Монголд хуульчдын нэр хүнд унаж байгаа энэ үед салбараа өнгөлж, амьдралаараа ёс суртахууны үлгэр дуурайлал болж яваа хүн бол хуульч, Эмирет профессор С.Нарангэрэл юм. Түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
-Өнгөрсөн долоо хоногт таны хүртсэн Эмирет профессор хэмээх эрхэм хүндтэй цолыг танаас өмнө МУИС-ийн хоёрхон багш л авч байсан юм билээ. Энэхүү шагналаар энгэрээ мялаалгах үедээ та хамгийн түрүүнд багш нараа дурсаж, талархлаа илэрхийлж байсан. Та сэтгэгдлээ хуваалцахын зэрэгцээ багш нарыгаа дахин дурсахгүй юу?
-МУИС-д 43 жил ажиллаж, Хууль зүйн тэнхимийг арав гаруй жил удирдсан миний хөдөлмөр зүтгэлийг үнэлэж энэхүү нэр хүндтэй шагналыг өгсөнд мэдээж талархалгүй яах вэ. Би Монголын хууль зүйн салбарын ноён оргилууд болсон Г.Совд, Б.Чимэд, Д.Лувсаншарав зэрэг мундаг сайн багш нараар ном заалгаж байлаа. Мөн Физикч Н.Содном, хэл шинжээч Чой.Лувсанжав багш нарынхаа номын дууг сонсож явсандаа өдий зэрэгт хүрсэн. Багш нараараа ном эрдэм заалгаад эцсийн дүндээ би юу ойлгож авсан бэ гэхээр хууль гэдэг бол хууль тогтоогчдын баталж гаргасан хэм хэмжээний цогц биш юм байна. Хууль гэдэг хүний эрхэм дээд зан чанар юм. Тухайлбал, шударга, нинжин нигүүлсэнгүй зан чанар, жудаг, нэр төр, тэсвэр тэвчээр, өгөөмөр зан, урвашгүй зан гэх мэтчилэн ёс суртахууны эрхэм өгөгдлүүдийг агуулдаг. Ёс суртахуун бол хуулийн амин сүнс юм. Хэрэв ёс суртахууныг ноцтой зөрчсөн бол хуулийн цээрлэлийг гүйцэлдүүлдэг. Энэ талаар миний хийсэн судалгааны ажлыг МУИС үнэлж, энэхүү шагналыг олгосон байх.
-Сүүлийн үед хуульчдын нэр хүнд маш их унаж байна. Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ зарим хуульчид зард гарч байна. Та залуу үедээ юу хэлэх вэ?
-Хуульчийн мэргэжлийн гол онцлог бол шударга ёсыг тогтооход л оршино. Гэтэл сүүлийн жилүүдэд мөнгөний хуульчид олширсон. Одоо хуульчдыг хайрлаж хүндэтгэдэг ард түмний төлөөлөл маш цөөхөн болжээ. Шүүгчдийг шүүмжилж байгаа нь ч аргагүй юм. Монголын хуульчид нэр төрөө сэргээе гэж бодож байгаа бол өдөр тутмын амьдралаараа өөрсдөө үлгэрлэхүйц байх хэрэгтэй. Тэгж байж л нэр төрөө буцааж олж авч чадна.
-Хэрэв та шүүгч болоогүй байсан бол сэтгүүлч болох байсан гэж нэгэн ярилцлагадаа ярьсан. Хэдий сэтгүүлч болоогүй ч таны бичсэн ном Монголын хамгийн олон борлогдсон бүтээлүүдийн нэг юм билээ. Та сэтгүүл зүйд байсан бол орон зайгаа хэрхэн төсөөлөх вэ?
-Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай надтай таараад “Нөхөр минь чи мэргэжлээ буруу сонгосон хүн байна шүү” гээд инээмсэглээд хэлж байна. Би гайхаад "Яаж байна" гэсэн чинь “Би чиний “Амьд эрх зүй” номыг уншлаа. Би өмнө нь хуулийн ном уншихаар баахан зүйл, заалт хараад залхдаг байсан юм. Гэтэл өөрийн тань ном эхлээд амьдралын хүнд бэрхшээлтэй зөрчлийг тавьчихаад дараа нь үүн дээр ямар хуулийн үнэлгээг өгөх вэ, ямар хариуцлага тооцох вэ гэдгийг тусгаж өгсөн яг л адал явдлын роман шиг санагдлаа. Хэрэв зохиолч байсан бол их л баян хүн байх байжээ” гэж хэлсэн удаатай. Уг нь би МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид орох зорилго өвөртөлж байсан ч бүтээгүй. Гэхдээ сэтгүүлч, зохиолчдоос давуу талтай нь би хүн болгоны танилцаад байх боломжгүй хэргүүдийн баримттай өөрийн дураар танилцах эрхтэй байдаг. Жишээлбэл, Р.Чойномын хавтаст хэрэг рүү би өөрийн мэдэлгүй яваад орсон. 1980-аад оны дундаас хойш би Ерөнхий прокурорын туслахаар шүүн таслах ажиллагаанд хяналт тавьдаг байсан юм. Тухайн үед Р.Чойномыг төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгтэн болгосон, шоронд ганцаарчлан хорьсон гэх яриа их дуулддаг. Түүнтэй холбоотой гурван хавтаст хэргийг хянаж үзээд би Ерөнхий прокурортоо хэлж байсан юм. Энэ хүн бол өөрийнөө бичсэн шүлэг зохиолын төлөө, үзэл бодолдоо үнэнч байсан болохоор л хэлмэгдсэн хүн байна шүү дээ гээд Улсын дээд шүүхэд асуудал тавьж тэр хүнийг цагаатгаж байсан түүх байдаг. Д.Пүрэвдорж гуай Р.Чойномын тухай ном бичихийг санал болгосон. Тэр сайхан хүмүүсийн дэмжлэг туслалцаатайгаар 1990 онд “Чойномд тулгасан ял” хэмээх миний баримтат тууж 50.000 хувь борлуулагдаж байсан.
-Хэрэв аав тань шүүгч бол гээгүй бол өдийд зохиолч, магадгүй эрэн сурвалжлах сэтгүүлч болчихсон явж байх байжээ. Таны амьдралыг чиглүүлж өгсөн аавынхаа талаар дурсана уу?
-Манай аав малчин айлын хүүхэд, багадаа аавыгаа алдаж, ээжтэйгээ өссөн гэхээс өөр юм ярьж байгаагүй. Тэрээр 18 настайдаа Улаанбаатар хотын шүүхийн орлогч даргаар томилогдож байсан юм билээ. Булган, Сэлэнгэ аймаг нэгдмэл байх үед тэр 19 настай аймгийн шүүгч хийж явсан байдаг. Ингээд шүүгчээрээ ажиллаж байтал 1949 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа шүүгчийн доод нас 25 байна гэж заасан юм билээ. Гэтэл тухайн үед аав маань 22 настай байсан. Тэгээд Шүүх явдлын яаманд орж, 25 хүрэнгүүтээ л Төв аймгийн шүүхийн даргаар ажилласан байдаг. Би аавыгаа гайхдаг юм. Аав минь угсаа гарвалынхаа талаар надад ерөөсөө ярьж байгаагүй. Гэтэл шар хэвлэлүүд намайг Хятад угсаатай гэж элдвээр хэлж байсан үе бий. Хожим 2001 онд “Маш нууц” гээд сониноос аавынхаа талаар их сонин юм олж уншсан. Тэр сонин дээр "С.Нарангэрэл академич Хятадын эрлийз хүн биш. С.Нарангэрэл гуайн аав Н.Содномсүрэн бол цагаан ястан хүн. Түшээт хан аймгийн дайчин бэйсийн хошууны Засаг ноён н.Батсуурь гүнгийн ач зээ нь явж байгаа юм" гэсэн мэдээ гараад ирсэн. Би бүр гайхаад н.Батсуурь гэж ямар хүн байсан талаар судлаад үзсэн чинь 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монголын тусгаар тогтнолыг зарласны дараа Богд хаанаас шагнал авч байсан талаар мэдээлэл олсон юм. Цол олгохдоо Монголын засгуудын дотроос хамгийн ахимаг нь гэсэн үндэслэлээр өгсөн юм билээ. Би бодохдоо их л настай хүн байж дээ хөөрхий гэтэл үгүй юм байна. Түүхийн маш нарийн юм мэддэг эрдэмтдээс асуусан чинь “Хамгийн ахимаг нь гэдэг бол Монголын засаг ноёдын алтан ургийн хамгийн ойр хүнийг хэлдэг байсан юм” гэв. Тэгэнгүүт надад бүр сонирхолтой санагдаад ер нь аав маань алтан урагтай холбоотой байна уу, үгүй юу гэдгийг Улсын түүхийн архив руу орж судалсан. Тухайн үед цаг хэцүү байсан болохоор аавын ээж ухаан зарж хүүхдүүдийнхээ овог нэрийг нь өөрчлөөд малчин ард болгосны хүчинд амьд үлдсэн юм билээ. Тийм болохоор магадгүй миний зан чанар, хандлага генээсээ өвлөсөн байх гэж боддог.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр таныг нэгэн үе хавчин гадуурхаж байсан гэлцдэг. Гэтэл түүний хүнд хэцүү цаг үед нь та өмгөөлагчөөр нь ажилласан. Тэрбээр танд талархал илэрхийлсэн болов уу?
