Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул хэвлэл мэдээллийн байгууллагуудаас “Өнөөдөр”-ийг сонгон ярилцлага өглөө.
Канадын Альберта мужийн Эдмонтон хотод мэндэлсэн. Хуульч мэргэжилтэй. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан.
Урьд нь Бангладеш, Афганистан, Тайланд, Норвег, Ливи улсад Канад Улсын Элчин сайдаар ажиллаж байв. “Балдорж сан”-тай хамтран ажиллах хүрээнд БАЛДОРЖ шагнал гардуулах үеэр охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал хөндөж бичсэн шилдэг сэтгүүлчид Элчин сайд Дэвид Спрул Канад Улсын ЭСЯ-ны нэрэмжит шагнал олгож байгаа билээ.
БАХАРХАХ ТҮҮХТЭЙ УЛС
-Монголчууд билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэлээ. Төрсөн нутаг тань манайхтай адил уур амьсгалтай болохыг Таны намтартай танилцаж байхдаа олж мэдсэн юм. Тиймээс Та сайхан өвөлжиж байна уу?
-Миний төрж, өссөн Канадын Альберта муж цаг уурын хувьд Монголынхтой их төстэй. Өдийд мөн адил өвөл болж буй учир манай нутгийнхан монголчууд шиг дулаан хувцсандаа орж байгаа.
Өдрийн урт ч Канадад Монголынхтой адил богиносдог. Альбертад Монголынх шиг өвлийн турш тэнгэр нь цэлмэг, нарлаг өвөл болдог юм.
-Энд томилогдон ирэхээсээ өмнө Монголын тухай мэдээллийг хаанаас авч байв. Манай улсын тухай төсөөлөл энд ирээд өөрчлөгдсөн үү?
-Дунд сургуулийн түүхийн хичээлүүд, бусад эх сурвалжаас Монгол Улсын тухай мэдэж авсан. Ялангуяа Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг, тэр дундаа Европын түүхэнд нөлөөлсөн хүн, түүхэн гавьяа, үүргийг судалж байхдаа анх Монгол Улсыг ихэд сонирхож байлаа.
Дараа нь газар зүйн байршлын хувьд Орос, Хятад гэсэн дэлхийн хоёр том, хүчирхэг хөрштэй улс тусгаар тогтнолоо хамгаалж ирсэн түүхэн замнал нь надад бас их сонирхолтой санагдсан. Гуравдугаарт, коммунист дэглэмийн үед Монгол Улс хэрхэн оршин тогтнож байсан, тэр дундаа ЗХУ-ын нөлөө хэр байсан, улмаар ардчилсан хувьсгал, чөлөөт эдийн засагт шилжсэн, ардчилал монголчуудад хэрхэн танигдаж, бэхэжсэнийг судалснаар Монгол Улсын талаарх төсөөлөл бий болсон.
Нэмж хэлэхэд, спортын төрөл, ялангуяа олимпын тэмцээнүүд, тэр дундаа жүдо, харваа зэрэгт монголчууд хэрхэн амжилт олж байгааг хараад үнэхээр бахдах сэтгэл төрж байв. Ийм цөөхөн хүн амтай улсаас спортын алдартнууд төрж буйг хараад монголчууд спортод үнэхээр авьяастай юм гэж бодсон. Бас нэг спортын талаар дурдмаар байна. Монголчууд хүндийг өргөлтөөр их амжилтад хүрдгийг би анзаарсан.
Охид, хөвгүүд нь биеийн хүчний спортоор өндөр амжилт үзүүлдэг юм билээ. Сүүлийн жилүүдэд Монголын залуу хоккейчдыг дэмжин ажиллаж байна. Удахгүй нэг, хоёр сарын дараа хоккей сонирхогч залууст зориулсан тэшүүр, цохиур, хамгаалалтын малгай зэрэг чингэлэг дүүрэн хэрэглэл Канадаас авчрах гэж байна. Энэ нь Монгол дахь хоккей сонирхогчид, ялангуяа залуу үеийнхэнд дэмжлэг болох байх.
ЗХУ-ын үед монголчууд энэ спортод маш их сонирхолтой байсан гэж сонссон. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд хоккейгоор хичээллэх сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь сайхан санагддаг. Канадын охид, хөвгүүд хоккейгоор хичээллэх их дуртай. Монгол залуусын дуртай спортын нэг нь хоккей байх хэмээн найдаж байна.
