“Хурд” хамтлагийн гитарчин, Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр энэ сарын 23, 24-нд “Чи минь байгаа болохоор” бие даасан тоглолтоо үзэгчдэд хүргэнэ. Тоглолтынх нь өмнө түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Олонх сонсогч тань мэдэх учраас таны хүүхэд нас, төрж, өссөн газрын тухай асуулгүй өнгөрье. Харин уран бүтээлийн тухай асуултаар ярилцлагаа эхэлье.
“Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” дуу таны зохиосон анхны бүтээл юм билээ. Зохиосноосоо олон жилийн дараа хүргэсэн болохоор дуу төрсөн түүхийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх.
-1990 онд есдүгээр ангийн сурагч байхдаа энэ аяыг зохиосон юм. Тухайн үед 20, 51 зэрэг Төмөр замын сургуулийнхан Борнуурын сангийн аж ахуй руу ургац хураалтад явдаг байлаа. Сангийн аж ахуйд ангийнхаа охидод гитар тоглон өгч онгирно. Ангийнхаа охидод зориулж энэ дууг зохиосон юм.
Тэр үед үг нь өөр байсан л даа. Нэлээд хожуу “Шинэ үе” продакшныхан “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” жүжиг тавихаар болж, энэ аянд Гавьяат жүжигчин Н.Ариунболд шүлэг бичин, Д.Дэрмээ дуулснаар эл дуу дахин “төрсөн”.
Багын дурсамж, чин сэтгэлээсээ зориулж зохиосон аялгуу минь одоо болтол хүмүүсийн аманд “хүлхэгдэж” байгаад баяртай явдаг. Хонхны баяр, дунд сургуулийн уулзалт болгонд энэ дуу эгшиглэж байгааг сонсох сайхан.
Тэгэх бүрт сурагч нас руугаа эргээд аялж буй мэт санагддаг. Эл дууг зохиосноос хойш гээд бодохоор 30-аад жил уран бүтээл хийжээ.
-Та анхны тоглолтоо 2012 онд “Чи минь байгаа болохоор” нэртэйгээр хийсэн. Яагаад энэ удаа дахин энэ дуугаараа нэрлэв. Амины дуу тань юм уу?
-Өөрийнхөө тоодог, гайгүй гэсэн дуунуудаа багтаан 2012 онд тоглолт хийсэн минь амжилттай болсон. Хүмүүс “Яагаад тоглолтоо цөөхөн хийдэг юм бэ. Жил бүр тоглож болдоггүй юм уу” гэдэг. Цахим хуудсуудаар ч сонсогчдоос хүсэлт их ирдэг. Тэгж болохгүй л дээ. “Хурд” хамтлаг гэж том бүрэлдэхүүнийг оройлж ажилладаг болохоор ганцаараа тасран уран бүтээл, тоглолтоо хийж болохгүй.
Энэ жил “Хурд” хамтлагийн 25 жилийн ой тохиож буй. Өнгөрсөн намар “Нар” тоглолтоо сонсогчдодоо хүргэлээ. Би сүүлийн зургаан жилийн дотор овоо хэдэн уран бүтээл хийчихэж.
Энэ удаагийн тоглолтыг хамтлагийнхаа ойд зориулж байна гэхэд буруудахгүй. Наадмаас хойш л бодож байгаад тоглолтоо хийхээр шийдлээ. Тэгээд дахиад л “Чи минь байгаа болохоор” гэж нэрлэлээ. Энэ миний амин зүрхний үг.
-Энэ дууг ханьдаа зориулж зохиосон гэл үү?
-Тэгсэн. Ханьдаа, хамтлагийнхандаа, ээж, аав, найз нөхөд гээд намайг хүрээлдэг дотнын бүх хүндээ зориулсан дуу.
Ээж, аав минь байгаа болохоор, хамтлаг минь байгаа болохоор, дотнын бүх хүн минь байгаа болохоор би өдий зэрэгтэй яваа юм шүү гэдгээ хэлж буй санаа. Тийм ч болохоор энэ дуунд, нэрэнд их дуртай.
