XXI зуунд хүнээс хүн “бүтээж” байна. Учир юу гэвэл шинжлэх ухааны ололт амжилтын ачаар бид аль нэг ажиллагаагүй болсон эрхтнээ солиулах боломжтой болсон. Манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах нийт мэс заслын 95 орчим хувь нь амьд донороос буюу эцэг нь хүүдээ, охин нь ээждээ, ах нь дүүдээ эд, эрхтнээ өгч буй. Гэвч Азийн улсуудаас бусад оронд нэг хүнийг аврахын тулд нөгөөг нь эрсдэлд оруулдаг ийм тогтолцоог хүлээн зөвшөөрдөггүй. Тодруулбал, эрүүл хүнийг хагалгааны ширээнд “тушааж”, өрөөсөн бөөр, элэгнийх нь талыг авахын оронд цогцсоос донор эрхтэн авах, түүний хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Манайд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх хууль, эрх зүйн орчин саяхнаас бүрдсэн. Тиймээс энэ удаагийн зочид маань хэн нэгнийхээ намтар, амжилтын тухай ярихгүй. Магадгүй зарим нь сонсож ч байгаагүй сэдэв хөндөв.
Төрийн шагналт, Гавьяат эмч, доктор, профессор Даваажавын Нямсүрэн энэ удаагийн уншигч-сурвалжлагчаар ажиллалаа. Тэрбээр Монголд анх эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийснээс хойш өнөөдрийг хүртэл энэ албанд хоёргүй сэтгэлээр зүтгэн, хөгжилд нь үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм. Харин манай зочин Азарын Бархас нь хүний их эмч мэргэжилтэй. Сүүлийн 15 жилд төрийн захиргааны удирдах байгууллагуудад ажиллаж, салбарынхаа сайн, мууг мэддэг болсон чадварлаг мэргэжилтэн. Сүүлийн жилүүдэд ЭМЯ-нд донорын тусламж, үйлчилгээний асуудал хариуцахдаа хуулийг нь шинэчилж, батлуулахад биечлэн оролцжээ. Тэдний ярилцлагаас тархины үхэл гэж юу болох, донорын олдоц, амьгүй донорын хэрэглээг нэмэгдүүлэхэд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн уялдаж ажиллах зэрэг цогц мэдээллийг уншаарай.
-“Өнөөдөр” сонин надад хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээлгэлээ. А.Бархасын ажлыг “шалгаж” таарах нь. Донорын тухай хуулийг шинэчлэх болсон шалтгаан юу байв?
-Сониныхоо уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Донорын тухай хуульд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амь амьдрал нь дээсэн дөрөөнд дэнжигнэх, хэн нэгэнд донор эрхтэн хэрэгтэй үед яах ёстойг нарийн зохицуулсан. 2000 онд анх баталж, гаргаснаас хойш 12 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Түүнээс хойш 2017 онд хуулийн төслийг дахин шинэчилж, энэ оны нэгдүгээр сарын 18-нд УИХ-аар батлуулан, мөрдөж байна. Сүүлийн үед хүн амын дунд элэг, бөөрний өвчин, эндэгдэл ихэслээ. Хавдар, цусны өвчин нэмэгдэн, тээгч эх, бэлгийн эс, цусны донорын эгнээг өргөтгөх зэрэг олон хэрэгцээ шаардлагын дагуу уг хуулийг шинэчилсэн. Тухайлбал, цусны өвчний эцсийн шатанд ясны чөмөг, үүдэл эс, бөөрний архаг дутагдал, элэгний хавдар, хатууралтай хүмүүс эрхтэн солих хагалгаа зайлшгүй хийлгэнэ. Энэ бүхэнд донорын асуудал тулгардаг. Өмнөх хуульд амьд болон амьгүй донорын талаарх ойлголт явцуу байлаа.
-Манай эмнэлэг энэ жил зөвхөн бөөр солих хагалгааг 23 хүнд хийсэн. Донорын олдоц сайн байвал түүнээс ч олныг хийх боломжтой. Солиулах эрхтэнгүйгээс мэс засалд орох боломжгүй хэчнээн хүн байна вэ?
-Улсын хэмжээнд донорын хэрэгцээ маш их байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөр солиулах шаардлагатай 123, элэг 63, ХСҮТ-д 42 хүн доноргүйгээс хагалгаа хийлгэж чадахгүй, нийт 228 өвчтөн муугаар ярихад үхлээ хүлээж байна. Гэтэл цаана нь бөөр орлуулах аппаратад л гэхэд 500 гаруй хүн эмчлүүлж байх жишээтэй. Тэд хэтдээ эрхтэн шилжүүлэх мэс засалд орох зайлшгүй шаардлагатай. Одоогоор элэг орлох эмчилгээ байхгүй тул хавдар, хатууралтай олон хүн мөн л эрхтнээ солиулна гэсэн үг.
