Манай улсын дэлхийд нүүрээ тахалдаг үндэсний ганц брэнд бол ноолууран бүтээгдэхүүн. Дэлхийн түүхий ноолуурын 40 орчим хувийг хангадаг манай улсын брэнд бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулахын төлөө эрдэмтэд багагүй ажил хийж буй юм билээ.
Тэдний нэг, энэ чиглэлээр 30-аад жил судалгаа хийж, Монголд байхгүй нарийн технологиор, хамгийн нимгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хагас нарийн ээрэх системийг нээсэн, ШУТИС-ийн багш, доктор, профессор Д.Энхтуяатай ярилцсанаа хүргэе.
-Хагас нарийн ээрэх системийн ашиг тус юу вэ?
-Бидний судалгааны ажил ноолууран бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулах, орчин үеийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Энэ нь цаашлаад малаас авч буй түүхий эдийг үнэд оруулах ач холбогдолтой. Аль болох ноолуур бага орсон, нимгэн бүтээгдэхүүн хийнэ гэсэн үг.
Дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж буй өнөө цагт хүмүүс нимгэн, хөнгөн хувцас авахыг чухалчлах болсон. Тиймээс бид ноолуураар яаж нимгэн хувцас үйлдвэрлэх вэ гэдэг эрэл хайгуул хийж эхэлсэн юм. Үүний үр дүнд хагас нарийн ээрэх гэдэг шинэ системийг 2015 онд бий болгож, 48-60 номерын утас гарган, патент авлаа.
Үүнийг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Санширо” компанид үйлдвэрлэж байна. Хагас нарийн ээрэх системээр ноолууран ээрмэл үйлдвэрлэх технологи гаргасан үйлдвэрлэгчид, судлаачдаас бүрдмэн манай баг 2015 онд БСШУСЯ-ны “Шинжлэх ухааны шилдэг бүтээл” шагнал хүртсэн.
Харин 3D буюу оёдолгүй ноолууран бүтээгдэхүүн саяхан болсон үзэсгэлэнгээс “Инновацын шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарч, гадаадад эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүллээ. БНСУ, Японд болсон эрдэм шинжилгээний хуралд оролцож, “Шилдэг илтгэлүүд”, “Шилдэг бүтээлүүд”-ээр шалгарсан.
Ээрмэлийн 48 номер гэдэг нь өдгөө үйлдвэрлэж, хувцас хийж буй утасны хамгийн нарийнаас нь хоёр дахин нарийн, түүгээр үйлдвэрлэсэн сүлжмэл эдлэл хоёр дахин нимгэн. Одоо бол манайд 24, 28 номерын утас хэрэглэж байна.
-Утас нарийн, нимгэн болж буй нь хэрэглээний чанарт нөлөөлөх үү?
-Нарийн утас үйлдвэрлэх технологийн тулгуур нь монгол ямааны ноолуур. Монгол ноолуур Хятад болон бусад орныхоос урт, уян байдаг. Хятад ноолуураар хагас нарийн ээрэх системээр утас үйлдвэрлэх боломжгүй. Учир нь ноолуур нь богинохон байдаг.
Өөр зүйлтэй хольж байж л энэ нарийн технологийг ашиглаж чадна. Тиймээс монгол ноолуурын урт, уян шинж чанарыг нь ашиглаж эл аргыг гарган авсан. Хамгийн чухал зүйл нь сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэсэнд байгаа юм. ШУТИС хамгийн сүүлийн үеийн, Японы “Шима сэки” фирмийн сургалтын лабораторитой болж, үүндээ түшиглэн сүлжмэлийн автомат машин авсан юм.
Энэ нь оёдолгүй, 3D хэлбэрээр сүлждэг. Энэ бол миний сүүлийн 30-аад жилийн судалгааны ажлын үр дүн шүү дээ. Тиймээс бүх талаас нь судалсан. Сүлжмэлийн бүх л шинж чанарт тохирсон байхаар үйлдвэрлэнэ.
Гогцоо, сүлжээс нь ташихгүй байх, суналт, агшилтынх нь хэмжээ хэлбэрээ алдахгүй байх ёстой гэсэн технологид тааруулсан. Угааж, индүүдсэний дараа сунах, эсвэл агшихгүй байх нөхцлийг тооцоолж байна.
-Манай улсад ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон компани бий. Тэдний дунд ийм нимгэн, оёдолгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани байхгүй юм уу?
-Бий. Сүлжмэл бүтээгдэхүүнийг ханцуй, зах, энгэр, ар гээд бүгдийг тусад нь сүлжсэний дараа хооронд нь холбож оёдог. Ийм оёдол гаргалгүйгээр сүлжиж байгаа нь хамгийн сүүлийн үеийн дэвшилт арга. Манай “Говь”, “Гоёо” зэрэг компани тэр машиныг оруулж ирсэн.