-“Steppe arena” буюу олимпын шаардлагад нийцсэн, хоккейн битүү мөсөн ордон барих гэж байгаа. Канадын ЭСЯ энэ төсөлд хамтрах уу?
-Манай яам монгол залуусын дунд хоккейн спортыг хөгжүүлэхэд илүү их анхаарч байгаа. Энэ спортыг сонирхогчдод шинэ ордон маш үр өгөөжтэй байх. Гэхдээ бид гол анхаарлаа залуу хоккейчдыг дэмжихэд чиглүүлдэг. Энэ төсөл амжилттай хэ рэгжсэнээр уг спортыг сонирхогчдод шинэ ордон удахгүй үүдээ нээнэ хэмээн найдаж байна.
Дээр дурдсанчлан хоккейн спортыг дэлгэрүүлэхэд дэмжлэг болгох үүднээс Канадаас залуу үеийг сургасан туршлагатай дасгалжуулагчийг Монголд урьж авчрахаар төлөвлөж байна. Эргээд энэ нь бид монголчуудын туршлагаас суралцах боломж юм. Яагаад гэвэл уур амьсгал адил хоёр улсын залууст ижил төстэй талууд бий байх.
Миний ажигласнаар монголчууд биеийн хүчний спортоор амжилт их гаргадаг. Монгол, канад залуусын аль аль нь биеийн хүч шаардсан энэ спортыг сонирхдог юм билээ.
-Афганистанд ажиллаж байхдаа тусгай шагнал хүртсэн байсан. Тэр үед Ногоон бүс буюу дипломат бүсийг хамгаалж байсан монголчуудтай уулзаж байв уу?
-Афганистанд 2005-2007 онд Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд монголчууд энхийг сахиулах ажиллагаанд оролцож хараахан эхлээгүй үе таарсан. Гэхдээ монголчууд олон улсын дэмжлэгтэйгээр Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд их идэвхтэй оролцож буйг сонсоод сэтгэл их өндөр байсан.
Тэнд байхад таарч байгаагүй ч гэсэн Монголд ирснийхээ дараа Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан офицер, ахлагч нартай уулзахад надад сайхан байдаг.
ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД БОЛ МАШ ЧУХАЛ БАЯЛАГ
-Монгол, Канадын өнөөгийн харилцаа ямар түвшинд байна гэж үздэг вэ?
-Манай хоёр улсын харилцаа маш сайн байгаа. Цаашид энэ харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Эдийн засаг, худалдааны салбарт гэвэл Монголын уул уурхай салбарт хамгийн том хөрөнгө оруулагч нь Канад улс. Эдийн засгийн талаасаа энэ нь маш чухал салбарт тооцогддог.
Монгол Улсын баримталдаг гуравдагч хөршийн бодлогыг Канад улс анхааралтай ажигладаг. Үүнийг ардчилалд шилжиж, чөлөөт эдийн засаг хөгжиж эхэлснээс хойших чухал алхам гэж үздэг юм. Хөгжлийн чиглэлд Засгийн газар хоорондын томоохон хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлсээр ирлээ.
Эдгээр нь голчлон уул уурхайн баялгийн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, бэхжүүлэхэд чиглэсэн. Үүнээс гадна орон нутгийн иргэдэд байгалийн ашиг шимийг дээд цэгт хүргэхэд ямар чиглэлээр үйл ажиллагаагаа илүү сайжруулах хэрэгтэй байна вэ гэдгийг бид анхаарч ажилладаг.
Канад, Монгол нь байгалийн баялагтаа тулгуурлан хөгжиж буй улс. Канад нь Монголын уул уурхайн салбарын томоохон тоглогч буюу төлөөлөгч болж явдаг. Манай улс уул уурхайг хөгжүүлэхийн сацуу газрын арвин баялагтай. Усны нөөц ихтэй. Гэхдээ Канад байгалийн баялагт тулгуурлан эдийн засгаа хөгжүүлсэн улс ч гэсэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд онцгой анхаарч ирсэн.
Мөн сүүлийн жилүүдэд манай Засгийн газраас охид, эмэгтэйчүүдэд тусгайлан чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна. Энэ нь манай хөгжлийн бодлогын томоохон хэсэг юм. Канад улс охид, эмэгтэйчүүдийг маш чухал баялаг гэж тооцдог.
