Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 17 дахь илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцүүлээд байна.
Энэ удаагийн илтгэлд нийслэлийн хот төлөвлөлт, хохирол нөхөн төлүүлэх, хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрх зэрэгтэй холбоотой таван бүлэг асуудлыг онцолжээ. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.
Тэрбээр “Би комисст ирснээсээ хойш хэвлэл мэдээллийнхэн, иргэний нийгмийн байгууллагатай нягт хамтран ажиллаж байна. Танай сониноор дамжуулан сэтгүүлчдэд баярласнаа илэрхийлье. Хэвлэлийнхний хүч, оролцоотойгоор манай комисс олон түмэнд танигдаж байна.
Жишээ хэлье. 12 настай хүүхэд манайд цахимаар гомдол ирүүлсэн. “Өвөө, эмээ хоёр орой зурагт үзүүлэхгүй юм. Миний эрхийг зөрчиж байна” гэж хандсан. Ийм байгууллага байдгийг 12 настай хүүхэд мэдээд, гомдол ирүүлж байгаа нь та нарын ажлын үр дүн” гэсэн юм.
-Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлийг УИХ жил бүр хэлэлцэхдээ хайнга хандаад байх шиг санагддаг. Үндэсний илтгэл бичиж, хэлэлцүүлсэн хүний хувьд та хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Энэ илтгэл бол манай комиссын ажлын тайлан, ганц бидний хийсэн ажил биш. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх үнэлгээ гэж үзэж болно. Энгийнээр, эмнэлгийн хэлээр тодорхойлбол манай комисс уг асуудлаар онош тавьж байгаа хэрэг. Одоо чинь хүн өвдөхөд эмч чагнаж үзээд эм бичиж өгдөг үе аль эрт өнгөрсөн биз дээ. Төрөл бүрийн шинжилгээ хийлгэж байж оношийг нь тогтоогоод эмчлэх, эдгэрүүлэх ажлаа эхэлдэг.
Үүнтэй яг адилхан. Бид оны эхэнд ирэх жилийн сэдвээ комиссын хурлаар хэлэлцэж, чиглэлээ тодорхойлдог. Ингээд бүтэн жилийн турш ирсэн нийгмийн байгууллагын явуулсан үйл ажиллагааны тайлан, мэдээ, судалгаа зэрэгт дүн шинжилгээ хийх замаар хүний эрхийн тухайн асуудлаар онош тавиад, ийм эмчилгээ шаардлагатай байна гэдгээ санал, зөвлөмж хэлбэрээр УИХ-д өргөн мэдүүлж байгаа юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо илтгэлийг хэлэлцээд Засгийн газарт үүрэг, даалгавар өгч, тогтоол баталдаг. Энэ жилийн илтгэлд зургаан асуудлыг онцолсон. Ер нь хүний эрхийн бүхий л асуудлыг багтаасан илтгэл бичих ямар ч боломжгүй. Хүний эрхийг төрөлжүүлээд үзвэл гуч орчим асуудал бий. Тиймээс урьд жилийн үйл ажиллагаа болон өмнөх илтгэлүүдтэй уялдуулан хамгийн их анхаарал татаж байгаа асуудлаар илтгэл бичдэг.
Хэлэлцүүлгийн тухайд шүүмжлэлтэй хандаж байгаа. Бид илтгэлийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор өргөн мэдүүлэх ёстой. Хугацаандаа өргөн мэдүүлсэн. Гэвч сая л хэлэлцлээ. Ноднин бас ингэж таарсан. Харин ноднин нэг хүүхэд хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацагдсаны хүчинд манай илтгэлийг нэлээд анхаарсан. Гэтэл тэр асуудлыг нь манайх аль хэдийн баримттай нь гаргаад тавьчихсан байсан шүү дээ.
-Жил болгоны илтгэлд хөндөгддөг хүний эрхийн зөрчил юу вэ?
-Ер нь байнга гэх юм уу даа, хоёр жил тутам анхаарч үздэг асуудал бол эрүү шүүлт, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой. Бага ч болов хөндөхөөс аргагүй асуудал.
-Хөдөлмөрлөх эрхтэй холбоотойгоор хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдыг онцолсон гэсэн үг үү?
-Хүний эрхийг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийг 2015 оноос хөндөж эхэлсэн. Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Зэвсэгт хүчин, хилийн цэргийнхэн гээд тушаалаар ажилладаг хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийг авч үзсэн. Хүний эрх, эрх чөлөөг хангах үүрэгтэй албан хаагчдын эрхийг зайлшгүй анхаарах ёстой.
Дараагийн илтгэлдээ онцгой байдлын алба хаагчдын эрхийг хөндөнө. Хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын асуудал үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тухайн боомтоор оруулж буй хүнсний бүтээгдэхүүн нэг талаас хоол хэдий ч буруудвал түүн шиг хор байдаггүй.
