Монголд Латин Америк хэв маягийн үдэшлэг болдог хэд хэдэн газар бий. Салса гэр бүл хэмээн өөрсдийгөө нэрийддэг энэ хамт олныг бий болгоход Г.Гүнбадрахын үүрэг их байсан гэдэгтэй маргах хүн үгүй биз. Микрофон барихаараа хөтлөгч болж, ая явбал бүжигчин болчихдог энэ залууд хүнийг татах ямар нэг зүйл байна гэж олны ярилцахыг хэд хэдэн удаа сонсож байлаа. Тэрээр Латин Америк бүжгийн төрлөөр Монголоос анх удаа өөр оронд уригдаж багшилсан хүн юм. Гэвч одоо түүнд байгаа бүх зүйл тийм ч амар олдоогүй. Гацаж ярьдаг байсан түүний хэл ярианы хөгжил бүжигт ороод хэрхэн засарсан тухай, автомашины ослын дараа хэрхэн дахиж бүжигт орсон талаарх түүхээ бидэнтэй ний нуугүй хуваалцсан юм. Ингээд бүжгийн багш, хөтлөгч, бүжигчин Г.Гүнбадрахын ертөнцөөр аялцгаая.
-Салса бүжигтэй анх хэрхэн танилцаж байсан бэ?
-Анх 2011 оны намар салса бүжигт орж ирж байсан. Яг хүссэн бүжгээ олохын тулд өмнө нь маш олон секц дугуйланд явдаг байлаа. Ер нь бөмбөгтэй бүх спортоор хичээллэж байсан. Оюутан байх үедээ бүжиглэх орон зайгаа хайж Улаанбаатарын бүх баарыг дуусгасан. Спорт бүжгийн дугуйланд яваад ч болдоггүй. Гэтэл нэг өдөр найз маань “Латин бүжгийн үдэшлэгт хамт явъя” гээд дагуулаад явсан. Тухайн үед юу ч бодолгүй очиж байсан. Гэтэл би шатаар өгсөж явахдаа хөгжмийн хэмнэлийг нь сонсоод л энэ миний байх газар юм байна гэдгийг мэдэрсэн. Дээшээ гарч ирэхэд бүх хүмүүс нь аз жаргалтай бүжиглээд л яг миний хайгаад байсан газар мөн байсан. Тэр цагаас хойш би одоог хүртэл тасралтгүй бүжиглэж байна. Би эхний гурван жил бараг нэг ч өдөр алгасалгүй бэлтгэл хийж, үдэшлэгт явдаг байлаа. Одоо бол үдэшлэгт явахаа арай багасгасан ч гэсэн бэлтгэлээ хийсээр л байна. Ингээд бодсон чинь бүжиглээд 11 жил болчихсон байна. Эхэндээ энэ бүжгийг амархан сурчиж болох юм шиг санагдаж байсан. Спорт бүжгийн суурьтай байсан болоод ч тэр үү чадаад байгаа юм шиг санагддаг байжээ. Гэхдээ яг утгаар нь бүжиглэх, өөр бүжгийн манераар бүжиглэх хоорондоо өөр юм байна лээ. Одоо бол Монголд салса, бачата, кизомба бүжгийг утгаар нь бүжиглэдэг хүмүүс төрж л байна.
-Таныг ээрч ярьдаг байсан гэж сонссон. Өөрийн тань амнаас сонсохгүй л бол итгэхэд бэрх юм билээ. Яагаад гэвэл та арга хэмжээ хөтөлдөгийн дээр телевизийн хөтлөгч шүү дээ. Хөтлөгч хүн хэл ярианы хөгжил муутай байна гэж байхгүй баймаар. Үнэхээр гацаж ярьдаг байсан юм уу?
