Залуу жүжигчин Э.Пүрэвжаргалыг найруулагч Н.Наранбаатарын “Сүүлчийн шөнө”, “Кино цамхаг” студийн “Ороолон”, “Админ зэт”, найруулагч Б.Цогтбаярын “Богд хаан”, “Харанхуй хад” зэрэг дэлгэцийн уран бүтээлд тоглосноор нь үзэгчид танина. Эл уран бүтээлчтэй ярилцлаа.
-Ярилцлагаа таны хүүхэд насны тухай асуултаар эхэлье. Хаана төрж, өссөн бэ?
-Би Дархан-Уул аймагт төрсөн. Намайг гурван настайд манайх Улаанбаатарт нүүн ирж, айлын хашаанд бууж байлаа. 1998 онд Дарь-Эхэд өөрсдийн гэсэн хашаатай болсон. Гэрлэж, тусдаа гарах хүртлээ тэндээ амьдарсан даа.
-Айлын хэд дэх хүүхэд вэ. Хэр танхи өсөв?
-Бага нь. Нэг ахтай. Айлын бага гээд эрхлэх үе байлгүй яах вэ Гэхдээ буруу эрхлээгүй. Манайх гял цал айл байгаагүй ээ. Багаасаа л ээж, ахыгаа ирэхэд гэрээ дулаахан, халуун хоолтой байлгах юм сан гэж хичээдэг байлаа.
-Урлагт дуртай байх, урлагийн мэргэжил сонгон түүгээрээ амьдрах гэдэг өөр ойлголт. Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?
-Би ахлах ангидаа кабелийн сувагт хөтлөгч хийдэг байв. Ажилдаа хичээнгүй байснаас уу, намайг үнэлсэн үү, тус телевизийн удирдлагууд намайг “Зохиомж” дээд сургуулийн сэтгүүлчийн ангид элсүүлж өгсөн юм. Өдөр нь ажлаа хийдэг болохоор оройн ангид сурдаг байлаа. Нэгдүгээр дамжаанд ороод удалгүй сургууль дээрээ Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар багшийг харсан юм. Тэр хүнийг хараад л яагаад ч юм “Би жүжигчин болно” гэж бодсон. Ингээд нэгдүгээр дамжааны хоёрдугаар улирлаас ангиа сольж, Ц.Төмөрбаатар багшийн ангид орсон доо.
-Жүжигчний мэргэжлийн тухай төсөөлөл, эл мэргэжлийг эзэмшсэний дараах бодит байдалтай хэр зөрсөн бэ?
-Яг л миний төсөөлснөөр л угтсан. Аливаа уран бүтээлд тоглох үедээ жүжигчин хүн “махлуулж”, алдаа гарган загнуулсан ч ажлынхаа ард нь гарсны дараа маш гоё мэдрэмж төрдөг. Тийм болохоор энэ мэргэжлийг сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Хэзээ ч мэргэжлээсээ уйдахгүй, байнга л бахархаж хайрлана даа.
-Тэгвэл эзэмшсэн мэргэжлийнхээ амтанд хэзээ оров?
-Би “Кино цамхаг” студийн “Ороолон” аймшгийн кинонд 2016 онд үе тэнгийн зургаан жүжигчинтэй хамт тоглосон юм. Тэр үеэс л улам их дурласан байх. “Анхаар, мотор” гэж найруулагчийг хэлэхэд л түүний хүссэн дүрийг өөрөөрөө дамжуулан илэрхийлэх нь жүжигчин хүний үүрэг. Тэгж чадвал, найруулагчийнхаа сэтгэл хангалуун байгааг харах нь надад асар их сэтгэлийн таашаал мэдрүүлдэг.
-Найруулагч нарт загнуулах үе бишгүй байх. Халширч байв уу?
-Багад ээж ажилдаа, ах хичээлдээ явчихна. Хашаандаа ганцаараа л өнждөг байлаа. Тэр үед хамар хашааныхаа хүүхдүүдтай найзлах гэж оролдоно. Ер нь л хүмүүсийн арга эвийг олоод сурчихсан гэх юм уу даа. Олонх найруулагч хатуу үгтэй. Гэхдээ өөрөө чадахгүйгээсээ болоод загнуулах үед хэндээ гомдох билээ дээ. Хатуу үг сонсолгүйгээр толгойгоо илүүлээд уран бүтээлч болно гэж байхгүй. Би эршүүд зантай болохоор үг даадаг ч байж мэднэ. Уяхан зантай хүн бол уйлаад л гараад гүйчихмээр үг сонсож л байсан. Одоо хүмүүс “Энэ айхтар. Их сэргэлэн” л гэдэг юм. Загнуулсан ч “Дахиж ингэж хэлүүлэхгүй дээ” гэж хичээдэг болохоор тэр байх. Уран бүтээлч хүн зөв хор шартай байх ёстой гэж би боддог. Үе тэнгийн уран бүтээлчдээс ур чадварын хувьд дутахгүйг хичээнэ. Сайн явж байгаад нь атаархах биш, “Энэ хүн чадаж байхад би юугаараа дутах вэ” гэж өөрийгөө хурцалдаг.
