Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал “Өнөөдөр” сонины “Хоймор”-т саатан зочлов.
-Сайхан намаржиж байна уу, та.
-Намрын уйтай бороо над дээр, чам дээр шаагин орлоо Нааш цааш сүлжилдэх жийпнүүд өмд норгож уур хүргэлээ Найгах найгах улиралд нь би бас найгаж л явна. Их зохиолч Д.Нацагдоржийн шүлгийг өөртөө тааруулж өөрчлөөд хэлчихлээ, алдас болохгүй байгаа.
-Уран бүтээлийн олз омог их үү?
-Арвин сайхан байна. Хүүтэйгээ, шавь нартайгаа нэг бүтээл дуусгахаар ажиллаж байгаа.
-Таныг хүүгийнхээ төлөө маш их хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр гаргасныг хүмүүс мэдэх байх. Өвчин шаналалд нэрвэгдсэн хүүхдээ асарч сувилах нь ихэвчлэн ээжүүдийн үүрдэг ачаа байдаг. Харин таныг хүүгийнхээ төлөө тэгж яваад, эрүүл саруул болгож чадсаныг сонсоод өөрийн эрхгүй бахархаж, хүндлэх сэтгэл төрсөн. -Баярлалаа. Нэгэнт тулаад ирсэн зүйлтэй нүүр тулахгүй гээд хаачих вэ дээ. Үрийнхээ төлөө эцэг нь явахгүй бол өөр хэн зүтгэх билээ. Тэгээд л дайраад орсон.
-Идэр залуу насаа хүүгийнхээ төлөө зориулсны шагналд одоо хамтарч уран бүтээл хийж явна. Хүүтэйгээ хамт уран бүтээл хийх сайхан биз?
-Сайхан байлгүй яах вэ. Бид хоёр ажлаас болж маргалдана, хэлцэнэ, өчнөөн юм болно. Хүү минь аав, бид хоёрын замаар явж байгаад баяртай байдаг. Гэхдээ би хүүдээ өөр зүйл сонирхож, сонгох боломж олгоогүй байж ч мэднэ. Угаасаа би ч, хүү ч телевиз, киноны орчинд өссөн, мэдээ ороод л харж дассан, мэдэрч ойлгосон зүйл нь дэлгэцийн урлаг байсан учраас өөр сонголт хийх боломж бидэнд байгаагүй. Би хүүгээ хөтлөөд эмч ч юм уу, эрдэмтэн болгох гээд явж чадаагүй. Тэгээд л энэ замаар явж байгаа байх гэж боддог.
-Хүүгийн хийсэн ажил санаанд тань хүрч байна уу. Овоо доо гэж магтмаар нь олон байх юм уу, зэмлэж шүүмжилмээр нь олон уу?
-Улам сайжирч байгаа. Цаг үе, техник технологи өөрчлөгдөж байна. Хамгийн наад зах нь би цаасан дээр үзгээр бичихээс эхлээд ихэнх зүйлээ гараараа хийдэг байсан бол хүү компьютерээр бүхнийг шийдэж байна. Бид хоёрын хооронд ялгаа их байгаа биз. Заримдаа миний ойлгохгүй юм гарах юм. Гэхдээ хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж яваа шинэ үеийнхэн болохоор надад ойлгогдохгүй ч гэсэн ерөнхий ханаараа зөв юм хийж байгааг нь мэдэрч, баярлаж суудаг.
-Хүүгийн тань ээж, та хоёрыг яагаад орхиод явчихсан юм бэ?
-Хүний сонголтоо хийх эрх чөлөөг би яах вэ дээ. Өөр хүнтэй гэр бүл болоод явчихсан. Хүүг эмчлүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгонгуутаа арай өөр чиглэлийн автобусанд суугаад явчихсан гэсэн үг. Тэгэхэд би хүүгээ эмчлүүлэхэд хугацаа шаардлагатай, үүнд уйлан дуулаад, гоншигноод явах хэрэггүй, хамгийн гол нь цаг алдаж болохгүй гэдгийг ойлгож, мэдэрч байсан.
-Хосоороо туулах ёстой орчлонд ганцаараа байхад нэг л дутуу санагдах юм уу. Энэ олон жил ганцаараа явахад гэр бүл зохиоё гэсэн бодол огт орж ирээгүй гэвэл худлаа болох байх?
