Хэдхэн хоногийн өмнө Унгарын нийслэл Будапешт хотод болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа үзүүрлэн, өмнө нь хүртсэн гурван хүрэл медалийнхаа өнгийг хувиргасан билээ.
Хэдийгээр тэрбээр түрүүлж чадаагүй ч дэлхийн дэвжээнээс дөрвөн медаль авсан Монголын анхны тамирчин болов. Манай улсад чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага зэрэг их спортын төрөл хэр өндөр хөгжин, дэлхийн дэвжээнд алдраа дуурсгасан хэчнээн олон тамирчинтай билээ.
Х.Баянмөнх, З.Ойдов, Ж.Мөнхбат, Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар тэргүүтэй үе үеийн алдартнуудын хүрч чадаагүй оргилд О.Насанбурмаа мөрөө гаргаснаар нь бахархахгүй байхын аргагүй.
Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд ДАШТ-ий хүрэл медалийн төлөө дөрвөн удаа барилдан, гуравт нь ялсан (2008, 2011, 2013) цорын ганц тамирчин тэрбээр хамгийн залуудаа буюу 16 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн бахдам амжилтын эзэн билээ. Мөн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс 15, ДАШТ-ээс 18 насандаа хүрэл медаль хүртсэн ховор амжилт түүнийх.
Улсын найман удаагийн аварга, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, хошой мөнгө, нэг хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай гээд түүний амжилтын тухай бичвэл цаг, цаас нэлээд орно.
Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Т.Дамбарагчаа нарын удирдлагад 14 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэн, амжилтын төлөө 15 жил зүтгэж буй түүнийг энэ жил Азийн дэд аварга болсных нь дараа (өнгөрсөн гуравдугаар сард) манай сонин зочноор урьж, дэлгэрэнгүй ярилцсан.
Тиймээс энэ удаа олон зүйлийг эс нуршин, түүхэн амжилтын эзэн болохдоо ямар бэрхшээл туулан, хэрхэн хөдөлмөрлөснийх нь тухай түлхүү хөөрөлдөв.
-ДАШТ-ээс анхны медалиа хүртсэнээс хойш 10 жилийн дотор дөрөв болгож, түүхэн амжилт гаргалаа. Эх орондоо ирээд гурав хонож байна. Амарч амжив уу?
-Юуны өмнө “Өнөөдөр” сонины уншигчдад болон монгол түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Унгарт болсон ДАШТ-д манай чөлөөт бөхийнхөн амжилттай оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.
Уржигдар (энэ сарын 27-нд) эх орондоо ирэхэд Төмөр зам дахь цагдаагийн газрын хамт олон, гэр бүлийнхэн, найз нөхөд, Удирдлагын академийн ангийнхан, хамаатан садангууд тосон, баяр хүргэхэд сэтгэл их хөдөлсөн.
Амьдралд минь мөнхөд дурсагдах, сэтгэлд тод үлдсэн сайхан өдөр байлаа. Тухтай амрах завгүй л явна.
-Таныг Монголдоо ирсэн өдөр үндэсний шигшээ багийн тамирчин Н.Золбоо улсын харцага цолны найраа хийсэн. Та очсон байх?
-ДАШТ-д арван удаа барилдахдаа тавд нь медалийн төлөө өрсөлдөн, дөрөвт нь зорилгодоо хүрсэн хүчтэн, та.
Шагналын тавцанд зогсож байхад түрүүлж чадсангүй гэх харуусал, ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн анхны монгол хүн боллоо гэх бахдлын аль нь илүү төрөв?
-Дэлхийн аварга гэж дуудуулах сайхан. Түрүүлж чадаагүйдээ харамсаж байна. Канадын бөхөд ялагдсан барилдаан, тэр мөч одоо ч санаанаас гарахгүй юм. Гэхдээ мөнгөн медалиа чамлахгүй, харин ч чанга атгана.
Би өнөөгийн амжилтад хүрэхийн төлөө хувийн амьдралаа хойш нь тавин, төдийгөөс өдий хүртэл бүхнээ зориулсан. Чөлөөт бөхийн спортоор 15 жил хичээллэн, хөдөлмөрлөсний минь үр дүн. Үүний сацуу намайг дэмждэг олон хүн, гэр бүлийнхэн, дасгалжуулагчдын дэмжлэг, тусламжийн ач.