-Танд гэргийдээ зориулсан хэчнээн дуу байдаг бол?
-“Чи минь байгаа болохоор” л байна. 2003 оны уран бүтээл. Сэтгүүлч найзынхаа эхнэртээ бичсэн захидлыг шүлэг хэлбэрт оруулж, ханийнхаа хайр, хамтдаа өнгөрүүлсэн дурсамжуудаа бодож аялгуугаа зохиосон юм. Зохиочихоод банзан гитартай дуулж өгөхөд их баярласан.
-Яруу найрагч, зураач гээд олон уран бүтээлч гэргийгээсээ гадна сайхан бүсгүйчүүдэд зориулж бүтээл туурвисан байдаг. Нэг үгээр, сайхан бүсгүйчүүд “Муза” нь болох нь бий. Танд тийм уран бүтээл олон уу?
-Урлагийн сэтгэлгээ л гэнэ. Хүн өдөр болгон шинэ зүйлийг соргогоор харж, сайн сайхныг мэдрэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ уран бүтээлч хүн мэдрэмжтэй байж чадна. Өдөр бүрийг нэг байдлаар, хэвшмэл өнгөрүүлбэл ямар уйтгартай вэ.
Би өдөр болгон олон сайхан бүсгүй харж, олон сайхан уран бүтээлчтэй хамтран ажилладаг. Тэднээс маш гоё зүйлсийг харж, мэдрэмж авч байна. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, сайхан мэдрэмжид хөглөгдөн зохиосон дуунууд бий.
Гол нь шунаж биш, мэдрэмжээсээ таашаал авч уран бүтээл хийх хэрэгтэй гэж би боддог.
-1990 оноос хойш та хэчнээн дуу “төрүүлэв”?
-Тоолж үзээгүй. Багцаалбал, 100 шахам “юм” байгаа байх. Би ая зохиож, дуучдад өгчихөөд мартчихдаг муу зантай. Үнэ хөлс нэхэж зовоохгүй. “Миний дууг амилуулж чадаж л байвал дуул.
Хамгийн гол нь зүрх сэтгэлд минь хүртэл дуулах хэрэгтэй” гэсэн шаардлага тавьдаг. Дуулна гэдэг зүгээр л микрофон бариад авиа гаргах биш. Хэн дуртай нь ч дуучин болчихдог юм биш.
Ур чадвар, ухаан, сэтгэлээ зориулж урлан дуулахад нарийн мэдрэмж шаардана. Дуучдаар дуугаа дуулуулах ч амаргүй.
-Дуучдад тусгайлан зориулж зохиосон дуу олон биз?
-Бас л амаргүй. Тухайн дуучин өмнө нь дуулж байгаагүй сэдэв, аялгуутай дуу зохиох хэрэгтэй. Бусад хөгжмийн зохиолчтой адилхан хэв маягтай дуу дуулуулаад яах юм. “Хүн чулуу” дууг гэхэд л 1996 онд Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяад зориулж зохиосон. Альтернатив дуу шүү дээ.
Тийм дуу өөрт нь өгнө гэж төсөөлөө ч үгүй байсан байх. Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбаттайгаа 20 гаруй жил найзалж байна. “Би чамд хайртай” гэж дуугаа найздаа зориулж зохиосон.
“...Чи минь өөрөө эгэл билээ
Хайртай чамдаа, би...” гэсэн мөртийг олж харчихаад амралтын өдөр банзан гитараар зохиосон дуу. Б.Чинбатыг уран бүтээл хийн, цомог гаргах тухай ярьж эхлэхэд энэ дуугаа сонсготол шууд л дуулна гэсэн.
Энэ мэтчлэн зөвхөн тэр хүнд л зориулж зохиосон дуун зөндөө. Түүнээс биш мөнгө хөөгөөд, “За, байз энэ дууг төдөн төгрөгөөр зарчих юм сан” гэж бодвол уран бүтээл болох ч үгүй.
