“Зөвхөн номын тухай” ярилцлагын булангийн маань энэ удаагийн зочноор хэл бичгийн ухааны доктор, судлаач шүүмжлэгч, зохиолч П.Батхуягийг урилаа. Түүнийг ойр тойрныхон нь төдийгүй утга зохиолын хүрээнийхэн Момо гэж дууддаг. Момо гэх нэрийг зарим уншигч Михаэль Эндегийн зохиолын баатарын дүрээр төсөөлж байж магадгүй. П.Батхуяг гуай хүмүүст байнга туслах гэж явдаг зангаараа Эндегийн зохиолын баатар Момотой төстэй. Ингээд түүнтэй зөвхөн номын тухай хэрхэн хөөрөлдсөнөө хуваалцъя.
-Та “Момо” нэрийнхээ тухай ярихгүй юу? Хэзээнээс таныг ингэж дуудах болсон бэ?
-Манай аав хүүхдүүддээ олон “Хуяг” нэр өгсөн болохоор хооронд нь ялгах гэж энэ нэрийг өгсөн байх. Монхор хамартай гээд “Монхууш” гэдэг байсан нь яван явсаар Момо болсон. П.Батхуяг гэдэг нэрийг их хожуу өөрийн нэр гэдгийг ухаарсан шүү. Найз нөхөд, ах дүү амраг садан бүгд л энэ нэрээр дуудсаар одоо Момо нэртэй болж хувирчээ. Харин “Момо” номтой бүр хожим танилцсан. Үнэндээ тийм ч сайн зохиол санагдаагүй.
-Хүмүүсийн зовлон жаргалыг хуваалцдаг чанараараа та зохиолын баатар Момотой төстэй шүү. Залуу зохиолчид танд зовлон, жаргалаа ярих гэж их ирдэг бололтой.
-Монголын уран зохиолын нэн шинэ үеийнхэн үнэхээр авьяастай. Залуу үе маань өмнөх үеийг бодвол оюуны санаагаа чөлөөтэй илэрхийлж чадаж байна. Өмнөх зууны зохиолчид маань цаг үеэсээ шалтгаалаад арай хаагдмал байсан шүү дээ. Зохиолчидтой болон залуу үетэйгээ ойр дотно нөхөрлөдөг болоод ч юм уу сул талыг нь бага хардаг байж магадгүй. Гэхдээ би утга зохиолын ирээдүй саруул байгаа гэж итгэлтэй хэлнэ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний сайхан боловсролтой залуус утга зохиолд орж ирж байна. Үүний нэг илрэл бол орчуулгын уран зохиол асар богино хугацаанд гайхалтай хөгжсөн. Энэ бол залуус зүгээр нэг хэл сурах биш илүү өндөр хэмжээнд боловсрол эзэмшиж байгаагийн дээр дэлхийн утга зохиолыг тухайн эх хэлээр нь уншдаг залуучууд олон болсны илрэл юм. Энэ нь манай үндэсний утга зохиолын хөгжилд нөлөөлөх боллоо. 10-15 жилийн дараа манай утга зохиол илүү мэргэжлийн, оюун санааны хувьд ахисан шатанд хүрэх боломжтой. Улс төрд гялайх, гялтайх зүйлгүй байгаа энэ үед урлаг, утга зохиол л бидний амьдралыг өнгөлнө. Утга зохиолын амьдралыг би гэрэл гэгээтэй хардаг шүү.
-Ер нь утга зохиол хэнд зориулагдах ёстой юм бэ? Уншигчиддаа үйлчлээд өнөөдрийн хэрэгцээ шаардлага сэтгэхүйн түвшинд нь зориулж бичих ёстой юм уу? Эсвэл илүү гүн сэтгэхүйн түвшинд бичээд уншигчид цаг нь болохоор мөн чанарыг нь ухаж ойлгох ёстой юм уу?
