Машинаараа Улаанбаатараас Лондон орох зорилготой гарсан хосууд таван сар гаруйн хугацаанд 41 улсаар аялж, нийт 46 000 км зам туулан эх орондоо иржээ. Ш.Түвшинжаргал, түүний гэргий Д.Амарзаяа нартай аяллынх нь талаар ярилцлаа.
-Гэрээсээ гараад хэд хоног аялаад ирэв?
Д.А: -161 хоног аялжээ.
-Уг аяллыг анх ямар зорилгоор эхлүүлсэн бэ?
Ш.Т: -Ази, Европын 35 улсаар аялах төлөвлөгөөтэй эхэлсэн. Замдаа төлөвлөгөөгөө жаахан өөрчилж, 41 улсаар аяллаа. Анх өөрсдөө газар үзье гэж гарсан боловч аяллын явцад бусдад, ялангуяа аялах сонирхолтой хүмүүст мэдээлэл хүргэе гэж бодсон.
Адаглаад л олон улсын хилээр монгол дугаартай машин нэвтэрч байгаагүй юм билээ. Ийм тохиолдолд ямар бичиг баримт хэрхэн бүрдүүлдэг, хэдэн төгрөгийн татвар төлдөг зэргийг мэдээлье гэж бодсон юм.
Д.А: -Анх төлөвлөсөн 35 улсаас Иран, Туркменистанд визийн асуудлаас болоод очиж чадаагүй.
-Монгол дугаартай автомашинаар бусад улсын хил нэвтрэхэд асуудал гарав уу. Тусгай бичиг баримт шаардлагатай юу?
Ш.Т: Хамгийн сонирхолтой нь, Баян-Өлгий аймгаас ОХУ-ын хил давах гэтэл биднийг “Машин зарах гэж байна” гээд оруулаагүй. Тэгээд буцаж, Алтанбулагийн хилээр гарсан. Гэтэл бусад оронд тийм хүндрэл гараагүй.
Ямар нэгэн тусгай бичиг баримт, олон улсын жолооны үнэмлэх огт хэрэггүй юм билээ. Бидний аялсан нэг ч улс тусгай бичиг баримт шаардаагүй. Тухайн улсын хилээр нэвтрэхдээ л хууль, журмынх нь дагуу татвараа төлж, даатгуулсан бол ямар ч асуудалгүй.
-Хүмүүс гадаадад аялна гэхээр л асар их хэмжээний зардал гарна гэж төсөөлдөг. Нууц биш бол та хоёр энэ аялалд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?
Ш.Т: -Аяллын турш зарцуулсан цент бүрээ тэмдэглэсэн. Хараахан нэгтгэж, тооцоо гаргаагүй. Удахгүй бүх тооцоогоо гаргаж, хүмүүст бага зардлаар хэрхэн олон газар үзэж болох талаар туршлагаасаа хуваалцана.
Шатахуун, виз, улсын хилээр автомашинтай нэвтрэхэд төлөх татвар гээд нарийн тооцоо гаргана аа.
-Аялах зардлаа Австралид ажиллаж цуглуулсан гэсэн үү?
Ш.Т: -Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Австралиас ирсэн. Зөвхөн энэ аялалдаа зарцуулах мөнгөө тэнд ажиллаж хураасан юм. Ирсэнээсээ хойш л аялалдаа бэлтгэсэн.
-Зам бартаатай байв уу. Зутарсан уу. Буцмаар санагдах үе тохиолдов уу?
Д.А: -Нөхөр бид хоёр есөн жилийн өмнө танилцаж байлаа. Үерхдэг байхдаа л дэлхийг тойрч аялна, хорвоог өөрсдийнхөө нүдээр харна гэж ярилцдаг байв.
Жил ирэх тусам нарийн төлөвлөж, машинаар аялахаар шийдсэн юм. Сүүлийн гурван жилийн турш энэ аяллаа төлөвлөсөн болохоор жаахан бэрхшээл асуудал тулгарахад буцъя, бууж өгье гэж бодоогүй.