Миний баримталдаг зарчмаас тэс өөр зүйл болоод явчихна.
-Ажиглах нь ээ, таны зохиосон дуу бүр хит болдог юм байна шүү дээ.
-Би уран бүтээлийг хүүхэдтэй зүйрлэдэг. Эх хүн хүүхдээ эрүүл саруул төрүүлж, сайн хүн болгох юм сан гэж боддог шүү дээ. Би тэгж л төсөөлж уран бүтээлээ хийдэг. Сайн уран бүтээл амар төрчихгүй. Гашилна, шанална, шатна, урлана.
Үг, ая нийлүүлээд л, дуу зохиосон нэртэй явж болох л байх. Гэхдээ би тийм амин сүнсгүй зүйл хийхийг хүсэхгүй. Тийм ч болохоор “Эх орон” дуугаа зохиосноос хойш энэ сэдвээр дахин уран бүтээл хийхээс эмээдэг болсон.
-Яагаад?
-Давуулж чадахгүй бол яах юм. “Эх орон” бол яг л цаг үеэ олж төрсөн хүүхэд. Энэ дууг мэдэхгүй хүн ховор байх. Уран бүтээлч хүний хамгийн том шагнал, бахархал энэ. Сэтгэл өег явдаг. Тийм ч болохоор “Хурд” хамтлаг эл дуугаар тоглолт бүрээ төгсгөдөг.
-Нээрэн л “Эх орон”-ыг мэдэхгүй хүн ховор байх. “Гадаадад амьдрах үед энэ дуу их хань болсон” гэсэн үгийг олон хүнээс сонссон юм байна.
-Сонин нь, би энэ дууг ийм хит дуу болно гэж төсөөлөөгүй.
-Ая зохиогч С.Ишхүү агсан та хоёрыг Х.Чилаажавын шүлгийг булаацалдан байж эл дууг бүтээсэн гэдэг шүү дээ.
-Олон монгол залуу гадаад руу гарч байсан үе. Аялан тоглолтоор очих бүрт эх орноо маш их санадаг тухайгаа хэлдэг. Тэдний эх орноо санасан сэтгэлийг дэвтээх, сонсох бүртээ омогшиж, эх орноороо бахархах дуу зохиохыг хүсэж багагүй бодсон.
Хүн ямар нэг зүйлд санаа зовж, түүнийхээ ард гарч чадахгүй болохоор мартаж чадахгүй, нойр ч хүрэхгүй шаналдаг даа. Яг л тэгсэн. Энэ дууны дахилтын хэсгийн аялгууг Д.Ганбаяр ах 1993 онд зохиосон юм. Би эх орны сэдэвтэй дуу зохиовол тэр аялгууг нь оруулна даа гэж боддог байлаа.
Санаагаа Х.Чилаажавт хэлтэл хэд хэдэн ноорог үзүүллээ. Тэдгээрээс нь шүлгээ сонгосон. Гэтэл С.Ишхүү ахад тэр шүлэг бас таалагдсан. Бүр булаацалдаа. Ингээд хоёулаа аялгуу зохиосон юм. Эцэст нь миний зохиосон хувилбараар тогтсон. Ингээд болчихоогүй. Дууны бичлэг хийж байхад нэг л зүйл дутуу санагдаад болдоггүй.
Хамтлагийнхан “Яг юу нь таалагдахгүй байна. Хөөмий оруулах уу, шуранхай юу. Юу нэмэх юм бэ” гээд л. Надад аль нь ч биш санагдаад. Дахиад л шаналж эхэллээ. Гэтэл нэг өглөө гэртээ хэвтэж байтал радиогоор “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны дуу явж байна.
Шууд босоод Б.Дамчаа гуайн эрэлд гарсан. Сураглатал хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байгаа гэв. Монгол хүн бүрийн мэддэг, тэр дундаа эсрэг дүрээр тамгалагдсан эл эрхэм уран бүтээлч яагаад эх орны сэдэвтэй дуу дуулж болохгүй гэж. Ямар сайхан хүнгэнэсэн хоолойтой билээ.