-Энэ түүхийг би сүүлийн үед бараг яриагүй юм байна. Учир нь заавал намайг ийм зам туулсан гэдгийг сонсож байж хүмүүс хүндлэх бус одоо байгаа Гүнбаг ойлгож хүлээж аваасай гэж боддог болсных байх. Гэхдээ энэ удаад нуухгүй ярья. Би ээрч биш бүр гацаж ярьдаг байсан. Гацаа гэдэг бол ээрүүгийн хүнд хувилбар. “Би”... гээд л гацчихна. Уг нь би багадаа маш их зүйл ээжтэйгээ ярилцдаг хүүхэд байсан. Нар яагаад манддаг, сар яагаад гардаг гээд л. Сургууль явах замдаа би гурван шүлэг цээжилчихнэ. Үүний ачаар ч юм уу нэгдүгээр ангидаа уран уншлагын аварга болж байсан юм. Тэгсэн нэгдүгээр ангиа төгсөөд зун нь байсан санагдана. Тоглож яваад золбин хавд хазуулчихсан юм. Түүнээс хойш би бүр таг гацдаг болчихсон. Тухайн үед гэрийнхэн маань намайг “Гүнээ чи гацдаг болчихлоо” гэж миний нүдэн дээр ярьдаггүй байсан болохоор надад нэг их хүндээр тусаагүй. Намар нь 9 дүгээр сарын 1 болоод хичээл орсон чинь хүүхдүүд намайг шоолж эхэлсэн. Үүнийг нь бас нэг их анзаараагүй, хүндээр тусгаагүй хэсэг явсан. Нэг өдөр хоцроод ирсэн чинь манай багш “Гүнбаг шоолж болохгүй шүү. Та нар арван жил хамт явна” гээд ангийнхныг загначихсан байж байсан. Түүнээс хойш ангийнхан намайг шоолоогүй. Аль болох миний үгийг сонсохыг хичээдэг болсон. Хүүхдүүд миний хэлэх гэсэн үгийг таамгаар гүйцээх гэж оролдоно. Гэрийнхэн, ангийнхан намайг ойлгодог болчихсон болохоор тэр миний хувьд эмзэг сэдэв байхаа больчихсон юм. Ядаж байхад гацаа мөртлөө ярих их дуртай. Дөрөвдүгээр ангиасаа хойш би ээрүү болсон. Нэг шат ахисан гэсэн үг л дээ. Би би би би, чи чи чи гээд л. Энэ үед хүмүүс мэр сэр шоолдог байсан ч бүх зүйл арай дээрдсэн мэт санагддаг болсон. 6 дугаар ангид ордог жил “Электрон жаал” гэгдэх Э.Энхпүрэв манай аймагт багаараа ирээд илтгэлийн уралдаан зарласан. Тэгсэн манай хоёр, гурван найз намайг хамт оръё гэж шалсаар байгаад орохоор болсон юм. Би маш их бэлдсэн. Гэтэл индэр дээр гараад л таг гацчихсан. Би өмнө нь олон удаа шоолуулж л байсан. Гэхдээ хэзээ ч тийм эвгүй байдалд орж байгаагүй. Урд урдынхаасаа илүүтэйгээр “Би яагаад юм бэ” гэж бодон гутарч байж билээ. Ямар сайндаа л сургуулийнхаа хойд талын уул руу гүйж гараад Ертөнцийн эзнээс “Яагаад, яагаад, яагаад намайг ийм болгож байгаа юм бэ” гэж асуусан. Тухайн үед би Есүсийн сүмд явдаг байсан юм л даа. Удаан суусны эцэст би хариултаа олох шиг болсон. Юу вэ гэхээр “Гүнээ чи бол пүрш” гэж өөртөө хэлсэн. Одоохондоо намайг пүрш шиг дарж байгаа. Гэхдээ пүршийг доош нь дарж байгаад эргээд тавихад хамгийн дээд цэг хүртлээ сунадаг шүү дээ. Хэзээ нэгэн цагт энэ пүрш хэмжээндээ хүрээд тавигдах үед би хамгийн өндөр хязгаартаа хүрнэ гэж өөрийгөө тайвшруулж байсан. 6 дугаар ангийн хүүхдийн санаанд яаж ч тийм юм багтсан юм бүү мэд. Ямартай ч дотор онгойгоод л явчихсан. Гэхдээ яг тийм нөхцөл байдалд байгаа хүн илүү дотогшоогоо, өөртэйгөө харилцдаг болчихдог юм билээ.
-Багадаа дутуугийн мэдрэмж амсаж байсан хүүхдүүд хожим амжилтад хүрсэн олон тохиолдол байдаг. Та үүний бас нэгэн бодит биелэлүүдийн нэг бололтой. Тэгвэл гацаж ярихаа хэрхэн зассан юм бэ?