Ш.Т: -Тухайн орны иргэдийн уур амьсгал, цаг агаар таалагдахгүйн улмаас хурдан гарахын түүс болсон тохиолдол бий. Замын хувьд монголчуудын түгээмэл унадаг “Тоёота приус”, “Королла”, “Соната” маркийн машинаар аялах боломжтой гэж санагдсан. Азербайжан улсаас цааш дэлхийн стандартад нийцсэн сайхан замтай.
-Урт хугацааны аялал, бэрхшээл тохиолдсон үед хүний төрөлх мөн чанар, араншин харагддаг байх. Замдаа нэгнээ хэрхэн урамшуулж, дэм болж байв?
Ш.Т: -Аяллын ихэнх үеийг инээж өнгөрүүлсэн. Аяллын туршид нэвтрүүлгийн бичлэг хийж, камер техниктэй зууралдаж явах л жаахан хэцүү байлаа.
Д.А: -Дундад Азийн орнуудад цаг агаар нь хэт халуун, бас аймаар шумуултай. Нэлээд тамир барсан шүү. +47 градусын халуунд байж үзлээ. Гар утсаараа бичлэг хийх гэхэд хэт халуунд утас шууд унтарчихдаг юм билээ. Ямар сайндаа зайрмагны худалдаачны хөргөгчинд утсаа гуйж хийн хөргөж байх вэ дээ.
Ш.Т: -Халууныг даваад хүйтэнтэй тулсан. Бид аяллаа есдүгээр сард дуусгахаар төлөвлөсөн ч арваннэгдүгээр сар хүртэл үргэлжиллээ. Өвлийн зузаан хув цасгүй явсан хүмүүс даарахгүй яах билээ.
Өнгөрсөн 161 хоногийг маш сонирхолтой, амттай л өнгөрүүллээ. Бүх зүйл бэлэн, хэтэвч дүүрэн мөнгөтэй байсан бол ийм адал явдалтай, дурсамжтай аялаа ч уу, үгүй ч үү.
-Аялсан 41 улсаас хамгийн өндөр сэтгэгдэл төрүүлсэн нь хаанах байв?
Д.А: -Францын Парис хотод очоод сэтгэл маш их хөдөлсөн. Бас Туркийн ёс заншил, ахуй, орчин их сонирхолтой санагдлаа.
Ш.Т: -Киргиз их таалагдсан. Өндөр өндөр мөнх цаст уулстай, байгаль нь маш үзэсгэлэнтэй.
-Машинаар аялахаас эмээгээгүй юү. Замдаа хулгайд эд зүйлээ алдах, дээрэмдүүлэх вий, эсвэл дотооддоо мөргөлдөөнтэй газарт очихоос зүрхшээгээгүй юү?
Ш.Т: -Машинаар аялна гэхэд олон хүн сануулсан. “Орос, Казахстанд гээд замд чинь янз бүрийн хүн таарна. Дээрэмчид ихтэй. Заавал тийшээ явах хэрэг байна уу” гэж анхааруулсан. Үнэндээ тийм биш юм билээ. Бид аяллынхаа явцад ширхэг ч үс унагаалгүй л явж ирлээ.
Д.А: -Европын улсуудад аялал жуулчлал өндөр хөгжсөн болохоор бүх зүйлийг жуулчдад зориулж ойлгомжтойгоор шийдчихсэн. Гэтэл Дундад Азийн зарим улсад төөрч, будилсан. Гэсэн ч сонирхолтой байлаа.
-Монгол хүн огт очоогүй улсад очсон уу?
Ш.Т: -Зөндөө. Жишээ нь, Тажикистан, Азербайжан, Босни-Херцеговинд монгол хүн байхгүй. Узбекистанд хэдхэн, Арменид ганцхан монгол хүн байдаг юм билээ.