-Н.Энхбаяр Ерөнхийлөгч надад талархсан гэдэгт би итгэлтэй байдаг. Намайг үздэггүй байсан хүн нэг өдөр “Та л намайг энэ хэргээс өмгөөлж чадна” гээд хүрээд ирсэн. Үнэндээ миний өшөө авах хэлбэр түүнд туслах байсан юм.
-Та шүүгч, багш, прокурор, өмгөөлөгч гээд мэргэжилтэйгээ холбоотой бүхий л ажлыг хийж үзлээ. Олон хүнтэй таарч, өмгөөлж, яллаж, зааж явсан. Тэгвэл аливаа хэрэг дээр ажиллахдаа юуг баримталж гол болгодог вэ?
-Миний бодлоор хэрэг болгон өөр, түүний ард байгаа хүн болгон өөр гэж л хандах ёстой. Ижил гэж хандах л юм бол болохоо больчихдог. Яваандаа мэргэжлийн өвчин маягийн юм тусдаг. Үүнийг манай хуульчид анхаарч, сэрэмжилж байх ёстой. Миний хувьд залуу багш байхдаа практик дадлага байхгүй, дан онол яриад байж болохгүйд хүрсэн. Яваандаа би хичээлийнхээ хажуугаар орон тооны бус өмгөөлөгч хийдэг байлаа. Тухайн үед хамгийн хүнд хэцүү өмгөөлөгчид орохооргүй хэргүүдээ надад өгчихнө. Бузар булай муухай гэмт хэрэг хийсэн хүнд хуулийн зөвлөгөө өгөх үе ч гарна. Тийм үед нийгмийн хорт өвсийг үндсээр нь таслах юмсан гэж бодох үе гардаг л юм.
-Асуудал гэмт хэрэгтэндээ биш нийгэмдээ байгаад байх шиг. "Гэм зэм" романыг уншихад яг тийм сэтгэгдэл төрдөг. Гэмт хэрэг хийсэн хүний нөхцөл байдлыг судлаад, давуу талуудыг нь анзаараад ирэхээр шийтгүүлмээргүй санагдах үе байв уу?
-Буруутгаж шийтгэх бол маш амархан. Бараг хэн ч хийж чадна. Хүн байж болшгүй гэмт хэрэг хийсэн ч гэсэн зарим нэг талаараа сайн чанар нь байж л байдаг. Түүнийг олж гаргаж тавина гэдэг л өмгөөлөгчийн ажил юм даа.
-Танд жишээ болгоод ярихад боломжгүй мэт зүйлийг боломжтой болгосон өмгөөллийн хэрэг байвал хуваалцаач?