-Уран бүтээлийн шунал бас байх ёстой, тийм үү?
-Яг үнэн. Сүүлийн үед би хэтэрхий шунаад байх шиг байна. Одооноос жаахан өөрөөр хандахгүй бол болохгүй нь. Залуу уран бүтээлч болохоор өөрийгөө таниулах, ур чадвараа харуулахын тулд санал тавьсан болгонд л уриалгахан хандсаар ирсэн. Гэхдээ энэ нь буруу юм байна. Юм болгонд үсчээд явахаар үнэ хүндгүй болчих вий гэж эмээдэг. Цаашдаа аль болох өмнө нь тоглож үзээгүй төрлийн дүр, сонирхолтой зохиолтой уран бүтээл сонгохыг зорьж байгаа.
-Найруулагч нар танд ихэнхдээ эсрэг дүр оноогоод байна уу даа?
-Тийм шүү. Маш их жүжиглэлт шаардсан эсрэг дүр санал болгодог. Гаднах төрхөөс болдог байх л даа. Гэхдээ ийм төрлийн дүрд тоглох нь илүү амттай шүү.
-Тоглохыг хүсэж, шунаж явдаг дүр бий биз дээ?
-Түүхэн кинонд тогломоор байна. Намайг өөрөөр харуулах байх.
-Нэгэнт жүжигчний мэргэжил эзэмшсэн л юм чинь тайзны уран бүтээлд тоглох сон гэж шунадаг биз.
-Мэдээж хүсэлгүй яах вэ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадуламын дүр их таалагддаг. В.Хюгогийн “Парисын Дарь эхийн сүм”-ийн Эсмеральда надад зохих юм шиг санагддаг. Юуны түрүүнд, моно жүжигтэй болохыг хүсэж байна. Ирэх “Гэгээн Муза” наадмын нэг хүний жүжгийн төрөлд өөрийгөө сорьж үзэх бодол бий.
-Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Харанхуй хад” кинонд түүний гэргий Пагмадуламын дүрд та тоглосон шүү дээ. Саяхны түүх, ялангуяа тухайн хүнийг мэддэг, судалдаг амьд гэрч зөндөө. Ийм дүрд тоглох амаргүй байв уу?
-Эл дүрд жүжигчин О.Долгор эгч бид хоёрыг шалгаж, намайг сонгосон юм. Тэгэхэд л асар их эмээсэн. Пагмадулам гэж хүнийг мэддэг хүмүүс нь одоо ч амьд байна. Тийм болохоор надад худлаа тоглох, хэтрүүлэх эрх байхгүй. Тиймээс ямар зан чанартай, сэтгэхүйтэй хүн байсан бэ гээд л судалгаа их хийсэн. Киноны зохиолыг уншаад ийм тийм зан чанарыг нь тод харуулах шаардлагатай, үгийн сонголт ч өөр байх ёстой гэж бодож найруулагчтайгаа ярилцаж, өөрчилсөн.
-Таныхаар жүжигчин хүн ямар зан чанар, дадал, ур чадварыг өөртөө заавал төлөвшүүлэх ёстой вэ?
-Тайзны хөдөлгөөн буюу тулааны, бүжгийн эвсэл, дуулах гээд олон чадвар эзэмших хэрэгтэй гэж боддог. Хамгийн гол нь гадаад хэлний мэдлэг. Ямар сайндаа л би гадаад хэлний сургалтын “Фаро” төвд суралцаж байх вэ дээ. Удахгүй гадаад явж, орчинд нь очиж мэдлэгээ улам ахиулахаар төлөвлөсөн. Би кикбокс, боксын спортоор хичээллэдэг. Тэгэхээр адал явдалт, тулаант төрлийн кинонд тоглох боломжтой. Сүүлийн үед адал явдалт, тулаант төрлийн киноны санал ирж байгаа нь үүнтэй холбоотой байх. Удахгүй БНСУ-ын найруулагчийн ийм төрлийн кинонд зургаа авхуулж эхэлнэ. Өөрийгөө бүх л зүйлд бэлэн байлгаж, бусдаас дутахгүй юм сан гэж хичээдэг.
-Тантай ойролцоо насны олон эмэгтэй жүжигчин бий. Бусад жүжигчинтэй хэр ойр дотно вэ. Ажиглах нь ээ, төгссөн сургууль, тоглосон киногоороо зиндаархах байдал харагддаг.