Эдийн засаг нь буурай улсад монголчууд очдоггүй нь харагдсан. Өндөр цалинтай, нийгмийн халамж сайтай улсуудад л монголчууд амьдардаг юм билээ.
Д.А: -Зарим улсад Монголын ЭСЯ, Консулын газар ч байдаггүй.
-Урт хугацааны аялалд гарахад эд материалын бэлтгэл базаахаас гадна сэтгэл зүйгээ юуны түрүүнд бэлтгэх ёстой юу?
Д.А: -Олон жил ярьж, мөрөөдсөн болохоор хэзээ нэг өдөр аялалд гарна гэдэг нь бидний сэтгэл зүйд автоматаар суучихсан байсан биз. Эрсдэл, аюул, муу зүйлийн тухай огт бодоогүй. Тийм ч болохоор муу зүйл тохиолдоогүй байж магад.
Ш.Т: -Саад бэрхшээлийн тухай бодох сөхөө ч байсангүй. Мөрөөдлөө биелүүлэхээр зориг шулуудаад л гарсан. Ер нь аяллын төлөвлөгөөгөө гаргасан л бол шууд зориглох хэрэгтэй.
Аяллын хамгийн хүнд үе нь ачаагаа баглаад гэрээсээ гарах байсан. Энийг ч, тэрийг ч бэлдэх гээд мунгинаж, явах, явахгүйдээ тээнэгэлзэж цаг алддаг. Зориглоод замдаа гарчихвал тохиолдсон асууд асуудлуудаа даван туулчихна.
Д.А: -“Энэ сард амжихгүй нь. Дараа болъё” гээд хойшлуулаад л байвал хойшлуулаад л байна. Тиймээс шийдсэн л бол зориглоод гарах нь зөв юм билээ.
-Аялалдаа гарахдаа заавал хийж үзэх “Хүслийн жагсаалт” гаргасан гэсэн. Бүгдийг нь биелүүлж амжсан уу?
Ш.Т: -Бидний хувьд энэ аялал төгс болсон. “Хүслийн жагсаалт”-ынхаа ихэнхийг нь гүйцээсэн.
Д.А: -Алдарт хөгжмийн зохиолч В.Моцартын гэр музейг үзэх, Италийн “Ла Скала” театрт тоглолт үзэхийг мөрөөддөг байлаа. Бас Туркт агаарын бөмбөлгөөр хөөрч, нар мандахыг харна гэж хүсдэг байснаа биелүүлсэн.
“Харри Поттер”-ын музей үзсэн. Тэнд сүүлийн 10 жилийн турш тус киног бүтээхэд ашигласан бүх техник, хувцас, хэрэглэл байдаг юм билээ.
Ш.Т: -Бид гуравхан хүслээ л биелүүлж амжаагүй.
Гүрж улс Батуми хот, “Ali and Nino” хөшөөний дэргэд
-Тэдгээр нь юу вэ?
-Онгоцноос шүхрээр үсрэх, далайн гүн рүү шумбах, дэлхийн хамгийн том халим харах. Гэхдээ дараагийн аяллаараа заавал хэрэгжүүлнэ ээ.
-Дараагийн аяллаа төлөвлөж амжсан уу?
Ш.Т: -Эдийн засаг нь буурай, ахуй, соёл нь өвөрмөц улсуудаар аялмаар байна. Африкийн улсууд байж болох юм.
Д.А: -Сая аялахдаа Иран улсад очиж чадаагүйдээ их харамссан. Тиймээс ойрын хугацаанд тус улс руу аялмаар байна. Ирэх зун Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар гэр бүлээрээ аялна.
-Аяллын үеэр хүмүүсийн хамгийн түгээмэл асуусан хөгжилтэй асуулт юу байв?
Д.А: -Хамгийн сонин нь, замд таарсан хүмүүсийн олох нь уулзангуутаа “Усанд орох уу” гэж асуусан. Машинтайгаа аялж байгаа гэхээр л усанд орж чадахгүй яваа гэж бодсон байх.