-Би гэр бүл зохиож үзсэн хүн шүү дээ. Лав 15 жил эхнэртэй явсан. Тэгээд салчихсан, түүнээс хойш амьдрал зохиоё гэж нэг их хичээж бодоогүй. Тийм боломжийг ч амьдрал надад өгөөгүй. Хүүгээ эмчлүүлэхээр удаан хугацаагаар санаа зовж, зөвхөн түүний төлөө уйгагүй хөөцөлдөж, тэмцэж зүтгэсэн.
Би 15 жил хүүгийнхээ төлөө, хүү шигээ хэдэн хүүхдийн төлөө, тэднийг амьдралтай золгуулах юм сан, хүн шиг хүн болгочих юм сан гэж уйгагүй тэмцсэн. Хамаг анхаарал тийшээ чиглэж байсан учраас дахин гэр бүл зохиох, авгай хүүхэн эргүүлэх бодол надад нэг их хүчтэй төрөөгүй нь үнэн шүү.
Би хүүгээ эмчилгээнд авч яваад, АНУ-д нэлээд удсан. Үүний хүчинд миний хүү, хүүтэй минь адилхан хэдэн хүүхэд бүрэн бүтэн, ажиллаж хөдөлмөрлөж яваа. Хувийн жаргалаа хөөгөөд зөнд нь хаячихсан бол энэ хүүхдүүд өнөөдөр аль нэг айлын гэрийн мухарт тахиралдаж, эвхрэлдээд хэвтэж байх байсан биз.
Хүүхдүүдээ хөл гартай, нүдтэй, чихтэй, боддог сэтгэдэг бүрэн бүтэн хүн болгохын тулд сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр үдэж хадах, нааж будах шахам юм болсон. АНУ-ын их сайн эмч нар бидэнд тусалсан юм. Үүнийх хариуд “Баярлалаа” гэж хэлэхийн тулд эргээд би 13 жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 17-18 мянган хүнтэй уулзаж, баярлуулсан.
Тэд бүгд бүрэн бүтэн болоогүй ч амьдралд ийм сайхан учрал тохиол, энэрэл байдаг юм гэдгийг харуулах юм сан гэж зорьсон. Тэр зорилгоо ч биелүүлсэн. 21 аймгийг хоёр тойрч, 15 мянган айлаар буусан. 360 сумын 200 гаруйд нь очсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжийг хүргэж, таяг, тэрэг, хэрэгсэл өгдөг байлаа.
Энэ ажлын ард гараад одоо л хань ижилтэй болж амьдралаа тэгшлэе гэж бодтол бараг тэтгэврийн насандаа хүрчихсэн байсан.
Идэвхтэй ажиллах нас хэвийсэн байна, би ер нь телевизэд хэрэгтэй юу хийж вэ гээд хартал юу ч байдаггүй. Сайн нэвтрүүлэг хийлээ гэж магтуулаад, болж байна гээд зөндөө явжээ. Эргээд харахад нөгөөдүүлийн маань ихэнх нь ганц өдрийн л настай юм байж таарав.
Энүүхэндээ гэхэд хэчнээн сайн нэвтрүүлгийг ч хүн үзээд л мартдаг байхгүй юү. Үүнээс илүү урт настай бүтээлийг аав минь хийж байсан. Үүнийг яаж хийхийг мэдэх учраас би баримтат кино хийх ёстой юм байна гээд хэдэн жил ухаан жолоогүй явлаа. Гэтэл бас л 10 жил өнгөрчихөж. Тэгээд л өнөөдөр ингээд сууж байна.
-Ирээдүйнхээ талаар хэрхэн төсөөлж байна вэ?
-Одоо надад ямар ирээдүй байх вэ дээ. Тэтгэврийн өвгөн л болно. Сар бүр тэтгэврийн хэддээ дугаарлана. Хааяа боломж гарвал зурганд явна. Айл гэр болъё гэхэд нэг муухай ааштай эмгэн ирэх ч юм бил үү, эсвэл би өөрөө муухай ааштай өвгөн болчихсон ч юм бил үү.
Тэгснээс ач зээгийнхээ төрсөн өдрийг хоног тоолон хүлээгээд, тэтгэврийн хэдэн төгрөгөө хуваарилаад сууж байдаг өвгөн болсон нь дээр.
-Таныг тэтгэвэрийн мөнгөнд дугаарласан өвгөн болно гэж төсөөлөхгүй байна.
