Өнгөрсөн долоо хоногоос хойш ирц бүрдэхгүйн улмаас гурвантаа хойшилсон УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдав. Байнгын хорооны хурлаар ирэх оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоригийн талаар хуралдаанд танилцуулсан юм.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ төсөв боловсруулсан Засгийн газрын албан тушаалтнуудтай Ерөнхийлөгч уулзаж, санал солилцсон, эсэхийг тодрууллаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Төсвийн төслийг өргөн мэдүүлээд, хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд оролцон, ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Төсөл дэх алдаа дутагдлуудыг засах бололцоо бий гэдгийг сануулсан, мөн үүнээс хэдхэн хоногийн дараа албан бичгээр уг саналаа хүргүүлсэн. Ерөнхийлөгч даалгасны дагуу төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр би төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй хоёр удаа уулзаж, саналаа танилцуулсан. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар энэ асуудлаар 2-3 удаа албан ёсоор уулзсан. Тэгээд төсөв батлагдсан. Үүний өмнө төсвийн төслийг буцаан татах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн ч дэмжээгүй юм. Тэгэхдээ төсвийг баталсны дараа хориг тавьж, үүний дагуу Засгийн газар Төсвийн тухай хуулийг эргүүлэн татаад, засвар, өөрчлөлт оруулахаар ярилцсан. Үйл явц сар орчим үргэлжилсэн. Энэ дагуу хоригийг хэлэлцүүлж байгаа бөгөөд Төсвийн байнгын хороо хүлээж аваагүй. Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо шийдвэрээ гаргана, дараа нь нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ” гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь, Д.Ганболд, Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Ш.Раднаасэд нар байр сууриа илэрхийлэв. Төсөвтэй холбоотой хууль, тогтоолуудад Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж байгаа нь Монгол Улсын түүхэнд анх удаа тохиож байгааг гишүүд хэлж байв. Мөн хоригт дурдсан үндэслэлүүд бодитой бус бөгөөд төслийг Засгийн газрын боловсруулж, өргөн мэдүүлснээр баталсан, үүнд Засгийн газар байр сууриа илэрхийлж, тайлбараа хийх ёстой гэлээ. 2019 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавих нь улс орны хэмжээнд ихээхэн эрсдэл дагуулах бөгөөд цалин, тэтгэвэр, тэтгэмж, төсөвт байгууллагын санхүүжилт, төсвийн хөрөнгө оруулалт бүрэн зогссоноор эдийн засаг, нийгэмд ноцтой нөлөөлөл үүсгэх үр дагавартай. Хэрэв Ерөнхийлөгч тодорхой үндэслэлээр хэсэгчлэн хориг тавьсан бол уг саналыг УИХ авч үзээд, дэмжих бололцоо байсан гэдгийг гишүүд онцолж байв. Хоригт дурдсанчлан төсвийн төслийг дахин боловсруулахад хуулийн дагуу хагас жил, бүх шатандаа маш хурдтай ажиллахад хоёр сар зарцуулах юм. Ингэсэн тохиолдолд 2019 оны хоёрдугаар сард төсөв батлагдана, дахиад Ерөнхийлөгч хориг тавьчихвал асуудал долдугаар сар хүргэнэ. Энэ мэтээр олон асуудал ар араасаа хөвөрсөөр улс орон санхүү, эдийн засаг, нийгмийн, цаашлаад улс төр, засаглалын тогтворгүй байдал руу орох аюул нүүрлэж байна гэдгийг хэлж байв. Эцэст нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэнгүй.