Сэтгүүлч хүнд зайлшгүй байх ёстой чадваруудын нэг бол гадаад хэлнээс орчуулга хийх ур дүй юм. Тэгвэл Ub.Life сайтын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ нь чамгүй орчуулагч гэдгээ харуулж “Тагтаа” хэвлэлийн газраас зарласан орчуулгын уралдаанд тэргүүн байр эзэлснээр, сонгодог зохиол орчуулуулах саналд дарагдаад байгаа билээ. Зөвхөн номын тухай булангийнхаа энэ удаагийн зочноор М.Сугар-Эрдэнийг уриад байна. Түүний сүүлд орчуулсан номын талаар болон залуу сэтгүүлч, орчуулагч, уншигчдад юу гэж зөвлөгөө өгснийг сонирхоцгооё.
-Та хамгийн сүүлд Михайл Афанасьевич Булгаковын “Нохойн зүрх” номыг орчуулаад байгаа билээ. Булгаковын “Мастер, Маргарита хоёр” романыг уншиж байсан хүмүүс энэхүү номыг олзуурхан аваад байгаа байх. Тэгвэл энэхүү номыг яагаад орчуулах болсон бэ?
-"Тагтаа" хэвлэлийн газраас надад энэхүү номыг орчуулах санал тавьсан. “Нохойн зүрх” номоо жил бүр уламжлал болгон зохиодог номын баярын өмнө гаргахын тулд өөрийгээ нэлээн шахаж ажиллаа. Уг нь би орчуулагч биш, сэтгүүлч хүн. Гэсэн хэдий ч энэ нэртэй том зохиолчийн номыг орчуулах боломж олдсонд олзуурхаж, ажлынхаа хажуугаар амжуулах гэж хичээлээ.
-Номын нэрийг “Нохойн зүрх” гэж өгөх болсон шалтгааныг та юу гэж ойлгож байна вэ. Номоос үзвэл нохойнд хүний өнчин тархийг суулгасны үр дүнд хүн шиг болсон тухай гардаг юм билээ. Гэтэл зүрх гэдэг эрхтэнийг тодотгосон нь зүгээр нэг хэрэг биш болов уу?
-Нохой Шариков гэдэг хүн болохдоо хүний оронцог болж байгааг хараад Профессор хэлдэг шүү дээ. “Энэ хүн болохоосоо нэгэнт өнгөрсөн. Яагаад гэвэл нохойн биен дотор энэ дэлхийн хамгийн муухай зүйл болох хүний зүрх байгаа учраас сайн үр дүн гарахгүй” хэмээдэг. Энэ бол хүн гэдэг муухай амьтан гэдгийг далдуур хэлж өгч байгаа юм. Энэ зохиол нь өөрөө далд санаа ихтэй, егөөтэй, уншигчийг үйл явдалд хөтлөхдөө таамаглал дэвшүүлэх боломж олгосон зохиол юм.
-Хэрвээ орчуулах номоо та өөрөө сонгох боломжтой байсан бол ямар ном орчуулах байсан бэ?
-Харуки Муракамигийн бүтээлээс орчуулах байсан. Эсвэл Оросын сонгодог зохиолууд бас сайхан шүү. Бид нэг үеэ бодвол хойд хөрштэйгөө холбоо харилцаа бага болчихсон болохоор зохиолууд нь харагдахаа больжээ. Орос хэл дээрх ном цөөрч, хэдхэн газар л зарагдаж байгаа харагдсан. Миний бодлоор сүүлийн арван жилд орос зохиолчид юу хийж, туурвиж байгаа гэдэг бас л сонин. 2010 оноос хойш ямар ном залуучууд нь уншаад байгааг судалж үзээд орчуулах бодол байгаа. Японоос орчуулга хийх бодол байв ч бидний соёлоос тэс өөр тул зүрхэлж барьж авч чадахгүй байна. Японд хаалгаа түлхэж онгойлгодоггүй, хажуу тийшээгээ чирж онгойлгодог. Орж ирээд сандал дээр суудаггүй, сүрлэн дээр суудаг гээд л биднээс их өөр. Хэчнээн Япон хэл сайн мэддэг байлаа гээд тэр бүх соёлыг нь мэдэхгүй бол орчуулахад худлаа болчихоод байдаг.
-Номонд шимтэх болсон цаг үеэ эргэн дурсвал?
-Ээж маань Оросын соёлын төвд номын худалдагч хийдэг хүн байсан юм. Лангууных нь ард ном хадгалах агуулах дотор шинэ Орос номууд олон байдаг. Би ээж дээрээ очоод ажлаа хийж байхад нь саад болохгүй гээд арын өрөө рүү нь орж, дуртай номоо уншдаг хүүхэд байлаа. Зөндөө олон сайхан ном байдаг байсан шүү. Чарльз Диккенсийн номыг уншаад “David Coperfield” номыг олж уншаад л нүд онгойх шиг болсон доо. Дуусгаад дахиад уншина. Гол дүрийн баатруудыг нь дотроо зураглан хардаг байлаа.
