ардын дуу аялахаараа хоёр бадгаас илүү хэтэрдэггүй бидэн шиг хүмүүст дууны бүтэн үг цээжлэхэд, түүх домгийг нь мэдээд авахад үүн шиг хэрэгтэй юм хаана байх билээ.
Эгэл энгийн, байгаагаараа, үнэнээрээ оршихуйн үнэ цэн түүний тоглолтын юухнаас ч мэдрэгдэж байв. Үүдээр оруут айргийн үнэр сэнхийгээд, энгэрээ задгайлж, хөлс нь бурзайсан харваас хөдөөний байрын нүдэнд дулаахан эр “Айраг уугаад, ийшээ ороорой” хэмээн замчлахыг харахад нутгийн ах нар шиг дотно сайхан аж. Тоглолтод оролцсон уран бүтээлчдэд цэцэг гардуулахаар тайзан дээр гарч ирсэн хүүхнүүд ч хөдөөнийх гэдэг нь алхаа гишгээнээсээ шууд “уншигдаж” байгаа юм. Гэхдээ энэ нь агуулгатайгаа харин ч илүү наалдаж, сэтгэлд бууж байсныг хэлэх нь зүйтэй. “Анхны тоглолтоо хийх мөрөөдөл минь биелж байгаа ч сандралаа бүрэн дарж чадахгүй л байна. Би уран цэцэн ярихдаа угийн их маруухан. Бодолгүй, болгоомжгүй юм ярьж, үгэн дээр онохоосоо алдах нь их байсан. Сүүлийн жилүүдэд харин ардын дууныхаа үгийг ахин дахин бодож тунгааж, эргэцүүлсээр байгаад үг хэл маань арай цэгцэрч байна” гээд тоглолтын эхэнд тайзан дээр гэрэвшингүй инээмсэглэн зогсох дуучин хархүүг үзэгч түмэн алга тосон халуун дотно сэтгэлээрээ нөмөрлөөд авсан билээ.
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн яагаад түүний тоглолтод “Дөмөн хонгор аялгуу” хэмээх нэр хайрласны учрыг эхэндээ гайхаж байсан ч төгсгөлд нь ойлгох шиг болов. “Дөмөн” гэдэг нь гавшгай, хөнгөн шуурхай гэсэн утгатай үг болохыг там тум мэднэ л дээ. Харин дуучин Б.Алтанжаргалын хоолой бол нэг үдшийн турш монгол ардын уртын болон богинын 20 гаруй дуу дуулсан ч улдаж аяншихгүй, цааш дөмөлзтөл “хатируулсаар” байх чансаатай гэдгийг нь нэг талаар илэрхийлсэн болов уу. Нөгөөтээгүүр, өвөг дээдсээс өвлөсөн сайхан авьяасаа хайрлан, Гавьяат жүжигчин Ц.Дэлгэр багшаасаа суралцсан эрдэм чадлаа илүү хөгжүүлж, монгол түмний эртнээс улбаат ардын дууны арвин баялаг сан хөмрөгөө өнө хойчид дэлгэрүүлэн түгээх аяны урт замаа дөмөн хонгор хатираагаар туулахыг бэлгэдсэн биз ээ.
Түүний нэг том зорилго нь Монголын олон үндэстэн ястны дуунуудыг тэр нутгийн онцлог бүхий донж маяг, аян дангаар нь сэргээн дуулж, түмэнд түгээх. Тэгэхдээ нутаг нутагт нь очин, тухайн үндэстэн ястны өмсөж байгаа хувцас, эдлэлээс эхлээд судалгаа сайн хийх хэрэгтэй гэдгийг тэр хэлсэн.