2013 онд ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртсэнээс хойш амжилтаа ахиулж, дэлхийн аварга болохын төлөө зүтгэсэн. Нөгөө талаар намайг дэмждэг хүмүүсийнхээ ачийг хариулахыг хүссэн юм. Медалийнхаа өнгийг хувирган, олон жил тээсэн зорилгодоо хүрлээ. Хэдийгээр түрүүлээгүй ч аваргын төлөө өрсөлдсөн болохоор сэтгэл өег байна. ДАШТ үүгээр дуусахгүй. Дутуугаа гүйцээх боломж олдох байх.
Ирэх жил дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэхийг хичээнэ. Хоёр том орон зайны нэг нь дүүрэлгүй үлдлээ. Үүнээс том юман дээр л буух гээд байгаа юм болов уу. Ер нь 2020 оны Токиогийн олимп хүртэл хувийн амьдралаа хойш нь тавин, амжилтын төлөө зүтгэнэ.
Энэ жил оролцсон тэмцээн бүхэндээ шигшээд шалгарсан. Азийн наадмаас медаль хүртээгүй, бүгдэд нь түрүүлээгүйг эс тооцвол шүү дээ. Бэлтгэл сайтай, сэтгэл зүй тогтвортой байсан болохоор ДАШТ-ээс медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байлаа.
Тэр өдрийн од, сэтгэл зүй, бэлтгэл гээд амжилтад нөлөөлөх зүйл олон. Ер нь ямар ч тэмцээнд анхны багштайгаа оролцоход нөмөр нөөлөг, түшигтэй байдаг. Энэ жил ДАШТ-д Т.Сүхбаатар багшийн зардлыг “Алтай констракшн”-ын Х.Бат-Эрдэнэ ах даасан.
Намайг үргэлж дэмждэг Х.Бат-Эрдэнэ захиралтай “Алтай констракшн” ХХК, Цагдаагийн ерөнхий газар, Төмөр зам дахь цагдаагийн газар, БТСГ, Монголын чөлөөт бөхийн холбоо, Спортын анагаах ухааны алба, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар, Т.Сүхбаатар, Дамбарагчаа багшдаа, гэр бүлийнхэн, найз нөхөд, монгол түмэндээ баярлаж явдгаа энэ ташрамд илэрхийлье.
Мөн энэ жил ДАШТ-д оролцсон бөхчүүдийг ивээн тэтгэсэн “Сүү” ХК, спортыг дэмждэг, спортынхныг сонины хуудсаараа дамжуулан уншигчидтайгаа уулзуулдаг “Өнөөдөр” сонины хамт олонд баярлалаа.
-“Будапешт-2018”-ыг зорихын өмнө шагай нь бэртсэн гэж дуулсан. Барилдахад хэр зовиурлав?
-Унгарыг зорихоос яг долоо хоногийн өмнө шагай эвгүй болчихсон л доо. Зовиурлан, гишгэж болохгүй байхаар нь бэлтгэл ер хийгээгүй. ДАШТ өнөө маргаашгүй эхлэх гэж байхад тийм зүйл тохиолдсонд харамсан “Би яагаад ингэж азгүйтдэг юм бэ” гэж бодсон.
Тэгж сэтгэлээр унахад Т.Сүхбаатар багш “Хэд хоног сайхан амарчих. Тэмцээн эхлэхийн өмнө бэлтгэлээ нөхөөд хийчихэж болно шүү дээ” гэж зөвлөсөн.
Бэртлээ овоо илааршуулж байгаад ДАШТ-д зодоглосон ч хоёрдугаар тойрогт Туркийн бөх Б.Тосунтай барилдаж байхад сэдэрчихсэн. Тийм хүнд үед намайг эмчилж, тэмцээнийг үргэлжүүлэх боломж олгосон, манай багийн эмч Сараа эгчдээ баярлаад баршгүй.
-Аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга, Канадын бөх К.Жюстинад 4:2-оор ялагдсан.
Алдаагаа хэрхэн дүгнэв. Дэлхийн дэвжээнд 10 дахиа барилдсан болохоор түүнээс туршлагаар дутаагүй нь мэдээж.
-ДАШТ-д олон удаа барилдсан, тухайн спортоор төчнөөн жил хичээллэсэн гээд бүхнийг төгс сурсан гэсэн үг биш. Би одоо ч суралцсаар байна. Цаашид сурах юм их бий. Би энэ жил жин өгсөн, 72 кг-д барилдаж байгаа.
Тэгэхээр жиндээ нуруу намхантайд орно. Аваргын төлөө барилдсан канад бөх өнгөрсөн жил ДАШТ-ээс 76 кг-д хүрэл медаль хүртсэн. Чац урттай, бяртай юм билээ. Үнэндээ би санасан барилдаанаа гаргаж чадаагүй.