-Хатуу үнэнийг хэлэхэд зарим зохиолчид уншигчдаасаа ч дор түвшинд зохиолоо бичиж байгаа. Тэгээд олон хүн худалдаж аваад байгаад нь зохиолчид сэтгэл ханачихдаг. Гэтэл үндэсний оюун санаа хэзээ ч тогтонги байдаггүй. Аливаа зүйлд мандан бадрах, уруудан доройтох үе байлгүй л яахав. “Монголын нууц товчоо” зэрэг оюун санааны өндөр түвшний зохиолыг уншиж байсан, уншиж байгаа ард түмэн бол балчиг намаг луу гүн унахгүй дээ. Уналаа ч гэсэн тодорхой нэг түвшнээс буухгүй. Бид чинь энэ дэлхийд тэргүүлэх язгуур сэтгэлгээтэй цөөхөн ард түмний нэг шүү дээ. Жинхэнэ утга зохиол гэдэг бол үндэснийхээ оюун санааны сэтгэлгээг дээш нь өргөдөг юм. Бид зохиолчдоос жинхэнэ зохиол хүсэх шаардлагатай. Хэрэв утга зохиол уналтад орвол эдийн засгийн түвшин доройтсоноос ч хэцүү байдалд орно. Тэгвэл бидэнд гялайж гялтайх зүйл үлдэхгүй шүү дээ. Урлагаа ядаж унагаачихгүй байх хэрэгтэй. Миний зохиолчдод тавьдаг гол шалгуур бол таны бичиж байгаа зүйл монгол үндэстний оюун сэтгэлгээг ахиулсан юм уу, ахиулаагүй юм уу гэдэг л юм. Түүнээс биш муу болгоныг яриад явдаггүй. Таны бичиж байгаа зохиолоор дамжаад монгол хүн сэрж, хөгжиж байх ёстой юм. Азаар миний эргэн тойрны найз нөхөд зохиолчид дотор тэгтлээ доошоо орсон хэрэглээний, ашиг хонжооны зохиол бичье гэж бодож яваа хүн байдаггүй. Ер нь би тийм түвшнийхөнтэй нь нэг их нөхөрлөж ойртож, дотносоод байдаггүй. Хэмжээ, хэмжээгээ таньдаг байх нь чухал.
Үйл явдлаас илүү үзэл санаа чухал
-Номын амтанд хэзээнээс орсон бэ?
-Миний хүүхэд насанд энэ олон техник технологи байсангүй. Зурагт байсан боловч өнгөтөөр гардаг нь ховор. Оюуны гол хэрэгцээ ном байлаа. Зарим хүмүүс үүнийг хэт дөвийлгөөд байдаг юм. Магадгүй бидний цаг үед энэ олон таблет, гар утас, зурагтын сувгууд байсан бол номонд ойрхон өсөх байсан уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Хүн гэдэг явж, явж цаг үеийнхээ л амьтан. Тухайн үеийнхээ ололттой зүйлд тэмүүлж, зүтгэж явдаг. Би дунд сургуулийн 5, 6-р ангиасаа ном уншиж эхэлсэн. 18 настайгаасаа бүр идэвхтэй унших болсон. Одоо бол би харьцангуй сонголттой уншдаг болжээ. Сайн зохиол гэж олон хүн шуугивал гүйж, сонголтгүй уншдаг байсан үе бий. Харин одоо би хэнийг уншихаа бас уншихгүйгээ мэднэ. Энэ зүйл миний ололт, амжилт юм шиг байгаа юм. Ихэнх уншигчид үйл явдал, дүр уран сайхан хөөж уншдаг. Би ч бас цагтаа “Дөлгөөн дон” ч юм уу уншсан зохиолынхоо үйл явдалд их хөтлөгддөг байснаа санаж байна. Харин сүүлд зохиолчдын үзэл санаа л үнэ цэнэтэй санагддаг болсон. Хэн ямар үзэл санааг илэрхийлсэн бэ гэдэг чухал болохоос биш ямар үйл явдлыг яаж ээдрээтүүлсэн байна, ямар зохиомж хийж вэ гэдэг онц чухал биш болжээ. Магадгүй ном уншихад таван үе шат байдаг гэж бодвол би гурав дахь дээр нь явж байгаа. Сүүлд Михайл Булгаковын “Нохойн зүрх” номыг уншихад зохиолчийн үзэл санааг гайхахад хүрлээ. Дэлхийн утга зохиолд амьтан хүн хоёрыг эвцэлдүүлэх санаа бишгүй байх боловч илэрхийлж байгаа санаагаараа асар ялгаатай.
