Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, удирдаач Стефано Салватори Итали улсын нийслэл Ром хотод төржээ. Одоо Миланд амьдардаг. Тэрбээр Перужа хотын хөгжмийн дээд сургуулийн төгөлдөр хуурын анги төгссөн. Сургуулийнхаа шилдэг оюутнуудын нэг байсан бөгөөд төгссөнийхөө дараа улсынхаа нэртэй төгөлдөр хуурч Сержио Пертикароли болон удирдаач Сержио Фиорентино нарын удирдлага дор үргэлжлүүлэн суралцаж мэргэшжээ. Мөн Милан хотын Ж.Вердийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолч, удирдаач мэргэжлээр суралцсан аж.
Гарамгай төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч тэрбээр сонгодог болон орчин үеийн симфони бүтээлүүд, дуурь, балет удирддаг.
2001 оноос эхлэн “Ла Скала” театрт ажиллахдаа Даниел Барембойм, Густаво Дудамел, Валерий Гергиев, Эса Пекка Салонен, Марко Летонья, Гианандреа Носеда нарын цуутай удирдаачийн туслахаар ажиллаж байсан аж.
Лео Нуччи, Иоханнэс Кауфман, Роландо Вилассо, Роберто Болле, Сильви Гуиллем, Светлана Захарова нарын дуурийн алдартай дуучин болон балетчин, Роланд Петит (Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нэгэн үе багт нь ажиллаж байв), Маурис Бежарт, Жири Килиан, Жон Неумайер нарын бүжиг дэглээчтэй ч хамтран ажиллажээ. Верона хотын задгай театрын их найрал, “Померижжо” мюзиклийн найрал хөгжим, Египетийн Каир хотын симфони найрал болон Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт уригдан, хамтран ажиллажээ.
Итали улсын Милан хот дахь алдарт “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори манай улсад гурав дахин ирээд байна. Тэрбээр Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Э.Амартүвшингийн урилгаар 2016 онд анх ирж, бие даасан тоглолтоор нь симфони найрал хөгжим удирдаж байлаа. Дараа нь ДБЭТ-ын урилгаар А.Аданы “Жизель” балетыг шинэчлэн найруулсан байдлаар удирдан тоглуулж, үзэгчидтэй дахин уулзсан. Харин одоо тус театрын гоцлол дуучин, сопрано Б.Энхнарангийн уран бүтээлийн бие даасан “Сопрано” тоглолтод хүч нэмэхээр хүрэлцэн ирээд байна. Түүнтэй ярилцлаа.
-Та даараа юу даа?
-Хүйтэрчээ. Намайг ирэхэд гайгүй байсан юм, өнөөдөр (өчигдөр) даарлаа.
-Монголд ирэх дуртай болжээ дээ.
-Тийм ээ. Яг л гэртээ байгаа юм шиг тухтай байдаг. Монголчуудтай ойлголцоход амар.
-Та их завгүй хүн юм билээ. Тэгсэн хэрнээ дуучны урилгаар хувийн тоглолтыг нь зориод ирж. Монголын дуучид, хөгжимчид чадварлаг болохоор сэтгэлийг тань татдаг бололтой.
-Үнэн. Ялангуяа танай театрын дуучид маш сайн.
-Гоцлол дуучин Б.Энхнарангийн “Сопрано” тоглолтын хөтөлбөр таалагдав уу. Таны зүгээс нэмж, хассан зүйл бий юү?
-Хасаагүй. Би хоёр бүтээл нэмж санал болгосон. Дуучин бэлтгэл сургуулилалт сайн хийж байгаа учраас амжуулаад дуулчихна.
-Та сая хөтөлбөрт байгаа, дуулах ари, романсуудыг тооллоо. Рахманинов, Чайковский нарын нэр дурдагдаж байна. Италид ч гэсэн эдгээр хөгжмийн зохиолчийн бүтээл эрэлттэй юү?
-Бид Оросын болон бусад үндэстний хөгжмийн бүтээлүүд дээр байнга ажилладаг. Энэ хөгжмийн зохиолчид дэлхийн уран бүтээлчид.
-“Сопрано” тоглолтод манай улсын хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарын романсыг дуулах юм байна. Танд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-Сайхан бүтээлүүд байна лээ. Би Монголын хөгжмийн зохиолчдоос Б.Шарав, Н.Жанцанноров, Х.Билэгжаргал нарын хөгжимтэй танилцлаа. Ялангуяа Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн хөгжим маш их таалагддаг. Мэргэжлийн өндөр түвшинд бичсэн бүтээл. Э.Амартүвшин тоглолт хийхдээ энэ дуурийн гол дүрийн арийг дуулж байсан. Энэ мэт жишээнээс харахад монголчууд их хөгжимлөг хүмүүс юм гэж боддог.
-Гоцлол дуучин Б.Энхнарангийн тухай юу хэлэх вэ?
-Дуурийн орнуудын нэг Оросын Санкт-Петербургт Хөгжмийн дээд сургууль төгссөн уран бүтээлч гэдэг нь харагдаж байна. Ер нь Монголын дуучдад Оросын дуурийн урлагийн нөлөө байна.
-Энэ нь муу юу?