-Гэхдээ бас юм бичвэл бичнэ, хөдөө гадаа явж зураг авбал авна, кино хийе гээд дайрвал хийчихэж ч магадгүй. Ер нь яаж ч магадгүй өвгөн болж ч мэдэх юм.
-Золоо ах телевизийн урлагтай холбогдоод 40 дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа юм байна шүү дээ.
-Тийм гэж үү. Би бодож байгаагүй. Сонирхолтой л юм байна.
-1979 онд МҮОНТ-тэй хувь заяагаа холбох эхлэлээ тавьж, анхны нэвтрүүлгүүдээ хийсэн болохоор тань ингэж тооцсон юм.
-1979 онд хоёрдугаар дамжааны оюутан байхдаа анхны дадлагаа телевизэд хийж, нэвтрүүлэг бэлтгэх ажилд оролцож явсан. Тэр үед хэдийгээр дөнгөж хоёрдугаар дамжааны оюутан байсан ч зүгээр нэг дадлагажигч биш, яг л сэтгүүлч шиг ажилласан.
Камерын хөл бариад операторын, эсвэл хавтас сугавчлаад редакторын араас гүйж явсангүй. Өөрөө бие дааж зохиол бичээд, хамт яваа зураглаач, дууны найруулагч, жолоочоо командлаад, залууст зориулсан бүрэн хэмжээний нэвтрүүлэг хийж явлаа. Тэгэхээр тэгж тооцож болох ч юм уу.
-МҮОНТ-ийн 50 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Үүний 40 шахам жилд ачаанаас нь үүрэлцэж, ам бүлд нь багтаж явсан гэхээр та яах аргагүй энэ их айлын хөгжил дэвшил, алдаа оноо бүхэнтэй холбоотой байж таарна. Ингээд харахаар 40 гэдэг их тоо юм аа?
-Нэг байгууллагад ганц жил тогтвол дээд нь тэр, Солонгост гурван сар ажиллах боломж гарвал бөөн баяр болоод явчихдаг одоогийн залуус над шиг 40 жил хадаатай явсан хүнийг “Энэ ах ёоёо-той юм болов уу” гэж бодох байх аа.
-Танд ажлаа солих бодол төрж байв уу?
-Бидний үеийнхэн аливаа зүйлийг нэг насны юм гэж бодсоор дуусдаг хүмүүжилтэй. Түүгээрээ л яваа. Төрж, өсөж, хүмүүжсэн цаг үе минь өөр байсан бол сольчихмоор санагдах байсан байж магадгүй. Энэ ажилд хязгааргүй дуртай байсан гэвэл залуусын “Энэ ах ёоёо-той юм байна” гэсэн бодол лавшрах байх.
Гэхдээ үнэхээр л дуртай байсан юм чинь. 1990-ээд онд хүмүүс ажлаасаа гарч, ганзагын наймаанд яваад, Монголын нийгэм тэр чигээрээ савалсан шүү дээ. Тэр үед ажлаасаа гардаг ч юм уу гэсэн бодол төрсөн үү гэвэл... Төрөөгүй юм байна аа.
Яагаад гэвэл, энд намайг хүүхдээрээ шахам ирэхэд хүлээж авсан, дараа нь уулзаж нөхөрлөсөн хүмүүс минь их сайхан улс байлаа.
Тэднийгээ бодсон. Миний найзууд Намхайцэрэнгийн Ганбат, Бадраагийн Бадрууган, Сандагдоржийн Бадрах гээд л үргэлжилнэ. Адъяа ах, Мэргэн гээд мөн ч олон сайхан хүн байлаа.
Тэдэнтэйгээ бужигнаж, сэтгэл дүүрэн ажиллаж байсан учраас юу юугүй ажлаас гарч, гахай чирч, нохой тэжээгээд явчих юм сан гэж бодогдож байгаагүй.
Оюун санаа, үзэл бодлын хань, дэм болж явсан сайхан нөхдийн минь олонх нь тэнгэрт дэвшчихлээ дээ. Тэднийгээ их бодож, үгүйлэх юм. Тэдэнтэй бужигнаж, инээж наргиж байсан өдрүүдээ дурсах сайхан.
Одоо цоо шинэ үе эхэлсэн. Нийгэм, эдийн засаг, дэлхий, гараг ертөнц буруу эргэж байна уу гэмээр бүх зүйл шал өөр болсон мэт санагдаж, уй төрөх үе цөөнгүй.