-Бүжиглэж эхэлснээс хойш би бага багаар өөртөө итгэлтэй болж, яриа минь ч засарч эхэлсэн. 9 дүгээр ангид ордог жил би ээрч биш шогширч ярьдаг болсон. Танихгүй хүмүүс намайг чи бохь зажлаад байгаа юм уу, шоколад идээд байгаа юм уу, яаж яриад байгаа юм бэ гэж дандаа асуудаг байсан. Уг нь бол ахиц гарчихсан нь тэр юм шүү дээ. Нэг удаа багш маань намайг дуудаад Африкт тагнайгаа ташиж ярьдаг омог байдаг. Тэр омогт тагнайгаа ташиж ярьж байгаа нэгнээ их хүндэлдэг. Чи тэдэн дунд очоод яривал чамайг их хүндлэх байх даа гэж хэлсэн юм. Манай багш өмнө нь НҮБ-д ажиллаж байсан бөгөөд Африкт хичээл заадаг байсан юм билээ. Тэр үгнээс би маш их урам зориг авч байсан. Дэлхийн аль нэг өнцөгт яг над шиг ярьдаг хүмүүс байна. Хожим би Улаанбаатарт шилжиж ирэхдээ өөртөө маш итгэлтэй болсон байсан. Хэрвээ өөртөө итгэлгүй байвал хүмүүс намайг шоолно гэдгийг мэддэг болсон болохоор тэр байх. Их сургуульд ороод би оюутны зөвлөлийн дэд дарга боллоо. Даан ч оюутнууддаа ажил даалгахаар миний үгэнд ордоггүй. Тэгээд нэг өдөр би нулимс дуслуулж байгаад өөрийнхөө түүхийг ярьж өгч байсан. “Та нар ямар арчаагүй юм бэ. Би ингэж ярьдаг мөртлөө та нарыг удирдаад сууж байна. Та нар эрүүл байж иймхэн ажил хийж чаддаггүй юм уу” гэж хэлж байсан. Энэ түүхийг ярихаар хүмүүсийн намайг харах өнцөг өөрчлөгдөөд байгаа юм шиг санагддаг. Ингэж явсаар 2012 оны намар би хамгийн анх микрофон бариад тайз руу гарч байлаа. Би тэнд нэг ч үг түгдрэлгүйгээр ярьснаа санаж байна. Бүжиг надад микрофон бариулсан. Харин микрофон барихаараа би гацдаггүй. Би хүмүүстэй ярихдаа шогширч ярьдаг байсан мөртлөө микрофон барихаараа зүв зүгээр болчихдог байсан.
-Таны өөрчлөлтийг хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-”Би 2012 он гэхэд зүгээр болчихно. Та нар намайг хараарай” гэж найзууддаа би хэлдэг байлаа. Яг хэлснээрээ л зүгээр болсон. Яаж гэж хүмүүс асуухад “Микрофон бид хоёр холбогддог байхгүй юу” гэж хошигнодог юм. Ингээд бодохоор би байх ёстой газраа л байсан. Телевизийн хөтлөгч болох боломжийг бас л надад бүжиг олгосон. Энэ хүртэл явсан өөрөөрөө бахархахаасаа илүү би бүжигт баярладаг. Одоо бодоод байхад энэ бүх хугацаанд эргэн тойронд минь байсан бүх хүмүүс намайг төвөгшөөлгүй сонсдог байсан болохоор би өөртөө итгэлтэй ярьдаг байсан юм билээ. Хүн ямар ч асуудалтай байсан түүнийгээ даваад гарах боломжтой гэдгийг би өөрийн биеэрээ мэдэрсэн. Тэр асуудлаа давж гарах боломжийг л олох хэрэгтэй.
- Бүжгийг цөөн үгээр илэрхийлвэл?
-Мэдрэмж тэгээд илэрхийлэл. Миний хувьд ээж, аав гэдэг үгтэй эн зэрэгцэх дахиад нэг үг байдаг бол тэр нь миний хувьд бүжиг. Яагаад гэвэл ээж, аав, бүжиг намайг хүмүүжүүлсэн. Хүмүүс бүжгийг чихээрээ сонсож бүжиглэдэг гэж боддог байх. Яг үнэндээ жинхэнэ бүжигчид эд эсээрээ мэдэрдэг. Эмнэлэгт хэвтэж байгаад бүжгэндээ очиход би бүр мансуурчихсан юм шиг болсон. Яг л Кобро могойг лимбээр ховсдуулдаг шиг. Бэмби, Фэлин хоёр үүлэн дээр дүүлээд явж байдаг шиг тийм л мэдрэмжийг бүжгээс авдаг.
-Хэзээ билээ эмнэлэгт бүжиглэж байгаа хосуудын сэтгэл хөдөлгөм бичлэгийг үзсэнээ санаж байна. Эмэгтэй нь хэвтэрт орж, залуу нь эгмэндээ хадаас хийлгээд удаагүй байсан ч тэнхэрч эхэлсэн даруйдаа эмнэлгийнхээ өрөөнд бүжиглэж байсан. Тэр бичлэг та болон таны найз охины бүжиглэж буй агшин байсан. Тухайн үеийн сэтгэл зүй ямар байсан талаараа нууц биш бол хуваалцаач?
-Миний амьдралд тохиосон их том шалгууруудын нэг байсан. Хэцүү байгаагүй гэж худлаа хэлэхгүй ээ. Яагаад гэвэл би зөвхөн өвдөөгүй, найз охин минь надаас аймар өвдчихсөн байсан. Бүжиг надад миний хайртай хүнийг өгчихөөд буцаагаад авах гээд байгаа юм шиг санагдаж байсан.Бидэнд итгэл найдвар байсан болоод ч юм уу харьцангуй хурдан хөл дээрээ босоод ирсэн. Бүр алхдаг боллоо. Давраад бүжиглэмээр санагдана. Гэхдээ найз охин маань үдэшлэг рүү явах боломжгүй болохоор эмнэлэгтээ бүжиглэсэн юм. Бачата бол хайрын бүжиг гэдгийг үнэхээр тэр үед мэдэрсэн. Тэр мэдрэмж бол сүнсээ өгчихөөд буцаад авч байгаа юм шиг. Бид хоёр далайцтай гоё хөдөлгөөн хийж чадахгүй ч дахиад бүжиглэж чадлаа гэдэг л хамгийн сайхан зүйл байсан. Түүнээс хойш нэг их удалгүй би буцаад багшлаад эхэлсэн.