-Уран бүтээлд хамтран тоглож байсан танил олон бий. Гэхдээ тийм ч ойр дотно биш. Жүжигчдээс Н.Мөнхсоёлтой дотно нөхөрлөдөг. Яагаад ч юм би жүжигчдээс илүү нүүр хувиргагч, зураач гэхчлэн арын албаныхантай найзалдаг. Илүү дотортой, өвөрмөц ертөнцтэй мэт санагддаг юм.
-“Зуун төгрөгтэй явснаас зуун найзтай яв” гэж үг бий. Гэтэл орчин үед найз чанартай цөөхөн байсан нь дээр гэдэг болчихож.
Та алинтай нь санал нийлдэг вэ?
-Би их азтай. Миний найзууд зууг мянга болгож нөхөхөөр сэтгэлтэй. Жишээ нь, намайг зураг авах ажлаар хөдөө явчихаад ирэхэд нөхөрт минь туслаад, гэрийг минь цэвэрлэчихсэн байх нь энүүхэнд. Ажил явдал тохиолдоход гэр бүлийн минь гишүүн шиг бүх зүйлд оролцож, буяны ажилд хэрэглэх зүйлс ч бэлдчихсэн үе байлаа. Тийм болохоор надад болсон, болоогүй олон найз хэрэггүй. Амьдралын минь бүх л үед хамт байдаг цөөхөн хэдэн найздаа маш их баярладаг даа. Харин танилын хүрээ өргөн шүү.
-Өдөр ирэх тусам тоглосон уран бүтээлүүд тань үзэгчдэд хүрч, тэр хэрээр та олны танил болж буй. Тааваараа, өөрийнхөөрөө байж чадахгүй үе гардаг уу?
-Хүмүүс муу хэлэх вий гэж эмээдэггүй ээ. Надад хүнээс ичихээр зүйл ч байхгүй. Хэзээд өөрөөрөө байх сайхан. Нүүрээ ч будахгүй, биеийн тамирын хувцас өмсөөд зах орж хүнсээ цуглуулна. Хүүхдүүд хараад “Энэ кинонд тоглодог эгч байна” гэх нь бий. Тийм тохиолдолд инээгээд л өнгөрдөг. Нөхөр минь “Чи сайхан байх хэрэгтэй. Хаана ч, хэзээ ч гоё, сайхан яв” гэдэг л юм. Гэхдээ тэгж дүр эсгээд яах юм бэ. Байгаагаараа байх сайхан шүү дээ.
-Саяхан нэгэн найруулагч “Манай эмэгтэй жүжигчид кинонд аль болох л гоё, сайхан харагдахыг хичээдэг. Муу, муухай, жишээлбэл, тэнүүлчний дүр санал болгоход л татгалздаг” гэхийг сонссон. Танд тийм дүрийн санал ирвэл хэрхэн хүлээж авах бол?
-Харин ч сонирхолтой санагдаж байна.Найруулагчийн хүссэнээр навсайж чадна. Жүжигчин л бол жүжигчин. Би хатанд ч, харцад хувирч чадах л ёстой. Бүр цогцос ч болж болно. Дүр голох эрхгүй. Би хэд хэдэн кинонд үхэж буй хүний дүрд тоглосон. Өндрөөс унасан бол иймэрхүү, хүнд цохиулаад унасан бол ингэж харагдана гээд төсөөлж тоглохыг хичээсэн. Бусдад эвгүй, муухай харагдах вий гэж эмээхээс илүү үнэмшилгүй байх вий гэдгээс айдаг. Тийм болохоор нүүр хувиргалтдаа ч их ач холбогдол өгдөг. Уран сайхны кино хэдий ч үзэгчдэд үнэн харагдах ёстой шүү дээ.
-Та шүтлэгтэй юү?
-Шүтлэгтэй. Миний өвөө төрийн их зайран Д.Бямбадорж гэж хүн байдаг. Багаасаа өвөөгийнхөө дэргэд, шүтээний өргөөг харж өссөн болохоор их шүтлэгтэй.
-Голын хүйтэн усанд орох, өндрөөс үсрэх гээд эрсдэлтэй нөхцөлд зураг авхуулах үе бишгүй. Та тийм байдалд ажиллаж байв уу?
-Халуунд халж, хүйтэнд хөрөх үе зөндөө. Хэт эрсдэлтэй нөхцөлд хараахан ажиллаагүй. Гэхдээ би “Чадахгүй” гэж хэлэхгүй. Яаж ийгээд хийж л таарна. Харзны усанд ор гэвэл “За” гээд л орно. Тэрхэн зуурын даарахаас шантарч бүхэл бүтэн кино группийн ажлыг зогсоож болохгүй шүү дээ.
