УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэнчлэн налгар сайхан намар шувтарч, өвлийн эхэн сар дундаа орсон ч улс төр ид халж, буцалж байна. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, улсаа тунхагласан өдрийг далимдуулан нийтээрээ гурав хоног амарч байхад эрх баригч намынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаад, орондоо орох завгүй явав. Учир нь өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрыг, нийслэлийн ИТХ-аар хотын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх билээ.
Энэ бол сөрөг хүчний өдөөсөн бяцхан мөргөлдөөн, хэн, хаанаас, хэрхэн довтлох нь тодорхой багахан тулгаралт биш, нам доторх бүлэглэлийн эрх мэдлээ бататгах, сэргээх, үхэх, сэхэхээ үзэх дайн юм. УИХ-ын дарга М.Энхболдын тодорхойлсончлон шинэ, хуучин МАНАН-гийн аль нь энэ намын толгойд, намаар дамжуулаад төрийн эрхэнд гарах, аль нь улс төр дэх нөлөөгөө алдах вэ гэдгээ шийдэх тулаан өрнүүлээд, хүч тэнцүүхэн “буудалцаж” явааг бид харж байна.
Ямар ч нөхцөл байдал үүссэн, дотооддоо яаж ч хагарсан намын эрх ашиг, нэр хүндийг хэсэг бүлгийн сонирхлоос дээгүүр тавьж, тэрүүхэндээ тохиролцоод өнгөрдөг МАН-ынхан энэ удаа тун ч сүрхий хагарчээ. Хагарал улам гүнзгийрсээр, энэ цаг үед л лав яагаад ч эвлэрэхээргүй болсныг хоёр талын толгойлогч ар араасаа хийсэн мэдэгдлээрээ харуулав.
Эв нэгдэл ярьсаар л, ярих тусмаа эвдрэлцсээр л яваа, МАН-ын хамгийн нөлөө бүхий хоёр лидер, шинэ, хуучин хоёр дарга нь ээлж дараалан мэдэгдэл хийхдээ бие биенээ харлуулж, муучлахын тулд бүх боломжоо дайчлав. Уг нь тэд Монгол Улсын Засгийн газар, УИХ-ыг толгойлж буй төрийн өндөр албан тушаалтан билээ. Харамсалтай нь, тэднээс энэ удаа төр, засаг тэргүүлж яваа хүний тулх, улс төрд төдийгөөс өдий хүртэл чанагдаж, сайн, муу олон зүйлийг туулаад гарсан улстөрчийн хат, ноён нуруу харагдсангүй. Эхнээсээ дуустал нэгнээ буруутгаж, муулахад чиглэсэн тэдний ярианаас өөрсдийнх нь хэлж буй шиг улс үндэсний эрх ашиг, төр түмний тусыг бодсон өнгө аяс огт сонсогдсонгүй. Харин өөрийн өчүүхэн эрх ашигт олон түмний нэрийг увайгүйгээр ашиглахыг нь л үзлээ. Тэд хоёулаа намыг төр гэж андуурч, түмний төлөө гэж “хашхирч” байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх аман дээрээ “Үймээн шуугиан дэгдээхийг хүсэхгүй байгаа” гэх ч ачир дээрээ 20 минутын ярианыхаа туршид олон нийтийг бослого тэмцэлд уриалав. “Үүнээс цааш хүлээх цаг байхгүй. Хөдлөх цаг боллоо. Амиа алдахаас ч айхгүй, тэмцэнэ. Миний тэмцэл цаашид улам хурцдах болно. Улс төрийн намууд, иргэд намайг дэмжээрэй, тэмцэлд минь нэгдээрэй” гэх мэтээр үргэлжлэх түүний үгсийг би л лав сайн сайхан зүйлд уриалсан зүйл биш гэж харж байна. Мөн “Бид парламентын засаглалаа боловсронгуй болгох, Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй гэдэгт эргэлзэх зүйл алга.
Тэр томоохон тэмцэл эхлүүлжээ. Гэвч эцсийн дүндээ энэ нь төрийг цэвэрлэж, шударга ёс тогтоох бус, УИХ-ын даргыг огцруулахад л чиглэж байна уу гэж харагдаж байна. “Ганцаардаж байна, хүчгүйдэж байна” хэмээн үглэдэг тэмцэгч Ерөнхий сайд намынх нь талаас илүүг атгачихаад тавихгүй байгаа М.Энхболдын хүчийг сулруулж, өөрөө намдаа байр сууриа бэхжүүлэх өчүүхэн зорилгоор энэ бүхнийг эхлүүлсэн юм биш байгаа. Түүний үгнээс өөр зүйл харагдсангүй.