-Яалаа гэж. Оросын дэг сургууль сайн шүү дээ. Б.Энхнаран дуулах ур зүйн өндөр түвшинд оросоор ч, италиар ч сайхан дуулж байна. Цаашид итали дуурьт дүр бүтээхдээ яг л итали хүн жүжиглэж байгаа юм шиг уусаж тоглох түвшинд ур чадвар эзэмшчихвэл Италийн ямар ч театрт дуулах боломжтой.
-Энэ удаагийн тоглолтод симфони найрал хөгжим удирдахаас гадна юу хийх вэ?
-Төгөлдөр хуураар хамсран хөгжимдөнө. Төгөлдөр хууртай дуулах долоон бүтээл бий. Түүний зургааг Б.Энхнаран, нэгийг нь Э.Амартүвшин дуулна. Тэр Ж.Вердийн “Макбет” дуурийн Макбетын ари дуулах юм.
-Та төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, удирдаач юм билээ. Нэг хүнд их урлагийн өндөр дээд хэмжүүр болсон чадварууд бүрэн цогцлох гэдэг тийм ч элбэг бус болов уу. Энэ өндөрлөгт хүрэх гэж их зүтгэсэн үү. Зам бартаатай байв уу?
-Шат шатаар ахиулсан. Бүгдийг нэг дор эзэмших боломж байхгүй. Төгөлдөр хуурч болох дуртай байсан. Хөгжмийн зохиолч болоод өөрийн хүссэнээр гоё хөгжим зохиохыг хүссэн. Мөн симфони найрал хөгжим, дуурь, балет удирдан тоглуулдаг хүн болмоор байсан. Миний нэг онцлог гэж хэлж болох байх, хажууд байгаа чадвартай хүн бүрээс сурдаг зантай. Дэлхийн шилдэг удирдаачдын нэг Барембоим “Ла Скала”-д “Кармен” дуурь удирдахаар бэлтгэл сургуулилалт хийж байхад нь дэргэдээс нь суралцаж байлаа. Хүн бүрийн чаддаг зүйлийг өөрийн болгоод байхаар овоо юм мэддэг болно биз дээ.
-Таны зохиосон хөгжмийн бүтээлүүдтэй Youtube-ээс сонсож танилцаж болох уу?
-Үгүй ээ, тэнд тавьдаггүй. Театр, концертын танхимд тоглуулах үед л сонсож болно. Би төгөлдөр хуурч болохоор шууд зохиож тоглохыг илүүд үздэг. Импровизац гэдэг шүү дээ.
-2017 оны зун олон улсын наадамд 100 челист хөгжимдүүлж оролцсон байна лээ. Та өөрийн зохиолыг тоглуулсан уу. Ямар гоё дуугаралтыг хүмүүст сонсгоо бол гэж бодоод байна.
-Тэр 100 хөгжимчний олонх нь челист, цөөн хэд нь контрбасс тоглодог хөгжимчин юм. Өтгөн дуутай хөгжим олныг нийлүүлж тоглуулах санаа төрсөн юм л даа. Үнэндээ бол өвөрмөц, маш их эерэг энерги мэдрүүлсэн тоглолт болсон. “Ла Скала”, Верона хотын задгай “Арена”, Ториногийн “Регио” зэрэг театрын буюу Италийн хамгийн алдартай симфони найрал хөгжмүүдийн тэргүүн хөгжимчдийг урьсан.
-Манай нэртэй дуучин Э.Амартүвшинтэй хэрхэн танилцсан бэ?
-Итали улс дахь Монголын өргөмжит консул Гантуяа танилцуулсан. Удалгүй түүнийг дуулахыг сонсоод ихэд таалагдсан. Монголд тоглолт удирдаж өгөөч гэхэд нь зөвшөөрөөд, ирж байлаа. Бид эхлээд Монголд, дараа нь Италид тоглосон. Түүнтэй хамтарч ажиллахад таатай байдаг.
-Түүнийг дуучных нь хувьд хэрхэн үнэлдэг вэ?
-Тэр чадалтай хоолойтой, тогтсон гоё өнгөтэй сайн дуучин. Хамгийн гол үзүүлэлт бол дуурийн урлаг уламжлал нь болсон Итали улсын театруудад нь жүжигт тоглож, дүр бүтээгээд, хүлээн зөвшөөрөгдөж буй байдал.
-Өөрөөр хэлбэл, итали дуурьт итали дуучин шиг дуулж байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Ер нь дуурийн дуучдыг хоолойн сайхнаар гэхээс илүү жүжигт буюу дуурьт дүр хэр сайн бүтээж байна вэ гэдгээр хэмждэг. Ялангуяа Ж.Вердийн том дууриудын гол дүрүүдийг италичуудад хүртэл нь бүтээх гэдэг бол өндөр шалгуур.
-Монголоос очоод хаана ямар ажил руугаа яарах вэ?
-“Ла Скала” театрын уран бүтээлийн шинэ улирлын нээлтийн бэлтгэлийн ажилтай. Театрын улирлын нээлт арванхоёрдугаар сарын 7-нд болох юм. Үүний дараа Хорватын Загребт найрал хөгжим удирдаад, тэндээсээ Египетийн Каир хотын Дуурийн театрыг зорино.