Ингээд эмнэлгээс нь очиж яваад “Чугу” студид дууг нь бичүүлсэн. Б.Дамчаа гуай “За ах нь юу ч гэсэн нэг үзээдэхье. Та нар надаар юу л хийлгэх гээд байна даа” гээд л бичлэгийн өрөөнд ороод дууллаа. Ганцхан удаагийн оролдлогоороо л дуулчихсан. Тэр хүнийг хараад энгийн байх ямар агуу юм бэ гэдгийг дэндүү ухаарч билээ.
“Эх орон” цацагдсан даруйдаа л хит болсон. Тэр үед би машингүй, явган. Таксинд суухаар “Энэ их гоё дуу гарчээ” гээд л хуурцганд хуулаад авчихсан миний дууг сонсож байна. Гэхдээ намайг зохиосныг мэдэхгүй. сонсоно. Ямар гоё санагддаг байсан гээч. Их додигор алхдаг байж билээ.
-“Эх орон”, “Хамаг Монгол” гэхчлэн эх орны сэдэвтэй олон хит дуу зохиосон хүнээс асуулгүй өнгөрч болохгүй байх. Таныхаар эх орон гэж юу вэ?
-Намайг төрүүлсэн ээжийн минь алтан сав миний хувьд эх орон. Цаашилбал, энэ дэлхий тэр чигээрээ миний эх орон. Дэлгэсэн тэрлэг шиг газрын зургаар хязгаарлагдахгүй.
-Ингэхэд та улс төрийн бужигнаан, нийгэмд гарч буй хэртхийлгэм үйл явдлуудад анхаарал хандуулдаг уу?
-Анзаарна аа. Бид хөнжил дотроо л бужигнаад байх юм. Маш инээдтэй, бас эмгэнэлтэй. Энэ амьдралд хүн заяаг олж төрчихөөд хэдий урт насална гэж хоорондоо тэмцэлддэг юм бэ. Яасан ч их барагддаггүй шунал вэ. Гаднынхан биднийг хараад яасан их шоолж байгаа бол.
-Сүүлийн үед хөгжмийн зохиолч, ая зохиогч, дуу зохиогч гэж ярих болжээ. Та аль нь вэ?
-Н.Жанцанноров, Б.Шарав гуайн бүтээлүүдийн дэргэд миний зохиосон хэдэн дуу юу юм бэ. Би хөгжмийн зохиолч гэж хэлүүлэхгүй. Ичиж байна. Нүдний булай.
Гурван дууны ая зохион, ганц цомог гаргачихаад өөрийгөө хөгжмийн зохиолч гээд цээжээ дэлдэж яваа бол ичих хэрэгтэй. Өөрийгөө толинд сайн хар. Харамсалтай нь, сүүлийн үед тийм хямдхан бодолтой хүн олон болж.
-Дунд сургуульд байхдаа та урлаг, спортын аль нэгийг сонгох байснаас эхнийхийг нь сонгосон юм билээ. Хэрвээ спортыг нь сонгосон бол өдийд хаана, юу хийж яваа бол гэж бодож байв уу?
-Тэгж төсөөлөөгүй. Өсвөр насандаа спортод ч, урлагт ч дуртай байлаа. Харин сурлага улаан ноль. Ах нарыгаа дагаад урлагт ч орчихмоор, эв дүйгээ бодохоор спорт ч хөөчихмөөр санагддаг байв.
Бодож бодож гитараа сонгосон. Сурагч байхдаа ангийнхаа ширээгээр дүүрэн гитар, бөмбөр зурчихдаг, алдартай хамтлагуудын нэрийг сийлээд багшдаа бангадуулдаг, өөрийгөө алдартай гитарчин болсон байгаагаар мөрөөддөг байлаа.
-Одоо хүүхэд насныхаа мөрөөдлийнхөө хаахна явна вэ?
