БНСУ-ын Элчин сайдын яамнаас тус улсад зорчих олон удаагийн виз мэдүүлэх журамд өөрчлөлт оруулснаа өнгөрсөн есдүгээр сард зарласан. Аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн шинэ журамтай хараахан танилцаж амжаагүй иргэн цөөнгүй байгаа биз ээ. Иймд тодорхой мэдээлэл хүргэх үүднээс “Монгол ньюс хөтөч” компанийн менежер Б.Золзаяатай ярилцлаа.
БНСУ-ыг зорихоор визийн мэдүүлэг өгөх хүний тоо сүүлийн үед өдрөөс өдөрт нэмэгдэх болжээ. Иргэдэд чирэгдэл учруулж, урт хугацаагаар хүлээлгэх, эсвэл дараалалд зогсоож, цаг завыг нь үрэхгүй байх үүднээс БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас визийн мэдүүлэг хүлээн авах эрхийг төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудыг сонгон шалгаруулж, хамтран ажиллаж байгаа. Одоогоор төлөөлөн гүйцэтгэх 10 байгууллага манайд үйл ажиллагаа явуулж буйн нэг нь “Монгол ньюс хөтөч” компани юм.
-БНСУ-ын Элчин сайдын яамнаас олон удаагийн виз олгох журамдаа өөрчлөлт оруулж, сэтгүүлчид хөнгөлөлттэй нөхцөлөөр тул улсад зорчих болсон талаар бид өмнө нь ярилцсан.
Үүнээс гадна эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш нарт ч ийм боломж олгожээ. Эдгээр мэргэжилтэн ямар шалгуур хангах ёстой вэ?
-ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш нар олон удаагийн виз мэдүүлэх боломжтой. Эмч нар ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт зэрэг бичиг баримт бүрдүүлнэ.
Өмгөөлөгч бол ажлын газрынхаас гадна Монголын хуульчдын холбооны гишүүний тодорхойлолт, үнэмлэхийн хуулбар шаардлагатай. Их сургуулийн багш ажлын газрын болон нийгмийн даатгалын тодорхойлолтоос гадна ректорын тушаалтай байх ёстой.
Шаардлага хангасан иргэний гавьяа шагнал, ажилласан жил, эдийн засгийн чадавх, мөн оршин суух хугацаанд зөрчил гаргаж байгаагүй зэргийг харгалзан үзэж, нэг жилийн бус, шууд гурав, таван жилийн виз олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь олон удаагийн визийг нэг, гурав, таван жилийн гэх маягаар заавал шатлалтайгаар олгодог байсан.
Харин журамд өөрчлөлт оруулснаар заавал шатлалтайгаар бус, шууд гурав, таван жилээр олгох боломж бүрдсэн юм. Түүнээс гадна эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш нар виз мэдүүлэхдээ санхүүгийн чадавхаа нотлох бичиг баримт бүрдүүлэхээс чөлөөлөгдөх бололцоотой.
-ЭСЯ-ны холбогдох нөхцөл гэдэгт юу хамаарах вэ?
-Эмч бол улсын болон хувийн эмнэлэгт нэгээс дээш жил ажилласан байна. Өмгөөлөгч нь Монголын хуульчдын холбооны гишүүн, мөн л мэргэжлээрээ нэгээс дээш жил ажилласан байх хэрэгтэй.
Их сургуулийн багш нь бакалавраас дээш түвшний сургалттай улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд дадлагажигч багшаас дээш албан тушаалтай байх шаардлага тавьдаг. Гэрээт болон цагийн, зочин багш, профессорууд үүнд хамрагдахгүй.
-Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан олон удаагийн виз мэдүүлэх эрхтэй юм байна. Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Төрийн байгууллагын хэлтсийн даргаас дээш албан тушаалтан олон удаагийн виз авах боломжтой. Эл заалт журмыг шинэчлэхээс өмнө ч байсан.
Виз мэдүүлэхдээ сүүлийн зургаан сарын дотор авхуулсан, 3.5х4.5 см-ийн хэмжээтэй өнгөт зураг, гадаад паспортын хуулбар, цагдаагийн газрын, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа зэрэг бичиг баримт бүрдүүлнэ.
-БНСУ руу байнга зорчдог иргэд олон удаагийн виз мэдүүлж болох уу?
-Жилд гурав ба түүнээс олон удаа тус улсын нутгаар дамжин өнгөрөх, эсвэл төрөл садныдаа зочлох, бизнес, арга хэмжээнд оролцох зэрэг зайлшгүй шаардлага бүхий иргэн олон удаагийн виз мэдүүлж болно.
