Төсвийн төрөл (ТЕЗ) Засгийн газрын тусгай сан
Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн:
Тусгай сангийн зардал 2010 онд 1.1, 2011 онд 1.7 их наяд төгрөг гэх мэтээр нэмэгдэж явсаар 2015 онд 2.2, 2017 онд 2.4, 2018 онд 2.9 их наяд төгрөг болсон. Харин ирэх онд энэ тоог 3.6 их наяд болгож, төсөвт суулгасан гэсэн мэдээлэл бий. Тусгай сангуудад хуваарилах мөнгө ийнхүү жил жилээр өсөж, улсын төсвийн дөрөвний нэгийг “залгидаг” болжээ. Сангуудын энэ их мөнгийг хэрхэн ашиглаж, юунд зарцуулж байна вэ, онилсон байндаа тусаж, нийгэмд үр өгөөжөө өгч байна уу гэдэгт хяналт тавих шаардлага хурцаар тулгарч буй нь тодорхой болсон энэ үед өнөө жил тус сангууд улсын төсвөөс хэдэн төгрөг зарцуулж буйг танилцуулж байна.
Татвар төлөгчдийн бүсийг чангалж, хэтэвчийг нь сэгсрэн байж цуглуулсан төсвийн хөрөнгөнөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хуваарилсан мөнгийг УИХ-ын гишүүд хуваагаад авчихсан нь илчлэгдэж, нийгмийг бухимдуулаад буй. Засгийн газрын тусгай сангийн мөнгийг нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл хэлбэрээр тараасан, улстөрчид бүлэглэж, зохион байгуулалттайгаар төрөө тоносон гэхэд хатуудахааргүй энэ ажлын зохион байгуулалтад эрх баригч нам, засгийн удирдлага голлох үүрэгтэй оролцсон гэх барим тавим мэдээлэл бий. Үүнийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад санал өгч, оролцсоны шагнал гэж хардаж буй хүн ч цөөнгүй байгаа. Тусгай сангаас зээл авсан нь нэгэнт ил болж, өөрсдөө ч үүнийгээ хүлээн, уучлал гуйсан хүмүүсийг харвал дээрх хардлага үнэний ортой юм биш үү гэсэн таамаг төрмөөр.
Өөрийн намын байгуулсан Засгийн газрыг огцруулах хуйвалдаанд оролцоод, саналаа ингэж үнэлсэн бол тэднийг хүний оронцог гэж нэрлээд ёс зүй, үүрэг хариуцлага ярихад ч хайран санагдана. Ард түмнийг төлөөлөн санал өгөх эрхээ ингэж увайгүйгээр ашиглаагүй байлаа гэхэд жижиг, дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой мөнгийг хэдүүлхнээ хуваагаад авчихсан үйлдлийг нь яавч зүгээр өнгөрөөж боломгүй. Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш зогсдог, боломжийг ч тэгш хүртдэг нийгэм байгуулахын төлөө тэдэнд тохирох хариуцлагыг нь үүрүүлэх л ёстой. Иргэд үүнийг л хүсэж буй.
Гэтэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгөнөөс хувь хүртэгсдэд тооцох хариуцлага алаг цоог байж, зарим нэг нь илт сугарч үлдэх шинжтэй болоод явчихлаа. Эхнэртээ зээл аваад өгчихсөн нэгэн УИХ-ын гишүүн хариуцлага хүлээх нь бүү хэл, Засгийн газрын сайдын суудалд тухалж, бүлгийн хурал дээрээ “Тийм, би энэ зээлийг авсан. Та нар хүний өөрийнгүй бүгд л авдаг биз дээ. Бусад сангийн мөнгө хаачсаныг судалбал цэвэр үлдэх хүн байхгүй шүү” хэмээн томорсон гэх.
Дунд тушаалын нэгэн албан хаагч ажлаас халагдсандаа шаралхан анх мэдээллийг нь дэлгэснээр улстөрчдөд “цөлмүүлсэн” нь илэрч, олны анхаарлын төвд орсон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гадна Засгийн газрын 28 тусгай сан бий. Ганц нэгийнх нь нэрийг сонссоноос цаашгүй, олонхынх нь сургийг ч дуулаагүй, “Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуйг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгоно” гэх мэтийн хөгжил дэвшил, сайн сайхан амьдрал амласан тусгай сангууд ер нь үүргээ гүйцэтгэж, хууль журмын дагуу ажиллаж байна уу, Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж байна вэ гэдэг нь өнөөдөр заавал тавих ёстой асуулт болоод байна. Өнгөрсөн жил Засгийн газрын тусгай сангуудад 2.9 их наяд төгрөг хуваан байршуулсан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хуваарилсан 99.2 тэрбум төгрөг бол дээрх мөнгөний өчүүхэн хэсэг, мөсөн уулын дөнгөж орой нь.
Харин бусад 28 санд хуваарилсан 2.8 их наяд төгрөг ямар замаар явж, хэний халаас руу орсон бол. Их наяд, их наядаар төсөвлөж, улсын төсвийн 20-30 хувийг “гүзээлдэг” бусад сангийн зарцуулалтыг ч ил тод болгохыг шударга ёс ярьдаг дарга нараас хүсэж байна. Харамсалтай нь, өөрт ашигтай, үгүйгээр нь ялгаж, “шударга ёс тогтоодог” дарга нар бусад сангийн санхүүжилтийг гаргахыг хүсэхгүй байх л даа.