-Хүн дуртай зүйлээ цаг нар, өдөр хоногийг мартан, шунан дурлаж хийдэг. Энэ нь ч зөв. Би мөрөөдлийнхөө дундхан хавьцаа л явна. Биелүүлж амжаагүй 60 хувь үлдсэн байна.
Өөрийгөө байнга чамладаг. “Би. Би” гээд өвчигнөөд, сэтгэл нь ханаад, үрэх мөнгө нь ихдээд, бүх зүйл өөрийн юм шиг санагдаад эхэлбэл тэр хүн болохоо байж буйн шинж.
-Нас ахихаар уран бүтээл, аливаад хандах хандлага тань өөрчлөгдөж байна уу?
-Үзэл бодол, баримталдаг зарчим минь хэвээрээ. Уран бүтээлдээ хандах хандлага минь хэвээр. Харин чанаржих ёстой. Илүү бодож, тунгаадаг болж байна.
Залуу байхад тухайн үед төрсөн сэтгэл хөдлөлөөрөө л “хусчихдаг” байж. Одоо сонсохоор энийг ингэдэг, тэрийг тэгдэг байж гэж боддог. Гэхдээ харамсдаггүй.
-Идэр залуу Д.Отгонбаярын хамгийн их шунадаг зүйл юу байсан бол. Нас ахих тусам хүн шуналгүй болдог гэлцэх юм.
-Чанартай уран бүтээл хийхийг л хүсдэг байлаа. Илүү зүйлд шунаж явсангүй ээ. Одоо ч тэр.
-“The voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж, улмаар тус нэвтрүүлгийн шилдэг оролцогчдыг продюсерлож буй. Продюсерын ажил ярвигтай юу?
-Ярвигтай. Бас хариуцлагатай. Тэр хэрээр их л стресстүүлдэг юм байна. Үнэнийг хэлэхэд сүүлийн үед толгой их өвдөх болсон. Залуус найдаад ирж байхад би хариуцлагатай байх ёстой шүү дээ.
Анзаараад байх нь ээ, толгойтой болгон л продюсер болох гэж дайрдаг болж. “The voice of Mongolia” шоу намайг уран бүтээлчийн хувьд маш их хөглөсөн. “Шонхрууд” багт 12 шижигнэсэн залуу уран бүтээлч байна. Тэднийг Улсын баяр наадмын тоглолтод дуулсан.
Орон нутгаар аялан тоглолоо. Өмнө нь авч байгаагүй цалин өглөө. Яах вэ, одоо авч байгаа мөнгөндөө биш. Гол нь, урлагт чин сэтгэлээ зориулж, зөв явбал үр шим нь ирдэг юм шүү гэдгийг мэдрүүлэхийг хүсдэг.
-Одоогийн залуусын уран бүтээлд хандах хандлага таны залуу байх үеийнхээс өөр байна уу?
-Маш өөр. Маш буруу явж байгаа залуус ч байна. Юу ч хийж чадахгүй, юу хийхээ мэдэхгүй байж мөнгө ярьдаг. Тэдэнд шуналын сэтгэлээ дар гэж хэлдэг. Сэтгэлээ зориулж сурвал хариу нь маш томоор ирдэг юм шүү.
-Гайгүй авьяастай хүүхэд буруу замаар явж байгааг харахад харамсалтай санагддаг биз?
-Харамсалтай байлгүй яах вэ. Бодолтой, даруу байх хэрэгтэй. Алтан үе, ах нараасаа үлгэр дуурайл авах хэрэгтэй. Ингээд ярихаар “Дандаа л дээр үеийнхээ юмыг ярих юм. Цаг үе өөр болсон” гэх залуус бий.
Тэдэнд үгүй гэж хэлье. Одоо цаг чинь ирээдүйд өнгөрсөн үе болно. Өнгөрсөнгүй одоо, одоогүй ирээдүй байхгүй.
-Гараагаа эхэлж буй залуу уран бүтээлчид юун дээр хамгийн их алддаг вэ. Анзаарах нь ээ, тэдэнд жудаг гэж зүйл байхаа больчихсон мэт харагддаг.