-Эгмэндээ хадаас хийлгэж, авхуулахад гутрах үе байсан уу?
-Яг үнэндээ хадаас тавиулчихаад авхуулахад тавиулахаас илүү хэцүү байсан. Найз охиндоо эрхэлж, баашилж байсан үе бий. Гэхдээ миний хайртай хүн надаас илүү бэртчихсэн байсан болохоор надад үнэнгээсээ баашлах эрх байгаагүй. Нинжингийн шаналалын хажууд минийх бол инээдэм байсан. Гэхдээ хүний бие өөрөө өөрийгөө анагаах чадвартай төгс бүтээл юм билээ. Эгэмний шөрмөс тасарсан энэ үйл явцыг асар хурдан хугацаанд эдгээсэн. Миний хөдөлгөөнийг хориод байсан ч би өвдсөн гараараа биш солгой гараараа яаж бүжиглэж болох вэ тэр бүх аргыг хайж байсан. Гэхдээ болох ёстой юм болоод өнгөрсөн.
-Магадгүй та хоёр нэг нэгэндээ байсан болохоор амархан даван туулсан байх. Түүнээс биш гэмтэл, бэртэл хэцүү шүү дээ.
-Ямар нэгэн зүйлийг бид гэсэн байр сууринаас харж чаддаг, ухаалаг, өөрийн гэсэн үзэл бодолтой найз охиныг би олж авсан. Бүхий л амьдралынхаа турш үүнийг л хайж байгаад олсон юм шиг амгалан мэдрэмжийг надад төрүүлдэг эмэгтэй байгаа юм.
-Хэрвээ та бүжигчин биш байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?
-Эмч болно гэж ярьдаг байсан. Гэхдээ хэрвээ би бүжигчин биш байсан ч би бүжиглэж л байгаа. Би гэхдээ одоо ч өөрийгөө бүжигчин болчихсон гэж боддоггүй шүү дээ. Миний бодлоор бүх бүжгийг бүжиглэж чаддаг хүнийг бүжигчин гэдэг. Яг бүжигчин болсон бүжигчнийг би хараахан Монголд олж хараагүй байна. Харин би өөрийгөө салсачин л гэж хэлж чадна.
-Ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?
-Надад бодсон юм бий. Гэхдээ энэ удаад өөрийнхөө зорилгыг нууц хэвээр нь хадгалъя. Харин би өөрийнхөө багийн талаар яримаар байна. Намайг өвдөхөд зарим хүмүүс Гүнба бүжгээс алга боллоо гэж харж байсан байх. Гэхдээ тийм юм болоогүй. Би эргэж ирэхдээ GUNBA’S SALSA TEAM-тэй эргэж ирсэн. Бид багаараа олон улсын тэмцээнд орно гэсэн зорилгыг тавиад байгаа.
-Бүжиг анхлан сонирхогчдод зориулаад хэлэх зүйл байна уу?
-Энэ бүжгийн талаар сөрөг бодолтой, ойлгодоггүй хүмүүс байгаа л байх. Гэхдээ бүжиг хүнд ямар өөрчлөлтийг авчирдаг вэ гэдгийг мэддэг эерэг ойлголттой хүмүүс мэдэхгүйгээсээ их гэдэг нь сайхан юм. Хүнийг нүдэн дээр өөрчилж чаддаг болохоор би бүжигт хайртай. Урлагийн мэдрэмжгүй бол хүн хэр хол явахыг би сайн мэдэхгүй байна. Анхлан сонирхогчдод хандаж хэлэхэд урлагийн ямар нэгэн төрлөөр хичээллээд үзээрэй. Тэр дундаа хосын бүжгийг сонгож бүжиглэвэл та эсрэг хүйсний хүнтэйгээ яаж зөв зохистой харьцахыг сурна. Салса, кизомба, бачата бүжиглэж сурснаар хамт олонтой болно, стрессээс ангижрана, хөдөлгөөний дутагдлаас гарна, аз жаргалын гармон тань асар ихээр ялгарна, залуужина гээд л асар их эерэг нөлөөтэй учраас бүжгээр хичээллэхийг санал болгомоор байна. Энэ бүжигт нэг орсон хүмүүс буцаж гарах магадлал тун бага байдаг гэдгийг хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.