-Хамгийн их “махаа идэж” тоглосон дүр тань аль нь вэ?
-Өнгөрсөн зун тоглосон “Хөхөөний үүр” киноны дүр. Би их зөөлөн хүн. Гэтэл тус кинонд хүүхэд хулгайлан хүнд өгч, бүх л муу муухай зүйлийг хийдэг эмэгтэйн дүрд тоглосон. Өөрөө эх хүн болохоор ч тэр үү, тэр дүрийг гаргах амаргүй байсан. Өөртэйгөө их л зөрчилдөж байж тоглосон доо.
-Уг кинонд та жүжигчнээс гадна зургийн даргаар ажилласан гэл үү?
-Тоглосон кино бүрийнхээ хамт олонд хийж чадах бүхнээрээ туслахыг хичээдэг. Би бусад шиг царайлаг, төгс бие галбиртай биш. Тийм болохоор сэргэлэн байж, давуу талуудаа бусдад харуулахыг хичээдэг. Кинонд ажиллахдаа “Би тэр объектыг зохицуулъя. Надад ийм танил бий” гээд л аль болох болгож, бүтээхийг хичээдэг. “Ороолон”, “Орилоон”, “Админ зэт” кинонд тэгж л ажилласан. Жүжигчдээ цагт нь цуглуулж, зураг авах талбайгаа урьдчилж бэлтгэдэг байв. Харин энэ удаад “Кино цамхаг” студийнхэн “Хөхөөний үүр” кинонд надад зургийн даргын үүрэг оноосон. Би ч чадах чинээгээрээ хичээлээ.
-Кинонд тоглох санал хэр ирдэг вэ. Жилд хэдэн кинонд тоглож амждаг вэ?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уран бүтээлийн олз арвин байлаа. 2017 онд зургаа, энэ жил мөн зургаан кинонд тогложээ. Заримыг нь үзэгчдэд хараахан хүргээгүй.
-Дүрийн сонгон шалгаруулалтад хэр оролцдог бол?
-Бодож явдгаа яг үнэнээр нь хэлчих үү.
-Тэг л дээ.
-Сүүлийн үед найруулагч, продюсерууд дүрийн сонгон шалгаруулалтыг их хуумгай, худлаа хийдэг болсон мэт санагддаг. Өнгөн дээрээ шалгасан мэт боловч жүжигчний уран чадвараас илүү хөөрхөн царай, гоолиг биетэй л бол тэнцүүлчихдэг. Киноны пиар, менежментээ бодоод сошиал од, олны танил хүмүүсийг сонгох нь ч энүүхэнд шүү дээ.
-Найруулагч нарт кино болгондоо тоглуулдаг гарын жүжигчин гэж байдаг. Түүн шиг хамтарч ажиллаж дадсан найруулагч бий юү?
-“Кино цамхаг” студийн найруулагч Б.Цогт-Эрдэнэ, Ө.Мөнгөнтулга ахтай ажиллаад дадчихсан. Нэгнээ юу бодож, хүсэж байгааг төвөггүй ойлгочихно. Б.Ганболд, Л.Таванбаяр зэрэг хамтарч ажиллахад урамтай, амархан ойлголцдог найруулагч бий.
-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
-Холливудын кинонд тогломоор байна. Ялангуяа “Avangers” шиг адал явдалт, тулаант цуврал киноны эмэгтэй баатрын дүрд тоглохыг мөрөөддөг. Энэ мөрөөдлийнхөө төлөө л өөрийгөө дайчилж, хичээж байна.
-Гадаадын кино төсөлд ажиллаж байна уу?
-Хоёр жилийн өмнө Австралийн найруулагчийн “Strawlers”кинонд тоглосон. Тухайн үед хэлний бэрхшээлээ давчихвал дахин гадаадын найруулагч нартай хамтарч ажиллах боломжтойг ойлгосон. Тэр үеэс эл дутагдлаа засахаар хичээж байгаа юм. Үүнийхээ дүнд дээр дурдсан австрали найруулагчийн дараагийн кинонд тоглохоор тэнцсэн.
-Яг одоо “Хүүхнүүд” нэртэй богино хэмжээний кинонд тоглож буй юм билээ. Юун тухай кино вэ?
-“Жаалхүү” фильмийн найруулагч Л.Таванбаярын бүтээж буй кино. Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд хүнд ачаа үүрч байгааг хачир, чимэггүйгээр харуулах юм. Киноны зургийг дөрөв хоногийн өмнө авч дууссан. Энэ сарын сүүлчээр IPTV-үүдээр үзэгчдэд хүргэнэ.