-Михаил Булгаков зохиолчоор зогсохгүй эмч хүн болоод ч тэр үү гаргах санаагаа гайхалтай дүрсэлдэг байсан юм бол уу гэж боддог.
-С.Эрдэнэ, Антон Павлович Чехов, Михаил Булгаковаас авхуулаад эмч мэргэжилтэй хүн утга зохиол руу орохдоо нягт нямбай ордог. “Зохиолын анатоми”-ийг нэвт судалчихаад задлан шинжилгээ хийж байгаа мэт. Эмч байсан нь магадгүй Михаил Булгаковын давуу тал байсан байх. Би “Нохойн зүрх”-ийг уншсанаасаа хойш уран зохиолчийн гэнэн мөрөөдөлд автаад байгаа. Тэр юу вэ гэхээр нохойны тухай бэсрэг роман бичих хүсэл юм. Уг нь манай үндэсний утга зохиолд чоно, нохойны амьдралын талаар хангалттай сайн бичсэн. Нохойтой холбоотой хамгийн их зан үйлтэй угсаатан монголчууд ч байж болох юм. Хэрэв энэ талаар юм бичвэл өгөгдөл ихтэй гэсэн үг л дээ. Ер нь монголчууд яагаад хотондоо хоёр нохой тэжээдэг юм бол гэж бодсон юм. Хань ханиндаа, бараа бараандаа байг гээд тэжээдэг байж болох юм. Гэхдээ миний бодлоор нэг нохой нь хот хороогоо манаад нөгөө нохой нь нүдэнд үл үзэгдэх биетээс эздээ хамгаалдаг ч байж мэднэ. Монгол нохой дөрвөн нүдтэй, дөрөв дэх нүдээрээ далд ертөнцийг хардаг байхыг үгүйсгэхгүй. Үүнийг би олж нээсэн гэхээсээ бидний мартсан код байх. Монгол нохой гэрээ манадаг боловч бас нэг талаараа гэрээ манадаггүй. Харин эздийнхээ хорлогдох бузардахаас нь сэргийлдэг. Тийм учраас монголчууд хотондоо хоёр нохой тэжээдэг байж гэж итгээд энэ талаар бичиж эхэлсэн. Манай зохиолын баатар нохой бол юу ч хийдэггүй хэвтэж байдаг. Хоолны эдүүр сав шиг бусдын нүдэнд харагдаж байгаа тэр нохой үнэндээ гүйдэлтэй газрын түмэн үл үзэгдэх бугтай тэмцэж байдаг. Эзэн нь бол түүнийг мэддэггүй. Хуцаад байгаагаа сайн нохой гээд байдаг. Яг энэ санаагаа Булгаковын “Нохойн зүрх”-ийг уншаад олсон юм. Би өмнө нь энэ номыг орос хэл дээр нь нэг уншиж байсан. Надад тийм гүнзгий тусаж хүрээгүй. Харин сая эх хэлээрээ унших боломжтой боллоо. Оростой нь харьцуулж уншихад орчуулагч нь сайн орчуулсан шиг санагдсан. Би орчуулагчийг нь бол сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ баяр хүргэмээр байна. Одоо миний бичиж байгаа энэ бэсрэг роман монголын уран зохиолд гарч байсан нохой, чонын амьдралаас тэс өөр болно.