Улс орнууд хүнсний бүтээгдэхүүнийг дээд зэргийн лабораторид шинжилж, өндөр хяналт тавьж байна. Тэр ч бүү хэл, зорчигчийн цүнхэнд байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хүртэл өндөр хяналттайгаар нэвтрүүлдэг. Зөвшөөрөгдсөн хэмжээ, стандарт хангаагүй бол Австрали, Шинэ Зеланд зэрэг зарим газарт тухайн зорчигчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь ч бий.
Харин манай монголчууд дэндүү хэнэггүй байна. Нүдэнд харагдаж буй нь утаа учраас хүмүүс шүүмжилж, анхаарал хандуулаад бусдыг нь хойш тавиад байгаа юм. Энэ байдлаараа 20 жил явбал юу болох вэ. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн нөхцөл хүнд байна. Ялангуяа Гашуунсухайтад ажиллаж байгаа албан хаагчдын нөхцөл онцгой хүнд.
-Яг Гашуунсухайт дахь байдлын талаар тодорхой хэлээч?
-Энэ талаарх материал бидэнд хангалттай бий. Тэдний нийгмийн асуудлыг шийдээгүйгээс бол гэр бүл салах нь олон. Илүү цагаар хортой нөхцөлд ажилладаг.
-Хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой эрх зөрчигдөж байгааг хэр олон удаа хөндөж байна вэ?
-Үүнийг энэ удаа нэлээд нэгтгэж үзсэн. Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын буруутай үйл ажиллагаанаас иргэн хохирч, тэр нь тогтоогдвол нөхөн олговор өгөх хуультай. Хэрэг хянан шийдвэрлэх явцад санаатайгаар хохироосон тохиолдол байдаггүй. Аль ч салбарт мэргэжлийн алдаа гэж бий.
Тэгээд ч манайд хэрэг илрүүлэх нөхцөл үнэхээр хэцүү. Тиймээс ч холбогдох хүмүүст нь хариуцлага тооцдоггүй. Тооцож ч болдоггүй. Хэрэв ингэж хариуцлага тооцоод эхэлбэл тэр иргэнийг хуулийнхан буруутгаж байж л сална. Өнгөрсөн хугацаанд манай комиссоос төлөөлөн 30 гаруй хүнд нэхэмжлэл гаргасан байдаг.
Иргэд өөрсдөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргаад, хохирлоо нөхөн төлүүлсэн тохиолдол маш олон. Бодит хохирлыг ямар нэг хэмжээгээр нөхөн төлүүлээд байна. Аргачлал, журам нь ч бий. Гэвч нөхөн олговрыг тэр доор нь өгдөггүй. Улсын төсөвт үүнийг дандаа дутуу суулгадаг, бүрэн олгодоггүй.
Нөгөө талаас эд хөрөнгийн бус буюу сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх механизмыг тодорхой болгох талаар бид илтгэлдээ удаа дараа онцолж байна. Харамсалтай нь, одоо болтол шийдээгүй. Жишээ нь, бусдын гарт амь насаа алдчихаад байхад оршуулгын зардлаас өөр ямар ч төлбөр, олговор авдаггүй.
Гэтэл хүнд гэмтсэн тохиолдолд буруутай этгээдээс эмчилгээний болон бусад зардлаа гаргуулж чаддаг. Хүний амийг хэдээр үнэлэх юм бэ гэж ярьсаар өнөөдрийг хүрлээ. Хууль нь байгаа ч хэрэгжүүлэх механизмгүй учраас шүүх барагтай бол авч үздэггүй.
-Хот төлөвлөлттэй холбоотой асуудлын тухайд юу хэлэх вэ?
-Манайд ирүүлссэн өргөдөл, гомдлоос харвал хэд хэдэн нөхцөл үүсчээ. Гэрээ хийж, мөнгийг нь өгөөд газрыг нь чөлөөлчихсөн бол бас яая гэх вэ. Гэтэл байранд оруулна гээд газрыг нь чөлөөлчихөөд барилгаа барьдаггүй. Барьсан зарим нь зардал их гарсан гээд чамд байр өгөхгүй гэдэг.
Үүнд хотын захиргаа төрийн нэрийн өмнөөс зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Тиймээс дахин төлөвлөлтийн хүрээнд газрыг нь чөлөөлж байгаа бол тэр иргэн, өрхийг хотын захиргааны зүгээс түрээсийн байранд ч болтугай байлгах ёстой. Барилгын компани үүргээ биелүүлээгүй бол мөн л хотын удирдлага хариуцлагаа хүлээх ёстой гэж бид үзэж байгаа. Ямар ч тохиолдолд иргэн хохирох ёсгүй.
-Танай илтгэлийг хэлэлцэх үеэр 2019 оны улсын төсвийн талаар хууль тогтоогчид ярилцаж байсан. Комиссын төсвийг танах гэлээ хэмээн та нэлээд бухимдсан. Төсвийг нь хэрхэн баталсан бэ?
-Хасах гэж байсныг нь болиулж, хуучнаар нь батлуулсан. Бид чинь орон нутагт ажилладаг хүмүүс. Манай комисс зөвхөн Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаггүй. Гэтэл Монгол Улсын хэмжээнд хийх ажлын томилолтын зардалд наймхан сая төгрөг тавих гэж байгаа юм.
