Насанд хүрэгчдийн ДАШТ-д манай эрэгтэй боксчид 1978, бүсгүйчүүд 2001 оноос оролцож эхэлсэн түүхтэй. Тухайн үеэс өнөөг хүртэлх хугацаанд олон шилдэг тамирчин төрж, дэлхийн дэвжээнд Төрийнхөө дууллыг эгшиглүүлэн, далбаагаа мандуулсан ч эмэгтэйчүүдээс медальтан мэндлээгүй байсан юм.
Эл “хар цуврал”-ыг Үндэсний шигшээ баг, “Хангарьд” клубийн тамирчин, ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг зогсоон, Энэтхэг улсад болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв.
Дэлхийн дэвжээнээс медаль авсан Монголын ес, эмэгтэйчүүдээс анхны боксчин болж, 15 жил тээсэн зорилгодоо хүрсэн тэрбээр Азийн АШТ-ий мөнгө (2010), хошой хүрэл (2015, 2017), Азийн наадмын хүрэл (2014) медальтай, УАШТ-ий 11 түрүүтэй. 26 настай, Монголын боксын спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий цөөнгүй амжилтын эзэн М.Нандинцэцэгийг уржигдар орой эх орондоо ирэх үеэр нь уулзаж, ярилцлаа.
-Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсэж хөгжсөний 70, “Хангарьд” спорт хороог байгуулсны 35 жилийн ой тохиож буй. Түүхт ойн жил анхдагч болсноор тань олон хүн бахархаж байна, баяр хүргэе.
-Баярлалаа. ДАШТ-д зургаа дахиа өрсөлдсөн болохоор өмнөхөөсөө хавьгүй туршлагатай байлаа. Би өмнө нь 2006, 2008, 2012, 2014, 2016 онд хүч сорьсон. Боксын спортоор 15 жил хичээллэн, тууштай зүтгэснийхээ үр шимийг хүртлээ.
70 жилийн ойд нь боксчиддоо барьж буй том бэлэг болсон байх. Миний амжилт булган сүүлтэй байж, олон шилдэг эмэгтэй боксчин төрөх болтугай. Би 51 кг-д тоглодог. Энэ удаа жин өгсөн 54 кг-д өрсөлдсөн нь надад илүү амар байлаа.
Жин хасаж, тамирдаагүй нь тоглолтод их нөлөөлсөн. Зорилгодоо хүрч, шагналын тавцанд зогсоход авах ёстой медалиа хүртэж буй мэт л мэдрэмж төрсөн. Мэдээж Төрийн далбаа маань мандах мөчид сэтгэл их хөдөлж, огшлоо.
-Хагас шигшээд дэлхийн дэд аварга, олимпод V байрт шалгарсан, туршлагатай тамирчинд дийлдсэн. Хүрэл медалийн болзол хангаад амжилтдаа ханасан тал бий юү?
-Тэгээгүй. Би түрүүлэхийн төлөө л зүтгэж, медалийнхаа өнгийг хувиргая гээд шунасан. Болгар боксчин С.Петрова 54 кг-д дэлхийн чансааг тэргүүлдэг. Тоглолтын хэв маяг нь минийхтэй төстэй болохоор өрсөлдөхөд эвгүй байлаа.
Түүнтэй хүч сорихынхоо өмнө Л.Энхбаатар багштай цахим хуудсаар нь холбогдож, зөвлөгөө авсан. Төлөвлөснийхөө дагуу тоглосон ч дийлсэнгүй. Яагаад ч юм тэмцээн бүрийн эхний тойрогт олимп, длхийн аварга цолтой тамирчинтай учраа таараад байдаг талтай. 2014 оны ДАШТ хамгийн харамсалтай нь.
Эхний тойрогт АНУ-ын тамирчинтай тоглохдоо би илүүрхсэн ч 3:2-оор дийлдсэн. Тэр жил өнөөх боксчин түрүүлсэн юм. Тэмцээний дараа цөөнгүй орны дасгалжуулагч багш бид хоёрт “Чи илүү байсан шүү” гээд амжилт хүсэж билээ.
-Тэмцээнд оролцохоор явахад гэр бүлийнхэн нь юу гэж захиж, зөвлөсөн бэ?
-Хүрэл медалийн болзол хангасныхаа дараа ээжтэй холбоо барихад уйлаад ер ярьж чадаагүй. Аав “Амжилтдаа битгий ханаарай. Миний охин дэлхийн аварга болно шүү” гэсэн. Би нээрэн, ээжийн төрсөн өдөр мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн.