-Тэмдэглэл хэр хөтөлдөг вэ? Гараараа бичих, шивэх хоёрын алийг илүүд үздэг вэ?
-Орчин үед гараар бичилгүй их удаж байна. Гараар бичих бол орхигдож байгаа соёл шүү дээ. Хожим судлаачдын өвийг судлахдаа юу судлах юм бэ? Хатуу дискэн дотор байгаа устгагдсан хавтасуудыг эргэн сэргээдэг болох байх. Энэ бараг эх бичгийн судалгаа гэдэг шиг шинэ судалгаа гарч ирэх байх шүү. Бид нар ийм л цаг үе рүү явж байна. Ирээдүй ямар болох бол гэж бодож амьдрах гоё шүү дээ.
Их эр зориг эмэгтэйчүүдэд зохихгүй
-Хамт нэг цаг үед амьдарч байгаадаа баярламаар хүндэлж явдаг, зохиол бүтээлийг нь алгасалгүй уншдаг тийм зохиолч танд байдаг уу?
-Байлгүй яахав. Хүмүүс намайг баргийн юмыг ойшоож үздэггүй, уншдаггүй гэж буруу ойлгоод байдаг юм. Зохиолчид тэр дундаа эмэгтэй зохиолчдыг шүүмжилдэг болохоор тэр байх. Яг үнэндээ энэ цаг үед амьдарч байгаа олон эмэгтэй зохиолчдыг биширдэг.
-Эмэгтэй зохиолчид хэл амны бай болсоор л байна. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Нийгэмд арай содон үзэгдээд байдаг юм. Эмэгтэйчүүд маш эр зоригтой болчихсон. Их эр зориг эмэгтэй хүний чимэг биш шүү дээ. Эмэгтэй хүн ялимгүй айдастай байх нь гоё. Гэтэл эрчүүдээс гарахгүй байгаа эр зоригийг гаргана. Тэгээд бүр түүхэн роман бичээд байна. Тэр нь уран сайхны хувьд сул, итгэл үнэмшил байхгүй, түүхэн бодит үнэнээс холдсон, хэл найруулгын хувьд доголдолтой байхаар утга зохиолд хайртай хүн чимээгүй хажуугаар нь өнгөрч чаддаггүй. Тэр үүднээсээ л хааяа, хааяа хатуухан үг хэлчихдэг. Түүнээс биш цаг үеийнхээ сор болсон гайхалтай эмэгтэй зохиолчид байгаа. Гэхдээ нэр дурдаад яахав.
-Танд онцлоод хэлчих зохиолч байх л ёстой доо.
-Би нэг зохиолчийн ном болгоныг тогтож уншдаг. Гэхдээ эмэгтэй зохиолч биш шүү. Тэр хүний яваад байгаа зүг нь их зөв санагддаг юм. Манай утга зохиолын хүрээнийхэн Г.А гээд хэлчихэд л түүнийг хэн бэ гэдгийг мэдэж байгаа байх. Энэ хүн бол манай үеийн баатар. Утга зохиолд ийм гайхалтай хүмүүс төрөөд байгаа учраас би Монголын утга зохиолд хүндэтгэлтэй ханддаг юм. Монголын утга зохиол бол цэцэглэх хөрстэй, ургах сайхан үртэй гэж итгэж байгаа.
-Судлаач, шүүмжлэгч хүн хоёрын хооронд юм бичих эрхгүй болдог байх даа.