Өмнө нь түүнтэй ганц удаа ч болтугай хүч сорьчихсон бол арай өөр өрсөлдөх байсан болов уу. Дийлэх ч байсан юм бил үү. Түүнийг л ялчихсан бол дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэх байсан гэж бодохоор харамсалтай.
-Та зөвхөн тамирчин бус хүнийхээ хувьд ч өдгөө монгол түмний хамгийн хайртай бөхийн нэг болжээ. Хүн бүхэн хүндэлж, хайрлахын зэрэгцээ амжилт нэхэх нь заримдаа дарамт болох юм уу?
-Одоо бүр дасчихсаан. Ер нь хэр баргийн тэмцээнээс мултарч, ганзага хоосон ирсэн маань цөөн. Аав, ээж хоёр намайг тэмцээнд оролцоход “Миний охин ямар медаль хүртэв” гэж л асуудаг.
-Та өмнө нь зөвхөн ялж байж хүртдэг хүрэл медалийн төлөө дөрвөн удаа барилдан, гуравт нь ялсан.
Энэ удаа шигшээд шалгаран, аваргын төлөө анх удаа барилдахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Сайхан юм билээ. Мөнгөн медалийн болзол ханган, хэрвээ ялагдвал медалиас мултарна гэж санаа зовохгүй. Шигшээд шалгарахад гоё мэдрэмж төрсөн. Би ер нь ямар ч барилдааны өмнө ялагдчих вий гэж санаа зовдоггүй.
Ялна, чадна гэж өөрийгөө хурцлан, хэрхэн барилдах тухайгаа л боддог. Аваргын төлөө барилдахынхаа өмнө аав, ээжтэйгээ ярихад “Охиноороо бахархаж байна” гээд уйлсан. Намайг амжилтад хүргэхийн төлөө бүхнээ зориулдаг хоёр бурхнаараа бахархдаг.
ДАШТ-ийг зорихоор онгоцонд суух гэж байхад аав утсаар холбогдон “Одоохон очлоо” гэсэн. Тэгээд гүйсээр ирэн “Охиндоо амжилт хүсье” гээд зарааны үс, ээжийн надад бичсэн захидлын хамт өгсөн юм. Бас болоогүй ээ, замдаа идээрэй гээд чихэр, ариулах арц бариад ирж.
Дэлхийн дэвжээнд үзүүрлэн, түүхэн амжилтын эзэн болоход аав, ээжийн минь сайхан сэтгэлийн хүч, дээлийн минь захыг мушгисны ач их нөлөөлсөн биз ээ. Будапешт, Токио хотын дэвжээ надад ээлтэй.
2005 онд ДАШТ-д анх барилдахдаа Унгарт өрсөлдсөн. Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс анхны медалиа Токиогоос хүртэн, өсвөрийн дэлхийн аварга болж байлаа. Би дэлхийн дэвжээнээс хүртсэн дөрвөн медалийнхаа хоёрыг нь Унгарын дэвжээнээс авсан.
Чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн маань оножээ. Би эл спортын буянаар өнөөгийн амжилтад хүрч, Төрийн өндөр цол хүртэн, монгол түмнийхээ итгэл, хүндлэлийг амжилтаар хариулахын төлөө зүтгэж явна. Чөлөөт бөхийн дэвжээнд танилцсан олон найз, төрснөөс дутахгүй дүү бий.
-Тэдний нэг нь ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Оюунсүрэн мөн үү?
-Тийм ээ, мөн байлгүй яах вэ. Бид хоёр нэг багшийн шавь. Чөлөөт бөхөөр барилдаж эхэлснээсээ хойш өдий хүртэл түүнтэй найзалж явна. Зөвхөн дэвжээнд бус амьдрал дээр ч намайг хамгийн сайн ойлгож, түшдэг.
-Найзтайгаа хамт өнгөрүүлсэн хамгийн дурсамжтай явдлынхаа тухай дурсахгүй юү?
-Зөндөө бий. За байз, алиных нь тухай ярих вэ. Би 2009 онд хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн юм. Зургаан сар гаруй гам барьж байгаад бэлтгэл хийж эхлэв. Тэнгэр муухайрахаар өвдөг өвдөнө.
2010 оны ДАШТ-ий өмнөх бэлтгэлийн үеэр нэг удаа дөрвөн км гаруй гүйсэн юм. Өвдөг өвдөж байна гэж жигтэйхэн. Шүд зуугаад л гүрийчихсэн. Тамирчдын хамгийн ард гүйж явахад Оюунсүрэн “Миний найз алхаад явчих. Чамайг ингэж өвчиндөө зовиурлаж байгааг харах надад хэцүү байна” гэхээр нь зөрүүдлээд л.
