-Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл дэд дарга нарын нэг нь хуралдааныг удирдаж болно –
Гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх үеэр мэдээлэл хийж, М.Энхболдын удирдсан УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцохгүйгээ мэдэгдлээ. Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зураагүй гишүүдээс гадна АН-ын бүлгийн Ж.Батзандан, Л.Болд нар буюу нийт 40 орчим гишүүн хуралдаанд оролцохгүй хэмээн санал нэгдээд байгаа аж. Гишүүн Т.Аюурсайхан “Чуулганыг Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд зохион байгуулах ёстой. УИХ-ын дарга нь ч үүний хүрээнд ажиллах хуультай. Гэвч Ж.Батзандан нарын гишүүн нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргасныг УИХ-ын дарга хүлээж аваагүй. Дараа нь Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүн “60 тэрбум”-ын гэх хэрэгтэй холбогдуулан сонсгол явуулах хүсэлт тавьсан ч хэлэлцээгүй. Нэр бүхий гишүүд ээлжит бус чуулган зарлах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. УИХ-ын дарга М.Энхболд энэ мэтээр маш олон хууль, тогтоомж зөрчиж байна. Засгийн газрыг огцруулах саналд ч М.Энхболд дарга гарын үсэг зурсан. Одоо тэр Ерөнхий сайдыг огцруулах, эсэхийг хэлэлцэх хуралдааныг удирдахаар зэхэж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулсан чуулганд оролцохгүй” гээд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх хүртэл байр сууринаасаа ухрахгүй гэлээ.
Мөн гишүүн Л.Болд “АН-ын Улс төрийн зөвлөл Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Харин Ж.Батзандан гишүүн бид хоёр УИХ-ын дарга М.Энхболд хууль зөрчсөн тул ажлаа өгөхийг шаардаж байна. Түүнийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Цэцэд “өгсөн” ч тэд авч үзээгүй” гэсэн бол гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Монголын төрийг МАН, АН бус, хэдхэн компанийн гар хөл болсон хүмүүс удирдаж байна. Цэц хүртэл М.Энхболдын өмнө хүчин мөхөстлөө. Түүнд шаардлага тавьсны төлөө Засгийн газар огцрох дээрээ тулж байна” хэмээсэн юм.
Ингээд тэд нэгдсэн хуралдаанд оролцсонгүй. Ирц бүрдэхгүй байсан тул УИХ-ын дарга М.Энхболд сайд нарыг дуудаж, хуралдаандаа суухыг сануулж байлаа. Тэрбээр “УИХ-ын гишүүд төлөөллийнхөө үүргийг биелүүлж хуралдааны танхимд орж ирэх ёстой. Ярьж, хэлэх зүйл байгаа бол танхимдаа орж ирээд ярилцаад шийд. Засгийн газрыг огцруулах санал гаргасны төлөө хууль зөрчиж, хуралдаан тасалдуулж болохгүй. Засгийн газрын гишүүд хуралдаандаа оролц. Төсвийн хоригийг хэлэлцэх гээд байна. Төрийн эрх авах оролдлого хийж байгаа юм уу. Хууль тогтоох дээд байгууллагыг тараах оролдлогыг хууль бусаар хийж байгаа юм уу. Ингэж таарахгүй ээ. Тийм учраас хуралдааныг эхлүүлнэ. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой” хэмээж байлаа.
Мөн УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд гишүүдийн тавьсан шаардлагатай холбогдуулан тайлбар хийсэн юм. Тэрбээр “Надад 32 гишүүний гарын үсэгтэй бичиг ирсэн. Тэр бичигт “УИХ-ын дарга Засгийн газрыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан учраас ашиг сонирхлын зөрчил үүсэж байна. Тиймээс энэ зөрчлийг шийдтэл эдгээр 32 гишүүн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцохгүй” гэсэн байсан. УИХ-ын даргад гишүүний бүрэн эрх нь хэвээр хадгалагддаг. Хууль, тогтоолын төсөл санаачлах эрх надад бий. Тиймээс чуулган маргаашаас (өнөөдөр) хэвийн журмаараа үргэлжилнэ. Харин Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзвэл дэд дарга нарын аль нэг нь хуралдааныг удирдаж болно. Үүнийг албан ёсоор мэдэгдэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.