Уг нь медалийнхаа өнгийг хувирган, ээждээ бэлэг барихыг хүссэн ч чадсангүй. Тэмцээн дуусангуут эх орондоо, гэртээ хурдан харих сан гэж яарлаа. Одоо ч гэсэн энд (“Чингис хаан” олон улсын нисэх буудал)-ээс хурдан харьж, ээжийнхээ гарын хоолыг идээд сайхан амрахыг хүсэж байна.
Ер нь намайг дэлхийн медальтан болохыг олон хүн хүсэж, хүлээж байсан юм билээ.
-Ээждээ төрсөн өдрийн бэлэг авсан уу?
-Үнэнийг хэлэхэд авч амжсангүй. ДАШТ-ий хүрэл медалиараа ээждээ бэлэг баръя гэж бодож байна.
-2016 онд ДАШТ-ээс медаль хүртэн, тэр ч бүү хэл олимпын эрх авах боломж танд байсан нь мэдээж. Алдаагаа хэрхэн дүгнэв?
-Миний хувьд тэр жил үнэхээр хүнд байсан. Учир нь хүмүүс “Нандиа энэ жил хичээгээрэй. Тамирчны замнал чинь дуусах нь. Одоо л олимп, ДАШТ-ээс медаль хүртэх хэрэгтэй” гэж сануулж байв. Тэр бүхэн надад сэтгэл зүйн дарамт болсон тал бий.
БНХАУ-д болсон олимпын эрх олгох тэмцээнд өрсөлдөхдөө өмнө нь 5:0-ээр ялсан тайвань тамирчинд дийлдчихдэг байгаа. “За, яах вэ. Юм нэгээр дуусах биш. Алдаагаа дэлхийн дэвжээнд засна аа” гээд ДАШТ-д оролцтол Германы боксчинд ялагдсан.
Тэмцээний дараа эх орондоо ирэх ямар хэцүү байсан гэж санана. Ойр дотнынхон, багштайгаа уулзахаар л өөрийн эрхгүй уйлчихна. Тухайн үед “Энэ л сүүлчийн боломж байсан. Бокс тоглохоо больё” гэж хүртэл бодсон шүү.
-Бүхнийг шинээр эхлэх, амжилтын төлөө дахин зүтгэх эрч хүч, урмыг юунаас авсан бэ?
-Олон жил зүтгэчихээд гэнэт болих харамсалтай санагдсан. Нөгөө талаар төдийгөөс өдий хүртэл дэмжсээр ирсэн гэр бүлийнхэн, Л.Энхбаатар багш, олон хүнийг итгэлийг амжилтаар хариулах хүсэл минь намайг хурцалсан. Тэгээд л бүхнийг шинээр эхэлсэн.
Хэрвээ тухайн үед шантраад больсон бол гэж бодохоор л (толгой сэгсрэв). Би явган аялах хоббитой. Гэхдээ тийм ч олон оргилд гараагүй. Хүнд үеийн ард нь гарахад хобби маань тусалсан. Би ДАШТ-ий дараа гурван сарын хугацаанд аялахдаа стрессээ ёстой тайлсан шүү.
Тухайн үед “Дэлхийн дэвжээнээс медаль хүртэн, олимпын эрх авч чадсангүй” гэх бодол, харамслаасаа өөрийгөө чөлөөлж чадсан. Риогийн олимп болж байхад би Хүйтэний оргилд гарах гээд өөртэйгөө тэмцэж явлаа. Би эрсдэлтэй зүйл хийн, айдас мэдрэнгээ өөрийгөө сорих дуртай. Цаашид авирахаар төлөвлөсөн оргил цөөнгүй бий.
-Эмэгтэй байтугай эрчүүд тэр бүр хичээллэж зүрхэлдэггүй спортын нэг нь яах аргагүй бокс. Эл спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ. Дэмжсэн үү?
-Тийм ч дуртай байгаагүй. Ур чадвар ахин, амжилт гаргаж эхлэхээр хэний ч бодол өөрчлөгддөг юм билээ. Одоо аав, ээж хоёр маань хэзээний дасгалжуулагч шиг “Тэг, ингэ” гээд зөвлөж, тоглолтыг минь аль болох үзэхийг хичээдэг.
Би багадаа хөдөлгөөнтэй, сахилгагүй, эршүүд хүүхэд байсан. 2003 онд боксын бэлтгэл хийж эхлэхдээ тамирчин болно гэж ер бодоогүй. Манай сургуульд боксын дугуйлан нээгдэхэд нь ангийнхантайгаа хамт бүртгүүлсэн юм би. Нэг нэгээрээ орхисоор тэднээс ганцаараа үлдсэн.
Боксын спортын А үсэг заасан Хүдэрбаатар багш маань намайг Л.Энхбаатар дасгалжуулагчтай танилцуулж, шавь оруулсан юм. Би Л.Энхбаатар багшийн анхных нь эмэгтэй шавь. Миний өнөөгийн амжилт багштай минь салшгүй холбоотой. Анхандаа би чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, биеэ хамгаалж сурах зорилготой байв.
Хамт бэлтгэл хийдэг байсан охид “Ирээдүйд олимпод түрүүлж, үндэсний шигшээ багийн тамирчин болохыг мөрөөддөг” гээд л ярина. Харин би “Биеэ л хамгаалаад сурчихъя, хэдхэн сар хичээллээд болино” хэмээн бодож байв. Хоёр жилийн дараа гэхэд өнөөх хүүхдүүд бокс тоглохоо больж, би ганцаараа үлдсэн.
“Тууштай зүтгээд бай. Амьдрал миний охиныг амжилтаар шагнана” гэсэн багшийн захиас намайг боксдоо үнэнч үлдэхэд их нөлөөлсөн. Үүний сацуу хичээллэх тусам татагдан, амжилт гаргасны дараа бүр ч дурладаг юм билээ.
-Бүсгүй хүн боксоор хичээллэх амаргүй гэдэг. Бэлтгэл хийж эхлэхэд хамгийн хэцүү нь юу байв?
-Үнэнийг хэлэхэд эмэгтэй хүн тулааны спортоор хичээллэдэг гээд төсөөлөхөд ч бэрх байсан. Бэлтгэл хийж эхлэхээс өмнө боксын талаар ямар нэгэн ойлголт надад байгаагүй. Харин амьдралаа холбосныхоо дараа ташаа ойлголттой явснаа ухаарсан. Жинхэнэ эр зоригийн, бэртэл авахаас сэргийлсэн төрөл бүрийн хамгаалалттай спорт гэдгийг нь ойлгосон юм.
Би анхандаа бэлтгэлээ эрэгтэй тамирчидтай хамт хийдэг байв. Тэд намайг эмэгтэй гэж өрөвдөхгүй, жинхнээсээ тулалдана. Цохилт нь хүчтэй, гар нь чанга гэж жигтэйхэн. Ихэнхдээ би “зодуулна”. Тэгээд шарандаа “За, яах вэ. Чамаас мундаг тамирчин болно доо” гээд уйлдаг байлаа.
Багш “Нандиа, мөн ч шартай шүү. Эрэгтэй хүүхдэд ялагдаж байсан ч зодуулаад л урагш зүтгэдэг” гээд инээдэг юм. Багш маань Монголд эмэгтэйчүүдийн бокс хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан. Би боксоор хичээллэж эхлэхдээ клубтээ бэлтгэл хийгээд л тэмцээнд оролцдог байв. Багш маань 2007 онд эмэгтэй тамирчдыг цуглуулж, Спортын төв ордонд хамт бэлтгэл хийлгэдэг болсон.
Нэгдэж, арга туршлагаа хуваалцдаг болсон үеэс бидний амжилт эрс ахин, анхны тодотгол бүхий олон амжилт гаргаж эхэлсэн. Дараа жил нь Ц.Цэрэнчимэд Азийн АШТ-ээс Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүдийн анхны медаль хүртэж билээ. Тухайн үед шигшээ баггүй байсан болохоор бид тэмцээн, бэлтгэлийн зардлаа хувиасаа гаргаж, аав, ээжээсээ авдаг байв.
Автобусны мөнгөнөөс авхуулаад бүхий л зардлаа гэр бүлийнхнээсээ авахаас санаа зоволгүй яах вэ. Бокс тоглохоо болиод, ажил хийдэг ч юм бил үү гэж хүртэл бодно. Тэр бүхнийг даван туулахад багш минь л тусалсан. Биднийг төрсөн охиноосоо дутахгүй хайрлаж, халамжилдаг. 2010 онд эмэгтэй бокс олимпын хөтөлбөрт багтсан нь бидний амжилтад том хөшүүрэг болж, урам өгсөн.
Тухайн үед Монгоын эмэгтэйчүүдийн анхны шигшээ багийг долоон боксчин, хоёр дасгалжуулагчтайгаар байгуулахад нь би багтлаа. Харамсалтай нь, багшийг дипломгүй гээд шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад оролцуулаагүй.
Юу мэддэг, чаддагаа төдийгөөс өдий хүртэл харуулан, нотолж яваа хүнийг улс маань ашиглахгүй байгаад харамсдаг. Ямар ч дипломоос илүү ур чадвар, туршлага чухал баймаар юм, уг нь.
