Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналаа УИХ-ын даргад өргөн бариад гарч ирэв.
2018.11.19 17.35 цаг
Д.Хаянхярваа нарын 27 гишүүний гарын үсэг зурсан, Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичиг УИХ-ын дарга М.Энхболдын гар дээр өчигдөр орой ирлээ. УИХ-д 65 суудал авч, үнэмлэхүй олонх болсон Ардын намын гишүүдийн хоёр дахь Засгийн газраа огцруулах тухай албан бичигт “Нэн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүртээхийн оронд төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд тараах нөхцөл бүрдүүлсэн, үүнээс урьдчилан сэргийлж чадаагүй, Засгийн газрын гишүүддээ чиглэл, даалгавар өгч, удирдлагаар хангаагүй, ёс зүйн алдаа гаргасан, хууль зөрчсөн танхимын гишүүддээ хариуцлага тооцохгүй, тэднийгээ хаацайлан хамгаалж байгаа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн Үндсэн хуулийн 1.2, “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна. Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана” гэсэн 41 дүгээр зүйл, “Засгийн газар төрийн хуулийг биелүүлж… Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах” гэсэн 38.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж байна” хэмээн дурджээ.
Ерөнхий сайдыг огцруулах саналаа өргөн барьсны дараа гишүүн Д.Хаянхярваа “Бидэнд улсаа гэх том эрх ашиг бий. Намын эрх ашиг жижиг учраас гарцаагүй байдалд орж Засгийн газрыг огцруулах санал гаргаж байна” гээд ард түмэн, намын гишүүд, дэмжигчдээсээ хүлцэл өчиж буйгаа уламжлав. Тэд бүгд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахын эсрэг санал нэгдэж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Гэхдээ тэдний дунд У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж байсан Ж.Бат-Эрдэнэ, өдгөө сайдаар ажиллаж буй Ц.Цогзолмаа нар бий аж. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн дуулианд нэр холбогдсон Б.Саранчимэг, Н.Оюундарь, Г.Тэмүүлэн, Б.Ундармаа нар ч гарын үсэг зурсан байна. Уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Улмаар байнгын хорооны дүгнэлтийг мөн долоо хоногийн дотор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, огцруулах, эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр хуульд заажээ.