Зарим байгууллагын, гадаадын зочин хүлээж аваад, өдрийн хоолонд нь л өгөх мөнгө шүү дээ, энэ чинь. Өмнөх жил ч ингэж хасах гээд бөөн хэл ам болж байж болиулсан. Хүний эрхийн үндэсний байгууллагыг хараат бус байлгах Парисын зарчим гэж бий. Үүний дагуу Хүний эрхийн үндэсний комиссын төсвийг Сангийн яам боловсруулах ёсгүй. Тэд танайх юу хийдэг юм гэсэн аятай манай зардлыг хурууныхаа үзүүрээр хасаж, танадаг.
Бид жилдээ бүсийн болон дэлхийн холбооны хуралд л оролцдог. Бусад томилолтын зардлыг дандаа гадаад улс, олон улсын байгууллагаас гаргуулж ирсэн. Гэтэл Төрийн нарийн бичгийн даргаас авхуулаад манай дарга нар нь тусгай ангиллаар нисэх юм. Ийм зүйлд төсөв гаргаад байгаа хэрнээ бидний томилолтын зардлыг яагаад хасаад байдаг юм бэ. Ямар сайндаа л дээр дурдсан хоёр байгууллагын гишүүн байхаа больчихъё гэх вэ дээ.
-Хүүхдийн эрх цахим орчинд зөрчигдөж, аюулгүй байдалд нь ноцтой аюул заналхийлж байгаа талаарх илтгэлийг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүд ч, та ч нэг бус удаа хөндсөн. Хүүхдийн цахим орчны хэрэглээг хориглох нь хүний эрхийн зөрчил огтхон ч биш гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга хэлэх нь анхаарал татсан л даа.
-Би танд тэр бүх өргөдөл, гомдлыг харуулж болно. Заримдаа нулимс гарах шахдаг юм. Гэртээ очоод ч нойр хүрдэггүй. Монголд байгаа бүх муу, муухай зүйлийг хамгийн түрүүнд мэддэг хүн нь би. Хүүхдийн эрх цахим орчинд хэрхэн зөрчигдөж байгааг энд жишээ, баримттай нь хэлчихмээр байна. Даанч аймаар.
Гишүүдийн яриад байгаа юм бол ердөө наад захынх. Гэхдээ миний ярих зүйл муу үлгэр дуурайл болчих вий гэж бодсондоо тэвчээд өнгөрье. Өсвөр насны охид, хөвгүүдийн дунд цахим орчноос ямар аюул заналхийлж байгаа гэж бодно. За, хэцүү дээ, ярьж чадахгүй нь. Төрийн хүний хувьд задалж, дэлгэрэнгүй ярьж боломжгүй нь. Хүүхдүүдийн цахим орчны хэрэглээг хориглох нь хүний эрхийн зөрчил биш ээ. Хүүхэд гэж хэн юм бэ. Тэд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тусламжтайгаар нийгмийн харилцаанд орох ёстой.
Бид хүүхдэдээ галт зэвсэг ашиглуулдаггүй биз дээ. Хутга ч бариулдаггүй. Гэтэл эдгээрээс ч аюултай, эрсдэл дагуулж байгаа цахим орчныг тэдэнд хязгаарлах ёстой. Өсвөр насныхан амиа хорлож байгааг цахим орчинтой холбож тайлбарлахаас аргагүй. Хоёр хүүхэд зүгээр нэг маргалдсанаас бол амиа хорлохгүй шүү. Байхын аргагүй болгож байгаа учраас л ийм алхам хийхэд хүргэж буй хэрэг.
-Ер нь яг энэ асуудлыг танай комисс илтгэлдээ тусгайлан тусгаж байсан юм уу?
-Хүүхдийн эрхийн асуудлын хүрээнд ярьж л байсан. Хэнэггүйдээ ч гэх үү, дэлхийд болж байгаа үйл явц цөөхөн бидэнд арай л хортой нөлөөлөөд байна. Хүүхдүүд цахим орчинд ямар нөхцөлд байгаа талаар ганц нэг жишээ хэлэхэд л гишүүд гайхаж байна лээ.
Сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэж байгаа, эсэхийг нь ер нь хэн шалгаж байгаа юм бэ. Сургуулийн бус орчинд тэгээд яаж хяналт тавих юм бэ гээд олон асуудал бий. Энэ нь ганц манайд ч бус, олон улсын асуудал хэдийн болсон. Олон улсын хурал, цуглаан болгоноор үүнийг л ярьж байна. Ихэнх оронд үүнийг ямар нэг хэмжээгээр хориглох болсон.
-Тэгвэл дараагийн илтгэлдээ тусгайлан авч үзэх үү?
-Өнгөц авч үзэх бус, даацтай судалгаатайгаар нөхцөл байдал ямар байгааг гаргаж тавих хэрэгтэй. Цахим орчинд ажилладаг, мэргэжлийн байгууллагууд юуны түрүүнд үүнд анхаарах ёстой.