-Монголд өнөөдрийн байдлаар элэг, бөөр, ясны чөмөг, үүдэл эс, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал өндөр түвшинд хөгжиж байна. Амьгүй донороос эрхтэн авдаг тогтолцоог сайжруулчихвал хүлээгдэл багасна гэж мэргэжлийн хүний хувьд хардаг. Цогцсын донорын олдоц ямар байгааг хэлж өгнө үү?
-Олон улсад тархины үхэлтэй нэг донороос хоёр бөөр, элэг, нойр булчирхай, нарийн гэдэс, уушги, зүрх, арьс, яс авах гээд найман хүний амь аврах боломжтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, нэгэн амьдралын төгсгөл найман амьдралын эхлэл болдог. Сүүлийн жилүүдэд осол, гэмтэл, зүрхний шигдээс, цус харвах өвчин залуужиж, ихсэх хандлагатай болсон. Судалгаагаар жилд дээрх шалтгаанаар нас барагсдын 300-400 нь донор болох боломжтой. Үүнийг эмчилгээнд ашиглавал энэ хэрээр олон хүний амь аварна гэсэн үг.
-Амьд болон цогцсын донорын ялгааг уншигчдад тайлбарлах нь зүйтэй болов уу?
-Эрүүл хүнээ хамгаалах, цогцсын донорын тоог нэмэгдүүлэхэд дэлхий нийт анхаарч байна. Тэр дундаа европын орнуудад амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгахыг чухалчилдаг. Азидаа Өмнөд Солонгос, манай хоёр улс энэ тогтолцоо руу явж байгаа. Монголд өдгөө 169 хүнд бөөр, 60 гаруй хүнд элэг, 14 өвчтөнд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгаад байна. Хурдацтай хөгжиж байгаа гэж хэлж болно. Гэхдээ олонх нь амьд донороос эрхтэн авсан байх жишээтэй. Бразил, Беларусь зэрэг улсад ерөнхийлөгчийнх нь ивээл дор цогцсын доноруудыг эрхтэн солих эмчилгээнд түлхүү ашигладаг. Беларусьд иргэд нь гэнэтийн шалтгаанаар нас барвал эд, эрхтэн нь улсын өмч байхаар хатуу хуульчилсан байдаг. Харин Азийн орнууд бурхны шашинтай учир хүний эд, эрхтэнд болгоомжтой ханддаг. Цогцсын донорын хэрэглээ маш бага гэсэн үг. Тиймээс ДЭМБ-ын зөвлөмжийг хангах хүрээнд тархины үхэлтэй донорын хэрэглээг нэмэгдүүлэх, олдоцыг сайжруулах шинэ тогтолцоо бий болгоно.
-Тархины үхэл гэж юуг хэлж байна вэ?
-Хуульд тодорхойлсноор тухайн хүн золгүй байдлаар осол, гэмтэлд өртөх, цус харвах, зүрхний шигдээс болсны дараа тархины болон багана хэсгийн үйл ажиллагаа эргэж сэргэхгүйгээр алдагдахыг хэлдэг. Тархины үхэлтэй донор гэдэг нь ийм шалтгаанаар нас барсан хүмүүсийн хэвийн үйл ажиллагаатай зарим эд, эс, эрхтнийг ашиглах тухай л ойлголт юм.
-Тархи нь үхэжсэн гэдгийг хэн тогтоох юм?
-Эрүүл мэндийн байгууллагуудад тархины үхэл тодорхойлох баг ажиллана. Эрх бүхий эмнэлгүүдийн даргын тушаалаар нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг байгуулна. Тэд олон улсад баримталдаг стандартын дагуу тархины үхлийг тогтооно. Улсын II, III шатлалын эмнэлгүүдэд ийм баг ажиллах юм. Богино хугацаанд тодорхойлох шаардлагатай. Хугацаа алдахад донор эрхтэн хэрэгцээгүй болдог.
-Эрхтэн шилжүүлэн суулгах багийн гишүүд орж болох уу?