Өнгөрсөн хугацаанд охид, эмэгтэйчүүдийн авч, хүрч чаддаггүй байсан туслалцаа, дэмжлэгийг чиглүүлж өгснөөр тэд дэлхий дахинд илүү их амжилт гаргана гэдэгт Канад улс итгэдэг. Бас нэг чиглэлийг дурдах ёстой. Энэ нь Канад сангийн орон нутгийн санаачилга буюу монголчууд Канад сан гэдгээр илүү сайн мэднэ. Энэ төслийн шугамаар жилд 10-15 төсөл хэрэгждэг. Нэг төсөл дунджаар 15-40 мянган канад доллартой тэнцэх санхүүжилт авдаг. Энэ нь тухайн орон нутгийн жижиг хэмжээний төслүүдэд чиглэдэг.
Санхүүжилтийн хүрээнд орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, хоршоодыг чадавхжуулах, залууст байгаль орчны талаар мэдээлэл өгөх, охид, эмэгтэйчүүдийн мэдлэгийг дээшлүүлэх гэх мэт чиглэлүүдэд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Уг төсөл Монгол Улсад хэрэгжээд 21 жил болжээ. Энэ жил манай улс Монголд ЭСЯ-аа нээсний 10 жилийн ой болж байна. Үүнээс олон жилийн өмнөөс төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлжээ. Бидэнд энэ төсөл маш чухалд тооцогддог.
Яагаад гэвэл орон нутагт чиглэсэн, үнэхээр туслалцаа шаардлагатай, үр ашгийг нь хүртэх хэрэгтэй байгаа хүмүүст зорьж ажиллаж буйгаараа онцлог юм. Бас нэг төслийг онцлох ёстой. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч хэрэгжүүлж байгаа, Монгол Улсын Засгийн газарт мэргэжлийн төрийн албыг чадавхжуулахад чиглэсэн төслийг саяхнаас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд Засгийн газар солигдсон ч улс төрийн нөлөөгүй, бие даасан төрийн алба бий болгоход бид зорьж ажиллаж байна. Цаашдаа ил тод үйл ажиллагаа явуулдаг, авлигад өртдөггүй, найдвартай төрийн алба Монголд бий болоосой хэмээн бид зорьж ажиллаж байгаа юм.
-Охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийнхээ үр дүнг Та хэрхэн дүгнэх вэ. Ямар амжилт гарсан гэж бодож байна?
-Энэ чиглэлээр бидний онцгойлон анхаардаг зүйл бол гэр бүлийн хүчирхийллийн асуудал байдаг. Ийм хүчирхийллийн золиос болсон эмэгтэйчүүдэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.
Мөн сургуулийн насны хүүхдүүдэд сургалт явуулж, эмэгтэй найз нөхөд, гэр бүлийг хэрхэн хүндэтгэх, харилцах талаар, ялангуяа гэр бүлийн хүчирхийллийг хэрхэн багасгахад бид анхаарч ажилладаг. Энэ асуултын хүрээнд нэлээд хэдэн төсөл санаад орж байна.
Онцолбол, Зориг сантай хамтарч хэрэгжүүлсэн, 21 аймгийн төлөөлөл болсон 21 эмэгтэйг Улаанбаатар хотод урьж, 14 хоногийн хугацаатай манлайллын сургалтад хамруулсан. Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бид Засгийн газар хооронд нэлээн өргөн хүрээний хөтөлбөрүүдийг ажил хэрэг болголоо. Гэхдээ дээр дурдсан Канад сангийн хүрээнд богино хугацааны үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Канадын судлаачаар ахлуулсан баг сүүлийн хэдэн жил бас Монголд нэгэн чухал сэдвээр судалгаа хийлээ. Энэ нь жирэмсэн эхчүүд болон урагт, мөн нярай хүүхдүүдэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж буйг судалсан. Эхчүүд болон нярайд чиглэсэн, ялангуяа агаарын бохирдолтой холбоотой эрсдэлийг бууруулах талаар арга хэмжээ ойрын хугацаанд авахаар төлөвлөж байна.
ХЬЮ М.ПАРСОНС, ЖҮЛИ ВЭЛҮҮ НАРЫН ӨГӨӨМӨР ТУСЛАМЖ
-Монгол, Канад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болж байна. Энэ чиглэлээр юуг онцлон хийж байгаа бол?
-45 жилийн ойн арга хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сард албан ёсоор эхэлсэн. Монголын Засгийн газар энэ ойг тэмдэглэхэд чухал ач холбогдол өгч, нээлтийн арга хэмжээ зохион байгуулсан. Дипломат харилцаа тогтоосон өдөр буюу энэ сарын эцсээр хаалтын арга хэмжээгээ хийхээр төлөвлөж байгаа.