-15 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргасан юм билээ. Өсвөр үе, залуучуудын ангиллын тэмцээнээс бус, шууд улсынхаа шилдгүүдтэй өрсөлдөөд медаль авсан нь сонирхол татаж байна.
-Боксоор хичээллэж эхэлснээс хойш сар гаруйн дараа болсон тэмцээн л дээ. Би эхний тойрогт гоц мөргөн, хүрэл медалийн болзол хангасан. Мөнгөн медалийн төлөө тоглохдоо ёстой хөглөсөөн. Нэг мэдэх нь ээ хүнд цохилтод орон, хэвтэж байж билээ (инээв).
Дэвжээнд гараад хэдэн секунд болсныг ч бүү мэд. Дараа жилийнх нь Бүх ард түмний спартакиадад намайг нас хүрэхгүй гээд оролцуулаагүй. Тэгээд УАШТ-ээс 2005, 2006 онд дараалан мөнгөн медаль авч, Бээжингийн олимпын өмнөх жил анхны түрүүгээ хүртсэн.
-Та сүүлийн 11 жил УАШТ-д тасралтгүй түрүүлээд байна. Монголдоо дийлдэхгүй, тасархай байна гээд хааяа өөрөөрөө онгирмоор санагдах юм уу?
-Би ёстой тэгж бодож байгаагүй. Харин эсрэгээрээ өөрийгөө чамладаг. Бэлтгэл хийн, бусадтай өрсөлдөх бүртээ улам хичээх хэрэгтэйг ухаардаг. Багш надад “Тариан түрүү өндөр ургах тусмаа бөхийдөг. “Би хамгийн шилдэг нь боллоо” гэж бодох юм бол амжилтад хэзээ ч хүрэхгүй” хэмээн үргэлж захидаг.
Би түүнийг нь байнга санаж явахыг хичээдэг. Сурах зүйл олон байна, болоогүй шүү гэж өөрийгөө хурцлах дуртай.
-Монголд эмэгтэйчүүдийн бокс хэр хөгжиж байна вэ. Олимп, дэлхийн олон медальтантай болоход хамгийн чухал зүйл юу бол?
-Манай улсад эмэгтэйчүүдийн бокс хөгжөөд удаагүй. Бид бусад орны тамирчдаас техник, ур чадвараар дутахгүй. Дэлхийн шилдгүүдийн хэнтэй нь ч эн тэнцүү тоглодог. Хэдийгээр цөөхүүлээ ч аль хэдийнэ дэлхийн түвшинд хүрсэн.
Дасгалжуулагч ур чадвартай, тамирчидтайгаа амь нэгтэй, бэлтгэлээ л сайн хийж чадвал дэлхийн олон медальтантай болж, олимпод амжилт гаргах цаг ойрхон. Бусад орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийн, олон улсын тэмцээнд тогтмол оролцвол амжилтад улам дөхөх нь гарцаагүй.
-Өдөрт бэлтгэлээ хэдэн цагаар хийдэг вэ?
-Өө, янз бүр. Товлосон тэмцээнтэй үед өдөрт нэг удаа. Харин тэмцээний өмнөх бэлтгэлээ хоёр, цугларалтад гарсан үед гурван удаа хийдэг. Өдөрт олон удаа бэлтгэл базаах амаргүй. Бэлтгэлдээ очиж, гэртээ харихад хамаг цаг явчихна. 10.00-12.00 цагийн хооронд бэлтгэлээ хийчихээд түргэхэн харьж амрангаа цайгаа уудаг.
Тэгээд дараагийн бэлтгэлээ 16.00-18.00 цагийн хооронд базаачихаад харина. Цүнхээ даахгүй болтлоо ядрах энүүхэнд. Жин их хасах үед бүр ч ядарна. Заримдаа жирийн хүн шиг амьдармаар санагдах л юм. Гэхдээ цаг хугацаа намайг хүлээхгүй.
Тамирчны замналаа үргэлжлүүлэх хугацаа бага үлдсэн болохоор шүд зуугаад л зүтгэхээс өөр замгүй. Би Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай ах нарыг хүндэлж, үлгэрлэж явдаг. Тэд бидэнд үргэлж тусалж, дэмждэг.
-Холимог тулаан юм уу, мэргэжлийн боксын дэвжээнд хүч сорих бодол бий юү?
-Холимог тулааны спортод дуртай ч хичээллэх бодолгүй. Харин мэргэжлийн бокст өөрийгөө сорих нууцхан хүсэл бий.
Мэдээж юуны түрүүнд олимпоос медаль хүртэн, ДАШТ-д амжилтаа ахиулах зорилготой. Бас амжилт гарган, багшийнхаа хөдөлмөрийг төрдөө үнэлүүлэхийг мөрөөддөг.