-Хүмүүс дурсамжаа бичихээрээ өөрийнхөө тухай голдуу бичдэг бол та нөхдийнхөө тухай түлхүү бичдэг нь тэднийгээ үгүйлж, ганцаарддагийнх юм уу?
-Хийж бүтээсэн зүйлтэй, эрдэм мэдлэгтэй, бахархмаар зүйл ихтэй хэрнээ даруу чимээгүй, би би гэж яриад явдаггүй, тэр чигээрээ даруухнаар мөнхөрсөн хүмүүсээ түүж бичээд байгаа ухаантай юм.
Тэд минь өөрсдийнхөө тухай, бүтээл туурвил, хийж бүтээсэн үйлийнхээ талаар нэг их олон хүнд ярьж амжаагүй явчихсан. Манай Мэргэн л гэхэд ямар том хүн байв. Ямар даруухнаар төгсөв. Эднийгээ би бичихгүй бол өөр хэн дурсах вэ.
-Энгийн даруухан явсаар төгссөн энгүй сайхан нөхдөө ингэж санаж дурсаад, дурсгалыг нь мөнхжүүлэн бичээд байгаа тань өөрөө их хүндэлмээр санагдаж байна?
-Баярлалаа. Бид бүгдээрээ энэ хорвоогоос буцна. Орчин үеийнхэнд байхгүй болсон ч байж мэдэх хамгийн эгэл мөртлөө эгэлгүй зан чанарыг тээж явсан нөхдийг минь хойч үе, залуус мэдээсэй гэж боддог.
Зарим хүн гаднаас нь харахад гял цал сайхан хэрнээ ундааны хоосон лааз шиг байдаг бол зарим нь гаднаа анхаарал татах юмгүй хэрнээ дотроо дүүрэн ундаатай сав шиг байдаг. Миний бичиж байгаа хүмүүс бол сүүлийнх нь ангилалд багтах улс.
Тийм учраас л тэднийхээ тухай мэдэх зүйлээсээ бичиж үлдээе гэж хичээж яваа. Хаа сайгүй орилж чарлаад, өөрийнхөө тухай хангалттай ярьчихсан хүмүүсийг би бичээд яахав дээ.
-Танай үеийнхнээс Ш.Ёолк ах та хоёр л төрөлх телевиздээ үлдээд байна уу?
-Тэгсэн. Ш.Ёолк маань одоо тэтгэврээ хөөцөлдөж байгаа. Тэгэхээр би ганцаараа үлдэх нь. Ирэх жил би тэтгэврээ хөөцөлдөх байх.
-40 жил телевизтэй холбоотой явж. Ажиллаж хөдөлмөрлөх, хийж бүтээх хамаг идэвхтэй үе тань тэнд л уяатай байж. Эргээд харахад танд юу үлдэж вэ?
-Үнэтэй машин, их хадгаламжтай болсон, мисс хүүхэнтэй танилцаж эхнэрээ болгосон, эсвэл 30-40 орноор гутлынхаа улыг эргэтэл доншуучилж юм үзсэн гээд хэлчих юм алга. Хэдэн жилийн өмнө би “Бурхан надад сайн хань, сайхан машин, их мөнгө заяасангүй” гэж бодож, түүнээ хүнд хэлж явсан удаатай.
Одоо эдний аль нь ч надад сонин санагдахгүй. Нисдэг машин, авдар мөнгө, лусын дагина байсан ч гайхаж цочихоосоо өнгөрсөн. Надад одоо байгаа амьдрал минь хангалттай.
Энд би ажил сурсан. Олон хүн намайг таньдаг, би өөрөө ч олон хүнийг таньдаг болсон. Юмны учир начир, мөн чанарыг ухаж ойлгох чадвар эзэмшсэн байх гэж боддог. Бид онгирч дарвиж явсан ч аливаа юмны мөн чанарыг олон талаас нь ухан бодож, шалтгааныг нь олохыг хичээдэг байсан. Одоо бол тэгэхгүй байна шүү дээ.
Эзэн, дарга нэг компанийн захирлыг магтаарай гэсэн гээд магтдаг, муулаарай гэсэн гээд муулдаг болж. Бид бол дандаа “Яагаад” гэж боддог, юмыг ухаж ойлгох гэж эрмэлздэг, шалтгааныг нь олох гэж хөөцөлддөг, олсон зүйлээ хэнээс ч айлгүй хэлчихдэг байсан. Одоо бол хэн мөнгөтэй, албан тушаалтай байна, түүнийг дагаад л намирах болж Ходоотой нь холбоотой учраас тэгэхгүй бол болохгүй байх л даа.