Тодруулбал, энэ сарын 30-нд болох хүлээн авалтын үеэр Канадын дэлхийд алдартай эмэгтэйн уран бүтээлээс тохилуулахаар зэхэж байна. Эсээ бичлэгийн уралдаанд монгол хүүхдүүд идэвхтэй оролцдог учраас энэ жил дахин зохион байгуулахаар төлөвлөсөн. Хоккейн тэмцээнээ явуулж, түрүүлсэн багт дурсгалын цомыг биечлэн гардуулна. Өмнөх жилийн тэмцээнд Монголын баг хожсон. Энэ жил аль нь түрүүлэхийг урьдчилан таашгүй.
Өнгөрсөн жил Канадын хувьд чухал жил тохиосон. Тодруулбал, улс тунхагласны 150 жилийн ойгоо тэмдэглэлээ. Энэ ойн хүрээнд Монголын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд агч мод тарьж, төгөл бий болгосон. Ойн арга хэмжээтэй холбоогүй ч Бритиш Колумб мужаас гаралтай Канадын нүдний мэс засалчаар ахлуулсан эмч нарын баг Монголд ирж, урьд нь хийж байгаагүй нарийн мэс заслыг үнэ төлбөргүй хийж байна.
Уг төслийн хүрээнд Монголын эмч нарын чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулж байгаа. Зөвхөн нийслэл Улаанбаатар хотод төдийгүй хөдөө, орон нутагт ажиллаж, тэнд нэн шаардлагатай эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, мэс заслыг хийв. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг Канадын эмч нар саяхан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн хоёр машин, мэс заслын микроскоп, хөлдөөх аппарат тус бүр нэг, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж, тоног төхөөрөмж хандивлалаа.
Энэ хүрээнд Монгол Улсын ЭМЯ болон Сангийн яам нягт хамтран ажиллаж өндөр үнэ бүхий тоног төхөөрөмжийг авчрахад тусалсан. Энэ бол Засгийн газар хоорондын төсөл биш ч гэсэн жирийн канад хүмүүсийн сэтгэл зүрх шингэсэн ийм чухал төслийг монголчуудад зориулан хийснээрээ их бахархаж явдаг.
Канадын Нүдний торлог шилэнцрийн эмч, Нүд судлалын клиникийн дэд профессор Хью М.Парсонсын тэргүүлдэг “Laurel” сан (2015 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байгаа) түрүүн дурдсан төсөлд гол үүрэг гүйцэтгэсэн. Монголд өөрийн санаачилгаар сайн дураар ирээд, хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа бас нэг хүн бол Жүли Вэлүү гэдэг эмэгтэй.
Түүний “Veloo” сан (2011 оноос Монголд ажиллаж буй)-гийн ажилд Элчин сайд миний бие, Монгол дахь хувийн хэвшлийн байгууллагууд дэмжин оролцдог. Улаанчулуутын хогийн цэг болон тэр орчимд амьдардаг айл өрхүүдийн хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийг тус сан байгуулж, үйл ажиллагаа явуулаад нэлээд хэдэн жил болж байна.
Тус цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролын албан ёсны хөтөлбөрт хамрагдаж, хүүхдүүд өглөө, өдөр, орой буюу бусад цэцэрлэгийн адилаар өдрийн гурав хооллож буй. Мөн боломжтой үедээ хувцас, хичээлийн хэрэгслээр хүүхдүүдээ хангадаг. Хогийн цэг дээр амьжиргаагаа залгуулдаг айл өрхийн хувьд хүүхдээ цэцэрлэгт өгөөд, өөрсдөө ажил хийнэ гэдэг маш том дэмжлэг. Зарим айлд тус цэцэрлэг ажлын байр гаргаж, эцэг, эхийг нь ажиллуулдаг юм билээ. Монголчуудад зориулан Жүли Вэлүүгийн хийж буй энэ том ажлыг дурдалгүй өнгөрч болохгүй.
ИРГЭД ХООРОНДЫН ХАРИЛЦААГ ИЛҮҮ ОЙР БОЛГОХЫГ ЗОРИНО
-Монголд Канадаас хэр олон жуулчин ирдэг вэ. Тэдэнд ямар бэрхшээл тулгардаг бол?
