Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, энэ сарын 22-ны өглөө Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс Улсын Их Хурлын даргад хандаж ирүүлсэн шаардлагын талаарх байр сууриа Улсын Их Хурлын өчигдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд илэрхийлсэн бөгөөд өнөөдөр албан ёсны хариуг бичгээр өгсөн тухайгаа гишүүдэд танилцуулсан юм.
Улсын Их Хурлын дарга шаардлага тавьсан нэр бүхий гишүүдэд өгсөн хариу бичигтээ, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “…Улсын Их Хурлын гишүүн … хууль санаачлах эрх эдэлнэ”, Дөчин гуравдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан. Дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, гишүүнийхээ хувиар “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12989 тоот саналд гарын үсэг зурсан.
Үе үеийн Монгол Улсын Их Хурлын дарга нар өөрийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон саналаа өөрийн биеэр хүлээн авч байсан. Монгол Улсын Их Хурлын дарга өөрийн санаачилсан хууль тогтоомжийг хүлээн авахыг хуулиар хориглосон, хязгаарласан зүйл байхгүй.
Гишүүдээс өгсөн албан бичигт дурдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйл буюу хуулийн нэр томъёоны тодорхойлолт нь Монгол Улсын Их Хурлын даргын гишүүний бүрэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Миний бие уг хуулийн 3 дугаар зүйлийг зөрчөөгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэнтэй холбогдуулан миний бие Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы 7 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдааныг удирдахаас татгалзаж, дэд дарга Я.Санжмятав удирдаж байсан. Энэ жишгийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх чуулганы нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд даргаар удирдуулах боломжтой гэдгийг хэллээ.