-Тус улсад боловсрол эзэмшсэн иргэд мөн олон удаагийн виз авах зохицуулалт шинэчилсэн журамд оруулжээ. Бакалавр, магистрын зэрэг горилсон иргэдийн аль аль нь үүнд хамрагдах уу?
-Коллежийн боловсрол л хамаарахгүй. Харин бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэн олон удаагийн виз авах эрхтэй. Мөн тэдний гэр бүлийнхэн олон удаагийн виз авах боломж бүрдсэн юм. Зөвхөн БНСУ гэлтгүй, бусад оронд боловсрол эзэмшсэн иргэдэд ч энэхүү зүйл заалт хамааралтай.
Гэхдээ бакалаврын бус, магистраас дээд түвшний боловсрол эзэмшсэн байх шаардлага тавьж байгаа. Виз мэдүүлэхдээ дээрх нөхцөлийг хангаж буйгаа нотлохын тулд дипломын хуулбар, дүнгийн жагсаалт, бусад улсад оршин сууж байсан визийн хуулбарыг авчрах ёстой.
Эсвэл хилийн шалган нэвтрүүлэх албаны тамгатай хэсгүүдийн хуулбар, эсвэл Хил хамгаалах ерөнхий газраас улсын хил нэвтэрсэн тухай лавлагаа авч болно.
-Олон удаагийн виз мэдүүлж буй иргэн тухайн улсад үнэхээр зорчсон, эсэхийг хэрхэн тооцдог вэ?
-Тухайн иргэн хууль бусаар оршин сууж байсан, эсэх, аяллын чиглэл, ярилцлагын үр дүн, бүрдүүлсэн бичиг баримт зэргээс хамаарна. Зөвхөн олон удаагийн виз авах зорилгоор хилээр орж, гарсан бол зорчсон тооноос хасна.
Жишээ нь, визгүй зорчсон, хууль бусаар оршин суусан, гадаад иргэний үнэмлэхээр зорчсон бол тооцохгүй.
-Виз мэдүүлэхэд нэлээд олон бичиг баримт шаардагддаг. Үүнийг хөнгөвчлөх арга бий юү?
-Эмчилгээ хийлгэх, хамаатан садныдаа зочлох, ажил хэргийн шугамаар ямар нэгэн арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор БНСУ-д зорчих иргэн хөнгөвчилсөн визийн нөхцөлд хамрагдаж болно. Ийм тохиолдолд санхүүгийн чадавхаа нотлох бичиг баримт бүрдүүлэхээс чөлөөлөгддөг.
-БНСУ руу виз мэдүүлэхгүй зорчиж болох уу?
-Зайлшгүй, чухал шаардлагатай бол виз мэдүүлэлгүйгээр богино хугацаанд буюу 90 хүртэлх хоногоор зорчиж болно. Тухайлбал, дипломат болон албан паспорт эзэмшигч иргэн ажил хэргийн шугамаар 90 хүртэлх хоногоор визгүй зорчих эрхтэй.
Сүүлийн хоёр жилийн дотор дөрөв болон түүнээс олон удаа БНСУ-д очсон, оршин суух хугацаандаа зөрчил гаргаагүй иргэн 30 хүртэлх хоногоор визгүй зорчих боломжтой. АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, эсвэл Европын 30 орны хүчин төгөлдөр визтэй иргэн БНСУ-аар дамжин тухайн улс орнууд руу явах тохиолдолд 30 хүртэлх хоногоор визгүй зорчиж болно.
-Ямар тохиолдолд виз олгохоос татгалздаг юм бол?
-Мэдүүлгийн маягт дээр зорчих зорилго, утасны дугаар, ажлын газар зэргийг худал бичвэл тодорхой хугацаагаар виз олгохгүй. Хуурамч болон засварласан бичиг баримт бүрдүүлж өгсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх эрхийг нь урт хугацаагаар хаадаг.
Үүнээс гадна холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Виз олгосон боловч холбогдох бусад нөхцөлийг хангахгүй, зөрчилтэй гэж үзвэл БНСУ-ын онгоцны буудал дээр байхад нь хилээр нэвтрүүлэхээс татгалзаж болно.
-Татгалзсан хариу авсан бол хэдий хугацааны дараа дахин виз мэдүүлэх эрх үүсдэг вэ?
-Татгалзсан хариу өгсөн өдрөөс хойш гурван сарын дараа виз мэдүүлэх эрх үүсдэг. Харин гэрлэлтээр цагаачлах виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол зургаан сарын дараа дахин мэдүүлэх боломжтой.