-Таны үеийнхнээс З.Алтай тэргүүтэй телевизийн одууд хувийн бизнесээ эхлүүлсэн.
Танд ч бас тийм боломж байсан л байх. Яагаад ашиглаагүй юм бэ?
-Хүн хувь заяа, ажил мэргэжил, тэр бүү хэл үйлчлүүлэх банк, өмсөх гутлаа хүртэл өөрийн дураар сонгох, солих эрхтэй гэдгийг тэд маань түрүүлж ойлгосон байх. Амьдралаа ч бодсон байх. Би жаахан “хойлог”-оороо ойлгоогүй юм уу, эсвэл ойлгохыг хүсээгүй юм байгаа биз. Тэр үед бид өөрсдийгөө од гэж бодож байгаагүй.
Ажилдаа дарагдсан, ажлаас өөр зүйл мэдэхгүй “ёоёо”-той нөхөд л байсан даа. Бусад сэтгүүлч, найз нөхдөө бодвол би их дураараа ажиллаж байсан. Дарга даамлууд намайг хорьж цагдаж, хийх гэж буй зүйлийг минь болиулж байсангүй. Ёстой хүссэнээ л хийж байлаа. Го.Бадарч бид хоёр галзуурч байлаа шүү дээ.
Өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын 17 чингэлэг спирт зөөснийг илчилсэн нэвтрүүлэг хийгээд, түүнийг цагдаагийн байгууллагад баривчлуулж, гутлынх нь үдээсийг тайлуулж, гурав хоног мөрдөнд хийлгэж орхисон удаа ч бий. Бодсон, сэдсэн, олсон зүйлээ дураараа хийж байсан минь надад хангалттай санагдаж, тэндээс явах бодол төрөөгүй байх.
-Хүссэн бүхнээ хийнэ гэдэг бол уран бүтээлч хүний маш том эрх чөлөө. Редакцын зүгээс тухайн хүнийг хүлээн зөвшөөрч, итгэл хүндлэл үзүүлж буйн илрэл. Тэгэхээр ажлаа орхих бодол төрөхгүй нь аргагүй л дээ.
-Бид өөрсдийгөө билэг танхай гэж хэлэхгүй ч дэргэд уран бүтээл туурвиж байсан Ж.Барамсай ахын эр зориг, Г.Жамъян гуайн нийтлэл, Д.Амбасэлмаа гуайн шулуун шударга зан, Б.Бадрууганы сонжооч, өөнтөгч, түүнээ хошигнож байгаад ил хэлчихдэг зан бидэнд маш их нөлөөлдөг байсан.
Тиймээс ямар ч зүйлийг өөрсдөө хийдэг, яаж хийхээ мэддэг байсан болов уу. Мэднэ гэдэг их юм шүү. Юм хийх санаа байсан ч яаж хийхээ мэдэхгүй бол жоомоо устгах гээд байшингаа шатаана шүү дээ.
Бид бол мэргэжлийнхээ онцлогийг маш сайн мэддэг, тийм ч учраас жонглёрдож чаддаг байсан. Тиймээс үзэгчид инээх газар нь инээж, ярвайх газар нь ярвайж үзээд, ойлгох зүйлээ ойлгоод үлддэг байсан болов уу гэж боддог юм.
-Телевизэд насаараа зүтгэж яваа хүнээс салбарынх нь хөгжил дэвшлийн талаар асуухгүй байж болохгүй байх?
-Бидний амьдралын бүх тогтвортой харилцаа алдагдчихсан мэт санагддаг. Хэтэрхий их мөнгөтэй, дэндүү олон нууц амрагтай, нэг биед илүүдсэн байр, машинтай гээд хэтэрсэн зүйл олон байна. Үүний нэг нь хэтэрхий олон телевиз.
100 ямаанд 60 ухна гэдэг шиг гурван сая хүнд ийм олон телевиз ямар хэрэгтэй юм бэ гэж бодогддог. Зохист харьцаа нь алдагдсан энэ олон зүйлийг буцаагаад байранд нь оруулах эрүүл саруул ухааны төлөө явуулахгүй бол Монгол замаа алдаж байна даа.