-Канадаас өнгөрсөн жил 1500 орчим хүн Монголын хилээр нэвтэрсэн тоо баримт байдаг. Тэдний олонх нь жуулчлах зорилготой. Мэдээж Монголд ирсэн ямар ч жуулчинд өргөн уудам нутаг, байгалийг нь хараад бахдах сэтгэл төрдөг. Энд ирсэн канад жуулчдад бэрхшээл төдийлөн тулгардаггүй байх гэж бодож байна.
Учир нь тэд өргөн уудам нутгаар аялах, ялангуяа ганцаараа тээврийн ямар ч хэрэгслээр зорчих туршлагатай байдаг. Канадын иргэд хөдөө, хээр гарч амарч, зугаалах дуртайн адил монголчууд хөдөө, уламжлалт гэртээ амьдарч, байгальтайгаа их ойрхон байдаг.
Монголчууд дөрвөн улиралдаа дасан зохицсон байдаг шиг канад хүмүүс улирал солигдоход мөн адил дассан байдаг. Иймдээ ч бие даан шийдвэр гаргаж, явах чадвар өндөртэй хүмүүс. Канадын иргэд өргөн уудам бөгөөд онгон дагшин газар нутагт улс орноо бүтээн байгуулсан болохоор байгалийн ямар ч нөхцөлд дасан зохицож, тухайн нөхцөлөөс хамгийн сайн сайхныг өөртөө тусгаж чаддаг ард түмэн. Монголчууд ч бас тийм.
-Канадын иргэд Монголд 30 хоног визгүй зорчдог. Үүн шиг монголчууд Канадад визгүй зорчих боломж бий юү?
-Энэ нь шууд хариулахад төвөгтэй асуулт. Манай улсын визийн бодлого нь монголчуудын талаар ямар бодлого баримталдагтай адил дэлхийн олон улс визийн хувьд ижил бодлого баримталдаг. Нэг болон олон удаагийн, оюутны, ажиллах гэх мэт янз бүрийн виз манай улс олгодог.
Визийн энэ системийг олон жил хэрэгжүүлж байна. Амжилттай хэмээн үзэж байгаа энэ системээ цаашид ч баримтлах болов уу. Ерөнхийдөө визийн мэдүүлгээ шаардлагын дагуу мэдээллээ бүрэн, үнэн зөв өгсөн хүмүүс цөөн хоногийн дотор хариугаа авдаг. Дунджаар 10-14 хоногт хариу гардаг.
-Хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ямар ажил төлөвлөж байгаа вэ?
-Бизнесийн харилцааг бэхжүүлэхэд илүүтэй анхаарч ажиллана. Одоогийн байдлаар Канад Улс Монголын чухал хөрөнгө оруулагч. Гэхдээ цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Канадын олон жилийн туршлагыг Монголд нэвтрүүлэх, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг танилцуулахаар зорьж байна.
Хамгийн гол нь дундаж орлоготой канад хүмүүс Монголын дундаж орлоготой иргэд хоорондоо илүү ойр дотно харилцаж, хамтран ажиллах боломж бүрдээсэй гэж би хүсдэг. Түүнээс гадна Монголыг зорих Канадын жуулчдын тоо ойрын жилүүдэд нэмэгдэх байх хэмээн найдаж байна.
Мэргэжлийн төрийн албыг бэхжүүлэхэд бид цаашид ч анхаарч ажиллана. Дээр дурдсанчлан Монголын охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдэнд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна. Тэрчлэн Канад, Монголын соёл урлагийн харилцааг цаашид өргөжүүлэн бэхжүүлнэ. Канадын хойд нутаг хөөмийчтэй.
Тэд ихэвчлэн уугуул иргэд байдаг. Канадын хөөмийчид Монголын хөөмийчидтэй хамтран тоглолт хийж, бие биенийхээ туршлагаас судалж, хамтрах бололцоо гарах юм болов уу гэж бодож байна.
Мөн Зэвсэгт хүчний салбарт манай хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж байгаа. Монголын Зэвсэгт хүчний албан хаагчдыг Канадад мэргэжлийн сургалтад хамруулсаар ирсэн. Тэрчлэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа Монголын дайчидтай хамтран ажиллах болно.
Үүний сацуу цагдаагийн албан хаагчдад зориулсан тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Хамгийн сүүлд хоёр долоо хоногийн өмнө Хатан хааны морьт цагдаагийн төлөөлөгч ирж, Монголын цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт амжилттай зохион байгуулсан. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Канад Улс чухал хөрш буюу хамтрагч байх болно.