Саяхан Беларусь улсын Гомель хотод болсон зуун буудалт даамын ДАШТ-ий үндсэн төрлийн 17 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртсэн Баярын Мишээлийг “Шинэ танил” онцоллоо.
14 настай тэрбээр тус тэмцээнээс хоёр жилийн өмнө хүрэл медалийн эзэн болсон. Ингэснээр ДАШТ-ий үндсэн болон блиц төрөлд медальтай Монголын анхны тамирчин болов.
Б.Мишээл дэлхийн дэд аварга болсныхоо дараа БНХАУ-д болсон нээлттэй тэмцээнд өрсөлдөн, XI байр эзлэхдээ тавдугаар өрөгт Туркийн нээлттэй тэмцээний аварга, Оросын их мастер Иван Трофимовтой тэнцэн, сүүлчийнхэд нь олон улсын мастер Н.Шестаковаг хожсон юм. Насанд хүрэгчдийн ангилалд Монголын шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлддөг, улсын дэд аварга тэрбээр турк даамын ДАШТ-ий хоёр мөнгөн медальтай.
-Дэлхийн аварга болсныхоо дараа Монголдоо, гэртээ ирэх сэн, аав, ээжтэйгээ уулзах сан гэж нэлээд яарч, догдолсон нь мэдээж.
-Тэгэлгүй яах вэ. ДАШТ дуусангуут л гэртээ хурдан харьж, аав, ээжтэйгээ баярт мөчөө хуваалцах сан гэж яарлаа. Болдогсон бол гэр рүүгээ гүйчихмээр санагдсан шүү (инээв). Энэ жил дэлхийн шилдгүүдтэй дөрөв дэх удаагаа өрсөлдөхдөө зургаан удаа хожин, хоёр тэнцэн, нэг хожигдсоноор мөнгөн медаль хүртлээ.
Уг нь түрүүлэх зорилготой байсан ч чадсангүй. ОХУ-ын даамчин Ольга Балуковатай оноо тэнцсэн ч коэффициентийн зөрүүгээр дийлдээд, дэд аварга болсон. Төрийн далбаа мандах мөчид сэтгэл их хөдөлж, сандарсан.
Намайг үргэлж дэмждэг гэр бүлийнхэн, багшдаа их баярлалаа. Амжилтаа баталж, дэлхийн аварга болох нь миний ойрын зорилт.
-ДАШТ-д багш, тамирчдынхаа хамт ганцаараа явсан гэсэн. Мөнгөн медаль хүртсэнийх нь дараа аав, ээж нь юу гэсэн бэ?
-Мундаг шүү, охиноороо бахархаж байна гэсэн. Энэ жил би олон улсын таван тэмцээнд оролцоод байна. Азийн АШТ-ээс залуучуудын ангилалд мөнгөн медаль хүртэн, Эрхүү, Монголын уулзалт тэмцээнд өрсөлдөхдөө багаараа болон ганцаарчилсан төрөлд түрүүлсэн.
Намайг тэмцээнд оролцохоор гадаад руу явахад аав, ээж хоёр “Амжилт гаргахаас илүү аюулгүй байдал, эрүүл мэнд чухал. Болгоомжтой яваарай. Төөрөв өө, багшаасаа битгий холдоорой” хэмээн захидаг.
-Өмнө нь IV, V байрт шалгарсан юм билээ. Энэ удаа өмнөхөөсөө хавьгүй туршлагатай байсан уу?
-Тэгсэн, огт сандраагүй.
-Хамгийн ширүүн өрсөлдөөнийг аль орны тамирчид гаргав?
-Орос, Беларусь. Хойд хөршийн тамирчинтай хийсэн тоглолт хамгийн хүнд боллоо. Түүнтэй таван цаг гаруй тоглоод хожсон. Тийм удаан тоглоод дийлсэн болохоор гоё байна.
-Шатар, даамын тоглолт олон цаг үргэлжилдэг. Та хэнтэй хамгийн удаан өрсөлдсөн бэ?
-Хятадад болсон олон улсын тэмцээнд оролцохдоо олон улсын мастер Шестаковатай зургаан цаг гаруй тоглолоо. Би өмнө нь ийм удаан тоглож үзээгүй. Үнэнийг хэлэхэд түүнийг хожно гэдэгтээ тийм ч итгэлтэй байгаагүй.