Тэгсэн найз минь “Ганц удаа өөртөө бууж өг, алхчихгүй юү” гээд уйлж билээ. Тэгэхээр нь бэлтгэлийн байрандаа доголж алхсаар очсон юм. 2011 оны ДАШТ-ээс хоёулаа медаль хүртэн, магнайгаа хагартал баярлаж билээ. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг бид хоёр 67 кг-д барилддаг байв.
Би түүнийг УАШТ, сорил тэмцээнд ялаад дэлхийн дэвжээнд өрсөлдсөн. ДАШТ болохоос хоёр сарын өмнө хатиг гараад, бэлтгэлээ санасан хэмжээнд базааж чадаагүй, бие зовиурласан гэж жигтэйхэн.
Дэлхийн аваргад оролцохоор явах замдаа халуураад өөрийн мэдэлгүй ус уучихсан байсан. Маргааш өглөө нь жингээ үзтэл 71 кг болчихсон, өөртөө ч итгээгүй. Багшаас айгаад хэлж зүрхлээгүй. Хатигны идээ гарахад найз минь цэвэрлэн, асарсны хүчээр арайхийж жиндээ орон, медаль хүртэхэд үнэхээр сайхан санагдсан.
Харамсалтай нь, Б.Оюунсүрэн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнийхээ дараа жил мөр нь бэртэн, барилдах боломжгүй болсон. Тухайн үед санхүүгийн бэрхшээлийн улмаас мэс засал хийлгэж чадаагүй юм.
-Та түүнд туслах аян, барилдаан зохион байгуулж, энэ жил мэс засал хийлгэсэн. Дахин барилдах боломж хэр байгаа вэ?
-Найздаа туслах сан гэж олон жил бодсон минь энэ жил биеллээ. Оюунсүрэнд туслах барилдааныг зохион байгуулахад тусалсан Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОХС компанийн захирал Бямбадорж, “Жудаг” группийн Батбаяр, Жагаа ах, Гавьяат тамирчин П.Орхон болон бөхчүүддээ баярлаж явдаг.
Найз минь амжилттай болсон мэс заслынхаа дараа “Олон жил тээсэн хүсэл минь биеллээ. Найздаа баярлалаа” гээд уйлахад нь сайхан санагдсан. Одоо гам барьж, эмчилгээ хийлгэж байгаа. Оюунсүрэн “Дахиад ганцхан удаа ч болтугай барилдах юм сан” гэдэг. Тэр хүсэл нь удахгүй биелэх болтугай.
-Энэ жил Азийн дэд аварга болоод “Өнөөдөр” сонинд ярилцлага өгсөн. Ярилцлага тань нийтлэгдсэн дугаарыг Биокомбинатын “атаман”-ууд аав, ээж хоёрт нь шил юмаар шахчихсан гэж дуулсан.
Та тэр тухайгаа “Бидэнд тохиолдсон хүндхэн, хөгтэй явдал” группт нийтэлсэн нь олон хүнд инээд бэлэглэсэн байна билээ. Тухайн үед юу болсон юм бэ?
-Таны хань С.Доёддорж үндэсний бөхөөр барилддаг, аймгийн начин цолтой. Тамирчны жаргал, зовлонг амсаж яваа тул бие биенээ сайн ойлгодог байх, тийм үү?
-Тийм шүү. С.Доёддорж миний хань төдийгүй хоёр дахь дасгалжуулагч минь. Тэг, ингэ гэж надад үргэлж зөвлөдөг. Барилдааны бичлэг хамт үзнэ, алдаа оноогоо дүгнэнэ.
Өөрийн тань хэлсэнчлэн тамирчны жаргал, зовлонг туулдаг төдийгүй надтай адил хүсэл мөрөөдөл, зорилготой болохоор бие биенээ илүү сайн ойлгодог.
Хэрвээ намайг ойлгож, дэмждэггүй байсан бол өнөөгийн амжилтад хүрээ ч үү, үгүй ч үү.
-Таны одоо хүч сорьж буй 72 кг олимпын бус жин. Тэгэхээр “Токио-2020”-д өрсөлдөхийн тулд жин өгсөх уу, уруудах уу?
-Уруудан 68 кг-д барилдана. Хэд хоног сайхан амарчихаад удахгүй бэлтгэл хийж эхэлнэ ээ.