Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномоос Монголын улс төрд өрнөж буй өнөөгийн үйл явдал цаашид хэрхэх болон үүнээс гарах арга замын талаар тодрууллаа.
-Сайн байна уу, Та. Сайхан өвөлжиж байна уу. Монголын улс төр улайсаж байна. Та ажиглаж байгаа нь мэдээж, улс төрийн байдал, зөрчилдөөний талаар ямар дүгнэлт хийж байна вэ?
-Сүүлийн өдрүүдэд Монголын улс төрд болж байгаа үйл явдлаас харахад, манай Төрийн одоогийн удирдлага Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байгаа нөхөд, улс үндэснийхээ аюулгүй байдлыг хангаж, Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэх үндсэн үүргийнхээ дагуу санаа бодлогоо нэгтгэж, хамтран ажиллаж чаддаггүй, нэг нэгийнхээ үг, байр суурийг сонсож хүлээж авдаггүй, бие биедээ хүндэтгэлтэй ханддаггүй болсон мэт сэтгэгдэл төрж байна. Төрийн гурван өндөрлөг гэх тэд хоорондоо эвтэй биш, нэгдмэл санаа зорилгогүй байгаа нь тэвчиж болох зүйл биш. Бие биедээ тавьж буй шаардлага нь хэрэгжихэд хүрвэл улс маань тодорхойгүй хугацаанд Улсын их хуралгүй, Засгийн газаргүй, ажил цалгардах төдийгүй, дэг журам, тайван амьдрал алдагдана. Байж боломгүй.
-Ийм байдалд хүрсэн шалтгааныг Та хэрхэн харж байгаа бол?
-Манай төрийн тогтолцоо оновчтой биш, тухайлбал, ард иргэдийнхээ хяналтад, хариуцлага хүлээж, тогтвортой ажиллахаар зохион байгуулагдсан төрийг бий болгоогүй нь гол шалтгаан. Төрийн тогтолцоо буруу байгааг ухаарахгүй, засаж сайжруулахгүй удаж байна.Өнгөрсөн зууны сүүлчээр хүйтэн дайны үед социалист системийн улс орнуудыг задалж устгах зорилгоор боловсруулсан, дөрвөн жил тутамд заавал өөрчлөгддөг байх төрийн тогтолцооны системийг бий болго гэсэн сурталчилгаа, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг туйлшруулах үзэл суртлын ажилтай хосолж хүчтэй явуулсан. Тэр сурталчилгаанд яаж хандах нь хүмүүсийн ухамсраас буюу ухаан мэдлэгээс хамаарах байлаа. Социализмын гэх улсуудын том төлөөлөл яаж хандсан билээ. БНХАУ төрийнхөө тогтолцоо, улс орныхоо бүрэн бүтэн байдлыг хадгалж, тогтвортой хурдан хөгжиж байна. ЗХУ задарсан. Оросын Холбооны Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болж, тогтвортой хөгжлийн замдаа орж байна.
Харин бидний монголчууд төрийнхөө тогтолцоог зохистой биш байгааг ухаарч эхэлж байвч өөрчилж сайжруулах аргаа олох ухамсар дутагдсаар өнөөдөртэй золгоод, үйлийн үрээ эдэлж байх шиг.
Монгол Улсын төрийн тогтолцоо зохистой биш, эдийн засаг, нийгмийн алсыг харсан цэгцтэй бодлого төлөвлөгөөгөөр хөгжихгүй байгаа, төр, засгийн нэр хүнд унаж, удирдлагад ажиллагсад нь хамтарч ажиллаж чадахгүй болтол доройтсон дутагдлын хариуцлагыг төрийн эрх барьж байгаа боловч хөгжлийн ухаалаг бодлогоор өрсөлдөх биш, явцуу ашиг сонирхлоор зөрчилдөж байдаг улс төрийн намууд, түүний удирдлага хүлээж гэмшээсэй билээ. Харуцлага хүлээнэ, гэмшинэ гэдэг бол дутагдлаа засаж ажиллана гэсэн үг биз дээ.
-УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж байсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар бие биенээ огцруулахыг шаардах боллоо. УИХ нь хуралдаанаа хийж чаддаггүй, Засгийн газар нь ажиллах аргагүй болох, улс орон 2019 оны батлагдсан төсөвгүй болж магадгүй болоод байна.
-Улс орноо гэсэн хүн бүр санаа зовж байна. Тайлбарлаж цаг авахгүйгээр санал бодлоо товч хэлье. Одоогийн УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулснаар асуудал шийдэгдэхгүй. Төрийн тогтолцоог яаралтай өөрчлөх хэрэгтэй. Энэ асуудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулж шийдэх учраас улс төрд бий болоод байгаа одоогийн зөрчилдөөнийг намжаах хэрэгтэй.