-Эмчлэгч эмч орохгүй. Дээр дурдсанчлан Эрүүл мэндийн сайд, эсвэл тухайн эмнэлгийн даргын тушаалаар сонгогдсон хүмүүс тархины үхэл тодорхойлсны дараа мэргэжлийн эмч нар дахин дахин үзэж, шийдвэрт хүрнэ. Тухайн өвчтөний тархи үхэжсэн нь тодорхой болбол эр гэрийнхний зөвшөөрлөөр амьсгал, зүрхийг хиймлээр ажиллуулан, цусны эргэлтийг нь зохиомлоор дэмжиж, донор болохуйц эрхтнийг авдаг жишиг олон улсад бий. Энэ бүгдийг Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба (2018 оны гуравдугаар сарын 1-нд байгуулсан) хариуцаж ажиллана. Үүгээрээ мэргэжлийн багуудын үйл ажиллагааг тусад нь зохицуулж өгснөөрөө дэвшил болсон. Хэрхэн хамтарч ажиллах талаарх журмыг боловсруулаад дуусаж байна.
-Донор эрхтэн авах, шилжүүлэх үйл явцад ямар зарчим баримтлах вэ?
-Хууль болон хүний эрхийг дээдлэх, ялгаварлан гадуурхахгүй, хүмүүнлэг энэрэнгүй байх, хувь хүний нууцыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, авлагагүй, сайн дурынх байна гэсэн үндсэн зургаан зарчмыг хуульчилсан.
-Манай улс тархины үхэлтэй зургаан донороос 12 хүнд бөөр, хоёр хүнд элэг шилжүүлэн суулгасныг хэлэх нь зүйтэй. Ард иргэдийн үзэл бодол ч өдрөөс өдөрт гэгээрч байна. Нэгнийхээ төлөө нөгөө нь зовниж, халуун сэтгэлээр тусалдаг болж. Гэхдээ олонх нь зэвүүцэх хандлагатай хэвээр. Хүмүүсийг соён гэгээрүүлэхэд ямар ажил хийхээр төлөвлөж байна даа?
-Бурхны шашинтай улс оронд нас барагсдын эд, эрхтнийг эмчилгээнд ашиглахыг төдийлөн сайшаадаггүй. “Сүнс нь тэнэнэ” гэж үздэгтэй холбоотой. Гэвч манай Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц тэргүүтэй шашны төлөөлөгчид эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг ямагт дэмжиж, утга учрыг нь тайлбарлан, иргэдийг соён гэгээрүүлсээр байна. Бурхны шашинд тухайн хүн нас барсныхаа дараа эд, эрхтнээ бусдад өгч, амьдрал бэлэглэх нь дээдийн дээд буян, өглөг гэдгийг номлосон. Энд сүнс тэнэх тухай ойлголт огт байхгүй. Тиймээс бид хүмүүсийн зан үйл, үзэл баримтлалыг өөрчлөх уулзалт, хэлэлцүүлэг, ухуулан сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Үүний хүрээнд ЭМЯ-нд Донорын ёс зүйн хороо байгуулж, шашны төлөөллүүдээс оролцуулна.
-Орон нутгаас Улаанбаатар руу донор тээвэрлэх боломжтой юу?
-Донорыг томоохон эмнэлгүүдээс авахаас гадна орон нутгаас ч нөөц бүрдүүлэх юм. Гэхдээ тархины үхэл тодорхойлох баг аймгуудад ажиллуулж таарна. Эрхтэн бүр хадгалах хугацаатай учир нисдэг тэргээр яаралтай тээвэрлэх шаардлагатай. Хот дотор Зохицуулах албаны бүрэн тоноглосон машинаар, өндөр нууцлалтай тээвэрлэнэ. Орон нутгаас тээвэрлэхэд шаардлагатай хүний нөөц, санхүүжилтийг улсын төсөвт үе шаттай тусгуулж байна. Монголд донор болохуйц эмнэлэг олон. Судалгаагаар Улсын нэг, гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, Цэргийн төв эмнэлэг эд, эс, эрхтний донорын нөөц бүрдүүлэх боломжтой гэж харж байна.
-Салбарын нарийн мэргэжлийн эмч, ажилтнуудаас бусад нь донор эрхтнийг хэдий хугацаанд хадгалах ёстойг төдийлөн мэддэггүй. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Мэргэжлийн багийнхан донор эрхтнийг зориулалтын уусмалд хийн, тээвэрлэдэг. Элэг, бөөр 8-12, зүрхийг дөрвөн цаг хүртэлх хугацаанд хадгалж, эрхтэн шилжүүлэн суулгах багт хүлээлгэн өгөх ёстой. Анагаах ухаанд бөөрийг 36 цаг хүртэл хадгалж болно гэж үздэг ч хугацаа нь уртсах тусам хэрэгцээгүй болох эрсдэлтэй. Бөөрөнд 1 200 000 ширхэг эс байдаг. Цаг алдах тусам эдгээр эс үхэж байдаг. Элэгнийх ч мөн адил.
-Хуульд донорын насыг ямар шалтгаанаар 25 гэж заасан юм бэ?
-Донорын тухай хуулийн 13.2-т “Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ харьяа эрүүл мэндийн байгууллагад гарын үсгээр баталгаажуулан, цахим бүртгэлд тэмдэглүүлж болно” гэж заасан. Энэ бол маш том алхам юм. ХЗДХЯ журмыг нь баталсны дараа эрүүл мэндийн байгууллагуудад маягт тараана. Донор болохыг хүссэн хүмүүсийг цахимаар бүртгэж, хувийн кодоор нь тэмдэглэл хийх юм. Гэхдээ донор болсныхоо дараа өөрийн болон ар гэрийнхэн нь хүсвэл мэдээллийг нь устгах зэрэг уян хатан хуульчилсан. Тухайн хүний регистрийг цахим бүртгэлд оруулснаар донор мөн, эсэхийг нь мэдэж болно.
-Өмнө нь 18 нас хүрсэн л бол донор болохыг зөвшөөрч байлаа. Гэтэл одоо нас заачихаж. Жишээлбэл, ганц хүүхэдтэй залуу гэр бүлийн хэн нэг нь өвдлөө гэж бодъё. Ээжийгээ, эсвэл эцгээ аврах гэхээр хуульд насны хязгаар тавьчихсан байдаг. Донорыг 25 нас хүртэл өвчтөн хүлээж тэсэхгүй нь ойлгомжтой. Энэ заалт амьдралтай сайн нийцэхгүй л байгаа юм даа.
-Хэт залуу байхад эд, эрхтнийг нь донор болгох тохиромжгүй гэж олон улсад үздэг юм билээ. Гэхдээ цусны үүдэл эс, ясны чөмөг шилжүүлэхэд залуу гэр бүлд таны ярьсан шиг асуудал тулгарч байгаа нь үнэн. 18-25 настай хүүхэд нь ээж, аавдаа эрхтнээ өгөх тохиолдол бишгүй. Насыг хатуу хуульчилсан ч өөрчилж болохгүй гэсэн үг бас биш. Хэрэгцээ ихэсвэл харгалзан үзнэ.
-Эрхтнээ өгөх, үгүй нь тухайн хүний сонголт учраас насыг өөрчлөх нь буруу байж. Эрүүл мэндийн сайдад энэ талаар уламжлахад дэмжиж байсан. 20 гээд тавьчихаж болоогүй юм уу?
-Гэхдээ нас заасан нь нөгөөтээгүүр амьд донорыг хамгаалахтай холбоотой. Хязгаартай байх тусам амьгүй донорын хэрэглээг нэмэгдүүлнэ шүү дээ. Хууль боловсруулах явцад 18, 20, 25 гэж ярьж байгаад олонх нь 25 насыг сонгосон.
-Эргэж харах хэрэгтэй. Бид тэрбум хүнтэй биш, гурван сая гаруйхан. За тэр яах вэ, хуулийн 15.2-т “Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, ар гэрийнхний зөвшөөрлийг бичгээр авна” гэжээ. “13.2-т зааснаас бусад” гээд илүү үг тууж явна. Хууль боловсруулагчид үүнийг яагаад анзаараагүй юм бэ?
-25 нас хүрсэн иргэн бүрээс зөвшөөрөл авах асуудлыг 13.2-т зохицуулсан. Бусад гэдэг нь амьд байгаа хүмүүст хамааралтай. Дээр дурдсанчлан тухайн иргэн донор болох хүсэлт өгсөн ч ар гэрийнхэн нь татгалзвал тэдний зөвшөөрлийг давхар авна гэсэн утгатай.
-13.2-т амьд донорын асуудлыг хуульчилсан. Харин 15 дугаар зүйлд цогцсын донороос эд, эрхтэн авах тухай ярьж байна. Хоёр тусдаа ойлголтыг л хольж хутгасан юм шиг санагдаад байгаа юм.
-Амьгүй донорт угаасаа нас заахгүй шүү дээ. Тухайн үед нь та хэлэхгүй яасан юм бэ. Хуулийн заалтыг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлах гээд байдаг талтай.
-Хууль хүн бүрт зориулсан, бас ойлгомжтой байх ёстой. Батлуулах хурлуудад намайг оруулаагүй. “13.2-т зааснаас бусад” гэдэг нь л хэрэггүй байсан юм.