Гэхдээ тэд 28 номерын утас ээрч, түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бидний хувьд 48 номерын утсаараа оёдолгүй, сүлжмэл бүтээгдэхүүн хийж буйгаараа анхдагч болж байгаа юм. Монголд яг ийм 48 номерын утсаар цэвэр ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй.
“Говь”, “Гоёо” компани торгоны хольцтой 48 номерын утсаар сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ тэр утсаа улсдаа үйлдвэрлээгүй, гадаадаас импортолж байна. “Торгон ноолуур” гэж гараад байгаа шүү дээ. Түүний 70 хувь нь ноолуур, 30 хувь нь торго гэсэн үг. Австрали хонины ноосоор ийм төрлийн нимгэн бүтээгдэхүүн хийж байна.
Гэхдээ боловсруулсных нь дараа заавал зөөлрүүлж байж өмсөх хэмжээний уян, зөөлөн болдог. Учир нь хонины ноосны хайрс ямааныхаас зузаан. Ямааны хайрсны зузаан 0.35 микрон. Харин хониных нэг микроноос дээш байдаг. Тиймээс дэлхий нийтийн хандлага ноолууран бүтээгдэхүүн рүү чиглэж байна.
-Оёдолгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Хоёр төрлийн давуу талтай. Нэгдүгээрт, хаягдал багатай, утас ч бага ашиглана. Учир нь том хүний нэг цамцны тус тусад нь сүлжсэн хэсгүүдийг нийлүүлж оёход А4 цаасны хэмжээтэй зүйл сүлжих хэмжээний урт утас шаарддаг.
Хоёрдугаарт, холбож оёх хүний ажлыг хөнгөвчилж буй. Сүлжсэн хэсгүүдийг гогцоо, гогцоогоор нь нийлүүлж оёдог учир маш нарийн ажиллагаатай. Үүн дээр 48 номерын нарийн утсаар оёх нь бүр нарийн ажиллагаа шаардана гэсэн үг. Манай улс шиг хүн ам цөөтэй, ажиллах хүч бага улсад энэ нь өндөр ач холбогдолтой.
Нөгөөтээгүүр, нарийн утсаар сүлжсэн, нимгэн хувцсыг бие дээрээ шууд өмсөх давуу талтай юм. Бүдүүн утсаар сүлжсэн, зузаан ноолууран хувцасны дотуур заавал цамц, подволка өмсөх шаардлага тулгардаг. Тэгвэл бидний үйлдвэрлэж буй нимгэн хувцасны дотуур ямар нэгэн зүйл өмсөх шаардлагагүй. Энэ нь эрүүл мэндэд ч тустай.
Учир нь малын гаралтай хувцас, арьс хоёрын завсар бичил орчин үүсдэг. Нийлэг материалаар хийсэн хувцас өмсөөд хөлөрсөн үедээ гадаа гарахад хайрч, дааруулдаг. Тэгвэл ноолууран хувцас хөлсийг шингээж, өөрөөсөө дулаан ялгаруулдаг учраас хайрдаггүй.
Түүнчлэн жиндэж, хайрснаас ханиад хүрэх, хатгалгаа тусах гэх мэт өвчнөөс сэргийлж буй. Мөн зорилтот зах зээлээ судалсан. Жишээлбэл, хүүхдийн хувцас. Бага насны хүүхдэд нимгэн, зөөлөн, дулаахан, оёдолгүй хувцас өмсөх нь таатай байдлыг бий болгоно. Хүүхдийн арьс хэт мэдрэг, зөөлөн байдаг учраас хувцасны оёдол хэсэг нухах гээд байдаг.
Мөн өндөр настай хүмүүст ч тохиромжтой. Ялангуяа хэвтэрт байдаг хөгшчүүдийн арьс нурж, нухдаг. Хөвөн даавуу хувцас зөөлөн, хөлс шингээх чадвар сайн гэж ярьдаг. Тэр хэрээрээ хүмүүс ч их өмсдөг. Гэтэл энэ нь хөгшин хүн өмсөхөд тохиромжгүйг эрдэмтэд баталлаа. Учир нь хөвөн гэдэг бол цаас.
Хөлс шингээх чадвар сайн байдаг нь давуу тал боловч хөлс гараагүй байсан ч хүний арьсанд байх ёстой шингэнийг өөртөө шингээж авдаг муу талтай аж. Өөрөөр хэлбэл, уудаг цаас шиг үйлчилдэг гэсэн үг. Ингэснээр арьсыг хуурайшуулна. Харин ноос, ноолуур нь шингэнийг шингээж авсан ч буцаагаад дулаан ялгаруулдаг учраас арьс чийгтэйгээ байна.
-Дээр таны дурдсанчлан дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж байна. Хэдий нимгэрсэн ч ноолуурын дулаан чадвар байж л байна. Тиймээс цаашид ноолууран бүтээгдэхүүний зах зээл хумигдах байх даа.