МҮОНТ-ийн сэтгүүлчийг өмнөө суулгаж байгаад, УИХ-ын дарга М.Энхболдын 20 минут уншсан мэдэгдэл ч бас УИХ-ын даргынх гэмээргүй. Тэр өмнө нь өрсөлдөгчөө муулахад ингэж их хүч зарцуулж байсныг санахгүй юм. Ямар ч байсан тун ч тавгүйтэж, эвгүйцэж байгааг нь түүний хэлсэн үг, хийсэн үйлдлээс харж болохоор байв. Уурлаж, инээж байгаагаа хэр барагтай харуулдаггүй М.Энхболд У.Хүрэлсүхэд газар өгснөө хүртэл ярьж, жижгэрснийг тэд хэрхэн улайрч, бачимдаж буйн илрэл гэхээс өөр юу гэх вэ. М.Энхболдын мэдэгдэлд хэд хэдэн анхаарал татах үг бий. Тэрбээр У.Хүрэлсүхийг “Намын дарга үүргээ гүйцэтгэж чадахгүй байна” гэсэн. Үүнийг М.Энхболд У.Хүрэлсүхийг намын даргын суудлаас буулгах хөрс сууриа бэлтгэж байна гэж тайлж болно.
Мөн тэр УИХ-ын даргын албан тушаалаа өгөхгүй гэдгээ эрс хатуу хэлээд зогсохгүй “Монгол төрийн тогтвортой байдал Засгийн газар тогтвортой байхаас хэд дахин үнэ цэнэтэй” хэмээсэн. Тэр намынхаа Засгийн газрыг огцруулахаар нэгэнт шулуудсан нь эндээс уншигдаж байгаа биз. Анхааралтай ажиглавал, УИХ-ын даргын үгнээс үхэх, сэхэхээ үзэлцэнэ гэсэн санаа, Ерөнхий сайдаас тулаанд ялагдахаа мэдрээд, олон нийтээс дэмжлэг хүсэж буй дүр төрх цухуйж байх шиг. Намын зодоон төрийн зовлон болон үргэлжилсээр байх вий гэсэн болгоомжлол төрүүлэм үгсийг тэд хэллээ. У.Хүрэлсүх, М.Энхболд нар нэгэндээ буулт хийх, эв зүйгээ ололцох, тохиролцооноор асуудлаа шийдэн, нэг зорилгын төлөө алхах бүү хэл нэгэн агаараар амьсгалах аргагүй болжээ гэмээр байна.
Засгийн газар огцрох уу, нийслэлийн Засаг дарга яах вэ, УИХ-ын даргыг огцруулна гэсэн, яав, УИХ тарах уу гэсэн хурц хурц асуулт ар араасаа хөвөрч, МАН доторх эрх мэдлийн төлөөх тулаанд хэн ялах вэ гэдгийг харах өдрүүд айсуй. Намын зодоон төрийн зовлон болсон нажидтай өдрүүд хурдан дуусаасай.
...УИХ-ын даргын үгнээс үхэх, сэхэхээ үзэлцэнэ гэсэн санаа, Ерөнхий сайдаас тулаанд ялагдахаа мэдрээд, олон нийтээс дэмжлэг хүсэж буй дүр төрх цухуйж байх шиг. Намын зодоон төрийн зовлон болон үргэлжилсээр байх вий гэсэн болгоомжлол төрүүлэм үгсийг тэд хэллээ. У.Хүрэлсүх, М.Энхболд нар нэгэндээ буулт хийх, эв зүйгээ ололцох, тохиролцооноор асуудлаа шийдэн, нэг зорилгын төлөө алхах бүү хэл нэг агаараар амьсгалах аргагүй болжээ гэмээр харагдаж байна...
М.ЭНХБОЛД: ЗАСГИЙН ГАЗАР ТОГТВОРТОЙ БАЙХААС ТӨР ТОГТВОРТОЙ БАЙХ НЬ ҮНЭ ЦЭНТЭЙ
- Засгийн газар Үндсэн хууль болон бусад хуулийн хэрэгжилтийг хангаж, УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг болохоос УИХ-ыг бойкотолж, гацаадаг байгууллага биш. Улс орны тулгамдсан асуудалд Засгийн газар маш хариуцлагагүй хандаж байна.