-Их эрдэмтэддээ л хэл.
-За орхиё, донор, өвчтөнүүдийг одоогийн байдлаар мэргэжлийн баг сонгож байна. Цаашид донорын нууцлалыг хэрхэн хадгалах вэ?
-Олон улсад донор, өвчтөнийг хэн нэгний оролцоогүйгээр, компьютерын программ ашиглан автоматаар сонгодог. Бид ч мөн адил энэ тогтолцоо руу шилжих гэж байна. Мэдээллийн нэгдсэн санд донор, өвчтөний эд, эсийн нийцлийг маш нарийн тусгах юм. Гэхдээ мэс засал яаралтай хийлгэх хүмүүсээ эхлээд сонгоно. Амьд, амьгүй донорын алинд ч өвчтөнтэй эд, эс нь тохирч байгаа, эсэхийг харгалзана. Осол, гэмтлээс гадна өөр өвчин бий, эсэхийг цусны шинжилгээгээр тогтооно. Олон төрлийн шинжилгээ хийж байж донор сонгоно. Харин донорын амь нас, аюулгүй байдлыг Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба хариуцна. Учир нь “Миний ах танай дүүд элгээ өгсөн” гээд дарамталбал яах билээ. Өмнө нь эмч нар донор, өвчтөнүүдтэйгээ харилцаж байсан учир нууцлал нь алдагддаг байсан. Цаашид ийм байдал гарахгүй.
-Өвчтөн донортоо талархлаа илэрхийлж, тусламаар байна гээд зохицуулах албанд хүсэлт тавибал яах вэ?
-Нас, хүйс, шашин шүтлэг, баян, ядуугаас үл хамаараад хэн ч эрхтнээ солиулж болно. Донорын хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх явцад ядаж оршуулгын зардлыг нь тусгах санал яригдаж байсан ч дэмжигдээгүй. Санхүүжилтийн ямар ч тогтолцоог тусгаагүй. Гэхдээ өвчтөн донорын ар гэрийнхэнд талархлаа илэрхийлж, санхүүгийн дэмжлэг үзүүллээ гэхэд үүнийг хууль бус гэж үзэхгүй. Олон улсад урамшууллыг нь хуульчилсан байдаг юм билээ. Донорууд бол энэ цагийн эгэл баатрууд. Иргэний эр зориг гарган, ойр дотно нэгнээ, зарим нь огт танихгүй хүнийг аварч байна. Тэдэнд ёс зүйтэй хандаж, тодорхой хөнгөлөлт, урамшуулалд ч хамруулдаг.
-Донор эмнэлгүүдийн удирдлага тодорхой хэмжээнд хүчин чармайлт гаргаж байж хамтдаа нэг алхам урагшилна. Тэд энэ үйл ажиллагаанд ямар эрх, үүрэгтэй оролцох бол?
-Гэмтлийн эмнэлгийнхэн тархины үхэлтэй донор гарангуут яаралтай мэдэгдэж, тодорхой хэмжээнд ажлаа мэддэг болжээ. Эрх бүхий байгууллагууд донорын эрүүл мэндэд учирч болзошгүй хүндрэлээс сэргийлэх үзлэг, шинжилгээг цаг алдалгүй хийх, тархины үхэл тодорхойлох багийг даргынхаа тушаалаар байгуулах, өвчтөнд тохирох донор олдсон даруйд зохицуулах албанд мэдээлэх, өөрийн эмнэлэгт донор эрхтнийг авах боломжгүй үед бусад руугаа тээвэрлэх зэрэг үүрэгтэй. Донор эмнэлгүүдийн хооронд хэрхэн хийдэл гаргахгүй ажиллахыг журамлаж байна. Шинэ хуулийг сурталчлах, мөрдүүлэх талд анхаарч, эмнэлгүүдэд сургалт явуулж байна. Дарга нарыг нь энэ чиглэлээр гадаадын хурал, зөвлөгөөнд сургана.
-Журам боловсруулаад дуусаж буй гэлээ. Яг хэзээнээс эцэслэн батлуулж, хэрэгжүүлэх юм бэ?
-Хуультай холбоотойгоор эмчилгээний 10 орчим журам, заавар боловсруулсан. Энэ сард багтаан, батлуулчих байх. Тэгэхээр ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.
-Манай А.Бархас шалгалтаа онц өгчих шиг боллоо.
-Д.Нямсүрэн гуайг “барах” болов уу гэсээр ярьж дуусгалаа (инээв).
Тэмдэглэсэн О.БАТ-УНДРАХ