Дийлдсэн ч харамсахааргүй, өөртөө итгэлтэй өрсөлдье л гэж бодсон. Монголдоо ирэхэд гэр бүлийнхэн, хамаатан садан, найзууд угтан, баяр хүргэснийг би хэзээ ч мартахгүй. Олон жилийн дараа ч өнөөдөр болсон мэт сэтгэлд тод үлдэх байх.
-Тэмцээн, бэлтгэл гээд сургуулиасаа чамгүй хугацаанд чөлөө авдаг байх. Хичээлээ нөхөж амждаг уу?
-Би 83 дугаар сургуулийн 9а ангид сурдаг. Сая хоёр тэмцээнд оролцохын тулд сар гаруйн чөлөө авсан. Манай анги, сургуулийнхан надад сайн туслаж, дэмждэг болохоор харьцангүй хурдан нөхдөг. Оюуны спортоор хичээллэдгийн өгөөж ч үүнд нөлөөлдөг.
-Даамын спортоор хэчнээн жил хичээллэж байгаа вэ. Юу нь сонирхлыг тань татав?
-Дөрвөн жилийн өмнө Нармандах багшаар даам заалгаж байлаа. 2014 онд сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнд оролцон, мөнгөн медаль хүртээд их урамшсан. Тэгээд л эл спортод дурлан, өдий хүртэл тоглож байна.
Намайг даамчин болоход их мастер, дэлхийн таван удаагийн аварга Тамара Кежинаев их нөлөөлсөн. Түүн шиг болохыг мөрөөддөг, тоглож үзэхийг хүсдэг. Би бэлтгэлээ их мастер Г.Ганжаргал багшийн удирдлагад хийдэг юм. Долоо хоногт гурван өдөр, нэг удаадаа 3-4 цагаар базаадаг.
Багш минь туршлагатай болохоор надад түшигтэй. Манай удамд надаас өөр даамчин байхгүй. Аав, ээж хоёр эл спортыг сонирхдоггүй. Би гэртээ байхдаа интернэтээр даам тоглодог.
-Тамирчин бүхэн өөр, өөрийн гэсэн тоглолтын арга барилтай. Таных ямар вэ?
-Яг тийм гэж тодорхойлоход бэрх. Хамгаалж, довтлохыг хослуулж тоглодог. Тухайн өргийн байрлалд тохируулдаг.
-Бөхчүүдэд барилдаан, тал таардаггүй өрсөлдөгч гэж байдаг. Танд тоглолтын хэв маяг таардаггүй даамчин бий юү?
-Монголын эрэгтэй, эмэгтэй бүх шилдэгтэй тоглож үзсэн. Би заримдаа эрэгтэйчүүдийн ангиллын тэмцээнд өрсөлддөг. Спортын мастер Ариунзаяа эгчтэй тоглолтын хэв маяг таардаггүй. Надтай эн тэнцүү тоглодог 20 даамчин Монголд бий.
-Медалиа тоолдог уу. УАШТ-ий хэдэн медальтай бол?
-Ёстой тоолж үзээгүй. УАШТ-ий нэлээд олон медаль бий. Жилд дунджаар 5-6 медаль авдаг. Өнгөрсөн жил Баянхонгор аймагт болсон насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Инженер. Даамын спорт маш нарийн тооцоолох чадвар шаарддаг. Тиймээс энэ мэргэжил надад илүү ойр. Би чөлөөт цагаараа дугуй унан, усанд сэлж, гэр бүлийнхэнтэйгээ хамт аялан, найзуудтайгаа кино үзэх дуртай.
-Даам тоглохоос өөр авьяас бий юү?
-Усанд сайн сэлдэг. Хоёр ч удаа хүний амь аварсан.
-Яасан мундаг юм бэ. Хоёулаа өөр тохиолдол юм уу?
Тийм ээ. Олон улсын тэмцээнд оролцон, гадаадад явж байхад тохиолдсон. Пүрэвбаатар, Сумъяа гэдэг хоё найз маань усан санд сэлж байгаад живэхэд нь би аварсан юм.
-Зарим хүн сандарсандаа юу хийх, яаж аврах учраа олдоггүй. Та шууд л аврахаар ус руу үсэрсэн үү?
-Тэгсэн. Өөр бодол төрөөгүй, юу ч бодож амжаагүй. Ялангуяа, Сумъяаг аврахад бүр туршлагатай болчихсон байсан шүү. Пүрэвбаатарыг аварснаас нэлээд хэд хоногийн дараа тохиолдсон явдал л даа.
Хоёр найз маань надад баярлалаа гэсэн. Тэр хоёр одоо усанд сэлэх нь байтугай ойртохоос ч эмээдэг болсон.