- Засгийн газрын зарим гишүүн байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй байхаар гишүүдийг ухуулж, ятгаж, УИХ-ын гишүүний эрхэнд халдаж байгаа. Үүнийг би Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын дээр улс төрийн нам гарч, намын шийдвэрээр УИХ-ын үйл ажиллагааг зогсоож байна гэж харж байна.
- МАН-ын дарга намынхаа дотоод үйл ажиллагааг зохицуулж, хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй байна.
- Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаан дээр “УИХ-ыг тараах асуудлыг ярина”гэж хэлсэн. Засгийн эрхийг барьж байгаа манай намын байранд иргэдийг олноор нь, зориудаар зохион байгуулан цуглуулж,жагсаал цуглаанд бэлдэн, турхирч байгааг би Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх барих байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах оролдлого гэж үзэж байна.
- Монгол төрийн тогтвортой байдал Засгийн газар тогтвортой байхаас хэд дахин үнэ цэнтэй.
- Шинэ МАНАН үүсэж байна уу даа гэж харж байна.
- Би хотын даргаар ажиллаж байхдаа У.Хүрэлсүхэд Төрийн ордны хойно газар олгосон. Тэр газар дээр 6-7 давхар байшин барьж, түүнээ зарж борлуулсан байх.
У.ХҮРЭЛСҮХ: ТАЙВАН ЗАМААР ХУВЬСГАЛ ХИЙЖ БОЛНО
- Надад ард түмнийхээ хүсэж байгаачлан шударга ёсны төлөө амь бие хайрлалгүй эр зориг гарган тэмцэх, эсвэл зарим нэг хүнийг ажил амьдралтай байлгахын төлөө буулт хийж амьдрах гэсэн хоёр зам байсан. Би эхнийхийг нь сонгож байна.
- Одоо хөдлөх цаг болсон. Шударга ёс тогтоохын төлөө ажиллах, хариуцлага тооцох цаг болсон.
- МАНАН гэж үнэхээр байдаг юм байна. Одоо эл бүлэглэлийг зайлуулж, энэ хүмүүсээс салах хэрэгтэй. Би намын даргын хувьд цаашид ч тэдэнтэй хатуу тэмцэнэ.
- Зарим зүйлд миний хүч хүрэхгүй байна. Хуулийн болон эрх мэдлийн хүч дутаж байна. Харин сэтгэл санааны хүч бол байна.
- Би УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа өг гэж шаардсан. Албан ёсоор мэдэгдэхэд “60 тэрбум”-ын бичлэг үнэн шүү,үнэн. Тэр яриаг М.Энхболд хийсэн, эвлүүлэг биш. Газрын наймаа хийж байсан нь бас үнэн. Тиймээс түүнийг огцор гэсэн.
- УИХ-ын дарга М.Энхболд бид багын найзууд. Надад найзыгаа, намаа бодох уу, эсвэл ард түмэн, улс орноо бодох уу гэсэн сонголт ирсэн. Би улс орноо бодъё гэж шийдсэн.
- Би төрөө цэвэрлэх ёстой. Бас намаа цэвэрлэх ёстой юм байна. Надад хүч, эрх зүйн орчин дутаж байгаа. Гэхдээ би шударга ёсыг олон түмэнтэйгээ хамт тогтоож чадна.
- Миний тэмцэл улам хурцдах болно гэдгийг албан ёсоор хэлье.
- Үүнээс цааш бидэнд хугацаа алга. Одоо эр зориг гаргах цаг болсон байна. Ганц Ерөнхий сайд зориглоод чадахгүй, ард түмэн нийтээрээ зориглох ёстой. Улс төрийн намууд, дэвшилт үзэлтэй хүн бүр нэгдээсэй гэж хүсэж байна.
- Парламентын засаглалаа боловсронгуй болгох, Үндсэн хуулиа өөрчлөх болжээ.
- УИХ-ын дарга гэдэг бол том эрх мэдэлтэй албан тушаал. Албан тушаалыг дагаж эрх мэдэл явдаг. М.Энхболд гэдэг хүнийг огцруулснаар эрх мэдлээс нь чөлөөлөх гээд байгаа юм. Энэ хүний эрх мэдлийг авч, өөр эрүүл саруул хүнд өгч байж, парламентад шударга ёс тогтоно. Хууль хяналтынхан шударгаар ажиллаж чадахгүй байгаа нь М.Энхболдтой шууд хамаатай. Тиймээс түүнийг үтэр түргэн огцруулах хэрэгтэй.
- Тайван замаар хувьсгал хийж болно.
- Зарим хүнд намын хариуцлага тооцно. Та бүхэн удахгүй харах байх.
Бэлтгэсэн: А.Амина