Ш.Т: -Биднийг аялалд гарахын өмнө Германаас машин зөөдөг хүмүүс Оросын хил даваад шүршүүр, ариун цэврийн өрөөтэй шатахуун түгээх станцууд байгаа гэсэн.
Гэтэл үнэндээ Дундад Азиар 25 000 км зам туулж, Босни-Херцеговинд очоод л дэлхийн жишигт нийцсэн, хоёр евро төлөөд шүршүүрт орж болдог тэр станцтай таарсан. Дэн буудлуудад нэг ам.доллар төлөөд усанд орж байлаа.
Бид хоёр аяллынхаа таван өдөр л зочид буудалд хоносон. Бусдад нь дандаа машиндаа. Борцтой шөл, сүүтэй цай, боорцог, ааруулаа идээд л явсан даа.
Европын улсуудаар явахад байнга зочид буудалд буугаад, зоогийн газарт хооллох боломж бидэн шиг залуу гэр бүлд байхгүй шүү дээ.
-Олон үндэстний хоол идэж үзсэн байх даа.
Д.А: -Бид очсон улс бүрийнхээ үндэсний хоолыг идэж үзсэн. Гайхалтай амттай, сонирхолтой санагддаг. Аялж буй хүмүүсийн заавал хийх ёстой зүйл шүү дээ.
-Идэж чадахааргүй этгээд амттай хоол таарав уу?
Д.А: -Хээрийн хүн хээгүй гэдэг дээ. Идэж болох бүх л зүйлийг идсэн.
-Гадаадынхан аялагчдыг хэр элэгсэг угтдаг вэ?
Ш.Т: -Жуулчдаас залхчихсан газар ч байна, огт жуулчин хараагүй газарт ч очсон. Хятадын бүдүүлэг жуулчидтай андуурч тоомжиргүй хандах тохиолдол ч байлаа.
Гэхдээ дэлхийн хаана ч, ямар ч үндэстэн байсан аяны хүнийг элэгсэг угтдаг, хүндэлдэг юм билээ.
-Очсон улс бүрийнхээ хөгжил, залуусын биеэ авч яваа байдал, соёл, амьдралын хэв маягийг ажигласан байх. Ийм л дадлыг нь Монголынхоо залууст төлөвшүүлэх юм сан гэж бодов уу?
Ш.Т: -Дундад Азийн орнуудаар хоёр сар орчмын хугацаанд явахдаа нэг ч согтуу хүнтэй таараагүй. Шашин, ёс заншлаасаа болдог байх л даа. Гэхдээ маш таатай санагдсан.
Д.А: -Швейцарт очиход хүмүүсийн харилцаа, соёл нь атаархмаар юм билээ.
-Та урлагийн хүн учраас очсон улс бүрийнхээ ардын болоод орчин үеийн урлагийн хөгжлийг харж, сонжиж явсан байх.
Д.А: -Тэгэлгүй яах вэ. Аль болох музей, театр гээд тухайн улсын урлаг, соёлыг илэрхийлэх газруудад очихыг хүссэн.
-Гадаадын музей, театрын үзвэрүүд хэр үнэтэй вэ?
Ш.Т: -Аль музей, ямар тоглолт вэ гэдгээсээ шалтгаална. Жишээлбэл, “Ла Скала” театрт бүжгэн жүжиг үзэх гэтэл 250 еврогийн үнэтэй байлаа. Бидэнд тийм хэмжээний мөнгө төлөх боломж байхгүй.
“Тоглолт үзэж чадахгүй юм чинь ядаж театрынх нь урд зургаа авхуулъя” гээд очтол тус тоглолтын тасалбар 10 евро болж хямдарсан байв. Тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө зарагдаагүй үлдсэн тасалбаруудаа тэгж хямдруулдаг юм билээ.
