Энэ сарын 25-ны өглөө Керчийн буланд Украины байлдааны гурван усан онгоц ОХУ-ын усан хилийг зөрчсөн явдал гарчээ. Дээрх усан онгоцууд Оросын хилийн цэргийнхний зогсох анхааруулгыг үл тоосон тул Оросын тал гал нээж, нэг усан огоцыг нь мөргөжээ. Одоогоор Украины байлдааны гурван усан онгоц саатуулагдаад байгаа аж. Эл үйл явдлын үеэр Украины гурван усан цэрэг шархдсан бөгөөд тэдгээр хүмүүст зохих эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байгаа тухай Оросын холбооны аюулгүйн алба мэдэгджээ.
Болсон үйл явдлын талаар Украины цэргийн командлал “Манай хагас хуягласан байлдааны хоёр, чиргүүлийн нэг усан онгоцууд Одессын боомтоос Азовын тэнгэс дэхь Мариуполь боомт хүртэл төлөвлөгөөт шилжилтийг хийж байсан бөгөөд энэ тухай Оросын талд урьдчилан мэдээлсэн болно. Гэтэл Оросын хилийн цэргийн “Дон” усан онгоц манай чиргүүлийн онгоцыг мөргөн их хэмжээний эвдрэл учруулаад зогсохгүй олон улсын гэрээнд заагдсан усан онгоцуудыг чөлөөтэй зорчих эрхийг Оросын тал олгохгүй байна. Үүгээрээ ОХУ өөрийн түрэмгийн мөн чанараа дахин нотолж, олон улсын эрх зүйн хэм хэмжээг үл тоомсорлож байгаагаа харуулаа” хэмээн мэдэгдэв. Уг мэдэгдэлд Украины 6 усан цэрэг шархдсан тухай дурьдсан байна.
Дээрх үйл явдлын дараа Азовын тэнгисийн талаас Украины бүрэн зэвсэглэсэн байлдааны усан онгоцууд Керчийн булан руу зүглэсэн бол ОХУ хариуд нь байлдааны нисдэг онгоцуудаа илгээжээ. Үүний сацуу Оросын эрх баригчид аюулгүйн үүднээс Керчийн буланг хаасан байна.
Ийнхүү уг мөргөөлдөнийг ОХУ болон Украины талууд өөр өөрийнхөөрөө тайлбарлан, нэг нэгнийгээ өдөөн хатгалаг хийж буйд буруутгаж байгаа аж.
Украины Ерөнхийлөгч Порошенко Керчийн буланд болсон үйл явдлыг “Оросын дайны түрэмгийлэл” хэмээн дүгнээд байлдааны бэлэн байдал зарлах шийдвэр гаргасныг Украины Дээд Рада зөвшөөрөн, тус улсын 10 мужийг нэг сарын хугацаатай дайны байдал оруулахаар болжээ.
НҮБ-ын далайн эрх зүйн олон улсын конвенцын үүднээс бол Азовын тэнгис “ хаалттай эсвэл хагас хаалттай тэнгэс” хэмээн тооцогддог бол Керчийн буланг тус тэнгэсийг Хар далайтай холбодог “нарийн дамжин өнгөрөх хоолой” гэж үздэг аж. Энд төвийн бүс үгүй бөгөөд Москва болон Киев одоо болтол хийлийн хязгаарлалтыг тохирч чадаагүй байгаа аж. Оросын тал Керчийн буланг өөрийнхөө газар нутаг хэмээн үздэг бол Украин Крымыг Оростай хавсаргасан явдлыг хүлээн зөвшөөрдөггүй учир тус буланг олон улсын статустай болгохыг шаарддаг аж.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр яаралтай хуралдсан боловч ямар нэгэнд шийдвэр гаргаж чадсангүй. Гэхдээ Украины байлдааны усан хөлгүүд Оросын хилийг зөрчсөн асуудлыг хэлэлцэх талаар ОХУ-ын тавьсан саналыг тус байгууллага хүлээж аваагүй байна.
Европын холбоо болон НАТО-ийн гишүүн орнууд Керчийн буланд үүссэн нөхцөл байдалд Украины талыг дэмжихийн зэрэгцээ ОХУ-ыг тус булангаар чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлж, саатуулагдсан гурван онгоцыг эргүүлэн тавихыг шаардаж байгаа аж.
Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ХБНГУ-ын Канцлер А.Меркельтай утсаар ярихдаа Керчийн буланд үүссэн нөхцөл байдалд Украины талыг “бодлогогүй алхам” хийхгүй байх талаас нь Герман Улс нөлөөлнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн В.Путин уг яриандаа Украины тал ХБНГУ-ын санаачлагаар дайны бэлэн байдал зарласан явдалд санаа зовниж буйгаа дурьдсан байна. Үүний сацуу ОХУ-ын Ерөнхийлөгч Украины эрх баригчид хоёр улсын хооронд дахин нэг зөрчилтэй нөхцөл байдалд бий болгосон хариуцлагыг үүрч байгаа бөгөөд энэ бүхэн нь Украины ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх компанит ажилтай шууд холбоотойг онцолсон тухай Кремлийн хэвлэл мэдээллийн алба дамжууллаа.