-Аймшигтай муухай хорон аргаар хүн алсан хэрэгтнийг би өмгөөлсөн юм. Тэр хэргийн хувьд бол бараг өмгөөлөх юм байхгүй. Гэтэл манай мөрдөн шалгах албаныхны хариуцлагагүй байдлаас болж нотлох баримтууд дээр алдаа гаргасан байсныг илрүүлсэн. Түүнээс болоод мөрдөн байцаалтад буцаасаар дөрвөн жилийн хугацаанд зууралдаж, эцсийн хуралдаан хийхээр болсон. Олон удаа шүүх дээр очлоо, цаазаар авах ял олон сонслоо. Харин би ядахнээ амьд үлдээчих юмсан гэж бодсон юм. Тэгээд л цаазаар авах ял утга учиргүй болж байгаа шүү гээд зүтгэчихсэн. Гэхдээ би өөртөө ч итгэлгүй байсан. Тэгсэн шүүх бүрэлдэхүүн хуралдаад хамгийн дээд хорих ялыг өгөөд, цаазаар аваагүй. Тэгэхээр өмгөөллийнхөө тактикаа зөв боловсруулсан юм болов уу гэж боддог юм.
-Монгол ардын зүйр цэцэн үг тэр чигээрээ хууль юм шиг. Та дуртай зүйр үгээсээ хуваалцахгүй юу?
-Монголчууд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж ярьдаг. Ямар ч үнэн хэзээ нэгэн цагт тодроод л гараад ирдэг. 1930-аад онд ямар олон гэм буруугүй хүмүүсийг цаазалж, хэлмэгдүүлж байсан ч олон арван жилийн дараа бүгдийг гэм буруугүй хэмээн цагаатгасан. Одоо төр засаг цагаатгахын тулд асар их өр төлбөрт унаж байна шүү дээ. Монголчуудын үр хүүхдүүддээ захидаг хэлдэг байсан бүхэн хууль байхгүй юу. Өнөөдрийн дагаж мөрдөж байгаа хуулийг эгэл жирийн иргэн битгий хэл зарим хуульчид нь хүртэл ойлгохоо больчихсон шүү дээ. Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль маш их хэл ам дагуулж байна.Түүнийг нь монгол хэл мэддэг хүн уншаад ойлгохгүй. Яагаад ойлгохгүй байна гэхээр ба, бөгөөд, буюу зэрэг үгсийг хасаад цэг, таслалыг хэрэглэнэ гээд биччихсэн. Бидний төрөлх монгол хэлэнд түгээмэл хэрэглэгддэг холбох үгийг аваад хаячихсан. Одоо тэгээд тусгаарлагдсан юм уу зэрэгцсэн утгатай юм уу бүү мэд. Бидэнд өвлүүлчихсэн зүйлийг авахын оронд гаднаас хуулахаар л ийм юм болж байгаа юм. Бидний эх орон бусад улс оронтой харьцуулахад туйлын өвөрмөц онцлогтой юм. Хүн ам нь цөөн, нүүдлийн соёл иргэншилтэй. Бид үндэснийхээ өвөрмөц онцлогийг гол болгож байж хөгжил цэцэглэлтэд хүрнэ. Бүх салбар дээр энэ байдал бий болсон. Төр засгийнхаа буянаар гадаад ахисан түвшний боловсрол эзэмшээд ирсэн залуус ахмад үеэ шахах гэж гуравласан гинжин холбоог тасалж байгаа нь асуудал үүсгээд байгаа юм.
-Та одоо юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?
-Монгол хүн бүрийн санаа зовж байгаа зүйл бол бид олиггүй төр засагтай болж, мухардалд орчихлоо. Одоо бидэнд цаашаа хөгжил дэвшлийн гарц байна уу? Итгэж сонгосон хүмүүс маань идэж уугаад байна. Одоо яах юм бэ гэсэн асуудал нүүрлэсэн. Монголын энэ бүх асуудал тогтолцоонд байгаа юм биш. Юунд байгаа вэ гэхээр хүнд байгаа юм. Монголчууд гайхамшигт өвөг дээдсийнхээ ёс суртахууныг өөрсдөө алдаад одоо амьдралыг зөвхөн мөнгөөр хардаг болжээ. Бүх салбарыг яаж ёс суртахуунжуулах вэ гэдэг дээр үндэсний хөтөлбөрийн хэмжээнд авч ажиллавал дөрвөн жилийн дараа эргээд харахад монголчууд эрс өөрчлөгдөж, ирээдүйдээ итгэлтэй сэтгэл тэнүүн болох болно. Бидний хөгжил дэвшлийн гарц энд л байгаа юм. Тиймээс асуудлын гол нь бидний уураг тархи, мөн ёс суртахуунд байгаа. Монголыг ёс суртахуун л аварна.