-Жинхэнэ утга зохиол бол бэлэн гоймон биш. 5-6 минут болгочихоод сэрээдээд иддэг гоймонг хэн ч хийж чадна. Жинхэнэ утга зохиол бичнэ гэдэг өөрөө өөрийгөө зовоох шаардлагатай ажил. Жинхэнэ утга зохиолыг уран сайхны сэтгэлгээний түвшингээр нь тодорхойлдог. Миний зохиолыг уншсан хүн тийм ч амархан дуу алдахгүй байх. Үнэхээр намайг танья гэж бодсон хүн дахиад уншина, ээдрэнэ. Энэ бол зохиолч П.Батхуягийн баримтлал гэх юм уу. Би өөрөө ийм, тийм байх ёстой гэж ярьдаг мөртлөө ярьсныхаа эсрэг хийж болохгүй шүү дээ. Утга зохиол шүүмжлэгчийнхээ хувьд хатуу шаардлага тавьдаг мөртлөө эсрэгээрээ хачин юм бичих эрхгүй болж байгаа юм. Нэг талдаа илүү юманд дуртай зангаасаа болоод өөртөө зовлон хураасан хүний л ажил юм болов уу даа.
-Магадгүй багшлахгүйгээр зөвхөн зохиолоо бичээд явсан бол гэж хааяа боддог болов уу? Зохиолчдод босго тавих хэмжээний бүтээлээ туурвиж амжсан уу?
-Владимир Набоков “Лолита”-гаа бичээд л багшийнхаа ажлыг орхисон юм гэнэ лээ. Яагаад гэхээр хангалттай мөнгөтэй болсон байхгүй юу.. Би одоо яагаад багшлаад явж байна вэ гэхээр өөрийн “Лолита”-гаа бичиж амжаагүй байна. Хэрэвзээ хувь байгаад бичдэг юм бол би өнөөдөр ч хамаагүй багшийн ажлаас татгалзана. Яагаад вэ гэвэл юманд чинь цаг хугацаа байна. Би үнэндээ бол хоцрогдож байгаа багш шүү дээ. Яагаад гэвэл шинэ оюун санаанууд дандаа сэргэг байдаг. Тодорхой хугацааны дараа би шинэ оюун санааны хэрэгцээ шаардлагад нийцэхээ болино. Би тэр үед зайгаа ёстой л гуйлгахгүй тавьж өгнө дөө. Өөрөө яваад л өгнө.
-Зохиолч гэдэг тэтгэвэрт гарах шаардлагагүй сайхан ажил шүү.
-Зохиолч гэдэг статус миний аавын нэрний өмнө байх ёстой, байгаасай гэж хүсдэг тэр л зүйл. Багшлахаас илүү, судалгааны ажлаас минь ч илүү хамгийн эрхэм ажил минь зохиол бичих. Намайг доктор энэ тэр гэхэд нэг их сонин санагддаггүй. Харин зохиолч П.Батхуяг гэхэд бол харин ч нэг дуртай. Багаасаа дурласан зүйл гэдэг утгаараа тэр байх л даа. Би нэг хэсэг “Зүгээр л П.Батхуяг” гэж өөрийнхөө бичсэний ард нэрээ тавьдаг байсан юм. Сүүлийн үед “Гарцаагүй П.Батхуяг” гэх тодотголтой болоод байгаа. Гарцаагүй гэдэг үгэнд миний өөрийгөө үнэлэх үнэлэмж явж байгаа юм. Би энэ цаг үедээ гарцаагүй л амьдарч байгаа. Хийдгээ хийж, хэлэхээ хэлж байгаа, загнуулахдаа загнуулж, зандрахдаа зандарч байгаа. Алдаж байгаа, онож байгаа, хүний л амьдралын зарчмаар явж байна. Тийм учраас би гарцаагүй. Магадгүй хэдэн жилийн дараа гарцаагүй гэдэг үг өөр үгээр солигдох юм уу би хэлж мэдэхгүй. Зарим хүмүүс “Гарцаагүй гэж таны овог уу” гэж асуух нь ч бий. Овог гэж андууртал нь хрэглэсэн нь товчхондоо бол миний хийж яваа зүйл тодорхой нэг хэмжээнд гарцаагүй хүрсэн гэдгийн л илрэл юм даа.