-Урлаг гэлтгүй бүх зүйлд эрэмбэ дараа, ах зах, жудаг бий. Ухааныг нь олж, урыг нь эзэмшихгүй л бол мөнгө зарж, тэнэглэж од болно гэж байхгүй л дээ. Бүхнийг цаг хугацаа харуулдаг.
-Та бараг бүх хамтлаг, дуучинтай ажилласан байх. Цаг үеэ дагаад уран бүтээлийн хэв маяг өөрчлөгдөх нь зүйн хэрэг. Гэхдээ ур чадвар, уран бүтээлийн өнгө аяс улам л бэлэнчлэх тал руу хэлбийгээд байх шиг санагддаг.
-Уран бүтээлчдийн хэв маяг өөрчлөгдөж, олон урсгал чиглэлээр туурвих нь ойлгомжтой. Гэхдээ би хуурамч, хэт зугаа цэнгээн, хэв маяг хөөсөн зүйлд дургүй. Бодит амьдралыг уран бүтээлдээ тусгахыг хичээдэг.
Тийм ч болохоор хүмүүст хүрдэг байх. Магадгүй зарим хүн намайг 1990-ээд оны хуучинсаг, дандаа л классик хэв маягтай уран бүтээл хийдэг гэж шүүмжлэх байх.
-Дууны нас улам богиносож байх шиг. Энэ нь чанар муутайнх уу, эсвэл хүмүүсийн мэдээлэл авах, харьцуулах эх сурвалж олон болсонтой холбоотой юу?
-Хэт их мэдээлэл дунд хүмүүс төөрч байна. Мөн уран бүтээлийн чанартай шууд холбоотой. Үнэнийг хэлэхэд сүүлийн үеийн уран бүтээлчдийн дуу үнэхээр чанаргүй. Яавал хүний нүд хуурч бушуухан хэдэн төгрөг халааслах вэ гэж боддог болж.
-Нээрэн, та дан гитарын гоцлолоор хоёр ч цомог гаргасан. Дахин энэ төрлийн уран бүтээл хийхгүй юм уу?
-Сүүлд Б.Шарав гуайн “Манан”-г төгөлдөр хуурч Б.Чинбат найзтайгаа тоглолоо. Дахин цомог гаргах бодол бий. Дан хөгжмийн аялгуу зохиох ч дуртай. Түрүүн хэлсэн шүү дээ, би “Хурд” хамтлагийн уран бүтээлээ түрүүнд тавих ёстой.
Яг одоогоор цаг, боломж олдохгүй л байна. Гэхдээ амжуулна даа. Хүний сэтгэлийг хөндөх, уяраах, гэгээрүүлэх, эрч хүч өгөх бүтээл тийм амархан төрдөггүй юм.
-“Хурд” хамтлагаас, танаас “Чоно”, “13 ааш” шиг эрч хүчтэй, доргио дуу хүлээдэг сонсогчид байгаа нь мэдээж. Яаая даа гэсэн хэви металл цомог гаргавал гоё доо, тийм ээ?
-Хэлээд юу гэх вэ. Ярилцсан зүйл бий. “Хурд” хамтлаг тийм цомог хийнэ. Мартсанаас, дуучин О.Нарантай галзуу рок дуу хийсэн. Ирэх долоо хоногоос цацаж, “Чи минь байгаа болохоор” тоглолтоор үзэгчдэд хүргэнэ.
-Ярилцлагаа удахгүй болох тоглолтынх нь тухай асуултаар өндөрлөе. Өмнөх тоглолтоос ямар онцлогтой болох вэ?
-1990 оноос хойш өнөөдрийг хүртэл зохиосон дуунуудаасаа шилж, 30 гаруй дуу хүргэнэ. Тэгээд хамтлагийнхаа 30 жилийн ой болтол тоглолт хийхгүй. Тэр болтол илүү чанартай уран бүтээлүүд хийх ёстой.