СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр 2012 онд төгсөж, өөрийн нэрээр “Кадр” брэндийг бий болгосон Б.Энхбаатартай ярилцлаа.
Тэрбээр европ болон монгол хувцасны хэв маягийг хослуулсан, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой “Намрын өнгө”, “Монгол бахархал”, “Галт шувуу”, “Аясгалан” зэрэг загварын цуглуулгаа гаргаж байв.
Түүнчлэн монгол хувцасны загвар, элемент, гоёл чимэглэлийг ямар ч төрлийн хувцастай хослуулахад дэгжин, тансаг болдгийг түүний урласан бүтээлүүдээс харж болно.
-“Асфара” загварын шоунд эх орноо төлөөлөн оролцсон гэж сонслоо. Өмнө нь манай улсын загвар зохион бүтээгчид эл шоунд оролцож байгаагүй гэл үү?
-Казахстан улсад зохион байгуулсан “Асфара” загварын шоунд эх орноо төлөөлөн оролцлоо. Нийт 28 орны 32 загвар зохион бүтээгч бүтээлээ үзүүлсэн.
Дөрөв хоног үргэлжилдэг эл арга хэмжээнд өсөх ирээдүйтэй, брэндийг нь дэлхийн хэмжээнд гаргах боломжтой загвар зохион бүтээгчдийг шалгаруулж, урьдаг юм билээ. Шоунд оролцох саналыг хоёр жилийн өмнө авсан боловч тухайн үед боломж гараагүй юм.
-Дэлхийн загварын алдартай товчоо, агентлагуудын загвар зохион бүтээгчид эл шоунд оролцож буй бүтээлүүдийг үздэг гэсэн. Та ямар онцлогтой, хэдэн цуглуулга толилуулав?
-Хавар, зуны нэг цуглуулга үзүүлсэн. Ирэх оны загварын чиг хандлагыг тодорхойлох юм. Би цуглуулгадаа саарал өнгийг суурь болгож, ногоонтой хослуулсан загварууд толилууллаа.
Үүгээр нялх ногоо соёолж, урин цаг ирж буйг дүрсэлсэн юм. Мэдээж үндэсний хувцасны элементүүд шингээсэн. Миний загваруудыг мэргэжилтнүүд өндөр үнэлсэнд баяртай байгаа.
-Ирэх оны загварын чиг хандлагыг тодорхойлдог эл шоунд бусад орны загвар зохион бүтээгч ямар бүтээлүүд түлхүү үзүүлсэн бэ. Нийтлэг зүйл юу байв?
-Итали, Франц зэрэг хувцас загварын эх орны уран бүтээлчид үлгэр дуурайл авахуйц цуглуулгууд үзүүлсэн. Сонирхолтой зүйл мэдэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлээд ирлээ.
-Ирэх жил ямар өнгө, загвар трэнд болохоор санагдав?
-Загвар зохион бүтээгчдийн олонх нь бор шаргал, арьсны өнгийг бүтээлдээ түлхүү ашиглажээ. Тэгэхээр эдгээр өнгө трэнд болох болов уу. Харин “Кадр” брэнд саарал өнгийг онцолж байгаа.
Түүнчлэн дундад зууны үеийн язгууртнуудын хувцасны элементүүдийг агуулсан загвар сүүлийн үед моод болж байна. Энэ хэв маяг ирэх жил ч давамгайлна. Миний загваруудад ч эдгээр элемент бий.
-Та “Кадр” брэндээ үүсгэж, өдгөө нэлээд олон нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Энэ брэндээ хэрхэн бий болгов?
-Оюутан байхдаа “Монгол костюмс”-т ажиллаж эхэлсэн л дээ. Төгсөөд БНХАУ-д хэсэг ажилласан. БНХАУ, ӨМӨЗО-оос манай загвар зохион бүтээгчдийг урьж ажиллуулдаг.
Ялангуяа үндэсний хувцасны чиглэлээр дагнан уран бүтээл туурвидаг загвар зохион бүтээгчдийг их өндөр цалинтай ажиллуулдаг. Монголдоо ирэнгүүтээ энэ хамт олонтойгоо дахиад хамтарч ажиллаж байна.
“Кадр” брэндээ гаргаад хоёр жил гаруй болсон. Энэ брэнд маань залууст чиглэсэн. Үндэсний хувцсыг орчин үеийн хэв шинжид хувиргасан, өдөр тутмын хувцас үйлдвэрлэдэг.
-Сүүлийн үед залуус стрийт стилийг их сонирхон, хувцаслаж байна. Үндэсний хувцсыг энэ стильтэй хослуулах, хөрвүүлэх боломжтой юу?
-Бололгүй яах вэ. Манай брэнд яг л энэ чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монголчууд хэдийгээр Ази тивд оршдог ч, хувцаслалтын хувьд европ хэв маягтай. Тиймээс Азийн бусад орны залуучуудаас илүү загварлаг.
Хувцас загварт хандах бидний хандлагад ази болон европ хэв маяг холилдсон. Завсрын ч юм шиг. Энэ нь манай загвар зохион бүтээгч, хувцас загварт дурлагчдад маш том давуу тал болдог.
-“Кадр” брэнд намар, өвлийн цуглуулгаа саяхан танилцуулсан. Хэчнээн төрлийн, ямар онцлогтой загвар гаргав?
-Мөн л саарал, мөнгөлөг өнгийг голчилсон. Монгол дээлний шинж агуулсан борооны цув, өвлийн хүрэм гаргасан.