Д.А: -Тухайн үзвэр, үйлчилгээний газар жуулчны гудамжинд байна уу, эсвэл заавал зорьж очиж үзэх музей юү гэдгээсээ шалтгаалаад үнэ нь өөр.
Миний анзаарснаар дэлхийн алдартай хүмүүсийн тухай болон түүний гэр музейг яг анх байсан хэвээр нь хадгалж, үзэгчдэд үзүүлж чадаж буй нь хамгийн их таалагдлаа. Дани улсад аялахдаа Монголын тухай музей үзсэн.
Манай нүүдэлчин ахуй, зан заншлыг маш сонирхолтойгоор үзүүлсэн байна лээ. Манайх ч музейнүүддээ тийм шийдлийг ашиглаж чадвал хүмүүсийг улам татах байх.
Ш.Т: -Музей гэхээр л шилэн хоргонд тавьсан эд зүйлс гэж ойлгодог цаг ард хоцорчээ. Гадаадын музейнүүд хүний бүх мэдрэхүйг ашиглан үзмэрүүдээ танилцуулж байна.
Харуулж, сонсгож, үнэртүүлж, яг л тухайн үзмэрийн цаг үе, орчинд нь очсон мэт сэтгэгдлийг төрүүлдэг юм билээ.
-Очсон улсуудаасаа дурсгалт зүйлс худалдаж авсан уу?
Д.А: -Бид өмнө нь хамтдаа найм, тусдаа хэд хэд орноор аялсан. Тэр болгондоо хөргөгчний наалт, түлхүүрийн оосор авдаг байлаа. Харин энэ удаа тухайн улсуудын мөнгөн дэвсгэртийг авч ирсэн. Бас тус улсад авхуулсан гэрэл зургууд минь л хамгийн дурсгалтай зүйл болж байна.
-Хүмүүс та хоёроос аяллын зөвлөгөө их авч байна уу?
Д.А: -Аяллын турш хүмүүс маш их мессеж бичсэн. Мэдэх зүйлээ хэлээд л өгдөг. Удахгүй цуврал нэвтрүүлгээ хүргэхээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.
Ш.Т: -Бид аяллынхаа турш адал явдлуудаа цахим хуудсандаа бичиж, нэвтрүүлэг бэлтгэсэн нь дараа нь аялах хүмүүст хэрэг болоосой гэж бодсоных.
Энэ улс руу ороход төдөн төгрөг төллөө, аль улсын визийг хэрхэн мэдүүлбэл цаг хожих вэ, аль ангиллыг нь сонговол хэмнэлттэй вэ, ийм бэрхшээл тулгарлаа гэхчлэн нэгбүрчлэн хэлж явсан.
-Аяллыг тань амжилттай дуусгасан төмөр хүлгээ өмнө нь унадаг байсан уу, эсвэл зориулж авсан уу?
Д.А: -Манай нөхрийн ах гурван жил гаруй унаад бидэнд бэлэглэсэн юм. Бид дөрвөн жил унасан. Шинийг авахаас илүү унаж дассанаа сэлбээд аялалдаа явахыг илүүд үзсэн.
-Аяллаа дуусгаад эх орныхоо хилийг давахад ямар мэдрэмж төрсөн бэ?
Д.А: -Үнэхээр гоё. Хамаг бие тавираад л, цээж дүүрэн амьсгалсан. Эх орондоо л хүн тэгж амьсгалж чаддаг юм билээ.
Ш.Т: -Улсынхаа хилээр орж ирээд “Зорьсон зүйлийнхээ ард гарахад тун ч ойртлоо доо” гэж л бодсон. Бид аяллаа Сүхбаатарын талбайгаас эхэлсэн шүү дээ. Тиймээс тэнд хүрч байж л дуусгах ёстой. Зам дөхөх тусам сэтгэл улам л яарч, машин явахгүй байгаа мэт санагдаж байв.