УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнгөрсөн долоо хоногоос хойш гурав дахь удаагаа хойшиллоо. Тус байнгын хороогоор ирэх оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх ёстой бөгөөд ирц бүрдээгүйн улмаас ийн хойшлоод байгаа юм.
Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг гишүүд Төрийн ордонд, ажлын өрөөндөө байсан ч хуралдаанд оролцохгүй байгаа шалтгаанаа “Дээрээс чиглэл өгсөн” хэмээн тайлбарласан гэсэн “бор шувуу” өчигдөр “ниссэн” бол эх сурвалж “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талыг баримталдаг гишүүд ирц бүрдүүлэхгүй байна” хэмээсэн.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал, Ц.Гарамжав, Ж.Ганбаатар нарын гишүүн ирцэд орохгүй байгаа аж. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гадаадад томилолттой яваа бол Х.Нямбаатар, Н.Учрал нар утсаа унтраагаад хэл сураггүй болсон байна. Харин УИХ-ын гишүүн Ц.Гарамжав албан өрөөндөө байсан ч байнгын хорооны хуралд оролцоогүй шалтгаанаа “эмнэлгийн чөлөөтэй” хэмээн тайлбарлажээ. Ийнхүү 09.00 цагт товлогдсон байнгын хорооны хуралдаан 13.00 цагийн үед ирц бүрдээгүйн улмаас хойшилсон юм.
Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 14.30 цагт эхэлж, 10 хүрэхгүй минут хуралдан, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн болоод тарлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Уг богино хурлын төгсгөлд Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж, байнгын хорооны тогтоол батлав.