Хошин урлагийн нэг төрөл болох стэнд-апаар Их Британид уран бүтээл туурвидаг Ромеш Ранганатан “UB comedy” клубийн урилгаар манай улсад зочилж, өнгөрсөн бямба гарагт тоглолтоо хийсэн юм. Тоглолтынх нь үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцана уу?
-Миний хувьд танай орон холын, үл мэдэх ертөнц. Энд ирсэндээ баяртай байна. Энергийн төв, Баян-Өлгий аймагт очиж үзлээ. Нүүдэлчний уламжлалаа орчин үеийн хөгжилтэй хослуулан аж төрдөг их зочломтгой ард түмэн юм.
-Манай улсад зочлох үеэрээ баримтат нэвтрүүлэг бэлтгэж буй гэсэн. Энэ тухайгаа яриач?
-Би англичуудын төдийлөн аялж үзээгүй улсуудад зочилж, баримтат нэвтрүүлэг бэлтгэж буй юм. Хаити, Албани улс болон Хойд мөсөн далай руу аялсан. Үргэлжлүүлэн хэд хэдэн орноор аялж, нэвтрүүлгийн бичлэг хийнэ.
-“UB comedy” клубийн урилгыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би аль нэг улсад тоглолтоо хийхдээ тухайн улсын хамгийн ирээдүйтэй уран бүтээлчээр тоглолтоо хөтлүүлэхийг хүсдэг. Тиймээс Б.Идэр-Одын урилгыг дуртайяа хүлээж авсан. Монголд стэнд-ап төрөл харьцангуй шинэ. Гэхдээ их эрчтэй хөгжиж буйг анзаарлаа.
-Стэнд-ап төрлийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
-2010 оноос энэ төрлөөр үзүүлбэр үзүүлж байна. Их Британийн маш олон клубтэй хамтарч ажилладаг.
-Бусад уран бүтээлчээс ялгардаг таны онцлог юу вэ?
-Би Шри Ланка гаралтай англи хүн. Хоёр өөр үндэстний иргэшлийг өөрт шингээсэн нь миний гол онцлог. Түүнчлэн АНУ-ын алдарт уран бүтээлч Ричард Прайераас үлгэр дуурайл авдаг. Тэр хүний арга барил надаас цухалздаг ч байж мэднэ.
-Стэнд-ап төрлөөр дагнадаг олонх уран бүтээлч цомгоо гаргадаг юм билээ. Та гаргаж амжсан уу?
-Би энэ жил номоо гаргасан. Харин ирэх онд аялан тоглолтын бичлэгүүдээсээ шилж цомог гаргахаар төлөвлөсөн.
-Та дэлхийн хэчнээн улсад аялж, тоглолтоо хийсэн бэ?
-Австрали, АНУ, Норвег, Швед, Арабын нэгдсэн Эмират, Шотландад тоглолтоо хийсэн.
-Хаанахын үзэгчид танд хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн бэ. Яагаад?
-Хэцүү асуулт байна. Гэхдээ Шотландын үзэгчид хамгийн их таалагдсан. Хошин урлагт маш дуртай, сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс юм билээ.