-Телевизийн урлаг, телевизийн уран бүтээлч гэж ярьдаг байсан. Одоо ингэж хэлэхэд ичмээр болоод байх шиг санагддаг. Танд бас тэгж санагддаг уу?
-Дээр үед цаг агаарын мэдээг хүртэл мэргэжлийн түвшинд хийх гэж хичээдэг байсан. Одоо бол нэвтрүүлэг гэж хэлэхэд бэрх, дүрстэй барааны зах гэмээр юм энд тэндгүй гарч байна.
Зоригтойхон арга хэмжээ авч, хүний оюун санаанд үлдэж, гэгээрүүлэх, ухаан бодол цэлмээх, мэдлэг мэдээлэл түгээхийг нь үлдээгээд, бусдыг нь хаах хэрэгтэй шиг санагдах юм. Уг нь телевиз хүний оюун санаанд хүчтэй нөлөөлдөг хэрэгсэл.
Шалдар булдар юмаар хөөцөлдөж, цаг авсан энэ олон хэрэггүй нэвтрүүлэг, мэдээлэл хүний уураг тархи, залуу оюун ухааныг хэчнээн хордуулж байгааг мэдэхгүй.
-Та сэтгүүлч бэлтгэх үйлсэд хүчин зүтгэдэг. Шавь нараас тань олон сайн сэтгүүлч төрөх нь үү. Араас нь хэр үглэж, зааж зөвлөж байна?
-Уулын мод урттай богинотой болохоор мэрийж чармайж сайн ажиллаж байгаа нь ч бий, арай ч живээд алга болчихолгүй тэр хавьдаа самарч яваа нь ч бий. Хаана живээд алга болсон нь бүү мэд, сураггүй болсон нь ч байгаа.
Араас нь хөөцөлдөж, тэг ингэ гэж үглээд, мэдэмхийрч заагаад явах нь юу юм бэ, гэхдээ над руу залгаад, асуувал чадлынхаа хэрээр хэлээд өгдөг.
-Арай живчихгүй самарч явааг нь харахаар юу бодогдох юм бэ?
-Бүгд сайн сэтгүүлч байх албагүй, боломж ч үгүй. Сайнтай муутай нийлж сав дүүрдэг хорвоо. Зарим нь тийм байх ёстой. Амьдрал тийм л байдаг. Морины уралдаанд нэг нь л түрүүлдэг биз дээ. Бусад нь давхиж л явдаг.
Түрүүлж, айрагдахгүй ч гэсэн тэнд давхиж байгаа олон морины хүчээр л морины уралдаан болдог. Хэчнээн хурдан байлаа гээд ганц морь давхих тийм үзүүштэй, догдлууштай биш. Бүх л зүйл ийм л байдаг.
-Сэтгүүлчдэд час хийсэн сэдэв олно гэдэг амаргүй даваа байдаг. Та хэр эрэл хайгуул хийдэг сэтгүүлч байв?
-Залуу насны эрч хүч, омголон доргио, сагсуу зан, магадгүй жаахан авьяас нөлөөлдөг байсан уу, нэг их зовж, эрэлд хатаад байсангүй. Санаанууд ар араасаа орж ирээд л, ийм юм хийе, тийм юм хийх сэн гэсэн бодол амар заяа үзүүлдэггүй байсан.
Харин тэр олон санаагаа юм болгож чадсан уу, амжсан уу гэдэг л байна. Одоо залуус сэдэв бодож байна гээд л зовлонд уначихсан хүн шиг хөмсгөө зангидаж, нүүрээ атируулаад явах юм.
Бид бол тэгж их зовдоггүй байсан санагддаг. Нэг орой ярьж суугаад, маргааш хийе гээд л дайрчихдаг. Тэр нь тухайн жилийнхээ шилдэгээр шалгарчихна. Тэгж л буцалж, шатаж явлаа.
-Сэтгүүлчийн хувьд үнэлэмж болдог шилдэг бичлэгийн шагналыг олон удаа хүртсэн үү?
-Өөрийгөө магтсан болох байх даа. Маш олон удаа авсан. Ажиллаж байх үед минь зарлаж байсан нэр хүндтэй олон уралдаанд түрүүлсэн.
Түүнээсээ урам аваад л явдаг байж. Хүмүүс шал дэмий юманд баярладаг шиг манай үеийн сэтгүүлчид ажлынхаа үр бүтээл, магтаалаас урам авдаг байлаа.