-Хүмүүс ноолуурыг дулаан гэдэг утгаар нь зөвхөн хүйтэн, сэрүүн орны иргэд сонирхдог гэж боддог. Гэтэл сүүлийн үед халуун орны хүмүүс их сонирхож байгаа. Агаарын солилцоо сайн явагдаж, хөлс шингээх чадвар нь өндөр байдаг учраас халуунд өмсөхөд сэрүүхэн байдаг.
Хамгийн гол нь амьсгалдаг гэдгээрээ давуу талтай. Малын гаралтай бүтээгдэхүүн нь амьсгалдаг, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг учраас хөлөргөхгүйгээс гадна хэт халуунд сэрүүн орчин бүрдүүлдэг. Сүүлийн үед Солонгос, Сингапур зэрэг улс ноолуур хэрэглэгч орны тоонд багтах болсон.
-Одоогоор 48 номерын утсаар ямар, ямар компани бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол?
-Утсыг бол ганцхан “Санширо”-д үйлдвэрлэж байгаа. Харин тэр утсаар “Санширо”, “Бэрэн”, манай сургуулийн лаборатори “Must studio” нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Манай улсын нэг компани уг утсаар дотуур хувцас үйлдвэрлээд эхэлсэн. Гадаадаас хүртэл захиалга ирсэн байна. Жишээлбэл, Сингапур улс эмэгтэй хүний дотуур хувцас их хэмжээгээр захиалсан байсан. Эмэгтэй хүний дотуур хувцас гэдэг маань хөхний даруулга, дотоож гэсэн үг шүү дээ.
Үүнийг нэг ширхгийг нь 150 ам.доллароор худалдах юм билээ. Тиймээс зөвхөн сэрүүн уур амьсгалтай орны хүмүүс гэлтгүй дэлхий нийт манай ноолууран бүтээгдэхүүнийг сонирхож байна.
-Эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ?
-Дээр дурдсанчлан холбож оёх утсыг хэмнэж байна. Мөн 24 номерын утсаар нэг цамц хийхэд 250 грамм ноолууран утас орно. Харин бидний хийсэн эл утсаар яг ижил хэмжээтэй цамц үйлдвэрлэхэд 100 грамм утас хангалттай.
Мөн нимгэн утсаар сүлжсэн цамцны үнэ, зузаан утсаар сүлжсэнээсээ өндөр байх нь ойлгомжтой. Утасных нь ширхгүүд илүү сайн шулуудаж, илүү чанартай хийгдсэн учраас бүрзийхгүй. Түүнчлэн нарийн утсаар дэвшилт технологиор сүлжсэн гэдэг утгаараа тансаг зэрэглэл рүү шилжиж байгаа юм.
Тиймээс бага ноолуураар дээд зэрэглэлийн, үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэж байна гэж ойлгож болно. Дэлхийд ч монгол ноолуурын үнэ цэнийг өсгөх чухал ач холбогдолтой.
Одоогоор манай улс хоёр сая ширхэг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь нийт зах зээл дээрх ноолуурынхаа 10 хувийг л ашиглаж байна гэсэн үг. Харин тэр хоёр сая цамц хийх ноолуураар нимгэн утас ээрч, цамц үйлдвэрлэвэл дор хаяж дөрвөн сая цамц үйлдвэрлэдэг болно.
Сүүлийн үед нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлнэ, малын тоог цөөлөх хэрэгтэй гэж яриад байгаа. Цөөн малаас авсан ашиг шимийг илүү үнэд хүргэх арга бол энэ. Аль болох тансаг загвар гаргаж байж, эдийн засгийн өндөр ашиг олох боломжтой.
-Утас үүнээс цааш нарийсах боломжтой юу?
-Үүнээс илүү нарийсгахгүй гэж бодож байгаа. Ноолуур бол үнэ цэнтэй зүйл учраас эдэлгээтэй байх ёстой. Утас хэт нарийн бол амархан тасарч, элэгдэх гэх мэт сөрөг чанар давамгайлна. Ганц хөнгөн, нимгэн байх гэдэг зүйлийг тооцоолж болохгүй.
Хэлбэрээ хадгалах, агаар нэвтрүүлэх чадвар, чийг шингээлт, оёх, сүлжих, машины хурд зэргийг бүгдийг нь тооцож гаргасан. Машины хэдэн мянган эргэлтэд цоорч буйг ч тооцоолно. Тиймээс утсаа заавал нарийн болгох шаардлагагүй, сүлжээнийхээ нягтаар нь тохируулах боломжтой.
Ингэхдээ бүтээгдэхүүний зориулалтаас хамаарна. Хүүхдийнх бол сүлжээг нь чиг хийхгүй бол эдэлгээ их шүү дээ. Том хүний гоёлын цамц бол сул сүлжээсээр хийж болно гэх мэт. Гэхдээ судалгааны ажил ингээд дуусаагүй. Үргэлжлүүлэн судалж байгаа.