-Тухайн үед сатаарах зүйл бага байсан болоод ч тэр үү хүмүүс ном их уншдаг байсан юм шиг санагддаг.
-Тэгэлгүй яахав. Тухайн үеийн сэхээтнүүд өөрийн гэсэн номын сантай, шинэ ном гарангуут авдаг байлаа. Ээж Оросуудаас шинэ ном их захидаг. Ээжийн байнгын худалдан авагчид бүр хэзээ, ямар ном ирэх вэ гэж хүлээдэг байсан. “Ирэх жилийн тэдэн сард тийм ном монголд ирнэ. Одоо Оросд хэвлэгдэх гэж байна” гэж хоорондоо ярьдаг байсан гээч. Тэгээд л номондоо очерлодог. Оросын соёлд ойрхон өссөн болохоор ч тэр үү номонд дуртай болоход минь их нөлөөлжээ.
-Одоогийн залуучууд хэр уншиж байгаа харагддаг вэ? Уншигчдад маань санал болгох ямар ном байна?
-Манай залуучууд хүмүүсийн муулаад байдаг шиг огт уншдаггүй бол биш шүү. Номын баяраар л гэхэд залуучууд ном асуугаад явж байдаг. Миний хувьд яг зохиолч, орчуулагч биш болохоор зөвлөнө гэхээр бага зэрэг санаа зовж л байна. Гэхдээ уншигчиддаа хандаж хэлэхэд арилжааны шинжтэй номыг уншаад хэрэггүй гэж хэлэх байна. Тийм номны гарчиг нь хүртэл сүржин, худлаа сонсогддог. Түүний оронд хуучны, сонгодог зохиолуудаас уншаад үзээрэй. “Тунгалаг тамир”, “Газар шороо” гэх зэрэг номууд бол хүнд их юм өгнө дөө. “Луун шивээст охин” гэхчлэн номуудыг бол ёстой мэдэхгүй. Худлаа санагддаг. Чанартай зохиол уншихад ядаж монголоороо сайхан ярьдаг болно. Цэвэр монгол хэлээр бичсэн зохиол унших хэчнээн сайхан гээч. Зарим орчуулгын материал уншихаар бүр арай ч дээ л гэмээр санагддаг. Орчуулгын талаар сонирхож байвал Б.Ринчен гуайн “Марк Твений минь махыг идэж дээ” гэж орчуулгын талаар бичсэн ном байдаг. Түүн дээр орчуулагчид ямар ямар алдаа гаргадаг талаар нарийн биччихсэн байгаа. Орчуулагч хүн тэр номыг уншаад үзчихвэл зүгээр.
-Та Японд нэлээн хэдэн жил амьдарч байсан гэсэн. Тэгсэн мөртлөө Японоос орчуулга хийхгүй гэж байхыг бодоход чанаргүй бүтээл хийчих вий гэж нямбай үздэг бололтой. Япончууд хэр уншдаг ард түмэн бэ?
-Японд би хэсэг амьдарч байсан. Нэг сайхан юм нь хороо болгондоо номын сантай. Би ойр хавийн бүх номын санд карт нээлгэчихсэн. Номын санд ороод спортын шинэ мэдээ эхэлж харна. Тэгээд л номоо уншина даа. Яг хайсан ном маань байхгүй бол өөр дүүргийн номын сангууд руу явж уншина. Нэг мэдсэн түрийвчиндээ арван хэдэн номын сангийн карттай болчихсон байсан. Манай улсад харин номын сан бага юм уу даа гэж анзаардаг. Уг нь бол онлайнаар унших бус цаасан номыг хуудас хуудсаар нь эргүүлээд шимтэж уншихад арай илүү үлдэцтэй байдаг.
-Хүний төсөөлөл ямар ч кино театраас илүү гэдэг. Ном бариад уншихад хүн өнгөт дэлгэцээр HD-ээр үзэж байгаа мэт төсөөлөлд буудаг байх. Харин хэвлэмэл бус бичвэр уншихад арай чанар муутай үлдээд байгаа юм шиг санагддаг уу?
-Яг тийм. Ном уншиж байгаад хавчуургаа хавчуулчихаад буцаж зогссон газраасаа уншина гэдэг бас нэгэн төрлийн таашаал шүү дээ. Хүн хэдий мөнгө төгрөг муу байлаа ч гэсэн ядаж сардаа нэг ном аваад уншиж байх хэрэгтэй. Ном бол баялаг учраас хэрэггүй болно гэж байхгүй.