-Төрийн тогтолцоонд ямар гол өөрчлөлт оруулах шаардлагатай вэ?
-Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөх, хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал хоорондоо зохистой харьцаатай, ард иргэдийн хяналтад байдаг, сахилга хариуцлагатай болох нь төрийн тогтолцоонд оруулах өөрчлөлтийн гол зорилго байх ёстой. Энэ зорилгоор парламентыг хоёр танхимтай болгох, тухайлбал, сум, дүүрэг бүрээс иргэд өөрсдөө нэр дэвшүүлж шууд сонгосон гишүүдээс бүрдсэн Ардын их хурал буюу Дээд танхимтай, Ардын их хурлаас сонгогдсон буюу бүрдүүлсэн Улсын бага хуралтай болох асуудлыг шийдэх нь зүйтэй. Ардын их хуралаас Улсын бага хурлын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шүүгч, прокурорыг томилдог, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг, үнэлж дүгнэдэг байх нь чухал. Эдгээр гол асуудал Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр шийдэгдэх учиртай.
Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг өөрчилж, намд тавих шаардлагыг өндөржүүлэх ажлыг төрийн тогтолцоог өөрчлөхтэй уялдуулах, тухайлбал, алс хэтийн хугацааг хамарсан улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого төлөвлөгөөтэй, түүндээ тусгасан зорилтыг хэрэгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээг, үндэслэл тооцооны хамт боловсруулсан, бодлого төлөвлөгөөгөө хариуцан хэрэгжүүлэх чадвартай боловсон хүчнийг бэлтгэсэн улс төрийн намыг улс төрийн сонгуульд оролцохыг зөвшөөрдөг хуультай болох нь зүйтэй.
Сонгуулийн тухай хуульд парламент болон аймаг, хотын хурлын гишүүд, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг улс төрийн намуудаас гадна олон нийтийн байгууллага, ард иргэд эдэлдэг болгох өөрчлөлт оруулах ёстой. Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрыг бүрдүүлж, толгойлон ажиллах үүргийг Ардын их хурлаас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчид хариуцуулах нь зөв. Ардын их хурлаас томилогдож, түүний хяналтын доор гүйцэтгэх засаглалын ажлыг хариуцаж ажилладаг Ерөнхийлөгчтэй байх явдал улс орны хөгжилд, сахилга дэг журмыг сэргээхэд, хариуцлага өндөржүүлэхэд ач холбогдолтой.
-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, төрийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг боловсруулан шийдвэрлэхэд одоо үүсээд байгаа зөрчилдөөн хүндрэл учруулах биш үү?
-МАН-аас (Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нарын) боловсруулаад байгаа намын сонирхолд нийцсэн төсөлд ард иргэдийн ашиг сонирхолд нийцсэн төрийн тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр өөрчлөлт оруулах замаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулах шаардлагатай. Үндсэн хууль дахь төрийн тогтолцооны заалтуудад дээр ярьсан чиглэлүүдээр оруулах өөрчлөлтийн төслийг цогц боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн удирдлага доор ажиллуулж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2019 онд багтаан батлаад, 2020 онд өөрчилсөн хуулийн дагуу сонгууль явуулан төр, засгаа шинээр бүрдүүлэх боломжтой, зайлшгүй шаардлагатай. Энэ чиглэлээр шийдвэр гаргавал сайн.
Миний бодоход, одоо үүсээд байгаа зөрчилдөөнийг намжаах нэг л гарц байна. Тухайлбал, УИХ-ын дарга, Засгийн газрын Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар буюу М.Энхболд, У.Хүрэлсүх, З.Энхболд нар улс нийгмийн ашиг сонирхлын үүднээс одоогийн албан тушаалаасаа хүсэлтээрээ чөлөөлөгдөж, Улсын их хурал болон Ерөнхийлөгчийн орны хүмүүсийг нь сонгон томилж, хоорондоо эвтэй, санаа бодлоо нэгтгэн хамтарч ажиллах үүрэг өгч ажиллуулах нь зөв санагдана. Зөрчилдөөнийг намжааж, эв зүйтэй байж, төр түвшин, түмэн амгалан нөхцөлд төрийнхөө тогтолцоог зохистой болгох асуудлыг шийдэх сонирхол монголчууд бид бүхэнд байгаа нь эргэлзээгүй.
Бэлтгэсэн: Д.Дагва